| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2024/0164/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/166 |
| Огноо | 2024-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/166
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Д.Ууганцэцэг, шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 1881 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г овгийн Г.О, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл ганцаараа, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ** дүгээр баг, ** дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **, урьд:
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны оны 01 дүгээр 29-ний өдрийн 75 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,
-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 346 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жилийг нэмж нийт 7 жилийн хугацаагаар хорих ял,
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял,
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.О нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжны ** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.У-ыг “цалингаа буухаар миний дансанд шилжүүлж өг” гэж хуваарьт эд хөрөнгөө ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдан зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны зөрүүтэй далд хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хоёр нүдний доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Г овгийн Г.О нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжны ** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.У-ыг “цалингаа буухаар миний дансанд шилжүүлж өг” гэж маргалдан зодож эрүүл мэндэд “хамар ясны зөрүүтэй далд хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хоёр нүдний доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, хохирогч Н.У-ын: “...2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байсан. ...Миний цалин 10 дугаар сарын 01-ны өдөр буух ёстой байсан боловч буугаагүй. Тэгтэл О “чиний цалин яагаад ордоггүй юм бэ, цалин чинь орохоор миний дансанд хий” гэхээр нь би “би өөрийн дансанд хийнэ” гэж хэлсэн. О уурлаад гараараа миний нүүр хэсэгт 2 удаа цохиж, нуруу хэсэгт архины шил шидэж нэг удаа цохисон. Би гэрээс гараад зугтаасан чинь миний араас хараагаад “би чамайг ална шүү” гээд байсан....Өмнө 2023 оны 05 дугаар сарын 22-нд намайг зодоод би цагдаад хандаж байсан. 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр миний биед халдаж байсан ч миний биед гэмтэл учруулаагүй, би цагдаад хандаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),
-Гэрч О.Ч-ын: “...2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ...манай эхнэр Н залгаад “ээж хүнд зодуулсан байна, хүрээд ирээч” гэж хэлсэн. Би 12 цаг өнгөрч байхад 151 дүгээр сургууль буюу эхнэрийн ажил дээр очиход хадам ээж У хамар ам хэсэг нь цус болсон байдалтай байсан. Юу болсон талаар асуухад хадам ээжийн хамтран амьдрагч О зодсон гэж хэлсэн...Хамар хэсэг нь хавдсан, цус гарсан байсан. ...У нь манай хадам ээж, О хамтран амьдрагч нь байгаа юм. Миний мэдэхээр 2022 оноос хамт амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),
-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12596 дугаартай: “Н.У-ын биед хамар ясны зөрүүтэй далд хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хоёр нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал) зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Г.О нь яллагдагчаар “...У өмнөх өдөр нь ахмадын баяр гээд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. У тэр өдөр ажилдаа явахгүй гэхээр нь бид хоёр 2 шил архи хувааж уусан. Архи ууж байхдаа хоёр талын аав, ээждээ ахмадын баяраар мөнгө төгрөг өгсөнгүй гэснээс болж маргалдаад би нүүрэн тус газар нь цохисон...” гэж (хавтаст хэргийн 49 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Өндөр настай аав, ээждээ ахмадын баярын бэлэг авч өгөх санаатай байсан. У ажил хийгээд цалингаа авахгүй хүний дансанд хийгээд байсан юм. Түүнээс болж маргаан үүссэн...Эмчилгээний зардалд 200,000 төгрөг өгсөн..” гэсэн тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар үнэлэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.О нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12596 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Г.О-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Н.У-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Г.О, хохирогч Н.У нар албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “...хамтран амьдрагч...” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Г.О нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.О-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Н.У нь сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох шаардлагагүй, нэхэмжлэхгүй, шүүх хуралдааны тов мэдэгдэх үед “эмчилгээний талаар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж байх тул шүүгдэгч Г.О-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч: “...тусгайлан хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.О-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), гэрлэлтийн бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 72-95 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 23-30 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
Шүүгдэгч Г.О-ын цалин хөлсний хэмжээ, ажилд ороод удаагүй байгаа нөхцөл байдлыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоног буюу 3 сарын үндсэн хугацааг нэмэгдүүлж, торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Г овгийн Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т оногдуулсан нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.О-т сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА