Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/124

 

                          

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч С.Батгэрэл (томилолтоор), шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 02682 1998 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Н.Б, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав,  эхнэр, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы ** дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ** урьд:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 20 жил, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим хэсэг болох 2 жилийг нэмж нэгтгэн нийт 22 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Б нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт ** зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах “***” ХХК-ний ломбардад 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “***” ХХК-ний эзэмшлийн 2 ширхэг монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар бусдад 580,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч, “Б овгийн Н.Б нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ** зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах “***” ХХК-ний ломбардаас тус компанийн эзэмшлийн 2 ширхэг монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 580,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2.      Нотлох баримтын үнэлгээ

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

-Хохирогч Б.Д-ын: “...би 2-3 минутын дараа зарах гэж ил гаргаж тек дээр тавьсан байсан 2 ширхэг монетон гинж алга болсныг мэдээд ломбардын эзэн У рүү залгаж хэлсэн. Камераа шүүж үзэхэд гар утас зарах гэж орж ирсэн 2 хүн аваад гарч байгаа бичлэг нь байсан. Тухайн 2 гинжний 1 нь 2.2 гр хэмжээтэй 270,000 төгрөгийн үнэтэй, нөгөөх нь 1.9 гр хэмжээтэй 230,000 төгрөгийн үнэтэй...Би байгууллагадаа 500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-32 дахь тал),

-“Тэнцвэр Эстимейт” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1259 дугаартай: “...2.2 гр монетон гинж-310,000 төгрөг, 1.9 гр монетон гинжийг 270.000 төгрөг, нийт 580,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө няцаан үгүйсгэхгүй байх бөгөөд харилцан уялдаа холбоотойгоор хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар “...гар утас ломбардад тавихаар Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ** зочид буудал руу орсон. Тэгээд гар утсаа 40,000 төгрөгөөр барьцаанд тавьчхаад лангуун дээр нь 2 ширхэг гинж байхаар нь хүнийг нь цааш явахаар гинжийг аваад гарсан...” гэж (хавтаст хэргийн 56-67 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэр өдөр ломбардад нэг утас тавьсан. Эргээд хартал 2 гинж байхаар нь авчихсан. Хамт явж байсан хүн миний гинж авахыг мэдээгүй. Гинжээ явуулын хүнд 120,000 төгрөгөөр зарсан...” хэмээн хэргээ хүлээн мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул шүүх түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлсэн болно.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.Б-ы үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйлс болох 2 ширхэг монетон гинжийг нийт 580,000 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгч Н.Б-ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Б-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.     Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Д “Би байгууллагын хохирлыг барагдуулж 500,000 төгрөг төлсөн. Гэм буруутай этгээдээс хохилоо нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Б-аас 500,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Д-д олгуулахаар тогтоолд тусгах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Б нь хохирол төлбөрийг төлөх зорилгоор эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан ба тэрээр энэ хугацаанд хохирлоо төлж барагдуулаагүй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч 500,000 төгрөгийн бусдад төлөх төлбөртэй. Шүүгдэгч урьд шийтгэх тогтоолоор 22 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 9 сарын 20-ны өдөр суллагдсан. Эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 2 хоногийг хянан харгалзаж тэнссэн. Шүүгдэгч тэнсэнгийн хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 2 хоногийг биечлэн эдлүүлэх, энэ хэрэгт оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэх саналтай байна. 2021 оны Өршөөлийн тухай хуульд хамрагдахгүй. Учир нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн бол Өршөөлийн хуульд хамрагдахаар заасан...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж “...тусгайлан хэлэх зүйлгүй...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

 

Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 71-75 дахь тал), хорих ялыг дүйцүүлэн хасах тухай шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 76-77 дахь тал), хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 79-80 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал), эд хөрөнгө бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), 2021 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, эд хөрөнгө, тээврийн хэрэгсэлгүй, урьд ял шийтгэл эдэлж байсан, хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан хувийн байдлыг тогтоов.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлөөгүй нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь түүнийг нийгэмшүүлэх хийгээд цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Б нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 20 жил, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил тус тус хорих ял оногдуулж, оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим хэсэг болох 2 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 22 жилээр тогтоосон байна. Тэрээр уг ялыг биечлэн эдэлж байгаад Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 02 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж мөн хугацаагаар хяналт тогтоолгожээ.

 Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа,...-г өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан байх тул шүүгдэгч Н.Б-ы хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, хяналт тогтоосон 2 жил 5 сар 2 хоногийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, ...тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус зааснаар Н.Б-ы цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 112 цагийн ажлыг хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 168 цагаар тогтоолоо.

2.3.      Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б-ы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д хоёр зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Борчулууны урьд шийтгүүлсэн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, тогтоолгосон хоёр жил таван сар хоёр хоногийн хяналтын хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ы цагдан хоригдсон арван дөрөв хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 112 (нэг зуун арван хоёр) цагийн ажлыг хасаж, биечлэн эдлэх ялын хэмжээг 168 (нэг зуун жаран найм) цагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 168 (нэг зуун жаран найм) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт эдлүүлэхээр тогтоосугай.

6.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Б-д сануулсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Н.Б-аас 500,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Д-д олгосугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б-ы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Н.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг даруй сулласугай.

10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА