| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2020/01527/И |
| Дугаар | 183/ШШ2020/01917 |
| Огноо | 2020-07-08 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2020/01917
2020 07 07 183/ШШ2020/01917
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, дугаар байр, 00 тоот хаягт оршин суух, Б овогт А. Д /РД:БЭ00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 0 дугаар хороо, 0дугаар байр, 00 тоот хаягт оршин суух, Н овогт Р. Н /РД:УШ00000000/-д холбогдох,
Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Т.У нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Сарангуа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би Р.Н 2006 онд гэрлэлтээ батлуулан өнөөдрийг хүртэл ам бүл тавуулаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 8 дугаар байрны 16 тоот хаягт хамт амьдарч байна. Бидний дундаас 2003 онд охин Д.А, 2005 онд охин Д.А, 2014 онд хүү Д. К нар төрсөн. Бид Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороөлол, 8-р байрны 16 тоот 4-н өрөө орон сууцыг худалдан аваад зөвхөн эхнэр Р.Н орон сууцны өмчлөгчөөр 2015.11.13-ны өдөр бүртгүүлсэн байсан. Би өөрийн хүүхдүүдийн хамт орон сууцныхаа хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг ажлынхаа зав зайгаараа бүрдүүлж байтал эхнэр Р.Н нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг миний зөишөөрөлгүй 2016.03.07-ны өдөр ББСБ-д барьцаалж Барьцааны гэрээ байгуулж Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул гэр бүлийн бусад гишүүдийн эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороолол, 8 дугаар байрны 16 тоот дөрвөн өрөө орон сууц нь манай гэр бүлийн бүх гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн тул А.Д, Д.А, Д.А, Д. К нар нь гэр бүлийн гишүүд тул уг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, гэр бүлийн дөрвөн гишүүний нэрийг нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэв. бол
Хариуцагч Р.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2003 онд охин Д.А, 2005 онд охин Д.А, 2014 онд хүү Д. К нар төрсөн. Бид анх 2 өрөө байранд амьдарч байсан. 2 өрөө байраа зараад Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороолол, 8-р байрны 16 тоот дөрвөн өрөө байрыг зээлээр худалдан авч зээлээ дуусангуут би ганцаараа уг байрны өмчлөгчөөр 2015.11.13-ны өдөр бүртгүүлсэн. Манай нөхрийн найз Б нь 2013 онд барилга барьсан, улсын комисст хүлээлгэн өгөх гэсэн чинь хэдэн төгрөг хэрэгтэй байна. 2 сарын хугацаатай байраа барьцаалаач гэж гуйсан. Б 1 цаасан дээр надаар гарын үсэг зуруулж манай өмчлөх эрхийн гэрчилгээг 2 сарын дараа өгнө гээд авсан. Тэр үед надад ямар ч гэрээ, баримт өгөөгүй, гэтэл надаар 8 сарын хугацаатай, 40 саяын зээлийн гэрээний Барьцааны гэрээн дээр гарын үсэг зуруулсан, гэрээг сунгуулсан, зээлээ огт төлөөгүй байсан. Бид тав энэ дөрвөн өрөө байрыг хамт худалдан авсан, манай гэр бүлийнхэний дундын өмч мөн тул Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороолол, 8-р байрны 16 тоот дөрвөн өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр нөхөр А.Д, хүүхдүүд болох Д.А, Д.А, Д.Кнарыг тогтоолгох, уг орон сууцны хамтран өмчлөгчөөр тэдний нзрийг миний нэр дээр нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.
Шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К ББСБ ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа:... Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 хороолол 8 байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 16 тоот, 4 өрөө орон сууцыг барьцаалан иргэн Д.Э, Д.Б нарт зээл олгосон. Тус орон сууцны хамтран өмчлөгч нэмж бүртгүүлэхэд барьцааны гэрээг цуцлах шаардлага үүснэ.Нэхэмжлэл гаргасан А.Д нь зээлдэгч Д.Б нар оюутан ангийн найзууд юм гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Р.Н шүүх хуралдааны товыг түүний 99705095 дугаарын утсаар шүүх хүргэсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, түүний өмгөөлөгч Г.У хариуцагч Р.Н шүүх хуралдааны товыг мэдсэн, түүний эзгүйд хурлыг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна. Мөн шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөгч Б.Б шүүх хуралдааны тов мэдэгдсэн, тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна./хх-72/
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр хариуцагч Р.Н, шаардлага гаргаагүй гцравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б нарын эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч А.Д хариуцагч Р.Н 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр бүртгүүлж, гэр бүлээр, ам бүл тавуул амьдрах хугацаанд 2015 онд Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 хороолол 8 байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 16 тоот, 4 өрөө орон сууцыг худалдаж авсан байна./хх 4-7,46/
Хариуцагч Р.Н дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байна./хх-46/
Нэхэмжлэгчийн маргаж байгаа Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 хороолол 8 байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 16 тоот, 4 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн хариуцагч Р.Н өмчлөгчөөр бүртгэгдсэн хөрөнгө байх боловч нэхэмжлэгч болон хариуцагч нар гэр бүлээр амьдарч байх хугацаанд бий болсон, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох талаар зохигч маргахгүй байна.
Иймд Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 хороолол 8 байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 16 тоот, 4 өрөө орон сууцны гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч А.Д, охин Д.А, охин Д.А, хүү Д. К нарыг тогтоож, гэр бүлийн дөрвөн гишүүний нэрийг нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 хороолол 8 байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 16 тоот, 4 өрөө орон сууцны гэр бүлийн гишүүдийн хамтран өмлөгчөөр А.Д /РД:БЭ0000000/, Д.А /РД:БЮ00000000/, Д.А /РД:БЮ00000000/, Д. К /РД:УЗ0000000/ нарыг тогтоож, А.Д, Д.А, Д.А, Д.К нарыг өмчлөгчөөр нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Н улсын тэмдэгтийн хураамжид 428,150 төгрөгийг гаргуулж 357,950 төгрөгийг нэхэмжлэгч А.Д, 70,200 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ