| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 124/2025/0025/3 |
| Дугаар | 221/МА2026/0668 |
| Огноо | 2026-09-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2026/0668
| Дугаар 221/МА2026/0668 | Улаанбаатар хот |
Н.Ч-гийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч улсын байцаагч Н.А,
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч: Н.Ч-
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн улсын байцаагч Н.А,
Гомдлын шаардлага: Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн улсын байцаагчийн 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0057926 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 124/ШШ2025/0024 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,
Хариуцагч улсын байцаагч Н.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр,
Хэргийн индекс: 124/2025/0025/3.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Н.Ч-гоос Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн улсын байцаагч Н.Аад холбогдуулан “улсын байцаагчийн 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0057926 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 124/ШШ2025/0024 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Н.Ч-гийн гаргасан гомдлыг хангаж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Авто замын хяналтын улсын байцаагч Н.Аын 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0057926 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч улсын байцаагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч улсын байцаагчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3. Маргаан бүхий үйл баримтын хувьд хэрэгт авагдсан баримтаар,
3.1. Авто замын хяналтын байцаагч Н.А 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэр бүхий иргэнээс гаргасан “... “Хар цацын орой” ХХК ... үүсгэн байгуулагч, эзэмшигч Д.Н, У.На, Н.Ч- нар нь дэлгүүрээс урагш улсын чанартай зам хүртэл зогсоол гаргах нэрийдлээр нийтийн эзэмшлийн талбай, зорчих хэсгийг хааж дур зоргоороо аашилж байна...” гэх агуулга бүхий гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 0661881 дугаартай шийтгэлийн хуудсаар “...холбогдогч Н.Ч- нь ...Зам, тээврийн яамнаас зөвшөөрөл авахгүйгээр улсын чанартай А18 дугаар авто замын зурвас газарт өөрийн эзэмшлийн үл хөдлөх объект руу шороон далан босгож зогсоол байгуулсан” зөрчлийг гаргасан гэж дүгнэн, Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 150,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 3 шаардлага бүхий Улсын байцаагчийн 01 дугаар “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг өгсөн.
3.2. Холбогдогч Н.Ч- нь дээрх шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг төлж, эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгах даалгаварт дурдсан 3 шаардлагаас 2-г биелүүлсэн. Энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
3.3 Улмаар, нэр бүхий иргэнээс 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дахин “...худалдаа, үйлчилгээ эрхэлдэг Д.Н нь ... орох, гарах гарцыг хааж, далан байгуулсан...” гэх агуулга бүхий гомдол гаргасны дагуу улсын байцаагчаас 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0057926 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н.Ч-д “...2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай даалгаварт заасан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/185 дугаар тушаалаар батлагдсан Авто замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журамд заасны дагуу бичиг баримтыг бүрдүүлэн зөвшөөрөл авах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хугацаандаа биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болох нь тус тус тогтоогдсон.
4. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”,
1.2 дугаар зүйлийн /Хууль ёсны зарчим/ 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”,
1.3 дугаар зүйлийн /Шударга ёсны зарчим/ 1-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”,
2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”,
15.2 дугаар зүйлийн 1-д” Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор:”, 1.1-д “тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан” хэмээн тус тус заасан.
Тус зөрчил нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Зөрчлийн объектив шинж нь төрийн албан хаагч эсхүл улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзах эсхүл үл хэрэгсэх, бусад этгээдэд хандан тухайн шаардлагыг биелүүлэхгүй байхыг уриалсан байхаар, субьектив шинж нь санаатай байхаар хууль тогтоогч хуульчилсан.
5. Тухайн тохиолдолд, маргаан бүхий шийтгэлийн хуудас гарах үндэслэл болсон Улсын байцаагчийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” 01 дугаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавартай холбоотойгоор Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээс 2025 оны 124/ШЗ2025/0196 дугаар албадан гүйцэтгэх захирамжийг гарган, гүйцэтгэх хуудсыг бичсэн.
Гомдол гаргагч Н.Ч-гийн эцэг Д.Наас албан даалгаврын 2-т заасан шаардлагыг биелүүлэх хүрээнд “З” ХХК-иар Шифр-33-13/25 авто зогсоолын зураг төслийг хийлгэж, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Увс аймаг дахь салбараар дамжуулан Зам тээврийн яаманд холбогдох өргөдлийг гаргаж, Зам тээврийн яамнаас 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07/275 дугаар албан бичгээр хариуг өгсөн зэргээр эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг биелүүлэхтэй холбоотой гомдол гаргагч өөрөөс хамаарах үүргийг биелүүлж байхад хариуцагч “албан даалгаврыг биелүүлээгүй” хэмээн дүгнэн дахин шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад нийцэхгүй.
Энэ талаарх анхан шатны шүүхийн “...зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх бүрэн эрх нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хадгалагдах бөгөөд зөвшөөрөл олгогдох эсэх нь хүсэлт гаргасан этгээдийн хүсэл зоригоос үл хамаарна... гомдол гаргагч зөвшөөрөл авах талаар эрх бүхий байгууллагад хандаж, өөрөөс шалтгаалах ажиллагааг хэрэгжүүлсэн ... зөвхөн зөвшөөрөл олгогдоогүй байдлыг хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
6. Хариуцагчаас гаргасан “...Шийтгэлийн хуудас хүчингүй болсноор зөрчлийн үр дагаврыг арилгуулах албан даалгавар мөн хүчингүй болж хуульд заасан хориглох үйл ажиллагааг эрхэлсний улмаас үүдсэн үр дагавар хэвээр үлдэж холбогдох хуулийн заалт хэрэгжихгүй, өөр иргэн болон нийтийн эрх ашиг хөндөгдсөн хэвээр байна...” зэрэг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 124/ШШ2025/0024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА