Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/26

 

   

 

 

 

 

                                 

     

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

           Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

Хохирогч, шүүгдэгч Б.О,

Хохирогч, шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, Э.Д нарт холбогдох эрүүгийн 2419000000013 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.О

 

Монгол Улсын иргэн, Э.Д

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Д нь 2023 оны 12 дугаар сарын 22-ноос 2023 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай Э.Б-ын гэр дотор хохирогч Б.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь “...баруун шууны шарх, зүүн нүдний салстын цус харвалт, дух, баруун чамархай, зүүн чамархай, зүүн чихний урд хэсэг, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун доод 4, зүүн доод 3 дугаар шүдний ганхаа...” бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

 

            Шүүгдэгч Б.О нь  2023 оны 12 дугаар сарын 22-ноос 2023 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай Э.Б-ын гэр дотор хохирогч Э.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож, улмаар зэвсгийн чанартай зүйлээр буюу хутгаар зүссэний улмаас эрүүл мэндэд нь “...цээжний шарх, цээжний цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Д нь 2023 оны 12 дугаар сарын 22-ноос 2023 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай Э.Б-ын гэр дотор хохирогч Б.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь “...баруун шууны шарх, зүүн нүдний салстын цус харвалт, дух, баруун чамархай, зүүн чамархай, зүүн чихний урд хэсэг, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун доод 4, зүүн доод 3 дугаар шүдний ганхаа...” бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

          -шүүгдэгч Б.О нь  2023 оны 12 дугаар сарын 22-ноос 2023 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай Э.Б-ын гэр дотор хохирогч Э.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож, улмаар зэвсгийн чанартай зүйлээр буюу хутгаар зүссэний улмаас эрүүл мэндэд нь “...цээжний шарх, цээжний цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

 

          Дээрх үйл баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Э.Дгийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед манай гэрийн зүүн талын айл болох Б гэх айлд очсон. Хоол хийж байсан. Гэрт нь Б түүний эхнэр С түүний хүү, Бын малчин нар хоол хийж байсан. Тэгээд хоол хийж идсэний дараа Б 0,5 литрийн Агар нэртэй архи гаргаж ирээд Б түүний малчин О бид 3 хувааж уусан. С огт архи уугаагүй. Дараа нь надад 0,5 литрийн хар Экс архи байснаа гаргаж бид 3 хувааж уусан. Тэгээд бид дөрөв хөзөр тоглож байгаад унтах болоод Б гэрийн зүүн орон дээр унтсан. О хувцсаа тайлаад гэрийн баруун орон дээр ороо засаад хэвтэж байгаад танай Хөвсгөл сум жижигхэн газар байна гэсэн. Түүнээс хойш тасарсан. Би О ахыг толгой нүүр хэсэгт цохиж байсан. О ах намайг зөрүүлээд цээж хэсэгт хөлөөрөө тийрч байсан. Тэгтэл Б ах бид хоёрыг салгасан. Тэгтэл О ах хутга барьсан байсан. Тэгээд намайг хутгалах гэхээр нь бариад авсан. Тэгтэл миний зүүн талын цээж хэсэгт 1 удаа хутгалсан байсан. Тэгэхээр нь би өмдний хармаанд байсан цэнхэр өнгийн эвхдэг хутга байснаа гаргаад барихад Б ах надаас булааж авсан. Тэгээд Хөвсгөл сум руу эмнэлэг явсан. Хоорондоо юу ярьж хэрэлдэж муудалцсанаа санахгүй байна. Хөзөр тоглож дуусаад согтсон...” гэсэн мэдүүлэг /хх 20-рт/,

            -Б.Оын 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...Д бид 3 хувааж уусан. Сэ огт архи уугаагүй. Д тэгтэл 0,5 литрийн хар Экс архи гаргаж ирээд бид 3 хувааж уусан. Тэгээд бид дөрөв хөзөр тоглож байгаад унтах болоод Б гэрийн зүүн орон дээр унтсан. Тэгээд би гэрийн баруун орон дээр ороо засаад хэвтэж байгаад танай Хөвсгөл сум жижигхэн газар байна гэтэл Д уурлаад намайг орон дээр хэвтэж байхад дээрээс үсдэж миний зүүн хөмсгийг гараараа цохиж цус гаргасан. Тэгээд миний дээд талын нэг шүдийг цохиж унаагаад доод талын 2 шүдийг хөдөлгөсөн. Би Дг болиулах гэтэл би дийлэхгүй байсан. Тэгтэл С Быг дуудаж Б Дг салгасан. Тэгтэл Д гутлын түрүүнээсээ цэнхэр өнгийн эвхдэг хутга гаргаж ирээд чамайг ална гэхээр нь би орон дээрээс босоод гэрийн зүүн үүдэнд байсан цэнхэр хоолны төмбүүшиг дээр байсан шар эрээн иштэй хутгыг авсан. Тэгээд бид хоёр гар гартаа хутга бариатай хоорондоо зодолдсон. Тэгтэл Б Д бид хоёрыг салгасан. Тэгтэл миний баруун гарын шууны булчин хэсгээс цус гарч байсан. Тухайн үед би нүцгэн байсан. Д хувцастай байсан. Миний баруун гарын шуу 2 газар хутгаар хатгагдсан байсан. Зүүн дал хэсэг дээгүүр жижиг жижиг зүсэгдсэн байсан. Дгийн зүүн цээж хэсгээс цус гараад байсан. Тэгээд Б бид 2 аваад Хөвсгөл сумын эмнэлэгт хүргэж ирсэн. Тэгтэл Дгийн зүүн цээж хэсэгт болон зүүн далны хэсэгт 2 газарт хутгалагдсан байсан. Би хутгаа баруун гартаа барьсан байсан. Д бас баруун гартаа барьсан байсан. Бид хоёр хутгаа бариатай зодолдож байсан тул би Дг хутгалсан эсэхээ мэдэхгүй Д намайг хутгалсан эсэхийг мэдэхгүй бид хоёр өөрсдийгөө хутгалснаа мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 27-рт/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-08-рт/,

-Гэрч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би хальт зүүрмэглээд сэрэх үед Д, О хоёр хэрэлдээд Оыг баруун талын орон дээр хэвтэж байхад Д нь Оыг нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгтэл О нь Дг хэд хэдэн удаа тийрсэн. Д ухрахдаа манай зуухыг хөдөлгөсөн. Тэгээд би босож ирээд боль гэж хэлсэн. Тэгээд Д, О хоёр хэрэлдэж зогсож байгаад Д Оын толгойг орны хөл хэсэгт хан руу тулгаж байгаад нүүр хэсэгт нь гараараа хэд хэд цохисон. Тэгэхээр нь би Быг дуудаж сэрээж энэ хоёр зодолдоод байна салгаарай гэх хооронд Д Оыг орон дээр нь гараад дээрээс нь хэд хэдэн удаа дэвссэн. Тэгээд Б босож Дг салгахад Оын нүүрэн тус газраас нь цус асгараад ирсэн. О яасан овоо новш вэ гээд ухас хийгээд хоолны төмбүүшиг дээр байсан шар эрээн иштэй хутгыг авч Д руу дайрсан. Тэгтэл Д, Б хоёр арагшаа ухарч байгаад аккумлятор дээр байсан тогны утас тасарсан...”, ...тэгэхээр нь утас олж аваад гэрэл асаасан. Тэгтэл Д хамгийн наад талд нь голд нь Б цаад ширээн дээр О байсан. Тэгэхээр нь би Дг татаж зүүн орон дээр суулгасан. Б О ахын хоёр гарыг гараараа барьсан байсан. Тэгээд О ахын хутгыг булааж аваад шидсэн. Тэгээд намайг гэрэл асаа гээд би чадахгүй байсан тул Б утсыг нь холбоод асаасан. Тэгтэл О ахын баруун гараас их цус гарч байсан. Д яая гэж сууж байгаад эргээд босож ирээд О ах руу дайрах үед нь Б барьж аваад газар ноцолдсон...” гэсэн мэдүүлэг /хх 10-11-рт/,

-Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №02/014 дугаартай “...Э.Дгийн биед цээжний шарх, цээжний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо...З. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 29-рт/,

-Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №02/015 дугаартай “...Б.Оын биед баруун шууны шарх, зүүн нүдний салстын цус харвалт, дух, баруун чамархай, зүүн чамархай, зүүн чихний урд хэсэг, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун доод 4, зүүн доод 3 дугаар шүдний ганхаа гэмтлүүд тогтоогдлоо... 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт/хх 32-рт/,

-Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тэгээд эхнэр намайг сэрээгээд энэ хоёр муудалцаад байна ш дээ гэсэн. Босоод хартал Д Оын дээр гарчихсан цохиж байсан. Би Дг авч салгаж тайвшруулаад байж байтал О босоод гэрийн үүдний шүүгээнээс хутга аваад хүрээд ирэхээр нь Д бид хоёр айсандаа тойрч зугтаасан. Тэгээд О Д хоёр хоорондоо ноцолдоод унацгаасан. Тэгээд ноцолдож байхдаа аккумляторт залгаатай байсан гэрлийн утсыг тасалчихсан байсан. Тухайн тасарсан утсыг би холбож гэрлээ асаахад Оын гараас цус гарчихсан байсан. Мөн Д бас жижиг эвхдэг “хутга дэлгэх гээд байж байхад нь би хурааж авсан. Тэгээд юу болов гээд хартал ..Намайг унтаж Дгийн зүүн хавирганы дээд хэсэгт хутгалчихсан байсан...”, байхад болсон асуудал учраас би яг ямар шалтгааны улмаас О болон Д нар нь муудалцсаныг мэдэхгүй байна. Миний бодлоор О нь Хөвсгөл сумыг жижигхэн гэж хэлээд тэрэнд нь Д уурсаад муудалцсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх 77-рт/,

-Шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би гэм буруутай үйлдэлдээ харамсаж байна, гэм буруугийн талаар маргаангүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг, /хх 37-38-рт/,

-Шүүгдэгч Э.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би гэм буруутай үйлдэлдээ харамсаж байна, гэм буруугийн талаар маргаангүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх 100-рт/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Э.Д, Б.О нарын харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

            Шүүгдэгч Э.Д, Б.О нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд бие биеийнхээ эрүүл мэндийн халдашгүй байх эрх чөлөөнд халдаж, харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

 

            Хэдийгээр шүүгдэгч нарын тухайд харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хохирол учруулахдаа зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл болох хутгыг ашигласан нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч түүнийг ашиглахдаа бусдын амь нас хохироох сэдэлт зорилгыг агуулаагүй, тэдний үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан өөр бусад гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул эрүүл мэндэд учирсан хохирлын шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.  

 

            Иймд шүүгдэгч Э.Д, Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Д, Б.О нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Э.Д, Б.О нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Д, Б.О нар нь харилцан бие биенээсээн нэхэмжлэх зүйлгүй гэх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

  1. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Э.Д, Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

         Шүүгдэгч Э.Д, Б.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Д, Б.О нарт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.Д, Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

          

            Иймд шүүгдэгч Э.Д, Б.О нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Д, Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25 см урт, иш нь шар өнгийн бор эрээн судалтай бариулын ишний хойд хэсгээр төмөр нь гарсан хутга 1 ширхэг, 19 см бариулын гол хэсэгт цэнхэр өнгийн оруулгатай бариулын хойд дээд талд дардаг түгжээтэй эвхэгддэг хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Б-ын О, О овогт Э-ын Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Э.Д нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Э.Д нарт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.О, Э.Д нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.  

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25 см урт, иш нь шар өнгийн бор эрээн судалтай бариулын ишний хойд хэсгээр төмөр нь гарсан хутга 1 ширхэг, 19 см бариулын гол хэсэгт цэнхэр өнгийн оруулгатай бариулын хойд дээд талд дардаг түгжээтэй эвхэгддэг хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР