Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 401

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С аймгийн Б суманд төрсөн, ... настай, эмэгтэй, яс үндэс дарьганга, малчин, Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багт оршин суух, Г овогт Ц.Н-н нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 11 сарын 06-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р, нэхэмжлэгч Ц.Н /онлайн/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар орж 1994 оны 08 сарын 31-нийг дуустал ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн бичилт нь шаардлага хангахгүй байна гэж Нийгмийн даатгалын байгууллагаас хэлсэн учир 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 31-нийг дуустал хугацааг малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н нь 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 31-нийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Н нь 1988 оны 01 сарын 01-нээс 1994 оны 08 сарын 31-нийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ амьдрал нэгдлийн даргын 1988 оны 09 сарын 12-ны өдрийн 55 дугаартай тэтгэмж олгох тухай тушаал /хх-ийн 7/, Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 11 сарын 04-ний өдрийн 77 дугаартай ээлжийн амралтын мөнгө олгох тухай тушаал /хх-ийн 8/, Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ амьдрал бүрэн бус хариуцлагатай компанийн захирлын 1994 оны 11 сарын 28-ны өдрийн 53 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал /хх-ийн 10-11/, 1988 оны 01 сарын 15-нд, 1999 оны 04 сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 16-17/, гэрч Г.Б-н “Ц.Н нь 1981 онд Дорноговь аймгийн Өргөн сумын 2-р багт Б-н эхнэр болж ирээд малчин болсон хүн байгаа юм. Б, Н нар Дорноговь аймгийн Өргөн сумын Замын эрэг гэх газраар нутаглаж бага мал маллаж байгаад сүүлдээ адуу маллаж байсан. Миний бие нь Ц.Н-тэй Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн 2-р бригадад хамт мал маллаж байсан. Миний бие нь 1983-1991 оныг хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн 2-р бригадад бага мал маллаж байсан. Нэгдэл 1991 онд тараад Шинэ өрнөл компани болоход миний бие нь 1998 оныг хүртэл ажилласан. Ц.Н нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд надтай хамт 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн болно.” гэх мэдүүлэг, гэрч Г.М “Ц.Н нь 1988 оноос 1994 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн 2-р бригадад Хашаат, Дэлгэрбулаг, Еншөөв, Ягарай гэх газруудад хамт айл аймаг байж малаа нэг худаг уснаас усалж малладаг байсан. Ц.Н нь бага мал малладаг байсан. Миний бие 1989 оны 06 сард 8-р ангиа төгсөөд илгээлтийн эзнээр Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн 2-р бригадад анх бага мал маллан гарч байсан. Намайг 8-р ангиа төгсөөд ирэхэд Ц.Н нь тус нэгдэлд мал малладаг байсан. Түүнээс хойш манайх Ц.Н-тэй нэг бригадад мал хамт маллан амьдардаг байсан. Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэл нь 1991 онд тарж компани болоход миний бие Ц.Н нь мөн л малаа маллаж байсан. Түүнээс хойш миний бие 2008 оныг хүртэл мал маллаж байгаад төв рүү шилжиж ирсэн.” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч Ц.Н-г 1988 оны 01 сарын 01-нээс 1994 оны 08 сарын 31-нийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г овогт Ц.Н-г 1988 оны 01 сарын 01-нээс 1994 оны 08 сарын 31-нийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд хонь, адуу маллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.Б