Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 80

 

     

 

 

 

 

 


                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0094/Э/ 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Намсрай,
Шүүгдэгч М.Анхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжийн торгууд овогт Мөнхбатын Анхбатад холбогдох 201709000020 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.


Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 4 дүгээр байрны 50 тоотод оршин суух Тайжийн торгууд овогт Мөнхбатын Анхбат /ПБ93011116/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

Шүүгдэгч М.Анхбат нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалангийн 5-5 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг кузов засварын гаражид байрлуулан тавьсан байсан иргэн Л.Уранчимэгийн Ниссан вингроуд маркийн 89-54 ДАХ улсын дугаартай автомашинд нэвтэрч дотор нь байсан эмэгтэй хүний гар цүнхэн дотроос 1,040,000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Анхбатын мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд найз Анхбаярын ажил болох кузов засварын газар очиход Анхбаяр хүний машин янзлаад байж байхаар нь би Анхбаярт хамт машин засахад нь тус болсон. Анхбаярын найз хүрлээ 1 шил 0,5 литрийн архи, 1 том савтай пивотой хүрч ирээд бид 3 хамт сууж уусан. ...89-54 ДАХ улсын дугаартай, “Ниссан Вингроуд” маркийн машины эзэн Л.Уранчимэг эгч машинаа түгжээд гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа машины зүүн талын урд хаалгыг татсан чинь хаалга нь онгойхоор нь би зүүн талын суудал дээр байсан цүнхийг онгойлгоод үзэхэд баахан мөнгө байхаар нь аваад хашаанаас гараад авсан мөнгөө хартал олон 20,000 төгрөг харагдахаар нь өмднийхөө халаасанд хийгээд буцаж гараж руу ороод Анхбаярыг дуудаж уулзаад би 300,000 төгрөг авчихлаа гэж хэлээд дагуулж яван “Шинэ гэгээ” хүнсний дэлгүүрийн үүдэнд очиж 130,000 төгрөг өгөөд, хамт дэлгүүр орж 2 хайрцаг тамхи аваад салаад явсан. Тэгээд ганцаараа караокед орж пиво уучаад гарч байтал Анхбаяр залгаад гэрт хүрээд ир гэж хэлэхээр нь яваад очиход Анхбаяр, Шүрэнтуяа, эхнэрийнх нь найз охин, Тэрбиш гэх ах байсан. Тэгээд миний ирсэн таксигаар Анхбаяр, эхнэрийнхээ найзтай дэлгүүр орж 2 том пиво авч ирээд бид 3 хувааж уусан. Тэгээд пивоо дуусгаад унтаад амрах гэтэл эхнэрийнх нь найз зайл гээд байхаар нь би гэртээ хариад амарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, буруу зүйл хийснээ маш сайн ойлгосон, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би гэрлүүгээ явахдаа машин дотор цүнхнийхээ арын карманд нь 1,000,000 төгрөгөө хийгээд, үлдсэн 40,000 төгрөгийг түрийвчиндээ хийгээд цүнхээ машиныхаа урд талын зүүн суудал дээр тавиад машинаа хааж хаалгыг нь түгжээд явсан. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 9 цагт гараж дээр ирж 2 машинаа шалгалгүй авч яваад Дархан сумын 5-р багт байрлах хүнсний уулзварын орчим нүүрс, модоо зараад байж байтал цүнхнээсээ мөнгөө авах гэтэл цүнхэн дотор байсан 1,040,000 төгрөг байхгүй байхаар нь Ханжаргалантын 5-5 тоотод байрлах засварын газрын гараж дээр очоод хариуцсан хүмүүс нь байхгүй байхаар нь тэнд байсан хүмүүст гаражны эзний дугаарыг өгчих, эгч нь мөнгөө алдчихлаа гэж хэлсэн, ... Би мөнгөө хүлээн авсан тул надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

Н.Анхбаярын яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн “...Би М.Анхбатаас яаж авсан талаар нь асуухад би чамайг Тэрбиш ахтай тэр машины эгчээс нүүрс авч байхад чинь цаад талын хаалгыг нь онгойлгоод урд суудал дээр байсан цүнхийг онгойлгоод авчихсан гэж хэлсэн. Тэгээд удаагүй намайг дуудаж уулзаад би мөнгө авчихлаа гэж хэлсэн. М.Анхбат надад 300,000 төгрөг байна гэж хэлээд надад 130,000 төгрөгийн өгөхөөр нь би авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээн авсан, өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11,12 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/

“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч М.Анхбат нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалангийн 5-5 тоот хаягт байх гаражид байсан иргэн Л.Уранчимэгийн Ниссан вингроуд маркийн 89-54 ДАХ улсын дугаартай автомашинд нэвтэрч 1,040,000 төгрөг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Л.Уранчимэг, сэжигтэн Н.Анхбаяр нарын мэдүүлэг, эд зүйл хүлээн авсан, өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/ болон шүүгдэгч М.Анхбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байна.

Аймгийн прокурорын газраас  М.Анхбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Иймд шүүгдэгч М.Анхбатыг орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “автомашины кабинаас эд зүйл авсныг орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзэхгүй, хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн” гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна.

Автомашиндаа ямар эд зүйлээ хэрхэн хадгалах нь өмчлөгч этгээдийн хүсэл зоригийн асуудал ба бусдын эзэмшилд хууль бусаар халдаж, дотор нь байгаа эд зүйлийг авч байгаа нь агуулах саванд нэвтэрсэн гэж үзэх хангалттай үндэслэл болно. 

Шүүгдэгч М.Анхбат нь 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 20,000 төгрөгний дэвсгэрт 41 ширхэг, 10 төгрөгний 22 ширхэг нийт 1,040,000 төгрөгийг Л.Уранчимэгт хүлээлгэн өгсөн /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/ байх тул шийтгэл тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч М.Анхбат нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг биелэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Анхбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримт, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, М.Анхбатын эзэмшлийн  “Скай А830К” маркын 1 ширхэг гар утсыг битүүмжилсэн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.


Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь: 

1. Тайжийн торгууд овогт Мөнхбатын Анхбатыг орон байр агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Тайжийн торгууд овогт Мөнхбатын Анхбатад эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар М.Анхбатад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч М.Анхбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, М.Анхбатын эзэмшлийн  “Скай А830К” маркын 1 ширхэг гар утсыг битүүмжилсэн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар М.Анхбатад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан М.Анхбатын засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Анхбатад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлжсүгэй. 

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тэнсэгдсэн ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
    
    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГЭРЭЛТ-ОД