Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0320

 

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0320

Улаанбаатар хот

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар, 

Гомдол гаргагч: “П***” ХХК,

Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч

Ч.Н***.

Гомдлын шаардлага: “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ч.Н***-ын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0012512 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Х***, хариуцагч гаалийн улсын байцаагч Ч.Н***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э*** нар оролцов.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “П***” ХХК нь “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ч.Н***-ын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0012512 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан.

2. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Санхүү аж ахуйн албанаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанд дотоод зурвасаар “П***” ХХК нь Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-д заасны дагуу нефть бүтээгдэхүүнийхээ татварыг 30 хоногоор хойшлуулсан боловч хугацаандаа төлбөр барагдуулахгүй байгаа талаарх зөрчлийн гомдол мэдээллийг ирүүлснийг хариуцагч гаалийн улсын байцаагч Ч.Н*** Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.2, 1.3 дахь заалтад заасны дагуу гомдол мэдээллийн нэгдсэн бүртгэлд бүртгэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасны дагуу “мэдүүлэгч гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх үүргээ биелүүлээгүй” хэмээн үзэн, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу  гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

3. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Санхүү аж ахуйн албанаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дотоод зурвасаар Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанд “П***” ХХК нь “нефть бүтээгдэхүүнийхээ татварыг 30 хоногоор хойшлуулсан боловч хугацаандаа төлбөр барагдуулахгүй байгаа талаарх” гомдол мэдээллийг ирүүлснийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ч.Н*** хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “П***” ХХК-д холбогдуулан 2102000406 дугаар зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0012512 дугаартай шийтгэлийн хуудсаар “...нефть бүтээгдэхүүнийхээ татварыг 30 хоногоор хойшлуулсан боловч хугацаандаа төлбөр барагдуулаагүй” гэх үндэслэлээр “П***” ХХК-нд торгох шийтгэл оногдуулсныг тус компаниас эс зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд хандсан.

4. Гомдол гаргагч нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ч.Н***-ын 2022 оны 0012512 дугаар шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус хэмээн үзэж байна. Үүнд:

4.1. Шийтгэлийн хуудас нь хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасныг үндэслэж улсын байцаагч шийтгэл ногдуулсан байх боловч шийтгэлийн хуудсанд Гаалийн тухай хуулийн ямар хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горимыг зөрчсөн талаар тодорхой дурдаагүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна, мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэсэн бичгийн хэлбэртэй захиргааны актад байх шаардлагыг хангаагүй зэргээр хуульд заасан хэлбэрийн шаардлагыг зөрчсөн.

Манай компани Улаанбаатар хот дахь Гаалийн газартай үргэлж харилцан хамааралтай хамтран ажиллаж өнөөдрийг хүрсэн. Манай компани гаалийн төлбөрийн өрийг өөрийн санхүүгийн чадамж, боломжоороо төлж барагдуулсан ирсэн. Гаалийн тухай хуулийн 15 дугаар бүлгийн 293 дугаар зүйлд заагдсаны дагуу гаалийн татвар төлөхөөс зайлсхийх, зугтах үйлдлийг гаргаагүй бөгөөд харин ч төлөхөө илэрхийлж, чадамжаараа төлж, албан бичгүүдийг удаа дараа өгч, төлж байгаа.

Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “...Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно” гэж хуулиар заасан байхад гаалийн улсын байцаагч нь Гаалийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэдэг үндэслэлээр гаалийн төлбөр дээр нэмж төлбөр үүсгэн 3,000,000 төгрөгөөр торгож байгаа нь хууль бус байна.

Мөн Улаанбаатар хот дахь Гаалийн газраас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж, манай компаниас татварын өр 182,200,000 төгрөг, хүү 42,068,544.76 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, манай компани хариуцагчаар оролцож байгаа. Гэтэл Зөрчлийн тухай хуулиар Гаалийн тухай хууль зөрчсөн хэмээн иргэний нэхэмжлэл гаргасан атлаа давхар хариуцлага ногдуулж байгаа давхар хариуцлага хүлээлгэсэн, хууль бус үйлдэл.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан процессын журмыг зөрчсөн буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа холбогдогчийг мэдүүлэг авах зэргээр уг ажиллагаанд оролцуулах ёстой. Үүний үр дүнд зөрчилд холбогдогч нь хуульд заасан эрхээ эдлэх нөхцөл боломжоор хангагддаг ёстой байтал Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ч.Н*** нь манай компаниас ямар ч тайлбар, мэдүүлэг авах ажиллагаа явуулаагүй бөгөөд манай компанийн зүгээс дээрх эрхүүдээ эдлэх боломж, нөхцөлийг бүрдүүлээгүй.

Түүнчлэн зөрчлийг шалган шийдвэрлэх хугацаа дууссаны дараа зөрчлийн шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно.

Иймд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ч.Н***-ын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0012512 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаалийн улсын байцаагч Ч.Н*** 0012512 дугаар шийтгэлийн хуудсаар манай компанийг 3 сая төгрөгөөр торгосон. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тухайн шийтгэлийн хуудсыг манай компанид өгсөн гэж тайлбарлаж ярьдаг. Үүний дагуу эс зөвшөөрч гомдол гаргах хуулийн хугацаанд гомдлоо гаргаад явж байна.

Өмнө нь гаалийн улсын байцаагч нар 2-3 удаа манай компанийг 3,000,000 төгрөгөөр торгож, торгуулийг төлж байсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 658 дугаар шийдвэрт үүнийг тодорхой дурдсан байгаа.

... Анхан шатны шүүхээс 162,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэдэг байдлаар шийдвэрээ гаргасан. Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзыг их байна гэдэг үндэслэлээр багасгаад 21,000,000 төгрөгөөр багасгасан. Одоо давж заалдах шатны шүүхийн магадлал гарах гэж байгаа. Шүүхэд хандчихаад өмнө нь манайхыг торгодог байсан шиг дахин 3,000,000 төгрөгөөр торгосон. Гаалийн байгууллага Иргэний хэргийн шүүхэд төлбөрөө гаргуулъя гэж нэхэмжлэл гаргасан тохиолдолд давхар хариуцлагын асуудал яригдах ёсгүй. Иргэний хэргийн шүүхээр хохирлоо гаргуулж аваад дээрээс нь 3,000,000 төгрөгөөр торгож байна. Магадгүй энэ хэрэгт гомдол гаргахгүй бол цаашид торгох байх. Ийм байдлаар хуулийг хэрэглэхгүй гэж гомдол гаргагчийн зүгээс маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийг баримтлан ажиллаагүй захиргааны акт гаргачхаад түүнийгээ биелүүлээд яваад байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

5. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Санхүү, аж ахуйн албанаас “П***” ХХК нь хойшлуулсан татварын 249.000.000 төгрөгийн өр төлбөрийг төлөхгүй байгаа. Үүнийг нягтлан шалгаж өгнө үү гэсэн гомдол ирүүлсэн. Гомдлын дагуу шалгаж үзэхэд 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр болон 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн 2 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр хойшлуулсан татвараа төлөөгүй байсан нь тогтоогдсон. Иймд Нийслэлийн Прокурорын газарт зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, зөрчлийн хэрэг нээсэн. Тухайн үед “П***” ХХК-ийн захирлын хийсэн итгэмжлэлийн дагуу үйл ажиллагааны менежер Б.П*******ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, холбогдогчийн мэдүүлэг авсан. Б.П******* нь уг асуудалд буруугаа хүлээн мэдүүлэг өгсөн. Зөрчлийн хэрэг 2021 оны 11 сард нээгдээд нийт 58 хоногийн хугацаан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн. Энэ хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын удирдлагын зөвлөл хуралдахад хууль ёсны төлөөлөгч Б.П******* хуралдаанд оролцсон. Энэ үед удирдлагын зөвлөлийн дарга нар асуудлыг бүгдийг тайлбарлаж, өр төлбөрөө барагдуулахгүй бол иргэний хэргийн шүүхэд хандана гэдгийг хэлсэн. Б.П******* нь “...манайд хугацаа олгооч 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд манайх өр төлбөрөө барагдуулна” гэсэн албан бичиг өгсөн. Зөрчлийн хэрэг хаагдсаны дараа 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шийтгэл ногдуулсан. Шийтгэлийн хуудсыг гардуулахаар Б.П-той холбогдоход “...надад хамаагүй, би ковид-19 өвчин туссан байна. Манай оффистой холбогд” гээд утасны дугаар өгсөн. Тухайн дугаарт залгаад шийтгэлийн хуудсыг хүргүүлье гэхэд өөрийн оффис хаана байгааг зааж өгөхгүй “...сонсголонд байдаг манай шатахуун түгээх станцад очоод өгчих” гэж хэлсэн. Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тухайн шатахуун түгээх станцад очиж шийтгэлийн хуудсыг өгсөн. Шатахуун түгээгч нар “...бид нарт үлдээчих бид нар төврүүгээ хүргүүлье” гэсэн. Ийм байдлаар шийтгэлийн хуудсыг хүлээлгэн өгсөн” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “П***” ХХК нефть, газрын тосны бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрөлтэй. Тусгай зөвшөөрлийн дагуу тухайн жил, улиралд импортлон оруулж ирэх бүтээгдэхүүний хэмжээнд ногдох онцгой болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 30 хоногоор хойшлуулах Засгийн газрын тогтоол гардаг. Энэ тогтоолын дагуу “П***” ХХК нь татвараа 30 хоногоор хойшлуулах давуу эрх эдэлдэг аж ахуйн нэгж байгаа юм. Хаана давуу эрх эдэлж байна тэнд хуулийн биелэлт хангагддаггүй, зөрчил гарч байдаг. Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1-д зааснаар гаалийн мэдүүлгийн дагуу тухайн аж ахуйн нэгж гаалийн болон бусад татварыг төлж барагдуулах үүрэгтэй байдаг. Энэ үүрэг нь гомдол гаргагчийн хувьд Засгийн газрын тогтоолын дагуу 30 хоногоор хойшлогддог. Тухайн хугацаандаа татвараа байнга төлж барагдуулдаггүй байсан учраас манай зүгээс 2, 3 удаа арга хэмжээ авагдаж байсан. Үүнээс “П***” ХХК нь хуулийг хэрэгжүүлэх ямар сахилга баттай компани вэ гэдэг харагдаж байгаа.

Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-д “Гаалийн зуучлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар тухайн аж ахуйн нэгжид арга хэмжээ авагдсан.

Давхардуулсан гэж байна. Давхардуулаагүй нэг зөрчилд нь нэг л арга хэмжээ авсан. 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр улсын хилээр импортолсон дизель түлшинд ногдох татварыг 30 хоногоор хойшлуулчхаад төлж барагдуулаагүй тул арга хэмжээ авсан. Бид нэг арга хэмжээ авсан бол дахин арга хэмжээ авах үндэслэл байхгүй. Иргэний хэргийн шүүхэд давхар хандлаа гэж байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Энэ үүргийн дагуу Иргэний хэргийн шүүхэд хандан хүүг нэхэмжилсэн. Гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлд заасан хугацаа хожимдуулсан хоногийн 0.3 хувийн хүү тооцно гэдэг нь шийтгэл биш. Хуульд заасан үүрэг, хариуцлага юм. Тус компани үүргээ биелүүлээгүй тул хариуцлагын арга хэмжээ авсан. Энэ нь тусдаа ойлголт юм.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд алдаа гарсан гэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар гаалийн улсын байцаагч Ч.Н*** өөрөө тайлбар гаргах байх” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагчийн гомдол үндэслэлгүй байна.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар,

2.1. Гомдол гаргагч “П***” ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ний өдрийн 02-2131006-21-IO4605R болон 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 02-2131006-21-IO4693R дугаар бүхий гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тус улсад нэвтрүүлсэн нефть бүтээгдэхүүнийхээ татвар нийт 255.589.422.62 төгрөгийн төлбөрийг Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5 дахь заалтад заасны журмын дагуу 30 хоногоор хойшлуулсан боловч хойшлуулсан хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй нь хэргийн оролцогчдын тайлбар шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2102000406 дугаартай зөрчлийн хэрэг дэх холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөс авсан мэдүүлэг болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

2.2.  Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Санхүү аж ахуйн албанаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаар дотоод зурвасаар  “П***” ХХК-ийн “өрийг барагдуулах талаар арга хэмжээ авах”-ыг Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанд мэдэгдсэн.

Энэ дагуу хариуцагч гаалийн улсын байцаагч Ч.Н*** гомдол мэдээллийг хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.2, 1.3 дахь заалтад заасны дагуу гомдол мэдээллийн нэгдсэн бүртгэлд бүртгэн, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “П***” ХХК-д холбогдуулан 2102000406 дугаар зөрчлийн хэрэг нээн, холбогдогч “П***” ХХК-иас томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П*******оос 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг нь тайлбарласны үндсэн дээр мэдүүлгийг авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдогчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ний өдрийн 02-2131006-21-IO4605R болон 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 02-2131006-21-IO4693R дугаар бүхий гаалийн мэдүүлгээр нийт 261,589,422.62 төгрөгийн татварыг Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-д заасны дагуу 30 хоногийн хугацаагаар хойшлуулсан боловч тухайн хугацаандаа төлж барагдуулаагүй зөрчилд холбогдох нотлох баримтыг хангалттай, тодорхой цуглуулан, “П***” ХХК-ийг Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “мэдүүлэгч гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх үүргээ биелүүлээгүй” хэмээн үзэж 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0012512 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2102000406 дугаартай зөрчлийн хэргийн баримтаар тус тус тогтоогдож байна.

2.3. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8"мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг”, 57 дугаар зүйлийн 57.2.1-т “гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх” үүрэгтэй хэмээн,

Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11-д “Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортлож байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна" хэмээн,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-д “газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортоор оруулж байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна” хэмээн,

Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-д “Гаалийн зуучлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн тус тус хуульчилсан.

2.4.  Гомдол гаргагч “П***” ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 02-2131006-21-IO4605R болон  2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 02-2131006-21-IO4693R дугаар гаалийн мэдүүлгээр төлбөл зохих нийт 261,589,422.62 төгрөгийн татварыг Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсэг болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5 дахь заалтад заасан журмын дагуу 30 хоногийн хугацаагаар хойшлуулсан боловч тухайн хугацаанд төлөөгүй нь Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1 дэх хэсгийг зөрчсөн буюу Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-д заасан зөрчлийн бүрэлдэхүүнтэй байна. Мөн хариуцагч захиргааны байгууллагаас “хугацаанд нь төлөөгүй татварын өр”-ийг холбогдогчоос гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан үйл баримтыг нэг зөрчилд хоёр удаа хариуцлага хүлээлгэсэн гэж үзэх боломжгүй.

Иймд  шүүх дээр дурдсан үндэслэлээр, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-д заасныг үйлдсэн “П***” ХХК-д шийтгэл оногдуулсан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ч.Н***-ын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0012512 дугаартай шийтгэлийн хуудсыг  хууль ёсны байна хэмээн үзэж, гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ч.Н***-ын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0012512 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан “П***” ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.М