Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 77

 


     

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0099/Э/ 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа
Шүүгдэгч О.Алтанхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Осоржамаагийн Алтанхуягт холбогдох 201709000141 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Осоржамаагийн Алтанхуяг /ТЗ76091770/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Алтанхуяг нь 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдар Дархан сумын 5 дугаар багт байрлах “Хүслэн” үсчин салоны өмнөх зогсоолоос иргэн П.Анхцэцэгийн эзэмшлийн 14-02 ДАР “дема-мазда” маркийн машиныг эзэн нь халаах журмаар асааж хаалга нь түгжээгүй байсныг жолоодон авч зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Алтанхуягийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...Би 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр бирж дээр архи ууж тэр хавиар явж байгаад 21 цагийн орчим хуучин Дарханы арбатын гудамжаар зах орох гээд ганцаараа алхаж явахад “Хүслэн” салоны өмнө нэг жижиг тэрэг асаалттай байхаар нь хаалгыг татсан чинь онгорхой байсан, тэгэхээр нь орж суугаад жолоодож хөдөлгөөд зам руу ортол цагдаа нар зогсоосон. Би ямар маркийн, ямар номер дугаартай машин байсныг анзаараагүй. Би согтуу байсан ба яах гэж жолоодсоноо мэдэхгүй байгаа юм. надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр найзтайгаа 1 шил архи уучихаад талбай дээр явж байгаад асаалттай байсан машиныг 5-10 метр хөдөлгөөд цагдаад баригдсан, урд нь жолооч байсан учраас жолоо баримаар санагдаад л жолоодсон байх, ямар нэгэн санаа байгаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч П.Анхцэцэгийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...Би Дархан сумын 5 дугаар багийн нутаг 20 дугаар байрны 94 тоотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Хүслэн” нэртэй салонд ажилладаг. Тэр өдөр 21:00 цагийн орчим ажил тараад ажлын өмнөх зогсоол дээр байсан 1402 ДАР “Дема-мазда” маркийн машинаа халаахаар асаагаад хаалгыг нь онгорхой орхиод хажууд байрлах дэлгүүр рүү талх авах санаатай ороод гараад ирэхэд замын урсгал сөрөөд машин хөдөлчихсөн, цагдаа нар ирчихсэн машин дотроос нэг согтуу залуу гарч ирж харагдсан. Машин хол яваагүй хөдөлгөөд л баригдсан байсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

Гэрч Э.Жавхлангийн хэрэг бүртгэлтэд өгсөн “... Тус өдөр томилгоот хуваарийн дагуу Дархан сумын 6,7,8 дугаар багийн нутгаар эргүүлийн үүрэг 18-02 цагийн хооронд гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгээд явж байх хугацаанд 21 цагийн орчим 14-02 ДАР маркийн тээврийн хэрэгсэл арбат буюу 5 дугаар багийн нутгаар урсгал сөрөөд гараад ирэхэд таарч зогсоон шалгасан. О.Алтанхуяг гэх этгээд согтуурсан үедээ машин жолоодсон байсан. Ингээд лавшруулаад шалгахад “Хүслэн” нэртэй үсчины гадаа халаах гээд тавьсан байсан машиныг хөдөлгөсөн байсан. Машин онгорхой байсан гэсэн. 2-3 метр газар хөдөлгөөд зогсоосон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

Захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

О.Алтанхуягийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 17-25 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч О.Алтанхуяг нь 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Дархан сумын 5 дугаар багт байрлах “Хүслэн” салоны өмнөх зогсоолоос иргэн П.Анхцэцэгийн эзэмшлийн 14-02 ДАР дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч П.Анхцэцэг, гэрч Э.Жавхлан нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтэд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Аймгийн прокурорын газраас О.Алтанхуягт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Алтанхуягийг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Алтанхуяг нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жил, 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтайд тооцох хугацаа дууссан байна.

Хохирогч П.Анхцэцэг нь “...Ямар нэгэн эд зүйл алдагдаагүй. Машины дардаг хөгжим байсныг тэр үед нь авсан. Хөгжим хуучин үнэ 20,000 төгрөг л байх гэхдээ алдаагүй учир нэхэмжлэх шаардлага байхгүй” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгч О.Алтанхуягаас гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч О.Алтанхуягт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дүгээр зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т заасан ялаас торгох ялыг хэрэглэхгүйгээр баривчлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч О.Алтанхуяг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 1. Шүүгдэгч Боржигон овогт Осоржамаагийн Алтанхуягийг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар шүүгдэгч О.Алтанхуягийг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч О.Алтанхуягт оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 4. Шүүгдэгч О.Алтанхуяг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Алтанхуягт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

       6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Алтанхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ГЭРЭЛТ-ОД