Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/121

 

 

 

 

 

 

 

 

2024       01          30                                    2024/ШЦТ/121

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

иргэний хариуцагч Э.Б,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Боржигон овогт Б.М-д холбогдох эрүүгийн 2303006250003 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 24 настай, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт *************** ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, ************ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.М /регистрийн дугаар: *******/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар:

            Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ буюу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овоогийн Петровис шатахуун түгээх станцын урд замд, “Toyoto Alphard” маркийн ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын  хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох М.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М-ийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2303006250003 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хэрэг учрал болсон буюу Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны тойрог Петровис шатахуун түгээх станцын урд талын замд зам тээврийн осол болж, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21-р хуудас/,

********** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж, жолооч Д.М нь 1,43 хувийн согтолтой байсныг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 23-р хуудас/,

Хохирогч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 31, 36-37-р хуудас/,

Хохирогч М.Н Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн баримт /хх-ийн 35-р хуудас/,

Э.Бын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/,

Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч У.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10983 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-77-р хуудас/,

Хохирогч М.Н-ийн өвчний түүхийн хуулбар баримтууд /хх-ийн 113-122-р хуудас/,

Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Техникийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06/98 дугаартай дүгнэлт /хх-ийн 98-99-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын даргын Б.М-ийг ажилд томилж цагдаагийн цол олгох тухай тушаалын хуулбарууд, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, жолоочийн лавлагаа мэдээлэл, спортын шагналаар шагнагдсан баримтууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108, 140, 142, 143, 150-156, 161, 164, 184-190-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2303006250003 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Ганцэцэг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “... Б.М нь согтуурсан үедээ буюу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овоогийн Петровис шатахуун түгээх станцын урд замд, “Toyoto Alphard” маркийн ************улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын  хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох М.Н мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас хохирогч М.Нд учирсан сэтгэл санааны хохирлыг 4 дүгээр зэрэглэлд заасан хэмжээ болох 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 30 дахин буюу 16,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

 

Иргэний хариуцагч Э.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... шүүхээс иргэний хариуцагчаар татаж, шүүх хуралдаанд оролцуулж байгааг ойлгож байна. Хохирогчид учирсан гэм хорын асуудлыг хариуцах, арилгах талаар гаргах санал байхгүй... хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.М өмгөөлөгч Г.Ганбадрах шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “... шүүгдэгч Б.М нь гэм буруугийн талаар маргахгүй тул шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байрь суурьтай оролцож байгаа...” гэв.

 

Шүүгдэгч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ буюу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овоогийн Петровис шатахуун түгээх станцын урд замд, “Toyoto Alphard” маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын  хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч М.Н мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хэрэг учрал болсон буюу Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны тойрог Петровис шатахуун түгээх станцын урд талын замд зам тээврийн осол болж, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт,

*********** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж, жолооч Д.М нь 1,43 хувийн согтолтой байсныг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зураг,

Хохирогч М.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би Цайз захын хажууд найз болох Ууганбаяр, Түвшинбат нарын хамт 0.75 литрийн хийморь гэх нэртэй архи 3 шилийг хувааж уусан. Тэгээд би Налайх дүүрэгт байрлах гэр лүүгээ явж байгаад Чулуун овооны явган хүний гарц дээр тээврийн хэрэгсэлд мөргүүлсөн... надад тухайн ослын дараах эмчилгээний 500,000 төгрөг, мөн эмнэлэгт хэвтэхдээ урсгал зардалдаа ашиглаарай гээд 300,000 төгрөг өгсөн. Энэ нь бол тухайн зардалдаа яг таарсан. Нэмж нэхэмжлэх эмчилгээний зардал байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн тухайд журамтай танилцсан. Хүлээн зөвшөөрч байгаа. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

Э.Бын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2023 оны 08 дугаар сарын 25-ны өглөө би Налайх орж эмээгийндээ очно гэтэл М надаас чамайг хүргэж өгөөд машиныг чинь аваад гадуур жоохон ажил амжуулмаар байна гэхээр нь би тэг тэг гэсэн. Тэгээд өдөр 15 цагийн үед Мөнгөнзаяа, М бид гурав Налайх очоод, буцаад гарах гэж байснаа хүүхдүүдээ санаад, сэтгэл санаа тавгүй болчихлоо хоёулаа ганц юм уучихая гэхээр нь заза гээд машин дотор сууж байгаад 0,5 литрийн архи уусан. Тэгээд дуусаад би одоо хамт явахгүй биздээ гэтэл явахгүй эндээ Налайхад хононо энэ хавьд буудалд эсвэл гол ороод машиндаа хоночихно. Тэгээд өглөө эрт хот ороод Өмнөговь буцна гэж ярьж тохирсон. Тэгээд миний Тоёота алфард ********* улсын дугаартай машиныг М өөрөө бариад явсан. Тэгээд унтаж байтал 20 цаг болж байсан байх над руу М залгаад би хүн мөргөчихлөө гэсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Быг Налайх хүргэж өгөөд машиныг нь М бид хоёр аваад хотод ажил амжуулах гэж байсан юм... тэгээд хүргэж өгөөд хашааныхан үүдэнд зогсоод Бын Тоёота алфард маркийн ********* дугаартай автомашин дотор дэлгүүрээс 0,5 литрийн архи аваад тэр хоёр хувааж уусан... тэгээд 17 цаг өнгөрсөн байх Б гэрлүүгээ ороод М бид хоёр Бын Тоёота алфард маркийн ********* улсын дугаартай автомашиныг аваад М жолоо бариад би урд жолоочийн хажуу талын суудалд суугаад явж байсан. Тэгээд Баянзүрхийн товчоо өнгөрөөд авто оношилгоо өнгөрөөд петровис шатахуун түгээх станцын харалдаа гурван эгнээ замын хоёрдугаар эгнээгээр явж байтал урд нэг машин удаан яваад байсан чинь М баруун талын нэгдүгээр эгнээ рүү ороод гүйцэж түрүүлэх гэтэл хурд сааруулагч таараад тэр дээгүүр жоохон хурдтай гартал цаанаас гэнэт явган хүн гарч ирээд машины жолоочийн урд хэсгээр мөргөсөн. Тэгээд зогсоод М бид хоёр буугаад хартал тэр эмэгтэй зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10983 дугаартай “...М.Н биед баруун зулайн ясанд шугаман хугарал, тархины баруун талын зулай, чамархайн  хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн суурь, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, бүсэлхийд зулгаралт, цээжинд цус хуралт” бүхий амь насанд аюултай гэмтлийн хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,

Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Техникийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06/98 дугаартай “... Тоyota Alphard маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “а”-р заалт буюу “Жолооч... энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах... үүргийг хүлээнэ.”, 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг... хориглоно”, 16.1-р заалт буюу “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна...” гэх дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр /болгоомжгүйгээр/ халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3 “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэж тодорхойлж, жолоочийн лавлагаа мэдээлэлээр Б.М нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр №1273202 дугаартай үнэмлэхээр жолоодох эрхтэй болсон байх ба тэрээр ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь түүнийг жолооч гэж үзнэ.

 

Жолооч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих; мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” үүрэгтэй.

 

Жолооч Б.М нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэж, 1,43 хувийн согтолтой, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан хориглосон заалтыг зөрчин ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцжээ.

 

Ийнхүү оролцохдоо явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирж, нэвтрэхдээ хурдаа хасах арга хэмжээ авч, явган хүний замаар гарч явсан явган зорчигч М.Нд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-р заалтад заасан зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас явган зорчигч М.Н мөргөж, зам тээврийн осол гарган М.Н биед “баруун зулайн ясанд шугаман хугарал, тархины баруун талын зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн суурь, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, бүсэлхийд зулгаралт, цээжинд цус хуралт” бүхий амь насанд аюултай гэмтлийн хүнд зэргийн гэмтэл учруулсан байна.

 

Шүүгдэгч Б.М ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч М.Н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзлээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.М холбогдсон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох цаг хугацаа нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ба мөн цаг хугацаанд үйлчилж байсан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “согтуурсан, мансуурсан үедээ, 2.3 “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж...” гэсэн гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хуульчилсан.

 

Энэ зүйл, хэсэгт заасныг хууль тогтоогчоос, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар буюу “... 27.10 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг өөрчлөн найруулж, мөн зүйлийн 2.1 согтуурсан, мансуурсан үедээ, 2.3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж  нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж эрүүгийн хариуцлагын хүндрүүлэн хуульчилж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн.

 

Эдгээр хуулийн зохицуулалтаас эрүүгийн хариуцлага хөнгөн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.М гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны зарчимд нийцэх төдийгүй эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, прокуророос шүүгдэгч Б.М үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.М 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрэм, журам дагаж мөрдөөгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн, анхаарал болгоомжгүй оролцсоноос гэмт хэрэг гарсан байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч М.Н нь “...нэхэмжлэх эмчилгээний зардал байхгүй... сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” /хх-ийн 36-р хуудас/ гэж мэдүүлж, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж хохирол баримтаар нэхэмжлээгүй ба сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэл гаргажээ.

 

2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан.

 

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.6 “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг /Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл/-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж, холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж аргачлалыг баталж, дагаж мөрдсөн.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын хавсралт 1 “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1 “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр... тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.” гэж,

Мөн журмын 2.2 “Энэ журмын... 2.1.5-д заасан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ.” гэж тус тус заасан.

 

Эдгээр эрх зүйн зохицуулалтаас үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад заасан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн дагуу өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, нөхөн төлбөрийн хэмжээг тооцуулж гаргуулах эрхтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Н нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт буюу хүснэгтийн 4 дүгээр зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.

 

Хохирогч М.Нд гэмт хэргийн улмаас шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндэд нь “баруун зулайн ясанд шугаман хугарал, тархины баруун талын зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн суурь, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, бүсэлхийд зулгаралт, цээжинд цус хуралт” бүхий хүнд гэмтэл учирсан нь тогтоогдсон.

 

Хохирогч М.Нд гэмтлээс үүдэлтэй үлдэц, өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар, танин мэдэхүй, нийгмийн харилцаанд оролцох байдал, нас болон гэм хор учруулагчийн гэм буруу, түүний гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын Дөрөв нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн Дөрөвдүгээр зэрэглэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон хохирогчид олгов.

Тодруулах нь, Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.

 

            Хохирогч М.Нд сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 11,000,000 төгрөгөөр тооцлоо.

 

Э.Бын гэрчээр өгсөн “... М надаас... машиныг чинь аваад гадуур жоохон ажил амжуулмаар байна гэхээр нь би тэг тэг гэсэн... тэгээд машин дотор сууж байгаад 0,5 литрийн савлагаатай архи уугаад дууссан... Тэгээд миний Тоёота алфард ********** улсын дугаартай машиныг М өөрөө бариад явсан...” гэх, гэрч Б.Мөнгөнзаяагийн “... Быг Налайх хүргэж өгөөд машиныг нь М бид хоёр аваад хотод ажил амжуулах гэж байсан... тэгээд хүргэж өгөөд хашааныхан үүдэнд... автомашин дотор 0,5 литрийн архи тэр хоёр хувааж уусан... Б гэрлүүгээ ороод М бид хоёр Бын Тоёота алфард маркийн 89-80 УНБ улсын дугаартай автомашиныг аваад М жолоо бариад явсан...” гэх, иргэний нэхэмжлэгч У.Б-ийн “... ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэткапитал финанс корпораци ХХК-ийн нэр дээр байдаг. 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэн Б нь манайд тус автомашиныг худалдан авах зорилгоор зээлийн хүсэлт гаргаж, манайх хүсэлтийг хүлээн авч 30 хувийг урьдчилгаагаа манайд байршуулж 30,500,000 төгрөг манайхаас авсан одоогоор 8 удаа төлөлт хийсэн, ямар нэг гэрээ зөрчигдсөн зүйлгүй байна...” гэх тус тус мэдүүлгээр *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Э.Б байх бөгөөд тэрээр 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б.Мтэй хамт согтууруулах ундаа хэрэглэж, улмаар согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслээ шилжүүлсэн өгсөн байна.

 

Энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн “а”-д заасан согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох дүрмийг үл хэрэгжүүлж, бусдад тээврийн хэрэгслээ шилжүүлж өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 “...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэж, мөн зүйлийн 499.4 “...Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заасан.

 

  Иймээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхээр тогтоосон төлбөр 11,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.М, иргэний хариуцагч Э.Б нараас тус тус 5,500,000 төгрөг гаргуулан хохирогч М.Нд олгуулахаар шийдвэрлэлээ.

Харин хохирогч М.Н нь гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн болон цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Б.Мэс холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Ц.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан мөн зүйл, хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хохирол төлүүлэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналыг гаргаж байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.М өмгөөлөгч Г.Ганбадрах шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “... шүүгдэгч Б.Мд прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж...мөн шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг харгалзан хөнгөн ял, шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид тодорхой хувь хэмжээгээр эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлж байсан, хохирол төлөхөө илэрхийлж буй байдал, ам бүл 4, эцэг, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, 24 настай зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирохын зэрэгцээ хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд нийцнэ гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Мд нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “... гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэсэн, эрх хязгаарласан албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.М нь Эрүүл мэндийн даатгалын санд 1,590,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Батжаргалын М 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Шүүгдэгч Б.Мд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “... гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

           

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэс 5,500,000 төгрөг, иргэний хариуцагч Э.Баас 5,500,000 төгрөг тус тус гаргуулан хохирогч М.Нд олгосугай.

 

7. Хохирогч М.Н нь гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн болон цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч Б.Мэс холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М нь Эрүүл мэндийн даатгалын санд 1,590,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.ОТГОНБААТАР