Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 469

 

 

 

 

 

 

2020              4              16                                       2020/ДШМ/469

 

А.Бод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч М.Х, түүний хэлмэрч П.Сайнбаяр,

шүүгдэгч А.Б,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Хгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн А.Бод холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Аын Б, 1975 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, лифтчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 620 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан;

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны баруун талын замд “Хьюндай грейс” загварын 73-18УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч М.Хг мөргөн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: А.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж овогт Аын Быг автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч М.Х нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц А.Бын 972052 дугаартай В,С ангиллын жолооны үнэмлэхийг түүнд буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

               Хохирогч М.Х гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би А.Бын унаж явсан “Хьюндай Грейс” загварын 73-18УБП улсын дугаартай автомашинд мөргүүлж, сээрний 12 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугалам, бүсэлхийн L2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн L1 нугалмын баруун хажуу болон арын сэртэн бүсэлхийн L2 нугалмын баруун хажуу сэртэнгийн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдсон. Ослын дараа Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд MRI нуруунд хийлгэх, зураг авхуулах шаардлагатай гэсэн ч А.Бын таньдаг хүний хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэж, дусал тариа л хийлгэсэн, өөр нарийн эмчилгээ хийгээгүй. Харин одоо миний нуруу байнга хүчтэй өвдөж, шөнө орой унтаж чадахгүй, өвчин намдаах лаа хэрэглэж л унтдаг болсон. Бид хувийн эмнэлэгт үзүүлэх боломжгүй учраас улсын эмнэлэгт үзүүлэхэд ч MRI авхуулах шаардлагатай гэсний дараа нарийн эмчилгээ хийнэ гэсэн. Энэ нь “Сонгдо” эмнэлэгт 320.000 төгрөг, хэвтэж эмчлүүлэхэд 1 өдрийн 80.000 төгрөг болно гэсэн ч одоогоор эмчлүүлж чадахгүй байна. Б.Х би ам бүл хоёр, 11 настай хүүхдийн хамт 00-н өрөө хөлсөлж, Сууц өмчлөгчдийн холбоонд үйлчлэгчээр ажиллаж, 1 сард 400,000 төгрөгийн цалин авдаг байсан. Осолд орсноос хойш ажлаа хийж чадахгүй, өөрөөр хэлбэл хүнд юм өргөж болохгүй, тонгойж сууж болохгүй учраас ажлаа хийх боломжгүй болж ар гэрийн байдалд хохирол учирч байна. Мөнгөгүй болоод байна. Анхан шатны шүүх хурлаас өмнө болон түүнээс хойш А.Б нь огт холбогдохгүй байна. Цаашид байнга тусалж дэмжинэ гэсэн боловч харж үзсэн юмгүй алга болсонд гомдолтой байна. Иймд А.Бод оногдуулсан ял шийтгэлийг эргэн харж зохих шийтгэлийг оногдуулж өгнө үү. “Эрүүл мэндийн байдал хүнд байгаа, цаашид эмчилгээ хийлгэсээр байна” гэхэд тэрээр “би чадлаараа тусалсан, надад мөнгө алга” гэхээр нь “бид гомдол” гаргана гэхэд “явдаг газраараа яваа” гэж занаж байсан тул А.Бын буруутай үйлдэлд зохих ял шийтгэлийг оногдуулна уу. Энэ хүн зүгээр ажлаа хийгээд явж байхад би эрүүл мэндээрээ хохироод өнөөдөр ажил, амьдралгүй, мөнгө төгрөггүй, хүний гар харж заавал ах дүүгээ дагуулж явна, унаа тэрэг хэрэглэнэ гээд бидэнд хохирол маш их учирч байна. Өнөөдрийн байдлаар “Сонгдо” эмнэлэгт MRI авхуулахаар 320.000 төгрөг, 10 хоногийн ор хоногийн 800.000 төгрөг, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эмнэлэгт хэвтэхэд зайлшгүй сахиуртай хэвтүүлнэ, мөн хэлгүй, дүлий хүний яриаг хэлмэрчлэх чадвартай хүнтэй хамт хэвтүүлнэ гэж байгаа бөгөөд сахиуртай 1 хоногт 50.000 төгрөгийг сахиурын ор хоногийн төлбөр нийт 500.000 төгрөг болно гэсэн. Одоогоор 1.620.000 төгрөг шаардлагатай. Цаашид MRI авхуулсны дараа эмчлүүлэх эмчилгээ хийлгэх арга хэмжээ тогтооно гэсэн учраас эдгээр зардал болон цаашид гарах эмчилгээний төлбөрөө авмаар байна. Гомдолтой байна. ...” гэв.

Шүүгдэгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би цаашид гарсан эмчилгээний төлбөрийг төлөх болно. Өөр хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хохирлын тухайд цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа гарган жич нэхэмжлэх эрхтэй гэдгийг дурдсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан, бусад байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10.30 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны баруун талын замд “Хьюндай грейс” загварын 73-18УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч М.Хг автомашинаар мөргөн, эрүүл мэндэд нь сээрний 12 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугалам, бүсэлхийн L2 дугаар нугалмайн их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн L1 нугалмайн баруун хажуу болон арын сэртэн, бүсэлхийн L2 нугалмайн баруун хажуу сэртэнгийн зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Хгийн “...Тэгэхээр нь орцныхоо гадна талыг цэвэрлээд хог шүүрдэж байхад “Хьюндай Грэйс” загварын 73-18УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл ухарч ирээд намайг мөргөсөн. Тэр машин нилээн хүчтэй ухраад намайг ар нуруу талаас маш хүчтэй мөргөсөн. ...” гэх /хх 16-18/,

шүүгдэгч А.Бын “...Намайг ухрах үйлдэл хийж байх үед машины толинд хүн харагдахгүй байсан. Тэгсэн гэнэт тас гээд л юм мөргөх шиг болсон. Тэгээд буугаад харсан чинь нэг эмэгтэй газар хэвтэж байсан. Тэгэхээр нь гүйж очоод “гайгүй юу” гэхэд дугарахгүй байсан. Тэр мөргүүлсэн эмэгтэй ярьж чаддаггүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан. Намайг машинтай ухрах үйлдэл хийх үед тэр эмэгтэй яг доошоо тонгойж хог түүж таарсан байх. Толинд огт хүн харагдахгүй байсан. ...” гэх /хх 103-104/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “...1. М.Хгийн биед сээрний 12 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугалам, бүсэлхийн L2 дугаар нугалмайн их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн L1 нугалмайн баруун хажуу болон арын сэртэн, бүсэлхийн L2 нугалмайн баруун хажуу сэртэнгийн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх 272 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 38-39/,

Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “...1. “Хьюндай Грэйс” загварын 73-18УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж тус тус заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч М.Х нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 4. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд “Хьюндай Грэйс” загварын 73-18УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осол гаргах үедээ хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй байна. ...” гэх 39 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 55-56/,

зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 6-11/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Быг автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч А.Бын автомашин жолоодон ухрах үйлдэл хийхдээ хүн мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд тухайн зүйлд зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирчээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.Бод оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох асуудлаар, эсхүл тогтоох боломжгүй асуудлаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байх тул энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан ба торгох ялыг ямар хугацаанд гүйцэтгэх талаар шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь нэг талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шалгуурын үүднээс шүүхийн шийдвэр хэзээ биелэгдэх нь тодорхой байх ёстойгоос гадна,

нөгөө талаас шүүхийн аливаа шийдвэрийг заавал биелүүлэх, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмын хүрээнд бөгөөд шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүйгээс үүсч болох хууль зүйн үр дагавар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх зүйн байдалд нөлөө үзүүлэх онцлогтой тул энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолд заавал тусгаж байх нь зүйтэй юм.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах шаардлагатай.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах гэх мэт чухал ач холбогдолтой.

Үүнээс гадна хэргийн оролцогчийн гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг бүрчлэн заасан байх бөгөөд энэ нь тухайн эрхийн баталгааг бүрдүүлдэг төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдах, оролцогчдын хууль ёсны ашиг сонирхол, эрх ашгаа ямар хэмжээ, хугацаанд хаана хандаж хамгаалуулах зэрэг хяналтын нэг чухал хэрэгсэл Бог.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч А.Бын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн түүний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хохирогч М.Хгийн гаргасан “...цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс гаргуулж авмаар байна...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын талаар хэргийг судлахад, хохирогчид учирсан гэм хорын хохирлын талаар анхан шатны шүүх дүгнэхдээ “...Хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаагүй боловч шүүгдэгч А.Б нь эмчилгээний зардалд 1.558.750 төгрөг төлсөн. ...Хохирогч М.Х нь энэ хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй...” талаар дурдсан нь үндэслэлтэй, мөн хохирогчийн зүгээс дахин эмчилгээ хийлгэсэн талаар давж заалдах шатны шүүхэд нэмж баримт гаргаагүй байх тул гэм буруутай этгээдээс хохирол нэмж гаргуулах боломжгүй байна.

Иймд хохирогч М.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бод оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
  2. Хохирогч М.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                     ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ