Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0361

 

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0361

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Х.А***,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г***,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн П.Б*** нарын хоорондын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б***, гэрч А.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Х.А*** нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дугаартай захирамжийн Х.А***-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
  2. Нэхэмжлэгч Х.А*** анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” А/505 дугаар захирамжаар тус дүүргийн 21 дүгээр хороо, Цагаан бургастын аманд нэгж талбарын 186*** дугаар бүхий 50,000 м.кв талбай бүхий газрыг Ахмадын сувиллын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон.

                 Улмаар 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандан газрын хэмжээг 25.000 м.кв-аар нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшил, ашиглалтын талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/133 дугаар захирамжаар талбайн хэмжээг 25,000 м.кв хэмжээгээр нэмэгдүүлэн 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн дүүргийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/234 дүгээр “Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар тухайн газрын эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, газар эзэмших гэрээ байгуулан, 000697458 дугаар бүхий гэрчилгээ олгосон.

                 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Х.А***-ыг тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй хэмээн үзэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр Х.А***-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, маргаан бүхий актыг гаргажээ.

                 3.  Нэхэмжлэгч Х.А*** нь дээрх маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч  Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан боловч 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07/6030 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариуг авсан.

  1. оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“...Миний бие тухайн газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэж, өөрийн хөрөнгөөр бусадтай хамтран шат дараалалтай хөрөнгө оруулалт хийн эрчим хүчний шугам сүлжээ татах, хашаа барих зэргээр хөрөнгө оруулалт хийсэн.

Гэвч дэлхий нийтээр 2019 оны сүүлээр дэгдсэн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө арилахгүй байсантай холбоотой хөрөнгө оруулалт оруулах хугацаа удааширч төслийг нэр мөр дуусгаж чадаагүй байсан.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дугаартай захирамжаар газар эзэмших гэрээний нөхцлийг удаа дараа зөрчсөн, тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр надад урьдчилан мэдэгдэлгүйгээр миний газар эзэмших эрхийг цуцалсан байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дугаартай захирамжийн Х.А***-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Х.А*** нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргатай 2017 оны 5 дугаар сарын 17-ний А/234 дугаартай захирамжаар 75000 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж, тухайн газар дээр зориулалтын дагуу цахилгааны шон татаад бэлдчихсэн байсан. Гэтэл Х.А***-д мэдэгдэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байсан. Газрын төлбөрөө төлөх гэж очоод газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан талаар мэдсэн. Цуцалсан үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалсан байдаг. Энэ үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэл гаргасан” гэв.

  1. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Иргэн Х.А*** нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Өргөдөл, гомдлын бүртгэл, хяналтын карт”-ны 5820 дугаар анх “Газар эзэмших тухай” хүсэлт гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/505 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар Ахмадын сувиллын зориулалтаар тус дүүргийн 21 дүгээр хороо, Цагаан бургастын аманд 186*** нэгж талбарын дугаар бүхий 50,000 м.кв талбай газрын 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 000606620 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулсан байна.

                 Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшил, ашиглалтын талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/133 дугаар захирамжаар талбайн хэмжээг 25,000 м.кв хэмжээгээр нэмэгдүүлэн 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд мөн тус дүүргийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/234 дүгээр “Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар тухайн газрын эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, гэрээ байгуулан, 000697458 дугаар бүхий гэрчилгээ олгожээ.

                 Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр Х.А*** нь 2015 онд газар эзэмших эрхтэй болсноос хойш тухайн газраа хашаа бариагүй 7 жил ашиглаагүй, газар эзэмших эрхийн нөхцлийг удаа дараа зөрчсөн тул 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дүгээр захирамжаар хүчингүй болгосон.

                 Дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17/59 албан бичгийг “Монгол шуудан”-ийн RD151337069 дугаар шууданд хийсэн боловч “Хаягаар очиход ийм хүн байдаггүй, холбогдох утас руу залгахад ийм хүмүүс мэдэхгүй” гэх тайлбартай буцаж ирсэн.

                 Улмаар 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №165 (3770) дугаар Өглөөний сонинд “Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасны дагуу зөрчилтэй иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор сонсох ажиллагаа явуулж байна” гэж зарлуулсан боловч тайлбар хүсэлт ирээгүй.

                 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ “...хөрөнгө оруулалт хийсэн, хашаа барьж, шугам сүлжээ татсан” гэх боловч эрчим хүчний шугам сүлжээ татаагүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа хашааны шон зоосон байсан.

                 Х.А*** анх 2015 онд тус газрыг авахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.5, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтын дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр “Жуулчлалын бааз байгуулах төсөл”-ийг Сонгинохайрхан дүүрэгт 2016-2018 оны хооронд хэрэгжүүлж, жилд дунджаар 200-300 жуулчинд үйлчилгээ үзүүлэн, 200-300 сая төгрөгийн борлуулалт хийж, дүүргийн татварын хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран ажиллаж, 8 ажлын байр шинээр бий болгох, орлого үр дүнгийн төлөвлөгөөг ирүүлсэн боловч дээрх Ковид-19 цар тахалтай холбон тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

                 2016 оны А/133 дугаар захирамжаар Ахмадын сувилалын зориулалтаар 25,000 м.кв газрыг нэмэгдүүлсэн дуудлага худалдааны анхны үнэ болох 132,000,000 төгрөгийг төлөөгүй болно.

                 Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх, нэхэмжлэгч Х.А***-ын тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны А/621 дүгээр захирамжийг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

                 1. Газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэж, өөрийн хөрөнгөөр бусадтай хамтран эрчим хүчний шугам сүлжээ татах, хашаа барих зэргээр хөрөнгө оруулалт хийсэн,

                 2. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2021 оны А/621 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан мэдэгдэх ажиллагаагүй хийлгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

                 Нэхэмжлэгч Х.А*** анх 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан “Жуулчлалын бааз байгуулах төсөл”-ийг Сонгинохайрхан дүүрэгт 2016-2018 оны хооронд хэрэгжүүлж, жилд дунджаар 200-300 жуулчинд үйлчилгээ үзүүлэн, 200-300 сая төгрөгийн борлуулалт хийж, дүүргийн татварын хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран ажиллаж, 8 ажлын байр шинээр бий болгох, орлого үр дүнгийн төлөвлөгөө” бүхий “Газар эзэмших тухай” хүсэлт гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” А/505 дугаар захирамжаар Х.А***-д Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Цагаан бургастын аманд 186*** нэгж талбарын дугаар бүхий 50,000 м.кв талбай бүхий газрыг “Ахмадын сувилал”-ын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгож, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулан, 000606620 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

                 Улмаар нэхэмжлэгчээс 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандан газрын хэмжээг 25.000 м.кв-аар нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшил, ашиглалтын талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/133 дугаар захирамжаар талбайн хэмжээг 25,000 м.кв хэмжээгээр нэмэгдүүлэн 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн дүүргийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/234 дүгээр “Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар тухайн газрын эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, газар эзэмших гэрээ байгуулан, 000697458 дугаар бүхий гэрчилгээ олгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Х.А***-ын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн болон 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн огноо бүхий хүсэлт, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/505 дугаар, 2016 оны А/133 дугаар, 2017 оны А/234 дүгээр захирамжууд болон 2016, 2017 оны газар эзэмшүүлэх тухай гэрээ, 000606620 дугаар болон 000697458 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ болон холбогдох бусад баримтаар,

                 Нэхэмжлэгчээс “...газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэн өөрийн хөрөнгөөр бусадтай хамтран эрчим хүчний шугам сүлжээ татах, хашаа барих зэрэг ажлыг хийсэн” хэмээн тайлбарлаж байх боловч шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр бодит байдал дээр маргаан бүхий газар нь атраараа буюу ямар нэг байдлаар хөндөгдсөн зүйлгүй, газар дээр үйл ажиллагаа явуулж байсан болох явуулахаар бэлтгэж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд 2 тал бүхий төмөр торон явган хашаа болон шон зоосон байдалтай байсан болох нь маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр,

                 Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгон тайлбарлаж буй газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэн эрчим хүчний шугам сүлжээ татсан, худаг гаргасан болон чингэлэг байршуулсан гэх асуудал нь маргаан бүхий газрын хөрш залгаа газрууд болох нэхэмжлэгч Х.А***-ын нөхөр А.Ч болон түүний төрсөн дүү гэрч А.Э-ийн эзэмшиж буй газарт байрлаж байгаа, тухайн татсан гэх эрчим хүчний шугам сүлжээний 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн огноо бүхий 1482/2018 дугаар бүхий Техникийн нөхцөл нь нэхэмжлэгч Х.А***-ын нэр дээр бус харин гэрч А.Э-ийн нэр дээр олгогдсон болох нь хэргийн  оролцогчдын тайлбар, гэрч А.Э-ийн мэдүүлэг, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2018 оны 1482/2018 дугаар Техникийн нөхцөл болон холбогдох бусад баримтаар,

                 Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны акт болох 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дүгээр захирамжийг гаргахтай холбогдуулан дүүргийн Газар зохион байгуулалтын албаар дамжуулан 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17/59 дугаар сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчээс дүүргийн Засаг дарга, Газрын албанд хандан гаргаж байсан хүсэлтдээ болон шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан иргэний үнэмлэхний хуулбар дээр бичигдсэн хаяг болох “Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 42 байр 125 тоот” хаягаар “Монгол шуудан”-ийн RD151337069 дугаар шууданд хийсэн боловч “Хаягаар очиход ийм хүн байдаггүй, холбогдох утас руу залгахад ийм хүмүүс мэдэхгүй” гэх тайлбартай буцаж ирсэн. Үүнтэй холбогдуулан хариуцагчаас 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Өглөөний сонины №165 (3770) дугаарт “Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасны дагуу зөрчилтэй иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор сонсох ажиллагаа явуулж байна” гэх зарыг нийтэлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 17/59 дугаар албан бичиг, “Монгол шуудан”-ийн RD151337069 дугаар дардас бүхий дугтуй, Өглөөний сонины 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №165 (3770) дугаар болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

              4. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” хэмээн,

              Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргана...” хэмээн тус тус хуульчилсан.

              Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухай газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” хэмээн тайлбарласан.

                   5. Үүнтэй холбогдуулан шүүх, хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дүгээр захирамжийн нэхэмжлэгч Х.А***-д холбогдох хэсгийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан нөхцөл байдлыг буюу нэхэмжлэгчээс анх 2015 оноос эзэмшиж эхэлсэн газар дээрээ газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй гэх нөхцөл байдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу шалган тогтоож шийдвэрлэсэн байна хэмээн үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Х.А***-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дүгээр захирамжийн Х.А***-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.М