Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/152

 

 

 

 

 

 2024       02          07                                   2024/ШЦТ/152

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Ж.Бүрэнжаргал,

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Цариг овогт Г-ийн Эд холбогдох эрүүгийн 2306 605870 0070 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, **************** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, ************* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Цариг овогт Г-ийн Э /регистрийн дугаар: ************/.  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, *************** эхнэр Ө.М “гэртээ ирэхгүй гадуур явлаа” гэж түүний биед халдаж зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн гуя, баруун цавинд цус хуралт бүхий хөнгөн хохирлыг учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ганган хотхоны 171в байрны 07 тоот гэртээ эхнэр Ө.М “гэртээ ирэхгүй гадуур явлаа” гэж түүний биед халдаж, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн гуя, баруун цавинд цус хуралт” бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ө.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр... ажлынхаа газрын хүмүүстэй хамт 20-22 цагийн хооронд зааланд тоглочхоод ажлын газрын Агийн хамт караоке орж дуулж, 0.5 литрийн касс нэртэй 4 ширхэг пиво уучхаад 02 цагийн орчимд гараад найз эмэгтэй Агаар хүргүүлж гэрийнхээ гадна хамт очоод хаалгыг тогшиход нөхөр Г.Э хаалга тайлж өгөөд хаагуур юу хийж янхандаж яваад ирсэн пизда бэ гэж хэлээд үснээс зулгааж гэрт оруулаад зүүн, баруун талын шанаа хэсэг рүү ээлжлэн алгадаж аваад үснээс татаж том өрөө рүү чирч оруулж унагаад гартаа тэлээ ороож байгаад зүүн гарын булчин, нуруу бүсэлхий, гуя, зүүн талын ташаа хэсэг рүү баруун талаар хана руу налсан байхад цохиж зодоод зайл гэж хөөхөд нь гэрээс гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-8-9-р тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №14221 дугаартай “Ө.М биед зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн гуя, баруун цавинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

 

Хохирогч Ө.М “... 3 хүүхдийн хамт гэртээ хамт амьдарч, нөхөр Г.Э өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйж дахин ийм явдал гаргахгүй гэдэг баталгаа гаргасан... хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 64-р тал/-ийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Г.Эгийн хүлээн зөвшөөрсөн таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цариг овогт Г-ийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд оногдуулсан торгох ялыг гурав (3) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ОТГОНБААТАР