Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/20

 

 

 

 

   

                 

 

 

 

              

      2024         01           18                                       2024/ШЦТ/20

 

                                                          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А.О даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр, 

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Шүүгдэгч А.О нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.От холбогдох эрүүгийн 2319000000210 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: А.О

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.О нь Төмөр замын тусгай мэргэжлийн үнэмлэх буюу ... дугаартай үнэмлэхийг 2009 оны Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 15.2, 16 дугаар зүйл, А/187 дугаартай хавсралт Мэргэжлийн боловсрол, сургалт. Ерөнхий шаардлага” Монгол улсын стандартад заасан шаардлагыг ханган, суралцахгүйгээр авч улмаар хуурамч болохыг мэдсээр байж Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсэгт туслах машинч, машинч зэргээр 2017 оноос хойш ажиллаж хуурамч бичиг баримт ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч А.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2005 онд зүтгүүрийн депо нь туслах машинистын үнэмлэхээ авсан байсан. 2005 онд биеийн эрүүл мэндийн хувьд ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Тэгээд эргээд 2017 онд ажилд орох хүсэлтээ Сайншанд татах хэсэгт 4-н сард хүсэлт өгсөн. Тэгээд би орсон байгаа юм. Энэ үнэмлэхийн хувьд болбол З захиралтай  уулзахад болно гээд өмнө нь ажиллаж байсан мэргэжлийн үнэмлэхтэй юм чинь суралцах шаардлагагүй төлбөрийг нь төлөөд авчихаж болно гэсэн улмаас би авсан байгаа. Тэр үедээ мэдээгүй. 2020 онд болохлоор шалгалт өгч машинчийн мэргэжлийн үнэмлэхийг шинээр гардаж авсан... Суралцах шаардлагагүйгээр шинэчилж байна гэж ойлгосон. Өмнө нь үнэмлэх аваагүй байсан бол суралцаж авах байсан...Хүний нөөц шаардлага тавьсан...Суралцах шаардлагагүйгээр шинэчилж байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А.О гэх ажилтныг танина. Одоо манай ашиглалтын цехэд машинчаар ажиллаж байгаа...Манай байгууллагын зүгээс А.От ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 91-рт/,

-Хэрэг бүртгэлтийн 201900224 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 95-100, 234-243-рт/,

-“Дөлгөөн хайрхан уул аудит ХХК”-ний 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 21/09902 дугаартай “...Тушаалд ороогүйгээр сургалтын төлбөр гэж тушаасан 199 хүний 263,483,5 төгрөг байна. Энэ нь зөвшөөрөгдсөн тооноос илүү хүмүүс төлбөр тушааж, мэргэжлийн үнэмлэх олгосон гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх 19-69-рт 238-243-рт/,

-Яллагдагч А.Оын ажилтны хувийн хэргийн баримт бичиг үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгт хавсаргасан нотлох баримт бичгүүд /хх 169-231-рт/

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хх 71-72, 77-78-рт/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа/хх 232-233, 244-рт/,            -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 83-рт/, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн 2 хуудас баримт зэрэг болно.

 

1.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

 

Шүүгдэгч А.О нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №201703174 дугаартай үнэмлэхийг Төмөр замын мэргэжлийн сургалтын байгууллагад суралцалгүйгээр “Зүтгүүрийн туслах машинч” мэргэжлээр төгсөж, улмаар мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсэгт “Илчит тэрэгний туслах машинчаар” томилогдон ажилласан үйл баримт тогтоогдож байна. Уг үйл баримт нь хэрэгт цугларсан

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А.О гэх ажилтныг танина. Одоо манай ашиглалтын цехэд машинчаар ажиллаж байгаа...Манай байгууллагын зүгээс А.От ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 91-рт/,

-“Дөлгөөн хайрхан уул” ХХК-ны аудитын тайлан/1-р хх 16-69, 238-243-рт/ “нийт 2017-2019 онд үлдэгдэл 67 үнэмлэх болон удирдлагын тайлбарласнаар өмнөх онуудад үлдсэн үнэмлэхийг ашиглан 199 хүнд үнэмлэх олгож, 263,483,5 мянган төгрөгийг квотоос илүү хүмүүс мэргэжлийн үнэмлэх олгож, мөнгийг нь завшсан байж болох зөрчилтэй байна...тус сургууль нь мэргэжлийн үнэмлэх нь өөрт нь байсан/өмнөх онуудаас үлдсэн гэж тайлбарласан/ үнэмлэхийг ашиглан 199 хүнд үнэмлэх олгосон байж болохыг доорхи материал ашиглан нотлов. Үүнд: тухайн сургуулийн харилцан дансанд орсон мөнгийг суралцагчдын регистрийн дугаараар, элсэлтийн болон төгсөлтийн тушаалтай нэр тус бүрээр тулган шалгасны дүнд Тушаалд оролцохгүйгээр сургалтын төлбөр гэж тушаасан 199 хүний 263,483,5 мянган төгрөг байна. Энэ нь зөвшөөрөгдсөн тооноос илүү хүмүүс төлбөр тушааж, мэргэжлийн үнэмлэх олгосон гэж үзэх үндэслэлтэй байна” /1-р хх 19-рт/,

Төмөр замын МСҮТ-ын 2017-2019 оны элсэлтийн бүртгэлд ороогүй боловч төлбөр тушаасан 199 хүний түүврийн 16-д /А.О ...., мэргэжил хоосон, 1.350.000 төгрөг, 950.000 төгрөгийн төлбөрийг тус тус 2017.06.20-нд/ төлөгдсөн гэх дүгнэлт/1-р хх 42-рт/,

-Улаанбаатар төмөр замын Хүний нөөцийн албаны 2022.02.22-ны өдрийн 18/74 дугаартай/Суралцалгүйгээр үнэмлэх авсан иргэдийн ерөнхий мэдээлэл хэсгийн 15-рт А.О, ..., Дорноговь аймгийн МСҮТ-ын 201703174 дугаартай үнэмлэхийг үндэслэн 2017.07.05-нд туслах машинчаар томилсон/ гэх албан бичиг, хавсралт/1-р хх 58-60-рт/ эдгээр нотлох баримтуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хавсралт/1-р хх 95-100, 234-243-рт/,

-А.Оын ажилтны хувийн хэргийн баримт бичиг үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгт хавсаргасан нотлох баримт бичгүүд /1-р хх 169-231-рт/,

Үүнээс Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар “зүтгүүрийн туслах машинч мэргэжлээр 1 жилийн хугацаанд суралцаж төгсөв”гэх /хх 177-рт/, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн даргын 458 дугаартай тушаал”Дорноговь аймгийн Төмөр замын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн” гэх хэсэг/227-рт/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа/хх 232-233, 244-рт/,

-Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... 2005 онд зүтгүүрийн депо нь туслах машинистын үнэмлэхээ авсан байсан. 2005 онд биеийн эрүүл мэндийн хувьд ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Тэгээд эргээд 2017 онд ажилд орох хүсэлтээ Сайншанд татах хэсэгт 4-н сард хүсэлт өгсөн. Тэгээд би орсон байгаа юм. Энэ үнэмлэхийн хувьд болбол З захиралтай уулзахад болно гээд өмнө нь ажиллаж байсан мэргэжлийн үнэмлэхтэй юм чинь суралцах шаардлагагүй төлбөрийг нь төлөөд авчихаж болно гэсэн улмаас би авсан байгаа. Тэр үедээ мэдээгүй. 2020 онд болохлоор шалгалт өгч машинчийн мэргэжлийн үнэмлэхийг шинээр гардаж авсан... Суралцах шаардлагагүйгээр шинэчилж байна гэж ойлгосон. Өмнө нь үнэмлэх аваагүй байсан бол суралцаж авах байсан...Хүний нөөц шаардлага тавьсан...Суралцах шаардлагагүйгээр шинэчилж байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байна дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...”, 3-т “...Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна...” гэж тус тус заасан.

 

2002 оны Боловсролын тухай хууль/Хүчингүй/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “...албан боловсрол" гэж боловсролын албан ёсны байгууллагаар дамжуулж, суралцагчийн ерөнхий болон мэргэжлийн зохих түвшний боловсрол эзэмших хэрэгцээг хангадаг боловсролын зохион байгуулагдсан үйл ажиллагааг...” гэж, 3.1.8-д “багц цаг” гэж дээд болон мэргэжлийн боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгжийг...” гэж, 141 дүгээр зүйлийн 141.1-д “...Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв зэрэг хэв шинжтэй байж болно...” гэж, 15 дугаар зүйлийн 15.2-т “...Техникийн боловсролын сургалтын байгууллагад бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой иргэнийг элсүүлнэ...” гэж, 15.3-т “...Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоо, элсэлтийн үлгэрчилсэн журмыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан байгууллага батална...” гэж , 16 дугаар зүйлийн 16.2-т “...Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн ахиц, өөрчлөлтийг... сургууль төгсөхөд нь шалган үнэлж, энэ хуулийн 16.3-т заасны дагуу сургалтын стандартын хэрэгжилтийг дүгнэнэ...” гэж, 16.4-т “...Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь төгсөгчид дараахь бичиг баримт олгоно...” 16.4.1-д “...мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, хөтөлбөрийг албан болон албан бус сургалтын хэлбэрээр эзэмшиж, үнэлгээнд тэнцсэн иргэнд ... мэргэжлийн үнэмлэх...” олгоно гэж,

 

2009 оны Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль/Хүчингүй/-ийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “...мэргэжлийн боловсрол” гэж тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг...” гэж, 9 дүгээр зүйлийн 9.5-д “...Энэ хуулийн 9.2-т заасан боловсрол эзэмшүүлэх сургалтыг багц цагт үндэслэн зохион байгуулна...” гэж,

 

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 45 дугаар тогтоолоор батлагдсан MNS 6541:2015 “Мэргэжлийн боловсрол, сургалт, Ерөнхий шаардлага”-ын 4.4-т “...Мэргэжлийн боловсрол гэж тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг...” гэж, 5.2-т Сургалтын хугацаа, 5.2.1-д “...Тухайн мэргэжлийн агуулгын онол, дадлагын харьцааг дараах жишгээр зохион байгуулна. Үүнд: “Мэргэжлийн боловсрол олгох сургалтын агуулгыг чадамжид үндэслэж зохион байгуулах ба онол, дадлагын харьцаа нь гучийг харьцах далан хувь байна. /30%:70%/...” гэж тус тус тодорхой зааж хуульчлан, тогтоосон.

 

Шүүгдэгч А.О нь Төмөр замын мэргэжлийн сургалтын байгууллагад ямар ч багц цаг авч, суралцалгүйгээр, шууд төлбөрийг төлж ... дугаартай мэргэжлийн үнэмлэхийг авсан болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...үнэмлэхийн хувьд болбол З захиралтай уулзахад болно гээд өмнө нь ажиллаж байсан мэргэжлийн үнэмлэхтэй юм чинь суралцах шаардлагагүй төлбөрийг нь төлөөд авчихаж болно гэсэн улмаас би авсан байгаа...Суралцах шаардлагагүйгээр шинэчилж байна гэж ойлгосон. Өмнө нь үнэмлэх аваагүй байсан бол суралцаж авах байсан...Хүний нөөц шаардлага тавьсан...Суралцах шаардлагагүйгээр шинэчилж байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс тус “...дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч гэдэг дээр маргаагүй...” гэх тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд тэрээр ажилд орохдоо тус №201703174 дугаартай “зүтгүүрийн туслах машинч” мэргэжлээр 1 жил суралцаж төгсөв, Зэргийн түвшин “3” гэх мэргэжлийн үнэмлэхийг ашиглаж байгаа нь түүнийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж үзэх үндэслэл болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд санаатай гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээс ялгагддаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар үйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэргэжлийн үнэмлэх буюу баримт бичиг хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд “Зүтгүүрийн туслах машинч” мэргэжлээр суралцаж 3 дугаар зэрэг олгосон ... дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсэгт “илчит тэрэгний туслах машинчаар” 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс томилогдон ажиллаж, цалин хөлс авах, шунахайн сэдэлтээр,  суралцалгүйгээр тухайн мэргэжлийг хууль ёсоор эзэмшсэн, эсхүл мэргэжлийн үнэмлэх, диплом аваагүй бусад албан тушаалтнаас илүү цалин хөлс авах зэрэг хууль бус давуу байдлыг өөртөө бий болгосноор, мөн эрх олгосон баримт бичгийг зөвхөн сургалтын төлбөрийг төлж авч буй үйлдэл нь хууль бус болохыг ухамсарлаж, мэдсэн атлаа түүнийг хүсч үйлдэж байгаа зэрэг нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн агуулж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн хувьд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой.

 

“Хуурамч баримт бичиг ашиглах” үйлдлийн хувьд тухайн баримт бичгийг ашиглан тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг баримт бичгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон.

 

Шүүгдэгч А.Оын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар үйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэргэжлийн үнэмлэх хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил боловч Мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж 2017 оны 07 дугаарын 05-ны өдрөөс эхлэн ашиглаж, 2023 оны 07 дугаар сарын 25-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Прокурорын газраас холбогдох үйлдэл холбогдолд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаар таслан зогсоогдсон тул уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй гэж үзнэ.

 

   Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “...Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.

 

   Хэдийгээр Сайншанд татах хэсгийн даргын 2010 оны “Илчит тэрэгний туслах машинчийн ажлын байрны тодорхойлолт”-ын В: 11-д Ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагад “...Төмөр замын дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, илчит тэрэгний туслах машинчийн мэргэжил олгох дамжаа төгссөн...” байх ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан байхыг шаардаж байгаа ч  шүүгдэгч А.О нь 2005 оны №599 дугаартай Зүтгүүрийн албанаас олгосон “Илчит тэрэгний туслах машинч”-ийн үнэмлэхийг өгсөн байхад тус Улаанбаатар төмөр замын Хүний нөөцийн албанаас заавал Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийг суралцаж төгссөн Мэргэжлийн үнэмлэх авсан байх шаардлагыг тавьсан нь уг гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн байх боловч тухайн үед 2005 оны Зүтгүүрийн албанаас олгосон үнэмлэх нь шаардлага хангадаггүй, заавал Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад төмөр замын тээврийн, үйлчилгээний, үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшсэн мэргэжлийн үнэмлэхтэй байхыг шаарддаг байсан байсан болохыг давхар нотолж байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. 

 

   Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... татах хэсэг дээр дагалдангаар ажиллаж байгаад туслах машинчаар татах хэсгийн шалгалтын комисст шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд ажил ороход нь биш, туслах машинч дагалдан ажиллаж байгаад жинхэлсэн тохиолдолд татах хэсгээс 6 туслах машинчаар ажиллах боломжтой боллоо гэдэг үүднээс олгодог, үнэмлэх байгаа. Гэхдээ яг сургалтын байгууллагуудаас олгодог мэргэжлийн үнэмлэхтэй дүйцэхээр биш...” гэх тайлбар болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... үнэмлэхтэй байхыг хүний нөөцийн албанаас шаардсан...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд 2017 онд заавал Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад төмөр замын тээврийн, үйлчилгээний, үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшсэн мэргэжлийн үнэмлэхтэй байхыг шаарддаг байсан байна.

 

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны зүгээс “...дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч гэдэг дээр маргаагүй, харин тус үнэмлэхийг ашигласан гэж үзэх сэдэлт, зорилго байхгүй... учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

 

   Учир нь: Шүүхээс шүүгдэгч А.От холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, логик дэс дараалалтайгаар харьцуулан үзэхэд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар үйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч бичиг баримт ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн, түүнд холбогдох хэргийг ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, тайлбар нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар бүрэн няцаагдаж байх тул шүүгдэгч А.Оыг цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Хохирлын тухайд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нь “...шүүгдэгч А.От гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, байгууллагын зүгээс цалинг нь нэхэмжлэхгүй...” гэсэн тул шүүгдэгч А.Оыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас Улаанбаатар төмөр зам, Сайншанд татах хэсгийн хэвийн үйл ажиллагаа, бусад этгээдийн эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учруулсан гэх нөхцөл байдал энэ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ч өөртөө хууль бус давуу байдал бий болгож, тус хуулийн этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Тиймээс хохирогчийн зүгээс шүүгдэгчид холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргахаас татгалзсан хэдий ч цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхэд хэрэг буцаж ирснээс хойш шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар үйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү гэсэн бөгөөд шүүхээс шүүгдэгч нь 2017 оны 07 дугаар сараас хойш тус гэмт хэргийг удааширсан, үргэлжлэн үйлдсэн байх тул  “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзээгүй, мөн хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүйг “Учруулсан хохирлыг төлсөн” гэж үзэхгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч А.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх дүгнэлтийг, өмгөөлөгчийн зүгээс хамгийн доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэх саналыг тус тус гаргаж оролцсон бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын хувьд 2017 оны 07 дугаар сард анх үйлдэгдсэнээс хойш 6 жилийн хугацаанд үргэлжилсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол, хор уршиг, улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэлээ.  

 

Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн хавтастай №201703174 дугаартай Мэргэжлийн үнэмлэхийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт А.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оыг 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.От оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн хавтастай №201703174 дугаартай Мэргэжлийн үнэмлэхийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ОДБАЯР