Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 79

 


     

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0104/Э/ 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  Н.Дуламсүрэн,
Хохирогч Э.Түвшинжаргал,
Шүүгдэгч Ц.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 1201 дүгээр зүйлийн 1201.1-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Цогбадрахын Энхболдод холбогдох 201709000100 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан сум, 7 дугаар баг, Майхан 4-46 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн Боржигон овогт Цогбадрахын Энхболд /ВЮ91091312/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Энхболд нь 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хамтран амьдрагч Э.Түвшинжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж бусдын бие мах бодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Энхболдын хэрэг бүртгэлтэд өгсөн “...Би 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр гэртээ ортол эхнэр Түвшинжаргал хэрүүл хийгээд “хаагуур янхандаж байгаад ирэв муу ядуу гуйлгачин, чи угаасаа хоосон ядуу” гээд байсан. Би хэсэг чимээгүй байж байгаад гал түлэх гэж байтал Түвшинжаргал миний уруул руу алгадсан, тэгэхээр нь би гарынхаа шуугаар цааш нь түлхээд нөгөө гараараа алгадсан чинь хамарнаас нь цус гарсан. Цагдаа дуудахаар нь би гараад явсан. Эхнэр өөрөө намайг орох үед хэрүүл хийгээд байсан. Ер нь бол намайг байнга “ядуу гуйлгачин” гээд байдаг юм. Бид 5 жил амьдрахдаа энэ гэрт юутай ирсэн гэх мэтчилэнгээр хэлдэг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/, 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хүний машин унаад өдөрт 30.000 төгрөг төлж явдаг байсан юм. Гэтэл машинаа авна гээд манай эхнэр лүү уурласан юм билээ. Хэрэг болсон өдөр ахынхаа машинд юм хийчхээд гаднаас ууртай орж ирээд байж байхад Түвшинжаргал машин өгсөн хүний чинь эхнэр машинаа авна гэж уурлаад байна гээд над руу уурлаад байхаар нь зуухны хажууд зогсож байхад нь түлхээд алгадчихсан юм. Түвшинжаргалын хамраас нь цус гараад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Түвшинжаргалын хэрэг бүртгэлтэд өгсөн “...Би 2017 оны 2 дугаар сарын 3-ны орой 22 цагийн орчим гэртээ хоёр хүүхдийн хамт байхад гаднаас нөхөр Улаанаа гэдэг ахын хамт орж ирсэн. Тэгээд над руу лалруудын зарц болж байгаад ирлээ гэж хэлээд уурлаад байсан. Би нөхрөөсөө чи хаана явж байгаад ирсэн талаар асуухад чамд ямар хамаатай юм гээд байсан. Манай нөхөр 2016 оны 10 дугаар сарын 2,900,000 төгрөг хүнээс зээлж гэрээ хийгээд машин авсан гээд нэг өдөр машин унаад гэртээ ороод ирсэн. Намайг уурлаж байгаад толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Миний толгой өвдөж байна. Мөн намайг өнөөдрөөс 14 хоногийн өмнө бас зодоод байхаар нь би Цагдаагийн газарт мэдэгдээгүй юм. Мөн 2015 оны хавар 8 сард бие давхар байх үед зодож толгой өвтгөж байсан. Миний толгой руу гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохьсон. Хамар руу нэг удаа цохиход цус гарахаар нь би утсаар цагдаа дуудсан чинь “пизда минь чи цагдаагаар хамгаалуулдаг юм байна” гэж хэлээд миний үснээс зулгаагаад миний толгой руу цохьсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4, 13 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би ээжийндээ байж байгаад ирэхэд Энхболд хүний машин авчихсан гэж байсан. Сүүлдээ нөгөө хүн нь өдрийн 30.000 төгрөгөөр түрээсээр барьж байгаа гэж байсан. Би “хүний машин унаж байхаар ажил олж хий” гэхэд чамд хамаагүй гэж хэрүүл болж байсан. Дараа нь Энхболд уг машиныг аваад хөдөө явчихсан утас нь холбогдохгүй байхаар нь машин өгсөн хүнийх нь эхнэр над руу залгаж “машин авч ирж өг” гээд уурлаад байсан. Хөдөөнөөс ирэхэд нь энэ талаар хэлэхэд “өгөх гэж л байна” гээд уурлаад байсан. 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр Энхболдыг ирэхгүй болохоор нь утсаар ярихад “хотод машиныг нь зарах гээд байж байна” гэж байсан. Энхболдод машин өгсөн хүнийх нь эхнэр рүү яриад Энхболдтой яриулаад өг гэхэд дуртай юм бол өөрөө очоод ярь гээд байсан. Энхболдыг хотоос ирэхэд нь энэ талаар хэлэхэд уурлаад толгой руу цохисон, алгадсан. Дараа нь 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр мөн энэ машины асуудлаас болоод хэрүүл болж миний хоолойг боож, алгадсан. Үүний улмаас миний нүүр хөхөрсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Буянжаргалын хэрэг бүртгэлтэд өгсөн “...Одоогоос 2,3 жилийн өмнө Түвшинжаргал надад нөхөртөө зодуулсан гээд хөх няц болсон ирсэн. Би тэр үед нь загнаад явуулсан. Ямар ч байсан жирэмсэн байхдаа надад хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Т.Мянганбаярын хэрэг бүртгэлтэд өгсөн: “... Аав ээжийг хоёр хацар, духан дээр нь цохиод хамар руу нь алгадсан. Ээжийн хамарнаас цус гараад ээж зөндөө их уйлсан. Аав ээжийн нүүрийг зөндөө их алгадсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 189 дугаартай “...Э.Түвшинжаргалын биед тархи доргилт, нүүрний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Энхболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 1201 дүгээр зүйлийн 1201.1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлжээ.
Яллагдагчаар татах тогтоолд Э.Түвшинжаргалыг хэзээ, хэрхэн, яаж зодож байсан талаар тодорхой дурдалгүй гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэсэн нь үндэслэлгүй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд 2015 он, 2017 оны 1-р сард, 2017 оны 2-р сарын 3-ны өдөр зодсон гэж мэтгэлцэж байх боловч яллагдагчаар татах тогтоолд энэ талаар тодорхой дурдаагүй, шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах учир  2017 оны 2-р сарын 3-ны өдөр Э.Түвшинжаргалыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар давхар зүйлчлэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 1201 дүгээр зүйлийн 1201.1-д заасан гэмт хэргүүд нь тус тусын бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамаарах тул нийлмэл гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2015, 2017 оны 1-р сар, 2017 оны 2-р сард зодсон нь байнга зодсон гэх үндэслэл болохгүй ба үйлдлүүдийн хооронд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тохиолдолд 2015 оны үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Ц.Энхболд нь 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хамтран амьдрагч Э.Түвшинжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж толгойн тус газар нь цохиж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэг авагдсан хохирогч Э.Түвшинжаргал, насанд хүрээгүй гэрч Т.Мянганбаярын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 189 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Энхболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Түвшинжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж байх тул шүүгдэгч Ц.Энхболдоос гаргуулах төлбөргүй байна. 

Хохирогч Э.Түвшинжаргал гомдол саналгүй гэж байх боловч хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Энхболдод ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дүгээр зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан ялаас торгох ялыг хэрэглэхгүйгээр баривчлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч Ц.Энхболд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар ялтан Ц.Энхболдыг 1 сарын хугацаагаар баривчлах ял эдлүүлэх хугацаанд зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь: 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар Ц.Энхболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн үйлдэл холбогдол, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Шүүгдэгч Боржигон овогт Цогбадрахын Энхболдыг бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Цогбадрахын Энхболдыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Ц.Энхболдод оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Энхболд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар ялтан Ц.Энхболдыг 1 сарын хугацаагаар баривчлах ял эдлүүлэх хугацаанд зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Энхболдод авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

      8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Энхболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД