Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/101

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.овогт Б. Ад холбогдох эрүүгийн 2311 01798 1713 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х.ургийн овогтой Б. А /РД: ./,

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .дүүргийн .дүгээр хороо ......... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,

Урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 652 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ..... дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 30-4076 тоотод үл ялих шалтгаанаар шалтаглан өөрийн эхнэр Д.Ж. эрх, эрх чөлөөнд нь халдан зодож, хамар хэсэг рүү нь цохисны улмаас түүний биед хамар ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулахдаа сэтгэл зүйн болон биеийн хүчирхийлэл үйлдэж хохирол учруулсан байх тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэргийг үйлдсэн,

Мөн 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ........ дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 30-4076 тоотод Д.Ж. эзэмшлийн /Samsung note 20 U/ загварын ap утсыг газар шидэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 875,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 761 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.А нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ..... дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 30-4076 тоотод үл ялих шалтгаанаар шалтаглан өөрийн эхнэр Д.Ж. гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хамар хэсэг рүү нь цохисны улмаас түүний биед хамар ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр .  дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 30-4076 тоотод Д.Ж.  эзэмшлийн /Samsung note 20 U/ загварын гap утсыг газар шидэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 875,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Д.Ж. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нөхөр Б.А бид хоёр гэр бүл болоод 18-19 гаруй жил болж байгаа бөгөөд А нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2020 онд төрсөн охин А.А.. бид хоёрыг зодоод цагдаагийн байгууллагад хандаж шалгуулан шүүхээс 10 хоног баривчилгаанд явж байсан. Цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй зөндөө зодсон байгаа, 2021 онд төрсөн хүү А.А.  толгой хэсэг рүү нь аяга шидээд толгойг нь хаглаж байсан, тэрнээс хойш намайг байнга зодоод хэлэх хэлэхгүй муу муухай үгээр доромжилдог болсон. Энэ байдал нь хэрээс хэтрээд 2023 оны 08 дугаар сарын 19-ны орой 23:00 цаг өнгөрч байхад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхдаа миний өөрийн гар утсыг авч үзэж байсан чинь цаанаас нь манай охин миний утсыг аваад гэрэл тусгаад байж байхад охиноос утсыг авчхаад намайг утасны кодоо тайл гэхээр нь үгүй гэж хэлсэн чинь миний самсунг маркийн гар утсыг 2-3 удаа газар ороолгоод эвдэлсэн. Тэгээд хажууд нь байж байсан чинь зүүн гараа атгаж байгаад миний хамар луу нэг удаа цохисон чинь миний хамраас цус гараад хамар, баруун, зүүн нүдний хоёр талаар хөхөрч хавдсан ба би өөрөө цусаа угааж байгаад ариун цэврийн өрөө орох гээд гарсан чинь араас гарч ирээд чи садар эм хаашаа явах гэж байна чи бол янхан, гэж хэлээд намайг явуулахгүй байхаар нь гэртээ орсон чинь, чи утасны кодоо тайлахгүй садар юмнуудын юмыг уншуулахгүй нуулаа гэж намайг элдвээр хэлээд дарамталж айлган сүрдүүлж байгаад өөрөө хажуу талын дэлгүүрээс пиво, тамхи хоёр авч ирээд өөрөө уугаад намайг элдэв муу муухай үгээр доромжилж байгаад унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь босоод хөдөө явах байснаа болиод гэртээ өнжсөн, гэртээ байх хугацаандаа намайг хүнтэй яриулахгүй, гаргахгүй байлгаж байгаад, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нөхөр Б.А хөдөө яваад 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэртээ ирсэн. Өглөө нь буюу 2023 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 00-д сууж байж байсан чинь хаалга онгойлго гэхээр нь би 00-д байна гэж хэлсэн чинь ажлын муу сайн янхнуудтайгаа ярьж байна уу? гээд байхаар нь гэртээ ороод ирсэн чинь баруун гараараа миний баруун талын хацар хэсэгт хоёр удаа алагдсан чинь би дус хэсгээрээ хөргөгч мөргөөд дух хавдсан, бас уруулаа хазаад доод уруулаас цус гарч хавдсан. Тэгээд намайг заамдаж аваад гал тогооны хутга байдаг хэсэг үү чирээд байхаар нь зугтаагаад гэрээсээ гүйгээд гарсан чинь араас гүйж ирээд бас заамдаж авч чирээд гэрт оруулаад “садар янхан” гэх мэт муу муухай үгээр доромжилж байсан чинь бага хүү А.А. цаана байж байгаад “ааваа одоо боль ээжийг битгий зод” гэж хэлсэн чинь аав нь ахиж зодохгүй гээд гэрээс гарсан. Удаагүй орж ирээд бага хүү А.А. зах явна гээд дагуулаад намайг явах уу? гэхээр нь үгүй гэж хэлсэн чинь миний урд ирээд намайг цохих гээд байхаар нь хамт явахаар нь болоод гэрээс гараад хашааны үүд онгойлгох хооронд нь хүргэн дүү Ц. руу өөрийн гар утсаар залгаад цагдаа дуудаарай намайг зодоод байна гэж хэлээд салгасан тэгээд зах дээр явж байсан чинь хүргэн дүү ахин залгахаар нь болсон зүйлийг сайн хэлээд салгасан ба бид нар 21:00 цагийн үед гэртээ ирээд хүргэн дүүгийн утас руу дохисон чинь удаагүй цагдаа нарыг дагуулаад ирсэн. Хүргэн дүү манай гэр лүү ороогүй цагдаа нартай хамт орсон ба манай нөхөр архи уугаагүй байсан болохоор авч яваагүй намайг хүүхдийн хамт аваад явсан. Тэр өдрөөс хойш хүргэн дүү Ц. гэрч бага хүүгийн хамт байгаа ба 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан юм...” гэх /хавтаст хэргийн 49-50 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч А.А. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ...... дүүргийн 9 дүгээр хороо дэнжийн 30-407г тоотод ээж аав нэг дүүргийн хамт амьдардаг ба манай дүү А.А. бид хоёр зун Улаанбаатар хотод байж байгаад сургууль орохоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байх нагац эгч М. очиж байдаг байгаа. Энэ зун Улаанбаатар хотод гэртээ байх хугацаанд ээж аав хоёр маргалдсан эсэхийг мэдэхгүй байна. Нарантуул зах дээр аавын эмээ бичиг хэрэг зардаг ба би тэр ажилд нь тусалж байгаад маргааш Хөвсгөл аймаг явна. 2023 оны 08 дугаар сарын 19-ны орой 21:00 цаг өнгөрч байхад аав ээжийн утсыг аваад үзэж байгаад ээжийн кодыг гаргаж өгсөнгүй гэж уурлаад шалан дээр 2-3 удаа цохиж эвдээд, уурандаа ээжийг барьж аваад нүүр болон хамар луу нь хэд хэдэн удаа цохисон чинь ээжийн хамраас цус гараад бөөн юм болоод ээж гарсан цусаа гэртээ угаасан. Тэгсэн аав дэлгүүр гараад 2 литртэй пиво авчраад гэртээ ганцаараа бид нарын хажууд уучхаад унтаад өгсөн. Тэрнээс хойш би гэртээ байгаагүй ба 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зах дээр эмээд туслаад байж байсан чинь аав ээж дүү нар ирсэн. Тэгсэн ээжийн духны зүүн тал хавдсан хөхөрсөн байдалтай байхаар нь ээжээс асуусан чинь аав чинь намайг зодоод хөргөгч мөргүүлсэн гэж хэлсэн ба тэд нар гэр рүүгээ явсан. Аав 2020 онд намайг зодоод баривчилгаанд яваад гарч ирээд ээжийг зодсон, 2021 онд манай дүү А. толгой руу аяга шидээд толгойг нь хагалсан, 2022 оны цагаан сарын битүүний өмнөх өдөр намайг халуун боорцог өглөө гээд ээж бид хоёрт уурлаад боорцог хайрсан халуун тосонд ээжийн толгойг түлэх гээд ээжтэй ноцолдоод би дундуур нь орж салгаад, тогоонд байсан халуун тосыг би гаргаж цасан дээр асгасан чинь бид нарын утсыг аваад гаднаас түгжээд явчихаар нь бид 3 цонхоор гараад Хөвсгөл аймаг руу зугтаагаад явсан. Тэгээд аав араас 2 удаа ирсэн ба хавар нь ээж уурхайд ажилд ороод Улаанбаатар хотод хамт байгаа. Манай ээж 2023 оны 08 дугаар сарын 19-ны орой ажлаасаа ирэхэд нь утсыг нь хагалаад зодсон, маргааш нь буюу 08 дугаар сарын 21-ны өдөр хөдөө яваад 24-ны орой гэртээ ирээд, 25-ны өдөр ээжийг зодсон...” гэх /хавтаст хэргийн 31-33 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч А.А. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэртээ байж байсан чинь аав уурлаад ээжийн гар утсыг эвдээд аав гарын араар ээжийн хамар луу цохисон чинь ээжийн хамраас цус гарсан, жаахан хэрүүл болж байгаад би унтсан. Дараа нь хэд хоногийн дараа аав хөдөөнөөс ирээд аав, ээж хоёр маргалдаад аав шүүгээнээс хутга гаргаж ирээд ээжийг хөөгөөд хэсэг муудалцаж байгаа алгадаад духаар нь хөргөгч мөргүүлээд дараа нь бид нар зах руу явсан байгаа би өөр зүйл мэдэхгүй...” гэх /хавтаст хэргийн 34-36 дугаар тал/,

Гэрч Н.Ц. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг 30 минутад манай хадам ээжийг нөхөр А нь зодсон байна гээд миний өөрийн “Компаний Засаглал судлаач” гэсэн фейсбүүк хаяг руу зураг ирэхээр нь Ж... гэсэн дугаар луу залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Тэгээд Хөвсгөл аймагт байдаг ээж рүү нь чатаар холбогдоод орой манайд ирж чадах уу? гэсэн чинь чадна гэсэн хариу ирээд 2023 оны 08 дугаар сарын 22-ны орой ирсэн чинь хоёр нүд нь хөхөрсөн, хамрын яс нь улайсан, айсан тэвдсэн байдалтай ирээд А хөдөө явсан хүүхдүүд гэрт байгаа болохоор гэр лүүгээ явлаа гээд буцаад явсан. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ж.дагуулаад хүчирхийллийн эсрэг төвийн мэргэжилтэн Санчирмаа гэдэг хүнтэй уулзаад ярилцлага хийгээд маргааш нь цагдаагийн Жаргалсайханыг дагуулаад өргөдөл өгөхөөр болсон чинь Жаргалсайхан эгч эргэлзээд цагдаагийн байгууллагад өгөхөөр улам харгис болдог юм гэж байгаад өгөхөөр болоод гэр лүүгээ явсан. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөгүй байж байгаад 08 дугаар сарын 25-ны орой 20:00 цагийн үед гэртээ ирсэн гэж над руу залгаж хэлсэн. Тэгээд маргааш өдөр нь Ж. эгч над руу залгаад А намайг зодоод байна, намайг зах руу авч явж байна орой гэртээ ирээд бас зодох байх, орой гэрт ирэхээр нь цагдаа дуудаад өгөөрэй” гэж хэлсэн ба орой 21:30 минутын үед Ж. эгч над руу залгаж дохихоор нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 94945426 гэсэн дугаар луу залгаад 2 цагдаагийн алба хаагчийн хамт гэр нь очиж Жаргалсайханыг бага хүү А. хамт авсан. Ж.эгч гарч ирээд намайг бас зодоод толгойгоор хөргөгч мөргүүлж алагдсан гэж хэлж байсан зүүн талын дух, шанаа хэсэгтээ хавдсан гарч ирсэн ба би гэр лүүгээ аваад явсан. Одоо болтол гэрт нь хариулаагүй байгаа” гэх /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10968 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Д.Ж. биед хамар ясны хугарал, дух, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Хамар ясны хугарал гэмтэл нь 8-9 хоногийн өмнө, дух баруун хацрын цус хуралт нь 3-4 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.

Хамар ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, дух болон баруун хацрын цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,

“Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...875,000 төгрөг" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66-69 дүгээр тал/,

Аюулын зэргийн үнэлгээ тогтоосон тэмдэглэл /хавтаст хэргийн 89-91 дүгээр тал/,  

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх,

Хохирогч Д.Ж. мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.А., А.А., гэрч Н.Ц. мэдүүлэг, шүүгдэгч Б.Аийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ж. эд хөрөнгийг хууль бусаар устгаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.  

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн биелүүлэх торгох ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:

Хохирогч Д.Ж. нь хохирол төлбөргүй тухай баримт шүүхэд ирүүлж, шүүгдэгч Б.Аийг цаашид бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х. ургийн овогтой Б. Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял,

Мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биелүүлэх торгох ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

         7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

         8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    П.АРИУНБОЛД