| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2025/0567/З |
| Дугаар | 221/МА2026/0643 |
| Огноо | 2026-09-10 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2026/0643
| Дугаар 221/МА2026/0643 | Улаанбаатар хот |
Н.Бын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б***, Н.Э***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Б,
Хариуцагч Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Н.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/600 дугаартай тушаал, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Н.Быг ажлаас халах тухай Б/692 дугаартай тушаалуудыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэж, цагдаагийн дэд хурандаа цолыг нөхөн олгохыг даалгах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2026/0600 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Н.Б,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, Н.Э,
хариуцагчийн өмгөөлөгч Б.Г нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр.
Хэргийн индекс: 128/2025/0567/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Баас Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргад холбогдуулан “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Н.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/600 дугаартай тушаал, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Н.Быг ажлаас халах тухай Б/692 дугаартай тушаалуудыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэж, цагдаагийн дэд хурандаа цолыг нөхөн олгохыг даалгах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2026/0600 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3, 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг тус тус баримтлан Н.Бын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /хуучин нэрээр/-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/692 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.Быг Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу цагдан хоригдсон хугацааг хасч тооцон нөхөн олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх санал уламжлахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/600 дугаартай тушаалыг хүчингүй болгох, цагдаагийн дэд хурандаа цолыг нөхөн олгох санал уламжлахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг зөвхөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан мэтээр дүгнэлт хийсэн нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй болсон. Учир нь хариуцагчийн дотоод хяналт шалгалтаар нэхэмжлэгч нь дараах ёс зүйн зөрчлүүдийг гаргасан. Үүнд:
1. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны 2022/ШЗ211 захирамжаар Н.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300,000 төгрөгөөр торгуулж шийтгүүлсэн. Энэхүү үйлдэл нь "Шүүхийн шинжилгээний байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 2.3.2 дах хэсэгт заасан "Байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл байлгах" гэснийг тус тус зөрчсөн гаргахгүй байх", 2.4.1 дэх хэсэгт заасан "Өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах” гэснийг зөрчсөн.
2. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны 2022/ШЗ/333 захирамжаар Н.Бд Ховд аймгийн Жаргалант сумын дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Үүнээс шалтгаалан нэхэмжлэгч Н.Б нь ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, албаны хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан.
3. Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын мэргэшсэн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Энхбаатарын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 7574 дугаартай шинжээчийн дүгнэлт болон дотоод хяналт шалгалтын явцад Н.Бын хамтран амьдрагч цагдаагийн хошууч Ө.Б-ийн тайлбараар Н.Б нь Ө.Б-т удаа дараа гар хүрдэг (зоддог) байсан нь тогтоогдсон. Тухайн үйлдэл нь гэмт хэрэг мөн эсэхээс үл хамааран "Шүүхийн шинжилгээний байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн дараах заалтуудыг зөрчсөн: 2.1.2. Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ болон байгууллагын үйл ажиллагааны журмыг сахин мөрдөх, шүүхийн шинжилгээний байгууллага, ажилтны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; 2.4.1. Өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах; 2.4.10. Гэр бүл, үр хүүхдэдээ хайр, халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх.
Түүнчлэн, эрүүгийн хариуцлага болон сахилгын зөрчил нь тусдаа ойлголтууд бөгөөд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэсний дараа сахилгын арга хэмжээ авах ёстой гэсэн хуулийн шаардлага байхгүй. Н.Б өөрийн хамтран амьдрагч цагдаагийн хошууч Ө.Б-ийг удаа дараа "зоддог" гэх асуудал нь төрийн албан хаагчийн ёс зүй, өргөсөн тангарагт нийцэхгүй учраас төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Төрийн албан хаагч нь байгууллагын дотоод хэм хэмжээгээр хүлээлгэсэн шаардлагыг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд захиргааны байгууллага сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл бий болдог. Өөрөөр хэлбэл, Н.Бын хамтран амьдрагчдаа гар хүрдэг үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээх эсэхээс үл хамааран төрийн албан хаагчийн болон хариуцагч байгууллагын ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр холбогдох сахилгын арга хэмжээ авагдсан. Нөгөө талаар Ө.Б-ийн зүгээс Н.Бын ёс зүйгүй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй байсан ч захиргааны байгууллага энэхүү асуудлыг төрийн албан хаагчийн ёс зүйд нийцсэн эсэх талаас нь шалгаж, зохих арга хэмжээг авах эрхтэй бөгөөд үүрэгтэй. Учир нь ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид оногдуулах сахилгын шийтгэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн ял шийтгэл хоёр тус тусдаа процесстой, өөр өөр эрх зүйн үр дагавар үүсгэдэг харилцаанууд юм.
3.2. Гэтэл шүүх Төрийн албаны тухай хуулийн 47, 48 дугаар зүйлийг хэрэглэхдээ хэрэглэх ёсгүй хууль тогтоомж буюу Эрүүгийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалтыг иш татан тайлбарлах замаар "...дээрх хуулийн зохицуулалтуудыг маргааны үйл баримттай уялдуулан хэрэглэхэд Н.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүх тогтооно, буруугийн асуудлыг шүүхээс эцэслэн тогтоогоогүй байхад хариуцагч захиргааны шүүхээс эцэслэн тогтоосон тохиолдолд л гэм буруутай гэж үзэх ба ийнхүү гэм байгууллагаас түүнийг гэм буруутай гэж үзсэн нь хуульд нийцээгүй шийдвэр болжээ...” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс Н.Бын гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм бурууг тогтоогоогүй харин Шүүхийн шинжилгээний байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.2, 2.4.1, 2.4.10-т заасны зөрчсөн гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахад заавал эрүүгийн журмаар гэм буруутай тогтоогдсон байхыг шаардахгүй бөгөөд уг үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх, гэм буруутай эсэхийг манай байгууллага огт шийдвэрлээгүй байхад шүүхээс “...Өөрөөр хэлбэл маргаан бүхий тушаал гарах цаг хугацаанд эрүүгийн журмаар гэм буруугийн асуудлыг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй, гэм буруутайг тогтоогоогүй байхад хариуцагч албаны шалгалтын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийг гэр бүлийн хамаарал бүхий хүний тайлбар, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж, шүүхийн эрх хэмжээний асуудлаар буюу өөрт олгогдоогүй эрх хэмжээний асуудлаар албаны шалгалт явуулж, ажлаас үндэслэлгүйгээр халсан нь тогтоогдож байна..." гэсэн нь бодит байдалд нийцээгүй, хуулийн буруу хэрэглэсэн зөрчил болсон. Анхан шатны шүүхээс бодит нөхцөл байдлыг дутуу, буруу дүгнэж, хариуцагч байгууллагыг Н.Бд гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоосон (шүүхийн эрх хэмжээнд халдсан), улмаар ажлаас халсан гэж хэт явцуу дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.
3.3. Анхан шатны шүүхийн Шийдвэрээр нэхэмжлэгч Н.Бын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, урьд эрхэлж байсан буюу Өмнөговь аймаг дах бүсийн шинжилгээний төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/105 тоот шийтгэх тогтоолоор Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 9,500,000 төгрөгөөр торгох ял, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оноож шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 сарын 26 өдрийн дугаар 2026/ДШМ/671 магадлалаар Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ж.Эын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус магадлалд шүүгдэгч Н.Б болон түүний өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, мөн давж заалдах гомдол гаргаагүй талаар дурдсан байна. Өөрөөр хэлбэл, Н.Б шүүхээс өөрт оногдуулсан ял (үүнд, нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг оруулан)-ыг хүлээн зөвшөөрсөн. Хэрэв Н.Быг нийтийн албанд томилогдох эрхийг хассан ял шийтгэл оногдуулсан эрүүгийн шүүхийн тогтоол, магадлал болон түүнийг ажилд эгүүлэн томилж шийдвэрлэсэн захиргааны шүүхийн шийдвэр аль аль нь хүчин төгөлдөр болсон тохиолдолд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Учир нь нэхэмжлэгч Н.Б нь холбогдох гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй, шүүх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэгт үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс түүний нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, нэмэлтээр 9,500,000 төгрөгөөр торгох ял, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээсэн байх тул захиргааны байгууллага түүнийг хуучин ажил, албан тушаалд нь буюу нийтийн албанд эгүүлэн тогтоох боломжгүй болно.
3.4. Шүүхийн шийдвэрт "... Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т "Төрийн албан хаагчид хүуль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно" 57.2-т "Төрийн албан хаагчийн цалин хөлс нь", 57.2.3-т "тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны. цол, зэрэг дэвийн, докторын мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс" гэж тус тус заажээ. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн албан хаагч чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авах ба ажилгүй байсан хугацаа гэдгийг хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас чиг үүргээ хэрэгжүүлж, цалин хөлс авах боломжгүй байсан хугацааг ойлгоно. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь эрүүгийн журмаар шалгагдаж байхдаа цагдан хоригдсон бөгөөд уг цагдан хоригдсон хугацаа нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанд хамаарахгүй тул ажилгүй байсан хугацааг тооцохдоо нэхэмжлэгчийн цагдан хоригдсон хугацааг хасаж тооцохоор байна...” гэж дүгнээд ажилгүй байсан хугацааг хэзээнээс эхэлж хэдэнд дуусахыг тооцоогүй орхисон нь үндэслэлгүй бөгөөд уг хугацаанд олговол зохих цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг мөн тогтоогоогүй нь хуульд нийцээгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн зөвхөн цагдан хоригдсон хугацааг дээрх хугацаанаас хасаж тооцсон нь үндэслэлгүй бөгөөд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Быг Ховд аймгийн Жаргалант сумын дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээний хугацаанд тэрээр ажил үүргээ гүйцэтгээгүй байхад ямар үндэслэлээр уг хугацааг хасаж тооцоогүй талаараа дурдаагүй нь үндэслэлгүй
3.5 Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэсэн боловч уг хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн захирамж нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр биш бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шүүх хуралдааны явцад хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал үүссэн нөхцөлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах анхан шатны шүүхийн эрх хэмжээг хязгаарлахгүй гэж үзэж хариуцагчаас энэ үндэслэлээр маргасан боловч шүүхээс "...Шүүхээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаар дүгнэсэн буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь нотлох баримтаар нотлогдож байна” гэж үзсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин дүгнэх үндэслэлгүй болно.
Нөгөөтээгүүр, нэхэмжлэл гаргах хугацаа сэргээсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянах эрхийг хуулиар давж заалдах шатны шүүхэд олгосон бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шүүхээс (одоо) дүгнэх нь хугацааг сэргээж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянах агуулгыг илэрхийлэхээр байгааг дурдах нь зүйтэй..." гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 сарын 15-ны өдрийн Дугаар 128/ШШ2026/0600 шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Н.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Мөн хариуцагчаас шүүхэд 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн давж заалдах гомдлын нэмэлт тайлбартаа:
4.1. ...Төрийн тусгай албан хаагч нь хууль зөрчсөн, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй буюу зөрчсөн, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн бол Төрийн албаны тухай хуульд заасан зохих хариуцлагыг хүлээхээр хуульчлан тогтоосон байна.
4.2. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасныг тус тус зөрчсөн. Энэ нь Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/211 дүгээр захирамж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/600 дугаар тушаал, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/333 дугаар захирамж, дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил зэргээр тус тус тогтоогдсон.
4.3 ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу шүүх нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа удаа дараа гаргасан сахилга, ёс зүйн зөрчилтэй холбоотой материал зэргийг нотлох баримтаар гаргаагүй. Хэрэгт ач холбогдолтой гэрчүүдийг асуугаагүй, хэрэгт цугларсан нотлох шаардлагагүй баримтыг дутуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Мөн шүүх 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/Ш32025/3958 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн бөгөөд тус шийдвэрийг гаргахдаа 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сар хүртэл Н.Бын Монгол улсын хилээр гарсан эсэх, аливаа зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан эсэх, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар эрх бүхий байгууллагад дуудлага, мэдээлэл ирсэн эсэх талаар тодруулж, Захиргааны шүүхийн нотлох баримт цуглуулах эрх хэмжээг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын хувьд хэрэгт авагдсан баримтаар,
3.1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/478 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Быг Ховд аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар томилж, “цагдаагийн хошууч” цол олгосон.
Улмаар, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас хийсэн албаны шалгалтын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн танилцуулгаар Н.Б нь Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, хэм хэмжээний эрх зүйн акт, дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах”, 2.1.2-д “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг сахин мөрдөх”, 2.3.2-д “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх, 2.4.10-д “гэр бүл, үр хүүхдэдээ хайр, халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/182 дугаар тушаалаар Ховд аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын ажлаас чөлөөлж, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Захиргааны удирдлагын газрын жижүүрийн ахлах офицероор томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
3.2. Н.Баас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжин ажиллах хүсэлт гаргасныг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/646 дугаар тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэдэлд шилжүүлж, тус хүрээлэнгийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/266 дугаар тушаалаар Н.Быг Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны даргаар томилсон.
3.3. Нэр бүхий иргэдээс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захиралд хандан Н.Бын харилцаа, хандлагын талаар гомдол гаргасны дагуу албаны шалгалт явуулж, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Албаны шалгалт явуулсан тухай танилцуулгаар албаны ажилтантай дүрмийн бус харьцсан, иргэнтэй доромж үгээр харьцаж харьцааны зөрчил гаргасан болон төрийн одон медалиар шагнагдсан тухай төв байгууллагад мэдэгдээгүй зэрэг ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болохыг тогтоож Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /хуучин нэрээр/-ийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/600 дугаартай тушаалаар “цагдаагийн хошууч Н.Бын цолны мөнгийг 3 сарын хугацаагаар хасах” сахилгын шийтгэл ногдуулсан.
3.4. Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн хошууч Н.Бын талаар цахим орчинд тархсан мэдээллийн талаар албаны шалгалт явуулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан тухайгаа хүрээлэнгийн захиралд мэдэгдээгүй болохыг тогтоож, байгууллагын алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/692 дугаар тушаалаар Н.Быг ажлаас нь халж, цагдаагийн хошууч цолыг хураах саналыг Цагдаагийн ерөнхий газарт уламжлахаар шийдвэрлэж,
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/1705 дугаар тушаалаар Н.Бын ... “цагдаагийн хошууч” цолыг хураасан.
3.5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/473 дугаар албан бичиг, тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/161 дүгээр шийтгэх тогтоолоор Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд гомдол гаргаж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Хяналтын шатны шүүх хуралдаанаараа хэлэлцүүлэхээс татгалзаж” шийдвэрлэсэн нь нийтэд илэрхий болсон төдийгүй давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид тайлбарлан. Энэ талаар талууд маргаагүй болно.
3.6 Нэхэмжлэгч анх 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/692 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2420 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Улмаар нэхэмжлэгч Н.Баас олгосон 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн огноо бүхий итгэмжлэлийн үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 3958 дугаар захирамжаар хүлээн авч, нэхэмжлэл гаргах хугацааг сэргээснээр нэхэмжлэгч нь 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Н.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/600 дугаартай тушаал, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Н.Быг ажлаас халах тухай Б/692 дугаартай тушаалуудыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэж, цагдаагийн дэд хурандаа цолыг нөхөн олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
4. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт төрийн албан хаагчийн хүлээх нийтлэг үүргийг заасан бөгөөд тухайлан 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд ... төрийн ... албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” хэмээн,
Шүүхийн шинжилгээний тухай хууль /2009 он/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд гаргасан зөрчлийнх нь шинж байдлыг харгалзан дараах сахилгын шийтгэл ногдуулна”, 44.1.3-т “цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах” хэмээн,
Шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчийн сахилгын дүрмийн 3.5-д “Алба хаагчид дараах тохиолдолд сануулах сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд:” гээд 3.5.1-т “Зан харьцаа, үйлчилгээний талаар иргэдээс үндэслэл бүхий гомдол ирсэн”, 3.7-д “Цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах сахилгын шийтгэлийг дараах тохиолдолд ногдуулна. Үүнд:”, 3.7.2-т “Шинжилгээний алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн” гэж тус тус заасан.
Маргаан бүхий захиргааны актууд гарсан цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу төрийн албан хаагч сахилгын болон ёс зүйн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон бол тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг ногдуулах журамтай байсан.
5. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч Н.Б нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/600 дугаартай тушаалаар “... цолны мөнгийг 3 сарын хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулсан”-ыг хууль бус хэмээн маргаж байх боловч хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Албаны шалгалт явуулсан тухай танилцуулга болон холбогдох бусад баримтаар нэхэмжлэгчийн бусадтай дүрмийн бус болон доромж үгээр харьцаж, маргалдсан гэх зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6. Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/692 дугаар тушаалын хувьд анхан шатны шүүх:
“... Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна”, 3.1.1-т “...хамтран амьдрагч...”, 46 дугаар зүйлийн 46.1-т “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 46.-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”....хуулийн зохицуулалтуудыг маргааны үйл баримттай уялдуулан хэрэглэхэд Н.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүх тогтооно, шүүхээс эцэслэн тогтоосон тохиолдолд л гэм буруутай гэж үзэх ба ийнхүү гэм буруугийн асуудлыг шүүхээс эцэслэн тогтоогоогүй байхад хариуцагч захиргааны байгууллагаас түүнийг гэм буруутай гэж үзсэн нь хуульд нийцээгүй шийдвэр болжээ” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д “Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” хэмээн,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна”, 3.1.1-т “...хамтран амьдрагч...”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тус заасан.
Хууль тогтоомжийн дээрх заалтын агуулгыг анхан шатны шүүхийн дурдсанчлан “...Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол төрийн албанаас халах зохицуулалттай ба маргаан бүхий тушаал гарах үед хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол байхгүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан” гэж дүгнэж тайлбарлах боломжгүй.
Харин хууль тогтоогч, төрийн албан хаагчийн сахилгын болон ёс зүйн зөрчил нь эрүүгийн болон эрх зүйн бусад зөрчлөөс үл хамаарах, бие даасан шинжтэй. Түүнийг шалган тогтоох болон хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг тусгайлан Төрийн албаны хууль тогтоомжоор зохицуулсан. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах гэх үйл баримт нь түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн агуулгыг илэрхийлсэн хэмээн ойлгож, тайлбарлана.
8. Тухайн тохиолдолд, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан албаны дотоод шалгалтын танилцуулга болон холбогдох бусад баримтаар нэхэмжлэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан тухайгаа хүрээлэнгийн захиралд мэдэгдээгүй, байгууллагын алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа ноцтой зөрчсөн зөрчлийг гаргасан болохыг хуульд заасан журмын дагуу шалган тогтоосон. Улмаар тухайн шалгалтын дүнг үндэслэн хариуцагч нь маргаан бүхий 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Н.Быг ажлаас халах тухай” Б/692 дугаар тушаалыг гаргасан нь тогтоогдож байх тул маргаан бүхий тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2026/0600 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 47 дугаар зүйлийн 47.1, Шүүхийн шинжилгээний тухай хууль /2009/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.Бын Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Н.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/600 дугаартай тушаал, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Н.Быг ажлаас халах тухай Б/692 дугаартай тушаалуудыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэж, цагдаагийн дэд хурандаа цолыг нөхөн олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА