Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1784

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01935 дугаар шийдвэртэй, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХХК, Я.Э, Я.О, Г.О нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 1 213 852 367 төгрөг гаргуулах, батлан даалтын гэрээ болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.О, өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Г.Оюун-Эрдэнэ,

Хариуцагч Я.О,

Хариуцагч Я.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.О,

Хариуцагч Г.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд,

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Оюунбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Түмэн сүйх” ХХК 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ-310003703 тоот зээлийн гэрээ байгуулж 550 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлж авсан. 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орж эргэн төлөлтийн хуваариа өөрчилсөн. Мөн 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ-3100004315 тоот зээлийн гэрээг Гтай байгуулж, 390 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 47 сарын хугацаатай зээлсэн. Уг хоёр зээлийн үүргийг хангуулах баталгаа болгож ЗГ-3100003703, ЗГ-3100004315 тоот зээлийн гэрээгээр Г.Огийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол дахь 30 айлын орон сууцны 14 тоот 24м.кв 2 өрөө байр, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоны гүний худгийн зориулалттай 160 м.кв үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлалтай гаражийн зориулалттай 126 м.кв үл хөдлөх хөрөнгө, мод үржүүлэг чацарганы зориулалттай 100 000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ, мөн хаягт байрлалтай 15 тоот албан конторын зориулалттай 136 м.кв талбайтай үл хөдлөх, 16 тоот хаягт байршилтай хүлэмжийн зориулалттай 5044.68 м.кв үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, Я.О, Я.Э нар хувийн батлан даалтаар гаргасан.

ЗГ-3100003703 тоот зээлийн гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ-3100004315 тоот зээлийн гэрээний хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тус тус дуусгавар болж хугацаа хэтэрсэн. Зээлийн гэрээний 626 302 804.71 төгрөг, ЗГ-3100004315 тоот зээлийн гэрээний үүрэгт 451 400 745.17 төгрөг, нийт 1 077 703 549.88 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт барьцаа хөрөнгөөр гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хамгийн сүүлд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар нэхэмжлэлээ нэмэгдүүлэн 1 213 852 357.61 төгрөгийг үүргийн гүйцэтгэлд гаргуулж, барьцаа хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар зарж борлуулан дээрх үүргийг түүний үнийн дүнгээр барагдуулах, төлж чадаагүй нөхцөлд үлдэгдэл өр төлбөрийг батлан даагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “Түмэн сүйх” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгчийн зээлийн зарцуулалтыг банк хатуу хяналтад байлгасан, компани зээлээ зориулалтын дагуу зөвхөн хүлэмжийн үйл ажиллагаанд зарцуулсан. Уг зээл өвөрмөц онцлогтой бөгөөд Чингис бондын шугамаар төслийг үндэслэн Гаар дамжуулан гаргасан боловч анхны төслийн хэмжээнд олгогдоогүй учир зээл төлөлтийн график зөрчигдсөн. Зөрчил үүссэн үеэс бид бодлогын хэмжээнд удаа дараа эрх бүхий байгууллага болох яам, Гид холбогдох асуудлаа тавьж ирсэн ч асуудлыг шийдвэрлээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүх зээлийн маргааныг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Э, Я.О нар шүүхэд гаргасан тайлбартаа: Банкны зээлийн гэрээ цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Т” ХХК нь авсан зээлээ банкны хяналт дор зориулалтын дагуу ашигласан ба зөвхөн хүлэмж авахад зарцуулагдсан. Компани анх Чингис бонд төслийн зээлд 3 315 000 000 төгрөгийн зээл хүссэн. Төсөл үүгээр батлагдсан атал Г төслийг дамжуулан зээл олгохдоо 2013 оны 10 дугаар сарын 15-нд 550 000 000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 390 000 000 төгрөг, нийт 940 000 000 төгрөгийн зээлийг өгч дундаас нь 1 560 000 000 төгрөгийн зээлийг өгөөгүй. Үүнээс болж авсан зээл нь зөвхөн 5040 м.кв өвлийн хүлэмж бариад л дууссан. Төслөөр бол 2 га буюу 20 000 м.кв газрын хүлэмж бариад цаана нь эргэлтийн хөрөнгө үлдэх байсан. Гэтэл банк Чингис бонд төслийн зээлийг зохих ёсоор өгөөгүйгээс 20 000 м.кв бус 5040 м.кв хүлэмж босгосонтой холбоотойгоор, мөн банк нь нэмж эргэлтийн хөрөнгө 1 000 000 000 төгрөгийн зээл нэмж өгнө гээд өгөөгүйгээс компани зээлийн эргэн төлөлтийн зөрчилд орсон. Би зээл авахад иргэнээрээ батлан даалтын гэрээ байгуулж баталгаа гаргасан боловч зээлийг иргэнээрээ хариуцах үндэслэлгүй юм. Мөн уг зээлд зээлийн батлан даалтын сан, “Мандал Женерал даатгал” ХХК даатгал хийсэн. Тэднийг яагаад батлан даалт гаргасан байтал хариуцагчаар татаагүй атлаа намайг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна. Банк нь компанийг зээл төлөх боломжоор хангахын оронд шүүхэд нэхэмжлэл өгсөн нь үндэслэлгүй. Аливаа гэрээ хоёр талд ашиг тусаа өгөхийн төлөө байтал дан ганц банкны эрх ашгийн төлөө ажиллаж, бизнес эрхлэгчийг дарамтанд оруулж байгаад гомдолтой байна. Манай барьцаа хөрөнгө хангалттай байтал шууд гэрээ цуцалж, зээл төлүүлэхээр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Үүнд анх гаргаж байсан нэхэмжлэлээсээ хүү, алданги нэмэгддэг. Тэгсэн атал 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлдэг. Нэмэгдүүлсэн хүү нь ЗГ-3100003703 зээлийн гэрээний 13 556 324 гээд 1135 хоног хэтэрсэн, харин ЗГ-3100004315 тоот гэрээний нэмэгдүүлсэн хүү нь 10 618 531 төгрөг энэ нь 137 хоног хэтэрсэн гэж гарч байгаа юм. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан. Хугацааг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй, зөрүүтэй байна. Зээлийн нэмэгдүүлсэн хүү болон хоногийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК, Я.О, Я.Э нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1 213 852 357 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Гинд олгож, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.2-т зааснаар хариуцагч нар мөнгөн төлбөрийг сайн дураар үл биелүүлбэл хариуцагч Г.Огийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 30 айлын орон сууц 14 тоотод байршилтай, 24 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201006717 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц, хариуцагч “Түмэн сүйх” ХХК-ийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгон /18290/, Х-14 тоотод байршилтай, гүний худгийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2201031106 дугаарт бүртгэлтэй, 16 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ханан /18290/, Гудамжны Г-17 тоотод байршилтай, гаражийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2201031107 дугаарт бүртгэлтэй, 126 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 347-р гарамын урд байршилтай, мод үржүүлэг чацарганы зориулалттай, нэгж талбарын 18621330460718 дугаар бүхий, 100000 м.кв газар үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант /18290/, Жаргалант тосгон 15 тоотод байршилтай, албан конторын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2201030231 дугаарт бүртгэлтэй, 136 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 16 тоот, хүлэмжийн зориулалтай, улсын бүртгэлийн Ү-2201034522 дугаарт бүртгэлтэй, 5044,68 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 227 211 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 6 227 211 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3, 91, 92 дугаар зүйлийн 92.6, 115-118 дугаар зүйл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 157 дугаар зүйлийн 157.2.2-т заасныг тус тус зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх хариуцагч Я.Оийг хөдөө орон нутагт гадны байгууллагатай хамтран сургалт зохион байгуулахаар явсан шалтгаанаар, харин өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар тус тус шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон, талууд эвлэрэн хэлэлцэхээр уулзалт хийсэн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт явуулсан байхад тэдгээрийг байлцуулахгүйгээр хэргийг хэлэлцэж зохигчдын эвлэрэх боломж болон талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүйд гомдолтой. Хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны өмнөх өдөр Гны тусгай активын захирал н.Энхбаяртай уулзаж, зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарийг 2 жилийн хугацаагаар тохирч, төлөх зээл, хүүгийн хэмжээг дээрх хугацаанд хэрхэн хуваарилах талаар эвлэрэн хэлэлцэхээр тохирсон байсан. Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт хүргүүлсэн атал шүүхээр хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэнд гомдолтой.

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэх үед хариуцагчийн өмгөөлөгч Ю.Батболд дээрх шалтгаануудын талаар шүүхэд хэлсээр байхад шүүгч хэргийг хэлэлцүүлсэн. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч Ю.Батболд шүүгчээс татгалзсан байтал шүүгч өөрийн хуульд заасан эрх хэмжээг хэтрүүлэн тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн эрх хэмжээнд халдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91, 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Түүнчлэн, шүүх хариуцагчаар Г.Ог татсан атлаа түүний хуулийн хариуцлага хүлээх эсэх талаар ямар нэг эрх зүйн дүгнэлт хийгээгүй, холбогдох хэсгийг нь хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрт огт дурдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-118 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, эрх зүйн дүгнэлт өгөөгүй асуудлыг хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргах боломжгүйг анхаарна уу. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр дүгээр зүйлд зээлдэгч, зээлдүүлэгчийн харилцааг тусгасан. Зээлдэгч нь “Түмэн сүйх” ХХК байтал шүүх Я.Э, Я.О, Г.О гэсэн 3 иргэнийг хариуцагчаар татаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөрчиж Я.О, Я.Э нараас зээлийн төлбөр гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Т” ХХК, Я.Э, Я.О, Г.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1 213 852 357 төгрөг гаргуулж, батлан даалтын гэрээ болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хууль ёсны бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна. Тухайлбал уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж ажиллагаа явуулсан шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдсөн байх ба энэ тохиолдолд хэргийг тухайн шүүгчид хуваарилсан талаарх шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, шүүх хуралдаан даргалагчаар томилсон Ерөнхий шүүгчийн  захирамж авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1, 78.2 дах хэсэгт заасан журам зөрчигджээ.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 347 дугаар гарамын урд мод үржүүлэг, чацарганы зориулалттай 100 000 м.кв талбай, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоны 15 тоот албан конторын зориулалттай 136 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ЭХ-ний авто ММ бааз 30 айлын орон сууцны 14 тоот 24 м.кв 2 өрөө орон сууц зэрэгт зах зээлийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШЗ2017/15807 дугаар захирамжаар Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийг томилсон байна. /2хх232, 237/

 

Хэргийн баримтаас үзвэл шинжээчээр томилогдсон Хөрөнгө үнэлгээний төв ХХК 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 тоот албан бичгээр “үнэлгээ хийх боломжгүй” талаар мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч тал 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дээрх шинжээч томилсон шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 102/ШЗ2018/04778 дугаар захирамжаар “шинжилгээний байгууллага дээрх хариуг ирүүлсэн” гэх үндэслэлээр хангахаас татгалзжээ. /2хх243, 3хх4/ Өөрөөр хэлбэл шинжээч томилсон захирамжийг хүчингүй болгоогүй байгаа тохиолдолд уг захирамжийн биелэлтийг хэрэгжүүлээгүйг буруу гэж үзэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрх хангагдаагүй байна.

 

Үүнээс гадна шийдвэрийн тогтоох хэсэг болон шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй бичигджээ. Тодруулбал, шүүх хуралдааны тэмдэглэлд “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зээлийн гэрээний үүрэгт нийт 1 213 852 357.61 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан “Г”-д олгож” гэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хариуцагч “Т” ХХК, Я.О, Я.Э нараас нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1 213 852 357.61 төгрөгийг гаргуулах”-аар заасан нь аль хариуцагчид зээлийн гэрээний болон батлан даалт, барьцааны ямар үүрэг хамаарахыг ялган зааглах боломжгүй болжээ.

 

Түүнчлэн, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгчийн 102/ШЗ2018/12356 дугаар захирамж үйлдсэн байх боловч тус хуралдаан болсон эсэх талаар тэмдэглэл нь “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Дарханзулд холбогдох иргэний хэргийн 102/ШШ2017/02478 дугаар тэмдэглэлийг хавсаргасан, шүүгчийн 102/ШЗ2018/05202, 102/ШЗ2018/05204, 102/ШЗ2018/05384, 102/ШЗ2018/05575 дугаар захирамжууд шүүхийн тамгаар баталгаажаагүй, хариуцагч “Түмэн сүйх” ХХК-иас Я.От олгосон итгэмжлэлд “огноо” бичигдээгүйн улмаас хугацааг тоолох боломжгүй юм. Энэ нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3, 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй бөгөөд хариуцагч компанийн эрх бүхий этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, талуудын мэтгэлцэх зарчим бүрэн хангагдсан гэж үзэхгүйг дурдах нь зүйтэй. /2хх190, 176, 192, 3хх17,19,22,36/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулахтай холбоотой эрхийг хангагаагүй байхад давж заалдах шатны шүүх маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01935 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Түмэн сүйх” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 227 211 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА