| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 186/2020/0151/Э |
| Дугаар | 503 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 503
2020 4 23 2020/ДШМ/503
К.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Батбямба,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн эсэргүүцэлд үндэслэн К.Бд холбогдох .. дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн Кийн Б, 1984 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, эхийн хамт ... тоотод тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:.../;
К.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр ... байрлах гэртээ хамтран амьдрагч Г.Оыг “архи ууж, үглэлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, орноос түлхэж унагаан эрүүл мэндэд нь “баруун, зүүн чамархай, баруун, зүүн дээд зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овгийн Кийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч К.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн прокурорын газраас К.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгахаар хуульчилсан байтал гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаагүй шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан, бусад байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч К.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр ... байрлах гэртээ хамтран амьдрагч Г.Оыг “архи ууж, үглэлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, орноос түлхэж унагах, нүүр хэсэгт нь цохих зэргээр хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь “баруун, зүүн чамархай, баруун, зүүн дээд зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Оын “...Би том охинтой болчихоод чамтай суусандаа харамсаж байна гэхэд шууд “чамайг алаад өгье” гээд алгадаж эхэлсэн. Бараг 10 удаа алгадсан. Тэгээд би “нүүр рүү битгий алгадаад бай” гэхэд гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон. Бас хөлөөрөө миний нуруу, бөгс рүү өшиглөөд ээж Оюунтулгын гэрт унтаж амарсан. ...Гэртээ орох гээд зогсож байтал Б “ороод ир” гээд намайг татаад гэр рүү оруулсан. Миний гар утсыг булааж дахиад цохиж зодох гээд байхаар нь би цагдаа дуудсан. ...” гэх /хх 19-20/,
гэрч Г.Оюунтулгын “...Орой нь мэдээд асуутал Б зодсон гэсэн. Би Бд “чи өмнө нь бас зодож байсан, одоо болохгүй, чи дахиад шоронд явна шүү дээ” гэж хэлсэн. ...” гэх /хх 27-28/,
гэрч Г.Энхтуяагийн “...Оын гэрт уйлах чимээ сонсогдох шиг болохоор нь гэр рүү нь ороход зурагтын тавиурын урд талд газраар ор засчихсан Б хэвтсэн, О эгч хажуу талд нь сууж харагдсан. Хоорондоо зодолдсон, маргалдсан зүйл байгаагүй. ...Би үүрээр 04-05 цагийн үед бие засах гэж гарахад О эгч манай гэрт унтаж харагдсан. ...” гэх /хх 36-37/,
шүүгдэгч К.Бгийн “...Тэгээд Г.О миний хажуугаар хэвтээд үглээд байхаар нь би “чи ямар ядаргаатай үглэдэг юм бэ” гээд араас нь сэгсэрсэн юм. Сэгсэрч байхад Г.О зурагтын тавиурын доод ирмэгт толгойгоо цохисон. Тэгсэн Г.О “чи миний толгойг хагалчихлаа” гэхэд нь би толгойг нь хартал толгойных нь дух хэсэгт зулгарсан байсан. ...” гэх /хх 57-58/ мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “...Г.Оын биед баруун, зүүн чамархай, баруун зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн 1602 дугаартай дүгнэлт /хх 42-43/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч К.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч К.Бгийн хамтран амьдрагч Г.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, орноос түлхэж унагах, нүүр хэсэгт нь цохих зэргээр хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд тухайн зүйлд зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирчээ.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгч К.Бг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч С овгийн Кийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул прокурор Ц.Батбямбын эсэргүүцлийг хүлээн авч, зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан байна.
Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах шаардлагатай.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.
Хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч К.Бгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн түүний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоов.
Хэргийн 87 дахь талд авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст шүүгдэгчийн эцгийн нэрийг “Катий” гэж буруу бичсэн хэдий ч түүний нэр, регистрийн дугаарыг зөв бичиж шалгасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч С овгийн Кийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Бд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхийг үүрэг болгосугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц. ОЧ