| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0024/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/24 |
| Огноо | 2024-01-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/24
2024 01 25 2024/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
Хохирогч Б.У,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгч Н.Н, М.Э, У.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н, М.Э, У.Б нарт холбогдох эрүүгийн 2319000000268 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.Э
Монгол Улсын иргэн, Н.Н
Монгол Улсын иргэн, Б.У
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч У.Б, М.Э, Н.Н нар нь бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг, Тохоон булаг гэх газарт байх хохирогч Б.Уын эзэмшлийн гэрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хоорондоо ярьж тохиролцон улмаар хохирогчийн эзэмшлийн Ланд 80 маркийн авто машины баруун хойд талын цонхыг У.Б, баруун урд талын цонхыг М.Э нар нь цохин хагалж дотор нь хадгалсан байсан алт хайгч багаж 4 ширхэг, Вепрь маркийн буу 1 ширхэг, импакт багаж 1 ширхэг, грандирь багаж 1 ширхэг зэргийг, мөн шүүгдэгч У.Б нь ганцаараа хохирогч Б.Уын эзэмшлийн хүн амьдрах зориулалт бүхий төмөр вагончикийн цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтэрч гэр дотор байх хувцасны шүүгээний дотор талаас 08 АК 5807 дугаартай бууны сум 8 ширхэг зэргийг нууцаар хууль бусаар хулгайлж бусдад нийт 9,020,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 03-07-рт/,
-Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгагч багажаар шалгасан бүртгэл/хх 08-рт/,
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 10-13-рт/,
-Гэрч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөрт хүү Б.У нь машинаасаа буу, тастагч, хайгч зэрэг эд зүйлсээ алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр Б-ийн хамтаар хүүгийн гэр рүү явцгаасан. Тэгтэл зам дээр саарал өнгийн приус 30 маркийн машин тааралдсан. Тэгэхээр нь тэр машинаас сураг тодруулах санаатай зогсоох гэсэн чинь зогсоогүй. Тэгээд зогсохгүй болохоор нь араас нь дагаад давхисан. Хоёр ч удаа хажуугаар нь ороод зогсоох гэтэл зогсохгүй давхиад байсан. Тэгээд урд нь гараад нэлээн хол очиж байгаад зогсоод хүлээсэн чинь нөгөө машин чинь зогсонгуутаа машиныхаа хажуу талын хаалгыг онгойлгоод юм буулгаад бид нарын хажуугаар зогсохгүй яваад өгсөн. Тэгэхээр нь араас дагаад явж байтал урдаас фургонтой цагдаа нар ирж харагдаад нөгөө машины урдуур хашаад зогсоочихсон...” гэсэн мэдүүлэг/хх 22-23-рт/,
-Ашид Билгүүн ХХК-ний 2023 оны 09 дүгээр сарын 29-ний №TXY-92377898 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх 52-54-рт/,
-Шүүгдэгч У.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Бид нар орой нар жаргаад харанхуй болохын өмнөхөн Сайхандулаан сумын нутаг дэвсгэр Сайншанд сумаас 70 орчим км-ийн зайд байрлах өмнө нь хүмүүсийн алт олж байсан газар нь очсон. Яг сайн нэршлийг нь мэдэхгүй байна. Тэндээ очоод үлдсэн архиа хуваагаад ууцгаасан. Тэр өдөртөө алт хайгаагүй, архиа л уусан. Тэгээд бид нар хөдлөөд явж байтал замд чирдэг вагончиктой, гаднаа машинтай айл тааралдсан. Тэгэхээр нь бид нар яваад очтол гэрт нь хүн байхгүй байсан. Бид нар вагончикийн цонхыг нь тогшоод хаалгыг нь татаж үзтэл хүнгүй байсан. Тэгээд машиных нь цонхыг шагайж үзтэл 4 ширхэг 1000-тай хайгч, 1 буу байсан. Тэгээд нөгөө хэддээ хэлж байгаад би машинд байсан цахиур шиг жижиг зүйлээр баруун хойд талынх нь цонхыг цохиж хагалсан. Тэгээд машины хаалгыг нь онгойлгоод дотроос нь 4 ширхэг 1000-тай хайгч, 1 АК буу, буу нь өөрөө магазиндаа 8 ширхэг сумтай байхаар нь аваад машиндаа оруулж хийсэн. Машинд авсан зүйлээ оруулчхаад вагончик руу нь очоод цонхыг гараараа түлхсэн чинь онгойчихсон. Цонхыг нь онгойлгоод би өөрөө дотор нь ороод 2 хайрцагтай багаж авсан. Яг дотор нь юу байсныг нь мэдэхгүй байна. Манай нөгөө хэд машиндаа ууцгааж л байсан. Тэгээд авсан эд зүйлсээ машиндаа оруулчхаад тэр хавиар зам хайгаад явж байгаад шавар суугаад тэндээ хоноцгоосон. Тэгээд өглөө цаг хэд болж байсныг нь мэдэхгүй байна. Ямартай ч нар гарчихсан байсан бид нар сэрээд эргэн тойрноо харахад өмнө нь нуур байж байгаад ширгэсэн газар шаварт суучихсан байх шиг байсан. Тэгээд бид нар нэлээн юм болж байж машинаа шавраас гаргаад нөгөө эд зүйлсээ яахаа ярилцаж байгаад юутай ч Сайншанд явъя гээд Сайншанд руу явж байтал араас нэг хар өнгийн Ланд-80 маркийн машин дагаад эхэлсэн. Тэгээд бид нар уулзаад нөгөө буу, хайгчаа өгчихдөг юм билүү гэж ярилцаж байгаад нөгөө машиныг урд гараад зогсохоор нь нөгөө 4 ширхэг 1000-тай хайгч, 1 ширхэг АК буу, 8 ширхэг сумтай магазины хамтаар зогсоод хээр газарт гаргаад тавьчихсан. Тэгээд нөгөө машины хажуугаар гараад Сайншандын зүг рүү явж байтал урдаа фургонтой цагдаа нар гарч ирээд бид нарыг барьсан....Би анх харчхаад нөгөө хэддээ хэлээ авчих уу гэж асуухад тэд нар зөвшөөрөх шиг болсон. Тэгээд энийг авлаа шүү гэж хэлж байгаад тухайн тээврийн хэрэгслийн цонхийг нь хагалсан...” гэсэн мэдүүлэг/хх 30-31-рт/,
“...Байшингийн зүүн талд байсан машины цонхоор дотор нь байсан зүйлийг нь харсан чинь 4 металл хайгч арын суудал дээр байгаа харагдахаар нь машинд байсан П, Н.Н, М.Э нарт машинд 4 металл хайгч нэг буутай байна гэж хэлсэн чинь М.Э машинаас бууж ирэн ямар буу юм гэж асуусан чинь П ах 7000-тай металл хайгч байхгүй байна уу гэж асуухаар нь байхгүй байна гэж хариулан нөгөө хэдээс машинд 1000-тай металл хайгч, бууг авчих уу гэж асуусан чинь нөгөө хэд тэг тэг гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг/хх 80-81-рт/,
-Шүүгдэгч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлсэн: “...Тэгээд тамхи татаад сууж байтал У.Б “энэ хажуу талын машинд 4 ширхэг хайгч бас буу байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би бууж цонхоор нь харахад У.Б баруун хойд талын цонхыг хагалаад хаалгыг нь онгойлгочихсон. Тэгээд Б тэр машин дотор байсан хайгч, буу нарыг машинд оруулсан...” гэсэн мэдүүлэг/хх 33-34 рт/,
2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...Би архи ууж байгаад сэрсэн чинь айлын гадаа ирсэн байсан. У.Б нь бид нарт машинд буу, металл хайгч байна гэж хэлэхээр нь би ямар буу байна вэ? гэж хэлээд буухад, У.Б нь жоотуугаар машины жолооч талын арын хаалганы цонхыг хагалан хаалгыг онгойлгон машины ард талын суудалд байсан 4 ширхэг металл хайгч, бууг авч машины ард талын суудал руу хийсэн. Би тамхи татчихаад хөдлөхийнхөө өмнөхөн тухайн машины жолооч талын цонхыг баруун хөлөөрөө өшиглөж хагалсан...” гэсэн мэдүүлэг/хх 98-99-рт/,
-Шүүгдэгч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлсэн: “... Тэгээд нэг сэрсэн айлын гадна ирчихсэн байсан. Тэгээд юу болов гээд эргэн тойрноо харсан чинь У.Б “машинд хайгч байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь М.Э, У.Б бид гурав ярилцаж байгаад хайгчийг нь авахаар болсон. Тэгээд У.Б, М.Э хоёр машинаас гараад гаднаас 4 ширхэг хайгч, 1 ширхэг урт буу, 2 хайрцагтай багаж машинд оруулаад ирсэн. Тэгээд бид нар шууд тэндээсээ хөдлөөд Сайншанд руу чиглээд явцгаасан...” гэсэн мэдүүлэг/хх 36-37-рт/,
2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн “...У.Б, М.Э хоёрын нэг нь металл хайгч авчихлаа гэж хэлсэн. У.Б, М.Э хоёр машины гадна байсан...” гэсэн мэдүүлэг/хх 88-89-рт/,
-Яллагдагч М.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө машиныг шаварт суусан байхад У.Б, М.Э хоёр Б.Уын гэрээс металь хайгч, буу авсан гэж ярихад нь би урд шөнө юу болсон талаар мэдээд би тухайн үед яах учраа олохгүй байсан...”, “...Би ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтоогүй байсан бол юу гэж хулгай хийлгэх вэ дээ манай хамаатны айл шүү дээ...” гэсэн мэдүүлэг/хх 70-71-рт/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 174-177, 179-181, 182-185, 187-189, 192-195, 197-199-рт/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 158-161, 164-166-рт/ зэрэг болно.
1.Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч У.Б, М.Э, Н.Н нар нь бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг, Тохоон булаг гэх газарт байх хохирогч Б.Уын эзэмшлийн гэрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хоорондоо ярьж тохиролцон улмаар хохирогчийн эзэмшлийн Ланд 80 маркийн 08-20 ДГН улсын дугаартай /тусгайлан хамгаалсан агуулах/авто машины баруун хойд талын цонхыг У.Б, баруун урд талын цонхыг М.Э нар нь цохин хагалж дотор нь хадгалсан байсан алт хайгч багаж 4 ширхэг, Вепрь маркийн буу 1 ширхэг, импакт багаж 1 ширхэг, грандирь багаж 1 ширхэг зэргийг,
-Мөн шүүгдэгч У.Б нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Уын эзэмшлийн хүн амьдрах зориулалт бүхий төмөр вагончикийн цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтэрч гэр дотор байх хувцасны шүүгээн дотор талаас 08 АК 5807 дугаартай бууны сум 8 ширхэг зэргийг нууцаар хууль бусаар хулгайлж бусдад нийт 9,020,000 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Бийн мэдүүлсэн: “...2023 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө надтай ярьсан. Тэгээд Сайхандулаан сум руу явах болоод дэлгүүрээр идэж уух зүйлсээ аваад Сайншандаас 13 цагийн үед гарсан. Сайншандаас гарахдаа автомашиныг би барьж явсан. Тэгээд П ахаар зам заалгаад алт гарсан газар очсон. Очоод гоймон чанаж идээд үргэлжлүүлэн архиа уусан. П ах Паламынд очиж нэг хоёр шил юм ууя гээд бид хэд хөдөлсөн. Тэгээд явж байгаад харанхуй болсон. Сүүлдээ согтоцгоогоод П ах автомашин бариад би хажуу талд нь суусан явж байсан. Тэгээд нэг айлд очоод архи уусан. Би өөрийнхөө хийсэн үйлдлийг санаж байгаа. Автомашины цонхыг хагалаад эд зүйл авснаа санаж байгаа. Энэ хэдээс асууснаа бас санаж байгаа. Тухайн байшингийн цонхыг нь түлхсэн чинь онгойсон. Ороод эд зүйл авч гараагүй гэж бодож байгаа. Би цонхоор нь ороод хаалгаар нь гарч явсан. Тэгээд тэндээсээ хөдөлж яваад шөнийн 01 цаг орчимд шаварт суусан байсан. Өглөө нь бид хэд автомашинаа шавраас гаргасан. Сайншанд руу явж байхад Ланд 80 маркийн машинтай тааралдсан. Тэгээд энэ эзэн нь байна гэхээр нь бид хэд ярилцаж байгаад эд зүйлсийг өгье гэж байгаад шийдвэр гаргаж чадаагүй цааш явж байгаад Сайншанд орох гэж байгаад баригдсан... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Буруу зүйл хийснээ мэдэж байгаа. Хорих ялаас өөр ял оногдуулж өгнө үү гэсэн санал хүсэлттэй байна... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Энэ бол амьдралд хийсэн маш том алдаа байлаа. Бид цалингийн зээлтэй, эхнэрүүд нь ажилгүй, бага насны хүүхэдтэй ар гэр хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялгүй шийдүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг,
-Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч М.Эын мэдүүлсэн: “...2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Н.Нийн төрсөн өдөр болоод гадуур явж байгаад гэрт очиж хоносон.Тэгээд маргааш өглөө нь П ах нэг шил архитай ирсэн. П ах Н.Нтэй архи ууж сууж байгаад алтанд явах талаар ярьсан. Би хамт явж үзье гэж хэлээд хамт явахаар болсон. Сайншандаас бид нар нэг хоёр цагийн үед Сайхандулаан сум руу гарсан. Би замдаа унтаж явж байгаад очих газар нь сэрсэн. Тэгээд тэндээс хөдлөхөөс өмнө П ах ойрхон Палам гэж айлын гадаа ирэхэд сэрсэн. Тэгээд намайг сэрэхэд Буянаа буу, хайгч байна гэж хэлсэн. Тэгээд намайг буухад цонхыг нь хагалж байсан. Тэгээд би хөдлөхөөс өмнө автомашины урд цонхыг нь хагалсан. Тэгээд Сайншанд сум руу явж байгаад шаварт суусан байсан. Тэгээд наашаа явж байгаад ланд 80 маркийн автомашин дохиод байсан. Нэг талаар хашиж зогсохоор нь бид зогсоогүй. Цааш явж байгаад нэг талын хаалгаар тухайн эд зүйлсийг буулгаж орхисон. Тэгээд Дорноговь аймаг руу орох гэж байхад цагдаа зогсоосон... Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хэргээ хүлээн зөвшөөрч байна... Хохирогч Б.Уаас уучлалт гуйж байна. Архидан согтуурсан үедээ буруу зүйл хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр хүүхдийн хамт аавынхаа байранд амьдардаг. Цалингийн зээлтэй, хүүхэд маань дөнгөж 1 нас 03 сартай байгаа. Нийгэмд тустай ажил хийж хорих ялгүй шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Н.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2023 оны 09 дүгээр сарын 25-ы өдөр төрсөн өдрөө тэмдэглээд найзындаа хоносон. Маргааш өглөө нь П ах нэг шил архитай ирсэн. Ууж сууж байгаад хөдөө явъя гээд бөөндөө гарсан. У.Бийг дуудаад найзынхаас нь хайгч хүрз зэргийг авсан. Тэгээд Сайншандаас 14 цагийн үед Сайхандулаан сум руу гарсан. Бид замдаа архи ууж явсан. Нэг сэрэхэд айлд ирсэн байсан. Дахиад унтаад сэрэхэд шаварт суусан байсан. Автомашинаа шавраас гаргаад цааш явж байхад нэг автомашинтай тааралдсан. Тэгээд бууж өгөх гэж байгаад айж сандарсандаа зугтаасан. Нэг зогсоод эд зүйлийг буулгаж цааш явсан. Тэгээд Сайншанд орох гэж байтал цагдаа зогсоосон... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ийм хэрэг хийсэндээ одоо хүртэл итгэж өгөхгүй байна... Хохирогч Б.Уаас уучлалт гуйж байна. Ийм хэрэг хийсэндээ үнэхээр харамсаж байна. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Мандах наран 5 хороололд байранд орсон. Байрны түрээсийн төлбөрийг би ганцаараа төлдөг. Энэ бүхнийг харгалзан үзэж хорих ялгүйгээр нийгэмд тустай ажил хийлгэх ялаар шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Уын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Цахилгаан багаж автомашинд байсан. Гэрт шкаф дотор сум байсан. Өөр ярих зүйл байхгүй. Металл хайгчийг буцааж авсан. Хохирол төлбөр төлж барагдуулсан байгаа... 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шөнийн 02 цагийн орчимд гэртээ ганцаараа мотоциклтой ирсэн. Би унтах гээд ороо засах гэсэн чинь суурин утасны сүлжээг нь салгасан байхаар нь гэрт хүн ирж гэж бодон гэрээс гарч гэрийн зүүн талд байх машинаа гарч харахад, баруун талын хаалганы ард, урд талын цонхыг хагалсан байсан. Машин доторх хэсгийг цонхоор нь гэрэл тусган харахад, машины ард талын суудал дээр металл хайгч 4 ширхэг, мөн жолоочийн хажуу талын суудал дээр байсан "Вепрь" маркийн буу 1 ширхэг, мөн багажид байсан грендир багаж 1 ширхэг, инпакт багаж 1 ширхэг нар нь тус тус хайрцагтай байсан бөгөөд байхгүй болсон байсан. Өөр юм алга болсон байж магадгүй гэж бодон хувцасны шүүгээнд жижиг цүнхэнд хийсэн байсан магазентай сум үзэхэд байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 18-19-рт/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-03-07-рт/,
-Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгагч багажаар шалгасан бүртгэл/хх 08-рт/,
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 10-13-рт/,
-Гэрч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Манай нөхөрт хүү Б.У нь машинаасаа буу, тастагч, хайгч зэрэг эд зүйлсээ алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр Батсүхийн хамтаар хүүгийн гэр рүү явцгаасан. Тэгтэл зам дээр саарал өнгийн приус 30 маркийн машин тааралдсан. Тэгэхээр нь тэр машинаас сураг тодруулах санаатай зогсоох гэсэн чинь зогсоогүй. Тэгээд зогсохгүй болохоор нь араас нь дагаад давхисан. Хоёр ч удаа хажуугаар нь ороод зогсоох гэтэл зогсохгүй давхиад байсан. Тэгээд урд нь гараад нэлээн хол очиж байгаад зогсоод хүлээсэн чинь нөгөө машин чинь зогсонгуутаа машиныхаа хажуу талын хаалгыг онгойлгоод юм буулгаад бид нарын хажуугаар зогсохгүй яваад өгсөн. Тэгэхээр нь араас дагаад явж байтал урдаас фургонтой цагдаа нар ирж харагдаад нөгөө машины урдуур хашаад зогсоочихсон...” гэсэн мэдүүлэг/хх 22-23-рт/,
-Ашид Билгүүн ХХК-ний 2023 оны 09 дүгээр сарын 29-ний №TXY-92377898 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх 52-54-рт/,
-Шүүгдэгч У.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Бид нар орой нар жаргаад харанхуй болохын өмнөхөн Сайхандулаан сумын нутаг дэвсгэр Сайншанд сумаас 70 орчим км-ийн зайд байрлах өмнө нь хүмүүсийн алт олж байсан газар нь очсон. Яг сайн нэршлийг нь мэдэхгүй байна. Тэндээ очоод үлдсэн архиа хуваагаад ууцгаасан. Тэр өдөртөө алт хайгаагүй, архиа л уусан. Тэгээд бид нар хөдлөөд явж байтал замд чирдэг вагончиктой, гаднаа машинтай айл тааралдсан. Тэгэхээр нь бид нар яваад очтол гэрт нь хүн байхгүй байсан. Бид нар вагончикийн цонхыг нь тогшоод хаалгыг нь татаж үзтэл хүнгүй байсан. Тэгээд машиных нь цонхыг шагайж үзтэл 4 ширхэг 1000-тай хайгч, 1 буу байсан. Тэгээд нөгөө хэддээ хэлж байгаад би машинд байсан цахиур шиг жижиг зүйлээр баруун хойд талынх нь цонхыг цохиж хагалсан. Тэгээд машины хаалгыг нь онгойлгоод дотроос нь 4 ширхэг 1000-тай хайгч, 1 АК буу, буу нь өөрөө магазиндаа 8 ширхэг сумтай байхаар нь аваад машиндаа оруулж хийсэн. Машинд авсан зүйлээ оруулчхаад вагончик руу нь очоод цонхыг гараараа түлхсэн чинь онгойчихсон. Цонхыг нь онгойлгоод би өөрөө дотор нь ороод 2 хайрцагтай багаж авсан. Яг дотор нь юу байсныг нь мэдэхгүй байна. Манай нөгөө хэд машиндаа ууцгааж л байсан. Тэгээд авсан эд зүйлсээ машиндаа оруулчхаад тэр хавиар зам хайгаад явж байгаад шавар суугаад тэндээ хоноцгоосон. Тэгээд өглөө цаг хэд болж байсныг нь мэдэхгүй байна. Ямартай ч нар гарчихсан байсан бид нар сэрээд эргэн тойрноо харахад өмнө нь нуур байж байгаад ширгэсэн газар шаварт суучихсан байх шиг байсан. Тэгээд бид нар нэлээн юм болж байж машинаа шавраас гаргаад нөгөө эд зүйлсээ яахаа ярилцаж байгаад юутай ч Сайншанд явъя гээд Сайншанд руу явж байтал араас нэг хар өнгийн Ланд-80 маркийн машин дагаад эхэлсэн. Тэгээд бид нар уулзаад нөгөө буу, хайгчаа өгчихдөг юм билүү гэж ярилцаж байгаад нөгөө машиныг урд гараад зогсохоор нь нөгөө 4 ширхэг 1000-тай хайгч, 1 ширхэг АК буу, 8 ширхэг сумтай магазины хамтаар зогсоод хээр газарт гаргаад тавьчихсан. Тэгээд нөгөө машины хажуугаар гараад Сайншандын зүг рүү явж байтал урдаа фургонтой цагдаа нар гарч ирээд бид нарыг барьсан....Би анх харчхаад нөгөө хэддээ хэлээ авчих уу гэж асуухад тэд нар зөвшөөрөх шиг болсон. Тэгээд энийг авлаа шүү гэж хэлж байгаад тухайн тээврийн хэрэгслийн цонхийг нь хагалсан...” гэсэн мэдүүлэг/хх 30-31-рт/,
“...Байшингийн зүүн талд байсан машины цонхоор дотор нь байсан зүйлийг нь харсан чинь 4 металл хайгч арын суудал дээр байгаа харагдахаар нь машинд байсан П, Н.Н, М.Э нарт машинд 4 металл хайгч нэг буутай байна гэж хэлсэн чинь М.Э машинаас бууж ирэн ямар буу юм гэж асуусан чинь П ах 7000-тай металл хайгч байхгүй байна уу гэж асуухаар нь байхгүй байна гэж хариулан нөгөө хэдээс машинд 1000-тай металл хайгч, бууг авчих уу гэж асуусан чинь нөгөө хэд тэг тэг гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг/хх 80-81-рт/,
-Шүүгдэгч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлсэн: “...Тэгээд тамхи татаад сууж байтал У.Б “энэ хажуу талын машинд 4 ширхэг хайгч бас буу байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би бууж цонхоор нь харахад У.Б баруун хойд талын цонхыг хагалаад хаалгыг нь онгойлгочихсон. Тэгээд Буянаа тэр машин дотор байсан хайгч, буу нарыг машинд оруулсан...” гэсэн мэдүүлэг/хх 33-34 рт/,
2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...Би архи ууж байгаад сэрсэн чинь айлын гадаа ирсэн байсан. У.Б нь бид нарт машинд буу, металл хайгч байна гэж хэлэхээр нь би ямар буу байна вэ ? гэж хэлээд буухад, У.Б нь жоотуугаар машины жолооч талын арын хаалганы цонхыг хагалан хаалгыг онгойлгон машины ард талын суудалд байсан 4 ширхэг металл хайгч, бууг авч машины ард талын суудал руу хийсэн. Би тамхи татчихаад хөдлөхийнхөө өмнөхөн тухайн машины жолооч талын цонхыг баруун хөлөөрөө өшиглөж хагалсан...” гэсэн мэдүүлэг/хх 98-99-рт/,
-Шүүгдэгч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлсэн: “... Тэгээд нэг сэрсэн айлын гадна ирчихсэн байсан. Тэгээд юу болов гээд эргэн тойрноо харсан чинь У.Б “машинд хайгч байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь М.Э, У.Б бид гурав ярилцаж байгаад хайгчийг нь авахаар болсон. Тэгээд У.Б, М.Э хоёр машинаас гараад гаднаас 4 ширхэг хайгч, 1 ширхэг урт буу, 2 хайрцагтай багаж машинд оруулаад ирсэн. Тэгээд бид нар шууд тэндээсээ хөдлөөд Сайншанд руу чиглээд явцгаасан...” гэсэн мэдүүлэг/хх 36-37-рт/,
2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн “...У.Б, М.Э хоёрын нэг нь металл хайгч авчихлаа гэж хэлсэн. У.Б, М.Э хоёр машины гадна байсан...” гэсэн мэдүүлэг/хх 88-89-рт/,
-Яллагдагч М.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө машиныг шаварт суусан байхад У.Б, М.Э хоёр Б.Уын гэрээс металь хайгч, буу авсан гэж ярихад нь би урд шөнө юу болсон талаар мэдээд би тухайн үед яах учраа олохгүй байсан...”, “...Би ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтоогүй байсан бол юу гэж хулгай хийлгэх вэ дээ манай хамаатны айл шүү дээ...” гэсэн мэдүүлэг/хх 70-71-рт/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 174-177, 179-181, 182-185, 187-189, 192-195, 197-199-рт/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 158-161, 164-166-рт/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Монгол Улсын Үндсэн хуулиар “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...”, “...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...”, “...орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална...” гэж хүний тулгуур эрхийг баталгаажуулсан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, түүнд мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.
Өөрөөр хэлбэл “Хулгайлах гэмт” хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшилд авах, мөн өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгох бөгөөд тус гэмт хэргийг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэх сэтгэхүйн харилцаагаар тус тус тодорхойлогддог онцлогтой.
Хүний орон байрны халдашгүй байдалд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар орж эд зүйл хулгайлсан тохиолдолд хууль бус нэвтрэлт гэж үздэг, мөн тээврийн хэрэгсэл хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч тэрхүү тээврийн хэрэгслийг эд зүйлийг бусдын хууль бус халдлагаас сэргийлэн хамгаалж, хадгалах агуулах савны зориулалтаар түр ашиглаж түгжиж орхисон бол “тусгайлан хамгаалсан агуулах” гэж ойлгон хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус хуульчилсан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Б.У нь өөрийн эд зүйлсээ түр хадгалах зориулалтаар өөрийн эзэмшлийн 08-20 ДГН улсын дугаартай Land cruiser 80 маркын автомашиныхаа бүхээгт үлдээн, бусдын хууль бус халдлагаас сэргийлэн автомашиныхаа хаалгыг түгжиж, цонхыг хааж битүүмжлэн орхиж явснаас харахад тэрээр өөрийн автомашиныг тухайн үед эд зүйлээ хадгалах агуулах савны зориулалтаар түр ашигласан байна гэж үзэх бөгөөд шүүгдэгч У.Б нь хохирогч Б.Уын эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор үнэ цэнэ бүхий эд зүйлс хадгалагдаж байгааг цонхоор нь харж мэдээд бусад шүүгдэгч нарт санал болгоход тэд ямар нэгэн байдлаар татгалзаагүй, түүнийг үйлдлийг хориглолгүйгээр дэмжиж, улмаар хулгайлж авахын тулд уг автомашины шилийг шөнийн цагаар, нууцаар хагалах замаар хаалгыг онгойлгон нэвтэрч дотор нь хадгалагдаж байсан “...алт хайгч багаж 4 ширхэг, Вепрь маркийн буу 1 ширхэг, импакт багаж 1 ширхэг, грандирь багаж 1 ширхэг...” зэргийг авч байгаа нь тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрсэн,
-мөн хохирогч Б.У нь төмөр вагончикийг байнга амьдрах зориулалттай зөөврийн сууц болгон засаж тохижуулсан байх бөгөөд түүнийгээ бусдын халдлагаас хамгаалан түгжиж явсан байхад шүүгдэгч У.Б нь хаалгыг нь түгжээтэй гэдгийг мэдсэн атлаа цонхоор нь нэвтрэн орж дотор байх хувцасны шүүгээний дотор талаас 08 АК 5807 дугаартай бууны сум 8 ширхгийг авч байгаа нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан...агуулахад нэвтэрч...” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг тус тус бүрэн хангасан байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...” гэж, 3-д “...Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...”, 3.7 дугаар зүйлийн 1-д “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж, 2-т “...Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна...” гэж гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх агуулгыг тус тус хуульчилсан.
Хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийн тухайд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг буюу бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан байх сэтгэхүй, хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгодог.
Гэмт хэрэгт хамтран оролцох гэдгийг нэг гэмт хэргийг хоорондоо үүргээ хуваарилж, эсхүл хуваарилахгүйгээр хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн хоорондын хүсэл зоригоор үйл ажиллагаагаа явуулж байгаа субьектуудын нэгдлийг ойлгоно.
Хэлбэрийн хувьд санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ зарим оролцогч нь санаатай үйлдэл хийж гэмт хэрэг үйлдэж байхад бусад хамтран оролцогч нь санаатайгаар эс үйлдэхүй хийж гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэн оролцсон байх боломжтой. Гэмт хэрэгт хамтран оролцогч бүр үйлдэх гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн сэдэлт, санаа, сэтгэл зүйн хувьд нэгдсэн зорилготой байх агуулгыг сайтар нягтлан шалгах шаардлагатай бөгөөд хамтран оролцож буй этгээдүүд нь нэг зорилгод хүрэх эрмэлзэлтэй байсан, энэ тухайгаа урьдчилан ярилцаж тохиролцсон, эсхүл тухайн үед үйлдэл, сэтгэл зүйгээрээ нэгдсэн, мөн оролцогч бүр нэг нэгнийхээ нэгдсэн нэг зорилготой гэдгийг мэдсэний үндсэн дээр нийгэмд аюултай, хууль бус үйлдэл гэдгийг мэдсээр атлаа түүнийг хүсч үйлддэгээрээ ганцаараа үйлдсэн үйлдлээс ялгагддаг.
Гэмт хэрэгт “үйлдлээрээ санаатай нэгдэх” ойлголт нь гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд гэмт хэрэг үйлдэх талаар хоорондоо урьдаас ярьж тохиролцоогүй, эсхүл урьдчилан ярьж тохиролцсон боловч хийх үйлдэл, гэмт санаа нь тодорхойгүй, өнгөц байхыг ойлгоно.
Энэ тохиолдолд сэтгэл зүйн субьектив холбоо нь нэг оролцогч бусад оролцогчтой хамтран үйл ажиллагаа, гэмт үйлдэл хийнэ гэдгийг бүдэг бадаг/өнгөцхөн/ мэдэж байгаагаар хязгаарлагдана.
Өөрөөр хэлбэл хэн, ямар үүрэгтэй оролцох, хэзээ, хаана, хэдийд үйлдэх, хэргийн ул мөр, эд зүйлийг хэрхэн, хаана нуух эсэх нь тодорхойгүй байдаг бөгөөд тэдний хоорондох сэтгэл зүйн холбоо нь гэмт хэрэг үйлдэж эхлэх үед болон түүний явц дунд бий болдгоороо онцлогтой.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаярын зүгээс “...Ямар нэгэн санаатай урьдчилан тохиролцсон ийм зүйл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн субьектив тал болон обьектив тал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдахгүй байна. Мөн М.Э, Н.Нийн зүгээс автомашин болон гэрт нэвтэрсэн үйлдэл гаргаагүй байдаг. Тухайн эд зүйлийг автомашинаас зөөсөн үйлдэл байдаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Н.Н, М.Э нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэж буюу “...шүүгдэгч Н.Н, М.Э нар нь гэмт хэрэг үйлдэх талаар тохиролцоогүй, бодит үйлдлээр нэгдээгүй гэсэн агуулгаар тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргаж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон.
Гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр, яллагдагчаар, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргийг тус тус шүүх харьцуулан дүгнэхэд шүүгдэгч У.Б, М.Э, Н.Н нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг, Тохоон булаг гэх газарт байх хохирогч Б.Уын эзэмшлийн гэрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо ярьж тохиролцон улмаар хохирогчийн эзэмшлийн Ланд 80 маркийн 08-20 ДГН улсын дугаартай /тусгайлан хамгаалсан агуулах/авто машины баруун урд болон хойд талын цонхыг хагалж дотор нь хадгалсан байсан алт хайгч багаж 4 ширхэг, Вепрь маркийн буу 1 ширхэг, импакт багаж 1 ширхэг, грандирь багаж 1 ширхэг зэргийг авсан,
-мөн шүүгдэгч У.Б нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Уын эзэмшлийн хүн амьдрах зориулалт бүхий төмөр вагончикийн цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтэрч гэр дотор байх хувцасны шүүгээн дотор талаас 08 АК 5807 дугаартай бууны сум 8 ширхэг зэргийг нууцаар хууль бусаар хулгайлж хохирогчид 9.020.000 бодит хохирол учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдсон.
Хэдийгээр шүүгдэгч нарын тухайд хохирогч Б.Уын орон байр болон автомашинд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг Хулгайлах талаар анхнаасаа урьдчилан ярилцаж тохиролцоогүй, өөр сэдэлт, санаа зорилго/алт олборлох/-оор явсан гэх боловч шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас асуусан асуултын хариултад шүүгдэгч У.Бийн “...Та эхлээд цонхоор харчихаад хамт явж байсан хүмүүстээ тийм эд зүйлс байна гэж хэлсэн...Би хаалга нээгээд асуухад зөвшөөрөх шиг болсон. Тэгэхээр нь хагалж авсан... Би ганцаараа аваад автомашинд зөөж оруулсан үйлдлээ санаж байгаа ...маргааш нь жалганаас буу, эд зүйлсийг М.Э, Н.Н нар авчирсан...” гэх хариулт,
-шүүгдэгч М.Эын “...цонхыг Жоотуугаар хагалсан... Буу, хайгч байна гэхээр нь ямар буу юм бэ гэж хэлээд буусан... Харсан. Тэгэхэд гадаа гараад зогсож байсан ... Тухайн айлаас хөдөлж яваад шаварт суусан газарт сэрсэн. Өглөө нь Н.Н бид хоёр жалганаас авчирсан ...Маргааш өглөө буу, металл хайгчийг...Н.Нтэй хамт ойрхон жалганаас авсан...” гэх хариулт,
-шүүгдэгч Н.Н: “...Айлын гадаа байхад миний хажуу талд суудал дээр тавьсан байсан...” гэх хариулт зэргийг тус тус харьцуулан дүгнэхэд шүүгдэгч нар нь замдаа архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, хохирогчийн гэрийн гадна очиж, улмаар шүүгдэгч У.Б нь бууж 08-20 ДГН улсын дугаартай автомашины цонхоор харж, дотор буй зүйлсийг шүүгдэгч нарт хэлж авах талаарх сэдэлт зорилгоо тухайн үедээ бусдадаа илэрхийлсний дараагаар шүүгдэгч Н.Н, М.Э нарын тухайд гэмт хэрэг үйлдэх үед бодит үйлдлээр оролцоогүй ч гэсэн тухайн үедээ хууль бус, нийгэмд аюултай үйлдэл, гэмт хэрэг гэдгийг ухамсарлан ойлгож, мэдсэн атлаа шүүгдэгч У.Бийг болиулж хориглоогүй, гэмт хэрэг үйлдэхийг таслан зогсоогоогүй, сайн дураар татгалзалгүйгээр тус үйлдлийг сэтгэл зүйн хувьд дэмжсэн байх бөгөөд улмаар хохирогчийн автомашины баруун урд салхины шилийг шүүгдэгч М.Э нь нэмж хагалан, тэр шөнөө гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлсийг жалганд нууж, маргааш нь нуусан газраасаа зөөвөрлөж авчраад буй үйлдлүүд нь тус гэмт хэргийг хууль бус, нийгэмд аюултай үйлдэл гэдгийг ухамсарлан ойлгож мэдсэн атлаа архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээр сэтгэл зүйн хөөрөлд автаж, эс үйлдэхгүйгээр үйлдлээрээ санаатай нэгдсэн байна гэж дүгнэлээ.
Тиймээс шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шинэбаярын гаргасан “...шүүгдэгч Н.Н, М.Э нар нь гэмт хэрэг үйлдэх талаар тохиролцоогүй, бодит үйлдлээр нэгдээгүй гэсэн агуулгаар тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч У.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч М.Э, Н.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна гэж үзэж үнэлсэн бөгөөд уг нотлох баримтуудыг хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаар тооцуулахгүй байх санал талуудаас гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хохирлын тухайд:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ут нийт 9,020,000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд нийт 7,820,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт хайгч багаж 4 ширхэг, инпакт багаж 1 ширхэг, грендирь багаж 1 ширхгийг хохирогчид биет байдлаар буцааж өгсөн, 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий 08 АК 5807 дугаартай Вепрь маркийн галт зэвсэг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ нэгнийгээ хөөргөж, улмаар амар хялбар аргаар эд зүйл, ашиг олох гэсэн санаа зорилго нь нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч У.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч М.Э, Н.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Бт 03 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Э, Н.Н нарт 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 08 АК 5807 дугаартай Вепрь маркийн галт зэвсгийг Зөрчлийн хэргийг шийдвэрлэгдэх хүртэл Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэх зэрэг дүгнэлтийг, шүүгдэгчийн нарын өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялын саналыг тус тус гаргаж мэтгэлцэж оролцов.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгоно гэснийг баримтлан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ойлгуулж ухамсарлуулах болон улсын яллагч, өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч У.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Э, Н.Н нарыг тус бүрийг 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Улсын яллагчийн зүгээс хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 08 АК 5807 дугаартай Вепрь маркийн галт зэвсгийг, 8 ширхэг сумны хамт Зөрчлийн хэргийг шийдвэрлэгдэх хүртэл Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэх саналыг гаргасан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн галт зэвсгийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, эзэн холбогдогч нь тодорхойгүй, ашиглах боломжгүй болсон тохиолдолд устгуулах, улсын орлогод оруулах зорилгоор Цагдаагийн байгууллагад шилжүүлэх бөгөөд тус галт зэвсэг нь албан ёсны бүртгэлтэй, эзэмшигч нь тодорхой, гэрээний эрх зүйн үндсэнд хохирогч Б.Ут эзэмшил шилжсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ангийн зориулалттай 08 АК5897 дугаартай “Вепрь” маркийн галт зэвсэг, 8 ширхэг сумны хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Ут буцаан олгох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч нь нар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлж, учирсан хохирол, хор уршгийг арилгасан байхад тэдний өмгөөлөгчийн зүгээс зарим шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс гэм буруу, хэргийн зүйлчлэл, үйл баримт дээр маргаж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг улам дордуулах үр дагаврыг үүсгэж болзошгүй гэдгийг цаашид анхаарах нь зүйтэй болохыг тэмдэглэж байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б овогт У-ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Б овогт М-ын Э, Б овогт Н-ын Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч У.Бт 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Э, Н.Н нарыг тус бүрийг 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ангийн зориулалттай 08 АК5897 дугаартай “Вепрь” маркийн галт зэвсэг, 8 ширхэг сумны хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Ут буцаан олгосугай.
6. Энэ хэрэгт хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг авснаас хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР