Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0388

 

 

 

 

 

 

 

 

 

2022 05 23 0388

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:О*********** ХХК

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Г.Г*******

Хариуцагч: Сдүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б*********** , Н.Ч**********

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А********** нарын хоорондын Сдүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/300 дугаартай захирамжийг, Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 03/962 дугаартай Хүсэлт уламжлах тухай захиргааны актын О*********** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн маргааныг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г*******, түүний өмгөөлөгч Д.М***** хариуцагч С дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*********** , Н.Ч**********, хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О*********** ХХК-ийн захирал Г.Г******* нь Сдүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Байгаль орчны газарт холбогдуулан Сдүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/300 дугаартай захирамжийг, Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 03/962 дугаартай Хүсэлт уламжлах тухай захиргааны актын О*********** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. НэхэмжлэгчО*********** ХХК нь маргаан бүхий актыг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, гомдлыг хангахаас татгалзсан хариуг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

1/ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж заасан байхад 5 жилийн хугацаа өнгөрсөн байхад хүчингүй болгож байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж,

2/ Манай компани газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дүгнүүлж, хуулийн хугацаанд газрын төлбөрөө төлсөөр ирсэн, зуслангийн байшин барьсныхаа төлөө ямар хүний эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшилсан талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт одоо ч гаргаагүй байхад дүгнэлт гарсан мэтээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтад заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь хууль бус тул уг актын улмаас манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч О*********** ХХК-ийн төлөөлөгч Г.Г******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасан бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол эсвэл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлийг баримталсан. Нэхэмжлэгч компани 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш тухайн газрыг зуслангийн зориулалттай эзэмшиж ирсэн. Ингээд 10 дахь жилдээ эзэмшиж байна. Энэ газрыг эзэмшсэнээр чухам ямар хүн, ямар нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэдгийг захиргааны байгууллага актдаа тодорхой тусгаж өгөөгүй. Учир нь бодит байдал дээр нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, бусад этгээдийн эрх ашгийг хөндсөн ямар нэгэн зүйл болоогүй.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх гэж заасныг үндэслэсэн байсан. Гэвч нэхэмжлэгч компани 10 жилийн хугацаанд уг газрыг эзэмшиж, ашиглаж өнөөг хүрэхдээ дээрх зүйл заалтын чухам аль хэсгийг нь зөрчсөн гэдгийг захиргааны актын үндэслэлд тодорхой тусгаж өгөөгүй бөгөөд бодит байдал дээр ийм асуудал үүсээгүй байдаг. Ойн тухай хуулийн болон Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэсэн байна. Хамгаалалтын бүсийн ойд зам гүүр барих, ус эрчим хүч, хамгаалалтын шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргээлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн байдлыг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн зүйлийг үндэслэсэн. Гэвч нэхэмжлэгч компанийн эзэмшиж байгаа газар нь хамгаалалтын бүсийн ойд хамаарахгүй. Яг ямар шийдвэрээр энэ хэсэг нь хамгаалалтын бүсийн ойд орсон, хамгаалалтын бүсийн ой мөн үү? ой мөн эсэх асуудлуудыг захиргааны байгууллага тогтоогоогүй.

Мөн С дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас үндэслэлгүй газар олгосон газрын эрхийг цуцлах байгууллагын жагсаалтын судалгааг гаргасан бөгөөд энэ жагсаалтад нэхэмжлэгч компанийн нэр байхгүй. Нийслэлийн Байгаль орчны газар 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн албан бичигтээ Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалтыг үндэслэж тухайн газрыг хүчингүй болгох талаар дурдсан байдаг. Гэтэл төрийн байгууллагууд өөр өөрийн гэсэн чиг үүрэгтэй. Нийслэлийн Байгаль орчны газар Сдүүргийн Засаг даргад даалгавар өгөх чиг үүрэг, эрх хэмжээ байхгүй. Энэ бичгийг бидэнд албан журмаар мэдэгдээгүй. 7 дугаар сарын 06-ны өдрийн бичгийг үндэслэж маргаан бүхий Засаг даргын А/300 дугаар Засаг даргын захирамж гарсан байдаг. Энэ нь нэхэмжлэгч компани үр дагавар үүсгэсэн байна. Манай компани хуулийн дагуу газраа эзэмшсэн, хууль зөрчөөгүй, үндэсний аюулгүй байдалд халдаагүй, бусдыг хохироогоогүй, 10 жил эзэмшсэн. Энэ хоёр захиргааны актыг бодит байдал дээр гаргах ямар ч үндэслэл байгаагүй. Иймд уг хоёр захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 25 дугаар тогтоол нь 1970 оноос хойш зуслангийн газар олгогдож байсан явдлыг цэгцлэх гэсэн, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах гэсэн зөв шийдвэр юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Улаанбаатар хотын эрх барих дээд байгууллага юм. Үүнийг Засаг дарга түүний харьяа агентлаг, байгууллага хэрэгжүүлж мөрдөх ёстой. 2012 оноос хойш энэ газрыг эзэмшиж байна. Гэтэл энэ газар дээр зам тавьсан болон бусад байдлаар сайжруулсан зүйл байхгүй. Уг газрын хажууханд байрлах И гэх амралтын газар хүртэл засмал замтай байдаг. 4-5 км шороон зам байдаг, нийтийн тээвэр байдаггүй, жил бүр хэдэн зуугаар нь газар олголт явагддаг.

Одоогийн Засаг дарга 350 гаруй газрыг олгосон байдаг. Энэ баримт Газар.мн дээр байгаа. Манай компанийг Ойн тухай хуулийг зөрчсөн, Усны тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ газар яагаад жил бүр газар олгодог вэ? зуслан бариад хашаа барьсны дараа хууль зөрчсөн гэж газрыг нь цуцалдаг. Ард иргэд нь төрийн байгууллагын тоглоом болж байна. Үндсэн үйл ажиллагааныхаа зарчмыг барьж ажиллахгүй байна. Гэтэл энэ зарчмуудаа бүгдийг нь зөрчиж байгаа. Биднийг энэ газраа хөрөнгө оруулахаас өмнө яагаад хэлээгүй вэ? Зуслангийн бүсэд 100 мянган модон жорлон байна. Энэ мэт зүйлс дээр төр захиргааны байгууллагаас огт ажилладаггүй. Мөн хогийн асуудал дээр мэргэжлийн хяналтын газар огт ажилладаггүй. Мөн самар жимсний асуудал их гарч байна. Самартай жил самарчид их ирсэн. Тэгээд самарчид нь тээрэм ажиллуулаад хуш модыг их тайрсан. Самарчин, архичин хүмүүстэй тэмцэж байна. Энд хулгайн мод бэлтгэлийн асуудал их гардаг. Эзэнтэй болсон учир хулгайн модны асуудал их гардаг. Төр захиргааны байгууллагад их гомдож байна. Биднийг хулхидсан гэж үзэж байна. Бид бол жирийн иргэд юм гэв.

6. Хариуцагч Сдүүргийн Засаг дарга П.Б*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоол нь зуслангийн зориулалтаар газар олгох хэсэгчилсэн төлөвлөгөө баталсан тогтоол юм. Энэ тогтоол нь ой модон дотор газар олгоно гэсэн утга агуулгаар гараагүй. Өөрөөр хэлбэл Газрын тухай хууль нь 2012 оны 6 дугаар сард шинэчлэгдэж батлагдсан. Үүнээс өмнө зуслангийн зориулалттай газар эзэмших утга агуулгаар өмнөх хуульд байсан. Харин 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын тухай хууль нь иргэнд зуслангийн зориулалтаар, ахуйн зориулалтаар газар эзэмших ашиглах эрхийг хориглосон агуулгаар гарсан. Мөн Ойн тухай хууль нь хориглосон агуулгаар гарсан. Ойн тухай хууль, Газрын тухай хууль нь тусдаа ойлголт юм. Маргаан бүхий газар нь Ойн тухай хуулийн дагуу зохицуулагдах харилцаа бөгөөд Газрын тухай хуульд хамаагүй юм.

Нийслэлийн Байгаль орчны газар нь нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг чиглэл өгөх эрх байхгүй гэж хэлсэн. Үүрэг чиглэл өгөөд бид тэрийг үндэслэж захирамж гаргасан биш. Харин А/300 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хуулийг үндэслэж захирамж гаргасан. Харин бичвэр хэсэгт нь тухайн захирамж гаргах нөхцөл байдлыг тодорхой дурдсан. Сдүүргийн Засаг дарга нь өөрөө ойн болон усан сан бүхий газарт хохирол учраад байна гэдгийг тогтоодог эрх бүхий субъект биш. Ийм эрхтэй байгууллагууд нь Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, Экологийн цагдаагийн албанд байдаг. Энэ байгууллагууд нь удаа дараа та нарын олгосон усан сан бүхий, ойн сан бүхий газар дээр хохирол учирч байна та эрх хэмжээнийхээ хүрээнд өмнө нь гаргасан шийдвэрийг цуцалж өгнө үү гэсэн албан бичиг ирсэн. Энэ нь албан бичгийг үндэслэж шийдвэр гаргасан зүйл биш харин тогтоогдож байгаа мэдээллийн дагуу нотлох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр захирамжийг гаргасан. Газар дээр нь очиж үзэхэд усан сан бүхий, ойн сан бүхий газрын хэвлийг сэндийчиж том байшингийн суурь цутгасан байгааг газрын үзлэг хийж мэдээд Газрын тухай хуульд заасан мэдэгдлийг Газар зохион байгуулалтын албанаас өгч, процесс ажиллагааг хийж, А/300 дугаар захирамж гарсан. Иймд А/300 дугаар захирамж нь хууль ёсны бөгөөд дүүргийн Засаг даргаа өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд гаргасан байна. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

7. Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын эзэмшиж байгаа газар нь хамгаалалтын бүсэд ордоггүй гэж ярьсан. Гэтэл Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, З0 хэмээс илүү налуу газрын ой хамаарна. гэж хамгаалалтын бүсийн ойд юу ордог талаар зааж өгсөн байдаг. Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-т нийслэлийн ногоон бүсэд хамаарах ойн заагийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу 1996 оны 326 дугаар Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн ногоон бүсийн хил заагийг тогтоосон байдаг.

С дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр Х о бүсэд 2012 оны захирамжаар нэхэмжлэгч компанид ойг хамгаалах, нөхөн сэргээх гэсэн зориулалтаар эзэмшүүлсэн байна. Энэ хугацаанд тус компани ойг хамгаалах нөхөн сэргээх чиглэлээр ямар ч зүйл хийгээгүй. Ингээд 2017 онд Сдүүргийн Засаг даргын А/422 дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэр гарсан. Энэ шийдвэр нь Ойн тухай хуулийг зөрчсөн. Нэхэмжлэгч байгууллага нь тус газар дээр ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ойн санд хохирол учруулсан үйл ажиллагаа явуулсан буюу байшин барих зорилгоор бут сөөг сүйтгэсэн. Энэ зөрчил дээр нь тус байгууллагын байгаль хамгаалагч зөрчлийг илрүүлж таслан зогсоож, холбогдох хуулийн дагуу торгууль тавьж тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* эд Ойн тухай хууль, Усны тухай хуулийн холбогдох заалтыг танилцуулсан бөгөөд тус компани холбогдох нөхөн төлбөрөө төлсөн хэдий ч үйл ажиллагаагаа цааш нь үргэлжлүүлсээр байсан. Нэхэмжлэгч Монгол Улсын Ойн тухай хууль зөрчсөн нь байгаль орчны улсын хяналтын байцаагч болон байгаль хамгаалагчийн зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагаа, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн мэдэгдэл, Цагдаагийн ерөнхий газрын экологийн цагдаагийн газрын нэхэмжлэгчид холбогдох хэргийн материалаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Анх нэхэмжлэгч О*********** ХХК-д С дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/117 тоот захирамжаар Сдүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 28963 м.кв газрыг Ой хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 0293107 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгож, Сдүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжаар тус газрын зориулалтыг зуслан, ой хамгаалах, нөхөн сэргээх гэж өөрчлөн 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0293498 дугаартай гэрчилгээ олгогдож, тус дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/422 дугаартай захирамжаар зуслан-гийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, .............. дугаартай аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ. Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 03/962 дугаартай Хүсэлт уламжлах тухай захиргааны актын О*********** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1/ Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2260092 дугаартай шийтгэлийн хуудсаарО*********** ХХК-ийг ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчлийг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгөөр торгож, 2,989,481.97 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсныг тус компани зөвшөөрч төлбөрийг төлсөн байна.

2/ Мөн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Экологийн цагдаагийн албанаас олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан Сдүүргийн 00 дүгээр хороо, хд мод тайрч, газар ухаж байна гэх гомдол мэдээллийн дагуу шалгалт хийж, хэргийн газрын үзлэгээр эвдрэлд оруулсан талбайн булангийн цэгүүдийн солбилцлыг тогтоож, барилгын суурь ухсан газар 23, голын урсгал урсаж байсныг GPS багажаар хэмжиж зуслангийн байшин барих зорилгоор газрын хэвлийд халдаж эвдрэлд оруулсан нөхцөл байдлыг тогтоосон болох нь хэрэгт авагдсан 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн болон 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, нөхөн тэмдэглэлээр нотлогдоно.

3/ Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-ын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтээр ...30 см-ийн диаметр бүхий 16,5 метрийн өндөртэй 140 орчим настай шинэс мод, 19 см-ийн диаметр бүхий 10 метрийн өндөртэй 80 орчим настай хуш мод үндсээрээ булгарч налсан, уг солбилцол бүхий талбайд ургаж буй ой модонд ойн нөөцийн болон ойн ус зохицуулах, хөрс хамгаалах нүүрсхүчлийн хийг шингээх, амралт зугаалгын зэрэг шууд болон шууд үр ашгийн хохирол учруулсан, нийт экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 667,354.00 төгрөг болно. Уг солбилцол бүхий талбай нь нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 46 дугаар зэрэглэлийн 23, 25 дугаар ялгарал, 48 дугаар хэсэглэлийн 15 дугаар ялгарал, 69 дүгээр хэсэглэлийн 9 дүгээр ялгарал тус тус хамаарч байна гээд, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд ...тухайн солбилцол бүхий талбайд хамаарсан 2 мод нь байгалийн жам ёсоор унаагүй, хүний буруутай үйл ажиллагааны улмаас тухайн газрыг ухаж хөндсөнөөс үүдэж үндсээрээ газраас булгарч унасан, О*********** ХХК-ийн эзэмшлийн талбай нь Монгол улсын ойн санд бүртгэлтэй ойн сангийн хамаарч байгаа.. гэж дүгнэсэн байна.

4/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/3237 дугаартай албан бичгээс үзвэл маргаан бүхий газрыг Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай гэжээ.

5/ Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газар нь Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна, 8 дугаар зүйлийн 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж зааснаар нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газар бөгөөд тус газарт барилга байгууламжийн суурь цутгаж, мод, бут, сөөг, ургамал, хөрсөн бүрхэвчийг усгаж, сүйтгэх үйл ажиллагаа явуулсан болохыг байгаль орчны улсын хяналтын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагаа, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн мэдэгдэл, Экологийн цагдаагийн албаны томилсон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

6/ Нийслэлийн Байгаль орчны газар нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс хамгаалах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлт, ойн сангийн төлөв байдал, мэдээллийн сангийн тухай Засаг даргын мэдээлэл, тайланг сонсох, 17.3.1-д хариуцсан нутаг дэвсгэртээ ойн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулж, дүнг аймаг, нийслэлийн Засаг дарга, болон төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах; заасан бүрэн эрх, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/106 дугаар захирамжаар батлагдсан Байгаль орчны газрын дүрмийн 3.1.1-д төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нийслэл, дүүргийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжид, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол бүхэлд нь буюу холбогдох хэсэг, заалтыг хүчингүй болгох, өөрчлөх саналаа тухайн этгээдэд болон эрх бүхий дээд шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх гэж заасан үндсэн чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгчО*********** ХХК-ийн Ойн тухай хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, шийдвэрлүүлэхээр 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 03/962 дугаартай албан бичгийг хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

7/ Иймд нэхэмжлэгч О*********** ХХК-ийн Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 03/962 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Сдүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/300 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагын тухайд:

1/ Хариуцагч Сдүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/300 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон үндэслэлдээ Нийслэлийн Байгаль орчны газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 03/962 дугаар албан бичиг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч даргын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 02-06/4521 дүгээр албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 02-02/2089 дүгээр албан бичгээрО*********** ХХК нь Газрын тухай, Ойн тухай, Усны тухай хууль тогтоомжийг тус тус зөрчсөн нь нотлогдсон гэж үзжээ.

2/ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Арга хэмжээ авах тухай 02-03/3819 дугаартай ...Нийслэлийн ногоон бүсийн ойн санд Б, С, Ч, Сдүүргүүдийн Засаг дарга нарын газар эзэмшүүлэн олгосон нэгж талбар бүрийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж, хариу мэдэгдэх утга бүхий албан бичгийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлж, мөн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Арга хэмжээ авах тухай 02-02/2089 дүгээр албан бичгийг Сдүүргийн Засаг даргад хүргүүлж, Нийслэлийн Байгаль орчны газраас 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хүсэлт уламжлах тухай 03/962 дугаартай ...Сдүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр хд байрлах .............. гэрчилгээний дугаартай газар эзэмших эрхийгО*********** ХХК-д Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтуудыг зөрчин олгосноос ойн сан бүхий газрын байгаль орчинд хохирол учруулж байгаа тул газрын зөвшөөрлийг цуцлах утга бүхий албан бичгийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн байна.

3/ Мөн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлээс үзвэл ойн онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа иргэн, хуулийн этгээдийн газрын эрхийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хүчингүй болгох, нөхөн олговортойгоор чөлөөлөх шат дараатай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, дахин газар олгохгүй байхыг дүүргийн Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэжээ.

4/ Нэхэмжлэгчээс ...эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болохоор Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж, хариуцагчаас ...С дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр хд байрлах .............. гэрчилгээний дугаартай газар эзэмших эрхийг тус аж ахуйн нэгжид олгосон нь Ойн тухай хуулийг зөрчсөн гэж тайлбарлан маргажээ.

5/ Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна, 8 дугаар зүйлийн 8.1-д Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, З0 хэмээс илүү налуу газрын ой хамаарна, 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 29 дүгээр зүйлийн 29.1-д Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 29.1.10-д ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах-ыг хориглосон байна.

6/ Дээрх нөхцөл байдлаас үзвэл хариуцагч С дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр хд байрлах .............. гэрчилгээний дугаартай газар эзэмших эрхийг тус аж ахуйн нэгжид олгосон нь хууль зөрчсөн гэж үзээгүй харин О*********** ХХК нь 2012 оноос хойш тухайн газрыг эзэмшиж байхдаа 2020 оны 3 дугаар сард ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсны улмаас 30 см-ийн диаметр бүхий 16,5 метрийн өндөртэй 140 орчим настай шинэс мод, 19 см-ийн диаметр бүхий 10 метрийн өндөртэй 80 орчим настай хуш мод газраас булгарч унасан, тухайн эзэмшлийн талбай нь Монгол улсын ойн санд бүртгэлтэй ойн сангийн хамаарч байгаа болохыг Байгаль орчны улсын байцаагч, Экологийн цагдаагийн албанаас томилсон шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.2-т газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж зааснаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй, харин нэхэмжлэгчийн ...эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

7/ Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани 2012 оноос хойш газар эзэмшихдээ 2020 онд Ойн тухай хуулийг зөрчсөн зөрчил үйлдэж, тухайн зөрчлийг эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоон, таслан зогсоож, хууль бус үйлдэлд нь хариуцлага ногдуулж, түүнийг хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул С дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/300 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10-д заасныг тус тус баримтлан О*********** ХХК-ийн С дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/300 дугаартай захирамжийг, Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 03/962 дугаартай Хүсэлт уламжлах тухай захиргааны актын О*********** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ