| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2024/0120/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/125 |
| Огноо | 2024-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/125
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч С.Энхням, шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 2182 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Х.Н, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Төв аймгийн Угтаал цайдам сум **дугаар баг, *** гэх газарт байнга оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны ** тоотод ам бүл ганцаараа оршин суудаг, регистрийн дугаар: **, урьд:
- Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Х.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, дүүргийн автобусны буудал дээр “мөнгөтэй байж архи, тамхи авч өгсөнгүй” гэж уурлан хохирогч Ч.Т-тэй маргалдаж, улмаар түүний баруун гуя хэсэгт хутгаар хатгасны улмаас гуянд хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Х.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн үед согтуурсан байхдаа Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, дүүргийн автобусны буудал дээр “мөнгөтэй байж архи, тамхи авч өгсөнгүй” гэсэн шалтгаанаар хохирогч Ч.Т-тэй маргалдаж, түүний баруун гуя руу хутгалж, биед нь “гуянд хатгагдсан шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад гаргасан: “Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ч.Т бусдад зодуулсан” гэх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5 дахь тал)
-хохирогч Ч.Т-ийн: ”...2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед найз Н-тай холбогдож гэрт нь очсон. Намайг гэрт очиход Н, Д хоёр хамт байсан ба бид гурав нэг шил архи уугаад хоол хийж идчихээд дахин нэг шил архи хувааж уусан. Тэгээд Н бид хоёр дүүргийн караоке орохоор явсан ба Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр ирээд тамхинаас болж маргалдсан. Тэгтэл Н миний гуя хэсэг рүү нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 10 дахь тал)
-гэрч С.Д-ийн:”...би Т, Н нарын хамт архи хувааж уусан. Оройн 21 цаг өнгөрч байхад Т, Н нар дүүргийн автобусны буудалд байдаг караоке орно, хүнтэй уулзана гэж хэлээд гэрээс гараад явсан ба би гэрт унтаад үлдсэн. 00 цаг өнгөрч байхад Т цагдаа дагуулан гэрт ирээд “Н намайг гуянд хутгалсан” гэж хэлээд гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал)
- Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Шүүх-анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14408 дугаартай:”...Ч.Т-ийн биед гуянд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Түүнчлэн, шүүгдэгч Х.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... автобусны буудал дээр Т-тэй архи, тамхи авч өгсөнгүй гээд маргалдаж, түүний баруун гуя хэсэгт хутгаар хатгасан нь үнэн, би өөрийн буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна”...” гэж (хавтаст хэргийн 83 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...би Төмөрчөдөртэй танилцаад удаж байгаа. Тэр өдөр манайд очоод архи хувааж уугаад цуг гарсан. Дүүргийн буудал дээр очоод Т тамхи байхгүй байна гээд хог түүгээд байхаар нь боль гэсэн чинь намайг харанхуй булан руу оруулж байгаад цохиж ална гээд байхаар нь би айгаад хутгаар хатгасан....” гэж мэдүүлэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
|
|
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Н нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Шүүх-анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14408 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Н-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ч.Т-ийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Х.Н-ын хохирогчийн гуя руу хутгалсан үйлдэл болон хохирогч Ч.Т-ийн биед учирсан гуянд хатгагдсан шарх бүхий гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.Н-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Т нь сэтгэцийн хор уршгийг тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй, харин эмчилгээний зардлыг нэхэмжилнэ (хавтаст хэргийн 10 дахь тал) гэж мэдүүлсэн боловч эмчилгээний зардлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх тул түүний эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Х.Н-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...шүүгдэгч Х.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хохирогч эмчилгээний зардлаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Шүүгдэгч Х.Н: “...тусгайлан хэлэх саналгүй...” гэв.
Шүүгдэгч Х.Н-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 54-58 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн оршин суух тодорхой хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, эд хөрөнгө, тээврийн хэрэгсэлгүй, гэрлэлт бүртгэлтэй, ял шийтгэл эдэлж байсан хувийн байдлыг үнэлэв.
Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу шүүгдэгчийн биедээ хутга авч явсан улмаар хохирогчийг хутгалсан нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
Хэрэв шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Н-д тогтоолоор санууллаа.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Н нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн Х.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-д гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-д оногдуулсан гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Н-д сануулсугай.
5.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Н нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.Т нь эрүүл мэндийн хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг заасугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА