| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 102/2023/01443/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/09 |
| Огноо | 2023-12-25 |
| Зүйл хэсэг | 10.4.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/09
2023 12 25 2024/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,
Шүүгдэгч М.Ж, түүний өмгөөлөгч С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон ургийн овогт М.Жид холбогдох эрүүгийн 2306 00000 1207 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Ж нь Баянзүрх **************/6 дугаар байрны 110 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Жаг согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, айлган сүрдүүлсэн, хуваарьт болон дундын эди хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан зэрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэний улмаас М.Жа нь сэтгэл санааны гүн хямралд орж, улмаар 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны шилжих шөнө тус тоотын ариун цэврийн өрөөний хатаагчаас олсоор өөрийнхөө хоолойг боомилон, амиа хорлосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2014 онд хорих ангиас суллагдсан. Суллагдсан өдрөөс хойш ханьтайгаа ханилсан бөгөөд сайн хань байсан бөгөөд бид хоёр дундаасаа хүүтэй болсон. Миний ханийн бие сүүлийн нэг жил өвдөөд надад ч гэсэн байнга ууртай, уцаартай хэцүү байсан. 03 дугаар сарын 06-ны өдөр эгчтэй нь ярьж байгаад 2.360.000 төгрөгийг төлөөд эмнэлэгт хэвтүүлсэн. 03 дугаар сарын 08-ны өдөр хоёр хүүхдээ дагуулж яваад торт, алтан бугуйвч зэргийг бэлэглэсэн. 03 дугаар сарын 16-ны өдөр 10 хоногийн хугацаа болоод эмнэлгээсээ гарч ирсэн. Би төрсөн өдрөөр нь буюу 3 дугаар сарын 22-ны өдөр лексус жийп бэлгэнд авч өгсөн. 03 дугаар сарын 24-ний өдөр *********** дугаараас надад борлуулалтын орлого гэж 15.000.000 төгрөг орж ирсэн. Би баярлаад хэдүүлээ гарч хоол идье гэхэд чи дандаа мөнгө ярих юм гэж уурлахаар нь би гарч хоол, хүнсний зүйл аваад буцаж орж ирсэн. Надад ч гэсэн бага зэргийн хэрүүл гарахад хэцүү байдаг байсан. Толгой руу нь цохисон гэж байгаа ч шүүх шинжилгээгээр ороод гараад ирэх байх. Жижиг өрөөний хаалга цохиод гарч явсан бөгөөд хаалгыг дүү нь цэвэрлэсэн. 03 дугаар сарын 25-ны өглөө хаалганы шил цохиж яваад гарч явсан бөгөөд би үргэлжлүүлж согтууруулах ундаа хэрэглэсэн. 03 дугаар сарын 26-ны өдөр шилийг олж ирээд шиллэсэн. 03 дугаар сарын 27-ны орой сэрэхэд гадаа харанхуй болсон байсан бөгөөд эхнэр ирээгүй юм байна гэж бодоод жижиг өрөөний цонхоор хараад дэлгүүр онгорхой юм байна гэж бодоод дэлгүүр орох гээд гарахад дөрвүүлээ нэг оронд унтаж байсан. Орж ирэхэд хоёр хүүхэд эхнэр маань унтаж байсан. Харанхуйд харсан бөгөөд гэрэл асааж хараагүй. Дэлгүүрээс 0.5 литрийн хараа авч уусан бөгөөд орж ирээд гэрлээ ч асаалгүйгээр унтаад өгсөн. Өглөө нь нойлын хаалга онгойлгоод хүүхдүүд орилоод гараад ирэхэд талийгаач өөрийнхөө хоолойгоо боосон байдалтай байсан бөгөөд эгч нь орж ирсэн байсан. Би нойлын өрөөнд ороод байж байтал эгчийнх нь нөхөр М орж ирээд уяаг салгах боломжгүй байсан тул хутгаар олсыг огтолсон. Дараа нь цагдаа ирээд авсан...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Маш их гомдолтой байна. Залуугаараа байсан дүү минь өнгөрсөн. Энэ хүн зодож, дарамталсаар байгаад алчихлаа...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруу болон хууль хэрэглээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад Шүүгдэгч М.Ж нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******************* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Жаг согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, айлган сүрдүүлсэн, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан зэрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэний улмаас М.Жа нь сэтгэл санааны гүн хямралд орж, улмаар 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны шилжих шөнө тус тооты ариун цэврийн өрөөний хатаагчаас олсоор өөрийнхөө хоолойг боомилон, амиа хорлосон болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 14 дэх тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-28 дахь тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-32 дахь тал/,
Яллагдагч М.Жийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 55-60 дахь тал/,
Амь хохирогч М.Жагийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 61-64 дэх тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нгийн өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхоны 02/06 дугаар байрны 124 тоотод гэртээ сэрчхээд байж байсан. Тэгтэл хаалга тогшихоор нь би хаалгаа нээхэд манай талийгаач дүүгийн охин Ж.Номин-Эрдэнэ зогсож байсан. Би Номин-Эрдэнээс юу болсон талаар асуухад ээж ухаан алдчихсан гэсэн. Тэгэхээр нь би манай доод давхрын 110 тоотод оршин суудаг талийгаач дүүгийн гэрт нь орсон. Н ариун цэврийнхээ өрөө рүү заагаад уйлаад байхаар нь ариун цэврийн өрөө рүү нь би орсон. Намайг ороход талийгаач дүү маань алчуур хатаагч төмрөөс цагаан өнгийн уяагаар хоолойгоо боомилоод хөлөө жийгээд суучихсан. Уяа нь хоолой руу шигдээд орчихсон байсан. Мөн зүүн хамраас нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би уяаг нь тайлах гээд оролцож байхад нөхөр М.М, талийгаачийн нөхөр М.Ж нар ариун цэврийн өрөөнд орж ирсэн. Тэгээд би хэсэг талийгаач дүүгээ тэврээд уйлаад суусан. Тэгээд талийгаач дүүгээ нөхөр болон Ж нартай хамтдаа өргөж уяаг нь тайлаад жижиг өрөө рүү оруулж орон дээр хэвтүүлсэн. Ингээд манай нар ээлжлээд яаралтай түргэн тусламж дуудсан. Ингээд яаралтай түргэн тусламжийн эмч ирж үзээд талийгаач дүүг минь үзээд нас барчихсан байна гэсэн ба цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Манай талийгаач дүү архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан. Харин талийгаач дүүгийн нөхөр М.Ж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Нэг уухаараа багадаа 7-10 хоног тасралтгүй хэрэглэдэг байсан...2021 оноос хойш М.Ж нь архи их уудаг болсон. Архи уухаараа агсан тавиад байдаг. Болохоор нь манай талийгаач дүү хүүхдүүдтэйгээ өөр тийшээ яваад өгдөг байсан. Сүүлд 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр манай талийгаач дүү Жа нь над руу залгаад нөхөр М.Жийг зодож нүдээд хөөгөөд байна гээд ярьсан ба манай төрсөн дүү М.Г-ийн Улиастайд байдаг хашаа байшинд хүүхдүүдтэйгээ хоносон гэсэн. М.Ж эрүүлдээ агсан тавьдаггүй байж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ сүүлийн хоёр жил гэр бүлдээ агсан тавиад байдаг болсон гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 77/-р тал,
Гэрч Д.Тын “Манай хүргэн ах архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хэрэглэхээрээ ямар хэмжээтэй хэрэглэдэг талаар мэдэхгүй байна...Талийгаач Жа эгч М.Ж ахыг архи уугаад гэрээсээ хөөгөөд гэж ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 110 дахь тал/
Гэрч Н.Б-гийн “...2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн орчимд би дүү Ж.Н-тэй Монгол боловсролын их сургуулийн автобусны буудал дээр уулзаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо *********** тоот гэртээ ирэхэд хаалга онгорхой байсан. Тэгээд Жа эгч бид хоёрыг гялс ор, Ж ахыг уучихсан байна гэсэн. Ж ах жижиг өрөөндөө унтаж байсан ба би дүү Ж.Э хамт хоол идчихээд орондоо орсон ба Ж.Х орондоо орчихсон унтах гээд байж байсан. Ингээд унтаж амарцгаасан ба 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 02 цаг 47 минутад хаалга хүчтэй хаагдахаар нь хартал Ж ах гараад явж байсан. Жа эгч хажууд босчихсон сууж байсан ба би юу болсон талаар Жа эгчээс асуухад ах чинь гараад явчихлаа гэсэн. Ингээд би буцаад хэвтэж байхад хаалга дахиад дуугарсан. Тэгтэл Ж ах хаалгаар орж ирсэн ба гартаа архи барьчихсан орж ирээд өрөө рүүгээ орсон. Тэгээд би унтаж амарсан ба өглөө 07 цагийн орчимд би хичээлээ хоцроод босоход Жа эгч орноосоо босчихсон байсан. Би хичээлээсээ хоцорчихсон байсан учир шууд босоод хувцсаа өмсөөд гараад явсан. Хичээл рүүгээ явахдаа эгч Жа эгчийн 88026041 дугаар луу та хаана байгаа юм бэ гээд мессеж бичихэд хариу ирээгүй. Ингээд хичээл дээрээ очоод байж байхад Номин-Эрдэнэ гэрийн утсаар залгаад агаа ээж ариун цэврийн өрөөнд түгжигдсэн байна гэсэн. Би тэгэхээр нь одоо гарлаа гээд сургуулийнхаа үүднээс такси бариад гэртээ ирэхэд дээд давхарт байдаг ах эгч нар манайд ороод ирчихсэн бөөн уйлаан болчихсон байсан. Жа эгч ариун цэврийн өрөөнд алчуур хатаагч төмрийн хажууд царай хөхөрчихсөн, Н эгч тэврээд уйлж байсан. Тэгээд удалгүй Жа эгчийг нас барсныг мэдсэн... М.Ж ах архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ Жа эгчид агсан тавиад зодож, цохидог байсан. Сүүлд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр агсан тавиад жижиг өрөөний хаалганы шил рүү аяга шидээд хагалчихсан. Тэгээд бид нар Баянзүрх дүүргийн 23 дугаар Улиастайд Ууганаа эгчийн хашаа байшинд очиж 2 хоног амьдарсан. Манай дүү Ж.Х Сингапур улс руу спорт өрөлтийн тэмцээнд явах байсан тул 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэртээ харьцгаасан... М.Ж ах согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ Жа эгчийг элдэв муухайгаар хэлж дарамталж, заналхийлдэг байсан. Миний мэдэхээр зун зугаалгаар явж байхдаа эгчийг зодож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 118 дахь тал/
Гэрч Н.Б-ээс дахин авсан “...2022 оны 09 дүгээр сараас амралтын
өдрүүдээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо ********* тоотод Ж ахынд очдог байж байгаад 2022 оны 12 дугаар сараас эхлэн хамт амьдрах болсон. Миний мэдэхээр намайг амьдарч байх хугацаанд М.Ж ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ Жа эгчийг ална гэж заналхийлээд агсан тавиад дарамтлаад байдаг байсан. М.Жа эгчийг ажил дээр нь байхад нь ажлыг нь хийлгэхгүй хэрүүл хийгээд агсан тавиад байдаг байсан. М.Жа эгч Ж ахыг архи уучихсан үед нь гэртээ орохоос айгаад байдаг байсан. Гэртээ орохдоо чимээ гаргахгүйгээр сэм ордог байсан. Ж ах сэрэх юм бол эгчийг зодоод, агсан тавиад заналхийлээд байдаг байсан. Намайг гэрт нь хамт байхад тоог нь хэлж мэдэхгүй байна нилээд олон удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. М.Ж ах архи хэрэглээд согтохоороо л Жа эгчийг дарамталж заналхийлээд байдаг байсан. Ж ах уучихаараа Жа эгчийг гэрээс нь хөөгөөд дарамтлаад байдаг байсан учир Жа эгч айлаар хоноглоод өглөө нь ажилдаа явдаг байсан. М.Ж ах
2022 оны 08 дугаар сард гэр бүлээрээ Өвөрхангай аймаг руу зугаалгаар явахад ирэхдээ
болон очихдоо Жа эгчийг зодож байсан. 2023 оны 03 дугаар сард хэрэг болохоос
хэд хоногийн өмнө Ж ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аягатай
хоолоо шидээд жижиг өрөөнийхөө цонхыг хагалаад эгчийг заналхийлж дарамтлаад хөөж
гаргаж байсан. Эгч машиндаа орж ирээд уйлаад одоо яах ёстой юм болоо гээд надад
хэлээд сэтгэл санаа нь ихээр уначихсан байсан...М.Жа эгч болон бид нар
цагдаагийн байгууллагад дуудлага өгчихвөл суллагдаад гарч ирээд яаж ч магадгүй гээд
Ж ахаас айгаад цагдаа дууддаггүй байсан...Намайг хамт амьдарч байхад
М.Ж ах нэг уухаар 2-3 хоног зогсохгүй архи согтууруулах ундааны зүйл
хэрэглэдэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 118 дахь тал/
Гэрч М.Г-ийн “...2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэж санаж байна.
Манай эгч Жа ******** дугаараас Ж ах чинь ойрд уугааг болдоггүй ээ, эгч нь
мөн ч их тэсэж айна даа дүү минь, эгч нь гэрийнхээ гадаа л байна, хоёр хүүхэдтэйгээ
яахаа мэдэхгүй байна гэсэн мессеж бичсэн байсан. 20 цагийн орчимд Жа эгчийн хүү
Х-ийн ***** гэсэн дугаараас сайн уу аниа би Хашаа байна, аав харин агсан
тавиад болдоггүй гэсэн мессеж ирсэн байхыг хараад өмнөх эгчийн мессежийг уншсан.
Мессежийг нь уншаад эгчийн ******* дугаар луу залгаад хаана байна гэхэд Ж буюу
Ж архи уугаад гэрээсээ хөөгөөд зодоод байхаар нь хүүхдүүдээ аваад гараад
ирлээ гэсэн.Тэгээд хаана байгаа талаар асуухад машин дотроо байна гэсэн. Ингээд би
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улиастайн эцсийн хашаа байшинд очиж хоно
гэж хэлсэн. Ингээд манай эгч хоёр хүүхдээ болон манай хамаатны эгчийн хүүхэд
Бямбаатай очиж хононо гээд явсан. Маргааш нь манай эгч Жа эгч Баянзүрх
дүүргийн 14 дүгээр хороо НаранТ зах дээр ирж надтай уулзсан. Жа эгчийн хүү
Х гадаад руу тэмцээнд явахаар байсан тул гэртээ харимаар байна гээд
байхаар нь би эхлээд Ж буюу Жтой уулзаад үзье гээд Баянзүрх дүүргийн
16 дугаар хороо *********** тоотод би ганцаараа очсон.
Жа эгч гадаа тээврийн хэрэгсэлд байсан. Намайг гэрт нь ороход Ж жижиг
өрөөндөө согтуу виски уугаад тамхи татаад сууж байсан. Жижиг өрөөнийх нь хаалганы
шил хагарчихсан, шаазан аяга гардаг хаалганы дотор хэсэгт шилэн аяга хагарчихсан
байсан. Би Жд архиа боль амьдралаа бол, хүүхэд чинь гадаад явах гээд байна. Та
бид нарын хүрч чадахгүй оргилд хүрэх гээд байна, та эрүүлж гэж хэлсэн. Тэгээд вискийг нь
асгаад хагарсан аяга шилийг нь цэвэрлээд гарсан. Тэгээд гараад эгчийг хоолонд
оруулчхаад 2 цагийн дараа буцаад Ж ахын гэрт ороход Ж ах архи уучихсан сууж
байсан. Тэгээд хамт архи ууж байсан эрэгтэйг нь гэрээс нь гараад явуулсан. Ингээд би
Хашааг авчхаад эрье та эрүүлжүүлээд усанд ороод байж бай гээд гараад явсан. Эгчийн
гар утас руу Ж ахаас өмнө нь дарамталсан мессеж ирсэн байхаар нь би эгчийн гар
утсыг аваад үлдсэн. Эгч Хашааг авна гээд явсан ба тэр өдрөө Улиастайд очиж хоносон.
Тэгээд орой Ж ахаас мессеж ирэхээр нь би Ууганаа байна гэсэн дахиж мессеж
бичээгүй. Тэгээд Б-ийн утас руу эгчийн утсаар залгаж эгчтэй ярихад Ж
Хашаагийн Ж ах руу залгахад гэртээ зурагт үзээд байж байна. Архи уусан уу гэхэд
уугаагүй утас руу мессеж бичээд дарамтлаад байна гэсэн. Ингээд маргааш нь эгчийн гар
утсаар гэсэн мөртлөө хэл нь ээдрээд байсан. Эгч утсаа аваад ир гэсэн болохоор эгчийн
утсыг өгөөд явуулсан. Сүүлд эгч надтай 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн
орчимд гэж санаж байна, надтай ярихад дүүдээ хоол авч өгсөнд баярлалаа, эгч нь дүүгээ
мөн ч их зовоож байна даа, Ж дахиад согтуу байна, Н, Х хоёроо хүний
дайтай болгочихвол гэж ярьж байсан. Ингээд 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 07
цагийн орчимд манай хамаатны хүүхэд залгаад Жа эгч ухаангүй байна, хурдан ир
гэсэн. Ингээд Жа эгчийн гэр лүү явж байхад манай хамаатны хүмүүс дахин залгаад
Жа эгчийг нас барчихсан байна гэсэн. Намайг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо
********** тоотод ирэхэд цагдаа нар ирчихсэн үзлэг хийж
байсан. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ж ах Санаа гэх эмэгтэйтэй би үхэх
гээд байна, эгчийгээ эрүүлээд өгөөч гэж уйлаад ярьсан байсан. Тэгээд манай эгч
өрөвдөөд гэртээ ирсэн байх гэж би бодож байна... М.Ж архи, согтууруулах
ундаа хэрэглэдэг байсан учир гэр бүлийн хоорондоо маш муу байсан. М.Ж
буюу Ж ах архи уухаараа эгчийг зодож цохиод байдаг гэж сонсож байсан. Сүүлд бид
нарын нүдэн дээр зун зугаалгаар явж байхад Ж ах талийгаач эгчийг минь нэлээд
гэмтэл гарахаар зодож байсан. Тухайн үед цагдаад дуудлага өгч байгаагүй. Цагдаа
дуудчихвал буцаад гарч ирээд эгч хүүхдүүдийгээ зовоочих юм болов уу гэж боддог байсан
нь одоогийн ийм байдалд хүрчихлээ...Манай талийгаач эгчийг М.Ж цохиж
зодож, дарамталдаг байсан. Хутга бариад ална гээд дайрч байсан гэж талийгаач эгчээсээ
сонсож байсан...Манай талийгаач эгч М.Жтой гэр бүл болоод 11 жил болж
байна. Эхний нэг жил сайхан амьдарч байгаад үүнээс хойш эгч минь дарамтад амьдардаг
болсон. Тэгээд хүүхдийнхээ сайн сайхны төлөө гээд талийгаач эгч маань тэвчиж
амьдардаг байсан. Энэ талаараа хааяа даа л уулзахаараа хэлдэг байсан ба байнга
Дарамталж байгаа талаараа хэлээд байдаггүй байсан...Талийгаач эгчийн минь гэрт хар
өнгийн бариултай том хутга байдаг гэсэн. Тухайн хутга нь Ж-ийн хутга ба хоол ундаа
хийхдээ, хоол ундаа идэхдээ тэр хутгаа хэрэглэдэг гэж байсан. Мөн эхнэр хүүхдээ
айлгахдаа тэр хутгаараа айлгадаг гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 124 дэх тал/
Шүүх шинжилгээний газрын 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 969 дугаартай
дүгнэлт /хх-ийн 136 дахь тал/ тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт
хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан
үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай
гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн
шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан,
хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн
хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт
дүгнэлт хийхдээ “...Хохирогчид харгис, хэрцгий хандсан, эсхүл нэр төр алдар хүндийг нь
байнга гутаан доромжилсон...” гэсэн ерөнхий 2 агуулгаар авч үзэж болно.
Харгис хэрцгий хандах гэдэг нь гэм буруутай этгээдээс “...хохирогчтой байнга
өрөвдөх хайрлах сэтгэлгүйгээр хандахыг...” ойлгох бөгөөд энэ нь өөрийн хэр хэмжээний
хувьд өргөн ойлголт, үнэлэмжийг өөртөө багтаана.
Өөрөөр хэлбэл хохирогчид сэтгэл зүйн болон биеийн хүнд дарамт учруулсан байхыг
ойлгох бөгөөд үүн дотроо зодох, тарчлаах, доромжлох, хоол, хүнс, ус, унд болон
амьжиргаа, эмнэлгийн тусламжаас нь салгах, хүнд хөдөлмөрөөр дарамтлах, орон
байрнаас нь хөөх, мөрдөн мөшгөх зэрэг шууд чиглэсэн гэм буруутай санаатай үйлдлүүд
хамаарна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь аливаа гэмт хэргийн бүх шинжийг агуулсан
гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын
хооронд оршдог нэгэн төрлийн зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт
хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор
уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үзэх бөгөөд гэмт
үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл
явцаар гаднын ямар нэгэн нөлөөгүйгээр тухайн хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд
шууд хүргэсэн байх учиртай.
Гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн
улмаас түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт
хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн
үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харвал шүүгдэгч
М.Ж нь хохирогч М.Жа байнга дарамталж, гэр бүлийн хүчирхийлэл
үйлддэг байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орон гэрээсээ хөөж, айлган
сүрдүүлдэг байсан гэх үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч
нарын мэдүүлэг болон хохирогч шүүгдэгч нарын гар утасны мессеженд хийсэн үзлэг
зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай дээрх үйлдэл
болон хохирогч М.Жагийн хоолойгоо боож амиа хорлосон үйлдэл хоёр нь хоорондоо
шалтгаант холбоотой байна.
Тухайн гэмт хэрэг гарахад бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэх
нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Жийн гэм буруутай үйлдэл нь гэр бүлийн гишүүн болох амт
хохирогч М.Жаг дарамталж, архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн
идэвхтэй үйлдлээр илэрч байгаагийн зэрэгцээ ярилцах замаар ойлголцох ямар ч бодолгүй
байгаагийн илэрхийлэл юм.
Бусдыг амиа хорлоход хүргэх гэдэгт заавал хэн нэгний гэм буруутай хууль бус
үйлдэл, эс үйлдэхүйн улмаас сэтгэл санааны хямралд орсон хохирогч этгээдийн аргагүй
эрхэнд хийсэн өөрийн амь, нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц бүхий л үйлдлүүд
хамаарна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм
буруугийн асуудал дээр маргахдаа “Шүүгдэгч М.Ж нь хохирогчийг амиа хорлох
нөхцөл байдалд хүргээгүй. Харин ч амь хохирогч М.Жа нь хүүхдүүддээ “...аав чинь
сайн хүн шүү...” гэж хэлж байсан. Шүүгдэгчийг сайн хүн гэж ярьж байсан. Шүүгдэгчийн гэм
буруутай үйлдлээс болж амиа хорлоогүй” гэж маргадаг.
Шүүгдэгч М.Ж нь “...Би эхнэрээ амиа хорлох нөхцөл байдалд хүргээгүй. Би
зөвхөн архи уухдаа өрөөндөө ороод уудаг байсан. Айлгаж, дарамталж, гэр бүлийн
хүчирхийлэл үйлдэж байгаагүй...” гэж маргадаг.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн “....Харин талийгаач дүүгийн нөхөр
М.Ж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Нэг уухаараа багадаа
7-10 хоног тасралтгүй хэрэглэдэг байсан...2021 оноос хойш М.Ж нь архи их
уудаг болсон. Архи уухаараа агсан тавиад байдаг. Болохоор нь манай талийгаач дүү
хүүхдүүдтэйгээ өөр тийшээ яваад өгдөг байсан. Сүүлд 2023 оны 03 дугаар сарын 25-ны
өдөр манай талийгаач дүү Жа нь над руу залгаад нөхөр М.Жийг зодож
нүдээд хөөгөөд байна гээд ярьсан ба манай төрсөн дүү М.Гансүрэнгийн Улиастайд байдаг
хашаа байшинд хүүхдүүдтэйгээ хоносон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-р тал/,
Гэрч Д.Тын өгсөн “...Талийгаач Жа эгч М.Ж ахыг архи уугаад
гэрээсээ хөөгөөд гэж ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 110 дахь тал/,
Гэрч М.Г-ийн өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэж санаж
байна. Манай эгч Жа 88026041 дугаараас Ж ах чинь ойрд уугааг болдоггүй ээ,
эгч нь мөн ч их тэсэж айна даа дүү минь, эгч нь гэрийнхээ гадаа л байна, хоёр
хүүхэдтэйгээ яахаа мэдэхгүй байна гэсэн мессеж бичсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн
124-р тал/,
Гэрч Н.Б-ээс дахин авсан “...Миний мэдэхээр намайг амьдарч байх
хугацаанд М.Ж ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ Жа
эгчийг ална гэж заналхийлээд агсан тавиад дарамтлаад байдаг байсан. М.Жа эгчийг
ажил дээр нь байхад нь ажлыг нь хийлгэхгүй хэрүүл хийгээд агсан тавиад байдаг байсан.
М.Жа эгч Ж ахыг архи уучихсан үед нь гэртээ орохоос айгаад байдаг
байсан. Гэртээ орохдоо чимээ гаргахгүйгээр сэм ордог байсан. Ж ах сэрэх юм
бол эгчийг зодоод, агсан тавиад заналхийлээд байдаг байсан. Намайг гэрт нь хамт байхад
тоог нь хэлж мэдэхгүй байна нилээд олон удаа архи согтууруулах ундааны зүйл
хэрэглэдэг байсан. М.Ж ах архи хэрэглээд согтохоороо л Жа эгчийг
дарамталж заналхийлээд байдаг байсан. Ж ах уучихаараа Жа эгчийг
гэрээс нь хөөгөөд дарамтлаад байдаг байсан учир Жа эгч айлаар хоноглоод өглөө
нь ажилдаа явдаг байсан. М.Ж ах 2022 оны 08 дугаар сард гэр бүлээрээ
Өвөрхангай аймаг руу зугаалгаар явахад ирэхдээ болон очихдоо Жа эгчийг зодож
байсан. 2023 оны 03 дугаар сард хэрэг болохоос хэд хоногийн өмнө Ж ах
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аягатай хоолоо шидээд жижиг өрөөнийхөө
цонхыг хагалаад эгчийг заналхийлж дарамтлаад хөөж гаргаж байсан. Эгч машиндаа орж
ирээд уйлаад одоо яах ёстой юм болоо гээд надад хэлээд сэтгэл санаа нь ихээр
уначихсан байсан...М.Жа эгч болон бид нар цагдаагийн байгууллагад дуудлага
өгчихвөл суллагдаад гарч ирээд яаж ч магадгүй гээд Ж ахаас айгаад цагдаа
дууддаггүй байсан...Намайг хамт амьдарч байхад М.Ж ах нэг уухаар 2-3 хоног
зогсохгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 118
дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч М.Жийг Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд
хүргэсэн...” гэмт хэргийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн
хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран
амьдрагч М.Жаг байнга дарамталж, айлган сүрдүүлсэний улмаас амиа хорлох
нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар
“...Шүүгдэгч М.Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн
1 дэх хэсэгт зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний энэ
хэргийн учир цагдан хоригдсон 115 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт
зааснаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх...” саналыг гаргасан бол
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбат эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа
“...Прокурорын санал болох 6 жилийн хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү...”
гэх саналыг гаргасан бол
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг эрүүгийн хариуцлагын талаар саналдаа
“...Прокурорын саналыг дэмжиж байна...” гэх санал хүсэлтүүдийг тус тус гаргасан
болно.
Шүүхээс шүүгдэгч М.Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4
дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн
үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн
хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй
бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч М.Жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн
үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн
шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх
улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ял
оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр
шийдвэрлэлээ.
Гурав. Бусад
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалд 14,487,500 төгрөгийг
нэхэмжилсэн байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
М.Жоос оршуулгын зардал болох 14,487,500 төгрөгийг гаргуулах нь зүйтэй
байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт
учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй
үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн олсыг шийтгэх
тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэдсэн
хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал
нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3 дахь хэсэгт “эцэг, эх нь
хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа буюу хорих газарт ял эдэлж
байгаа зэрэг аргагүй шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран
халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхэд”-ийг харгалзан дэмжвэл
зохих хүн гэж тодорхойлжээ.
Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр
зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч,
харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл
ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг
дарга хэрэгжүүлнэ” гэж тус тус заажээ.
Иймд Жийн Х-ийн асран хамгаалагч, харгалзан
дэмжигчийг тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгаж,
асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тогтоох хүртэл хохирогчийн хууль ёсны
төлөөлөгч М.Нгийн асрамжинд байлгахаар шийдвэрэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2,
36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Мордийновын Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдал хүргэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч М.Жийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жид оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жийн цагдан хоригдсон 115 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жоос 14,487,500 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нд олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цагаан өнгийн олсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, энэ гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох М.Жоос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч М.Жид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Жийн Хаш-Эрдэнийн /РД:******/ асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тогтоох хүртэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нн асрамжид байлгасугай.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Жид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН