| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 183/2020/02357/И |
| Дугаар | 183/ШШ2020/02417 |
| Огноо | 2020-09-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2020/02417
2020 09 10 183/ШШ2020/02417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,00 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, 00А байр, 0 давхарт байрлах, К-Ю М ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Стадион оргил, махатма ганди гудамж, 00 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Э овогт Б. О /РД:ЧТ00000000/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 65,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд: хариуцагч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.М нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К-Ю М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.О нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 0/0 тоот зээлийн гэрээ байгуулан 55,000,000 төгрөгийн сарын 2.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн. Энэ хугацаанд үндсэн зээлээс төлбөр хийгдээгүй, зээлийн хүүгээс 9,125,000 төгрөг төлсөн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс хойш төлбөр хийгээгүй гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй болно. Иймд зээлдэгчийн үндсэн зээл 55,000,000 төгрөг, зээлийн хүү 10,950,000 төгрөг нийт 65,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... миний бие БЗД-ийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр 132 тоот болох, 68,2 мкв 2 өрөө байрыг худалдаж авахдаа нэхэмжлэгчээс зээл авч худалдан авсан боловч, тус байр нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн байр байсан. Үүнээс болж би хохироод зогсохгүй залилуулаад одоо энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст намайг хохирогчоор тогтоож шалгаж байгаа. Зээлийн гэрээний үндсэн үүрэг 55,000,000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй маргахгүй. Харин залилуулсан тул зээлийн гэрээний хүү төлөхгүй, мөн зээлийн гэрээний сунгалт гэж нэмэлт гэрээ байгуулаагүй байхад 550,000 төгрөгийг суутгаж тооцсоныг зөвшөөрөхгүй ... гэв.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч К-Ю М ХХК нь үндсэн зээл 55,000,000 төгрөг, хүү 10,950,000 төгрөг нийт 65,950,000 төгрөгийг хариуцагч Б.О нэхэмжилсэн байна.
Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 80/19 дугаар зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, 55,000,000 төгрөгийг орон сууц авах зориулалтаар зээлдэгч Б.О шилжүүлэхээр тохиролцож, гэрээний зүйлийг хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдож байна. /хх 5-8,10 хуудас/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Дээрх зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Зээлдэгч нь Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх гэж заасан тул гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, хүү төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй юм.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар зохигч талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн график зөрчигдсөн байх ба хариуцагч нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул гэрээ болон хуульд зааснаар гэрээний үндсэн үүрэг, хугацаа хэтрүүлсний хүүгийн хамт шаардах эрхтэй байна.
Хариуцагч зээлийн гэрээний дагуу нийт 20,075,000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй болсноос 9,675,000 төгрөгийн хүүгийн төлбөр төлсөн байх тул хүүнд 10,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. /хх 9 хуудас/
Нэхэмжлэгч хариуцагчтай нэмэлт зээлийн гэрээ байгуулж, гэрээ сунгасан баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн зээлийн үүрэгт төлсөн төлбөрөөс гэрээний сунгалт 550,000 төгрөгийг суутгаж тооцсон нь хуульд нийцээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна гэж шүүх үзэж зээлийн гэрээний хүүгийн үүргээс шүүх хасаж тооцсон болно./хх 9 хуудас/
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 55,000,000 төгрөг, хүү 10,400,000 төгрөг нийт 65,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтыг хангалттай бүрэн гарган өгч, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа тул хэргийг эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.О 484,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар мөн Банк, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.О-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 65,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид К-Ю М ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 484,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ