Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0362

 

     2022         05            10                                  128/ШШ2022/0362    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэл гаргагч: Л.Ч***** /РД:**************/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Ч***** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 292 дугаар захирамжаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Залуус хорооллын баруун урд талд 162 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д "газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” хэлнэ гэж заасны дагуу миний бие 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг гэрчилгээг авсан. Үүний дараагаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/450 дугаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгуулж газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "...Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ..." гэж заасны дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ авч эзэмшиж байгаа. 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмших эрхийн хугацаа дуусахтай холбогдуулж Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд 37.1-д "...Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана..." гэж заасны дагуу хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөрийг төлсөн тухай баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт, холбогдох шаардлагатай бүх баримт бичгийг бүрдүүлж, маягт бөглөн хүсэлтээ хүргүүлсэн. Гэвч Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр огноолсон 02-06/7061 тоот албан бичгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй   болгох болсныг үүгээр мэдэгдэж байгаа тухайн албан бичгийг ирүүлсэн.  

Миний бие уг газрын эзэмших эрхийг авсан цагаас хойш иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний үүргийг бүрэн биелүүлж, газрын төлбөрийг тогтоосон хувь хэмжээгээр төлж, зориулалтын дагуу өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Газрыг эзэмших эрхийн зөрчлийг нэг ч удаа гаргаагүй, газрын төлбөрийн үлдэгдэлгүй болохыг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Г.О********** дарга Д.Х********** нартай тооцоо нийлсэн акт үйлдэж, төлбөрийн өр, үлдэгдэлгүй болохоо баталгаажуулж, газраа зориулалтын дагуу ашиглаж байна. Түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “...Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар зэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ..." гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газраар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгүүлсэн. Мөн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын орлогч дарга бөгөөд улсын ерөнхий шинжээч А.Ө********** батлуулсан. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар уг газарт Газрын тухай хууль, газар эзэмших эрхийн гэрээнд заасан зөрчлийг миний зүгээс гаргаагүй болно.

Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын алба хүлээн авсан атлаа Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т "...Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ...” гэж заасны дагуу газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан хугацаанд сунгаж өгөлгүй хагас жил болсон.  Тэр байтугай миний газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчин болгох болсон тухай 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр огноолсон мэдэгдлийг миний бие 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Нийслэлийн Засаг даргад 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан. Үүний хариуг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03-06/76 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй тухай хариуг ирүүлсэн.

Иймд миний эзэмшил газрын эрхийг сунгахгүй, гэрчилгээг хүчингүй болгох гэж улайрч байгаа үйлдэл нь хоцрогдсон, соёлт нийгэмд байж болохооргүй үйлдэл гаргаж байна. Иргэн хүн эзэмшил газраа эрхийн дагуу авч, эрхийнхээ дагуу эзэмшиж, зориулалтын дагуу ашиглаж, төлбөр, хураамжийг хуульд заасны дагуу төлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гаргуулж, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгүүлж хуульд заасан үүргээ биелүүлсээр байтал хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэх биш гэрчилгээг чинь хүчингүй болгоно гээд хээв нэг тайлбарлаж, хэлж, хясан боогдуулж байна. Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнхээ хүрээнд чиг үүргийнхээ дагуу газар эзэмших эрхийн маань гэрчилгээг сунгуулах тухай хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг гэрчилгээг сунгасан захирамжийг хуульд гаргахгүй байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна.

Миний бие уг газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж хөгжлийн бэрхшээлтэй өрхөд үнэ төлбөргүйгээр ашиглуулж, нэг ч гэсэн Улаанбаатар хотын иргэн, түүний өрхийн орлогыг залгуулан амжиргааг дэмжиж ажиллаж байна. Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхийг даалгаж өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгч хэрэг хянан шйдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчийн зүгээс газар эзэмших эрхийг хугацаа сунгаж өгөхгүй байгаатай холбогдуулж холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй,  1 хуудас хариу тайлбар өгснөөс  өөрөөр баримт өгөөгүй байсан. 2022 оны 5 дугаар 04-ний өдөр болсон шүүх хуралдаан дээр Мэргэжлийн зөвлөлийн хурлын төлөвлөгөө  гэх хүснэгтийг авчирсан бөгөөд үүнд миний газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг эс зөвшөөрсөн гэх  утгыг илэрхийлсэн хурлын тэмдэглэл гэж тодорхойлсон хууль бус баримтыг ирүүлсэн байна. Уг баримтаас харвал хууль бусаар, ямар ч үндэслэлгүйгээр миний газар эмших эрхийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг мэргэжлийн зөвлөл гэх хүмүүс гаргасан болох нь харагдаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т "захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж гаргаж байна. “Л миний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Л.Ч***** зүгээс Нийслэлийн засаг даргын 2011 оны 292 дугаартай захирамжаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Залуус хорооллын баруун урд талд 162 м.кв үйлчилгээний зориулалттайгаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдаас шилжүүлж авсан. Энэ газар эзэмших эрхийн гэрчилгээ нь анх 5 жилийн хугацаатайгаар олгогдсон. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр А/450 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар сунгасан. Иргэн Л.Ч***** нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшинэ” гэж заасны дагуу өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа.

2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмших эрхийн хугацаа дуусахтай холбоотойгоор, мөн Э.Э********** дугаарыг шинэчилсэн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 05 дугаар саруудад Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүсэлтүүд гаргасан. Эдгээр хүсэлтүүдийг өнөөдрийг хүртэлх хугацаанд шийдвэрлэж өгөхгүй байсан учир аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанд тус бүр гомдол, хүсэлт гаргасан. Энэ хүсэлтүүдийн хариуг сүүлд бичгээр өгсөн. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа.

Газрын тухай хуульд зааснаар 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзаж байгаа талаар албан бичиг ирүүлсэн.

Газрын тухай хууль болон газар эзэмших эрхийн гэрчилгээнд газар эзэмшигчийн үүргийг тусгасан байдаг. Үүнд газар эзэмшигч нь тухайн газрын төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй гэж заасан. Энэхүү үүргээ иргэн Л.Ч***** нь биелүүлсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэний тооцоо нийлсэн актаар нотлогддог. Өөрөөр хэлбэл 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар газар эзэмших эрхийн хугацааг дуусах хугацаанаас өмнө тооцоо нийлсэн байдаг. Тооцоо нийлсэн актын дагуу 2009 оноос буюу газар эзэмших эрх үүссэнээс хойш газрын төлбөрийг цаг тухайн үед нь төлж төлбөрийн үлдэгдэлгүй явсаар ирсэн. Газрын төлбөрийн болон гэрээг зөрчсөн эсхүл газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх асуудал байхгүй. Бид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалт оруулаад явж байгаа. Энэ газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан фото зургуудаар харагдаж байгаа. Бид зогсоолын зориулалтаар энэ газрыг ашигладаг. Газрын тухай хуульд зааснаар зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй бол хууль бус. Биднийг газрын тухай хуулийн өөр ямар зүйл заалтыг зөрчсөн талаар хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгөөгүй.

Захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий  хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой. Бид энэ газар эзэмших эрхийг авснаас хойш төлбөрийг тухай бүр төлж байхад газар эзэмших эрхийг сунгахгүй гэж хуульд заасан эрхийг минь эдлүүлэхгүй байна. Энэ газрыг зориулалтын бусаар ашигласан зүйл огт байхгүй. Газрын эргэн тойрныг харуулсан фото зургийг ч бид гаргаж өгсөн. Газрын ойролцоо үйлчилгээний төв, орон сууц ихтэй. Энийг ямар бүс гэж үзээд байгаа нь ойлгомжгүй Мэргэжлийн зөвлөгөөний хурал болсон.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр нь хууль бус тул газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгаж өгнө үү.” гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Л.Ч***** нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай" захирамжаар иргэн Л.Ц***** нэр шилжүүлж, 162 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшихээр авсан ба нийслэлийн Засаг даргын 2016 оны 450 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна. Нэхэмжлэлийн шаардлагад нийслэлийн Засаг даргыг "эс үйлдэхүй" гаргасан гэх боловч Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт "эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэх ба Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03-06778, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн -06/7061, 2021 оны 09 дүгээр 30-ны өдрийн 03-06/8123 дугаар албан бичгүүдийг тус тус иргэн Л.Ч***** хүргүүлсэн байх тул "эс үйлдэхүй" гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд захиргааны байгууллагын зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч "Мэргэжлийн зөвлөлийн хурал"-аар (одоогийн газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл) хэлэлцүүлэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу хэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.  Нэхэмжлэгч Л.Ч***** нь маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 292 дугаартай захирамжаар н.А*********** эрх шилжүүлж авсан. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2016 оны 450 дугаартай захирамжаар газар эзэмших гэрчилгээний хугацааг 5 жилийн хугацаагаар үйлчилгээний зориулалтаар ашиглахаар сунгасан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж маргаж байгаа боловч Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тухайн иргэн хуулийн этгээд нь өргөдөл, гомдол гаргасан боловч түүнд ямар нэгэн байдлаар албан ёсны хариу өгөхгүй байхыг эс үйлдэхүй гэж тодорхой заасан. Бодит байдал дээр Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь Л.Ч*****  хүсэлтийг хүлээн авч тухайн хүсэлтийг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хугацааг сунгах боломжгүй талаар албан ёсны шийдвэр гаргасан. Учир нь уг газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй байна гэж үзсэн. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь 2011 оноос эхэлж өдийг хүртэлх хугацаанд газар дээр ямар нэгэн баригдсан зүйл байхгүй учир Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн байна гэж үзээд “хугацааг сунгах боломжгүй” бөгөөд газар эзэмших эрхийг хүчингүй болгох мэдэгдлийг нэхэмжлэгч талд хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ч***** нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлээгүй, газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа” гэсэн үндэслэл зааж маргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаанд хамаарах Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Залуус хорооллын баруун урд талд байрлах газрын эзэмших эрх анх Нийслэлийн Засаг даргын 2000 оны 541 дүгээр захирамжаар иргэн Ц.С************ үүсч, 2009 оны 671 дүгээр захирамжаар газрын хэмжээ, байршил өөрчлөгдөн 162 м.кв хэмжээгээр авто сэлбэгийн дэлгүүрийн зориулалтаар Ц 5 жилээр эзэмшүүлсэн, улмаар тухайн газарт байрлах 147 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-220101**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авснаар 2011 оны 292 дугаар захирамжаар Л.Ч***** газар эзэмших эрхийг шилжүүлж, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/450 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгасан байна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан захирамжийг үндэслэж 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дуусахаар байх бөгөөд нэхэмжлэгч Л.Ч***** нь 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан, хугацаа сунгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцээд “газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлээр хугацаа сунгахыг эс зөвшөөрсөн шийдвэр гаргасан, улмаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 03-06/6123 тоот албан бичгээр “ийнхүү Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хугацаа сунгахыг эс зөвшөөрсөн шийдвэр гарсан талаар, уг шийдвэрийн үндэслэлийн талаар, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэнтэй холбоотой тайлбар санал ирүүлэх боломжит хугацаа тогтоосон” мэдэгдэл газар эзэмшигч иргэнд хүргүүлэхээр гаргасан, дахин 2021 оны 11 дүгээр сарын 16-нд 02-06/7061 тоот албан бичгээр “газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэнийг мөн мэдэгдсэн”, уг бичигтээ өмнөх 9 дүгээр сарын 30-ны өдрийн 03-06/6123 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлснийг дурдсан байдаг.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02-06/7061 тоот албан бичгийг хүлээн авч улмаар “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргад холбогдуулан тодорхойлжээ.  

Л.Ч***** нь мэдээллийн санд ************ дугаарт бүртгэгдсэн 162 м.кв уг газар дээрх дэлгүүрийн барилгыг буулгаж, тухайн газар дээр үйлчилгээтэй орон сууцны 5 давхар барилга барихаар 2013 оны 6 дугаар сарын 21-нд 234/2013 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл авч, 2016 онд барилгын эскиз зургийг батлуулж, 2017, 2018 онд холбоо, дулаан, цэвэр ус, цахилгааны холболт хийх техникийн нөхцөл авсан хэдий ч тухайн газарт үйлчилгээний зориулалттай барилга баригдаагүй, одоогоор автозогсоолын зориулалтаар төмөр хашаагаар хашаалан ашиглаж буй нь нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчээс ирүүлсэн агаарын болон фото зургаар тогтоогдож байна.

Маргаанд хамаарах газар дээрх дэлгүүрийн барилгыг буулгаснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь тухайн үедээ дуусгавар болсон гэж үзэх бөгөөд, иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч, төрийн өмчийн газрыг эрх бүхий этгээд болох холбогдох Засаг даргын шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд хугацаа, зориулалт, болзолтойгоор эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлдэг, хамгийн сүүлд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/450 дугаар захирамжаар тухайн газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх олгогдсон байх бөгөөд, энэ зориулалтаар эзэмшиж ашиглахаар газар эзэмшигч нь 2013 онд үйлчилгээтэй орон сууцны барилгын зөвшөөрөл авч, холбогдох зургийг батлуулан, техникийн нөхцлүүдийг авч байсан, энэ зориулалтаар 2021 оныг хүртэл хугацаанд ашиглаагүй болох нь ийнхүү тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал нь зориулалтын дагуу ашиглаагүй энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж маргаагүй бөгөөд автозогсоолын зориулалтаар ашиглаж буйгаа гэрээнд заасан үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа хэмээн тайлбарласныг хүлээн авах боломжгүй тул захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох “гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй” үндэслэл бүрдсэн буюу “эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажиллаагүй” гэж үзсэн нь үндэслэлтэй, хугацаа сунгуулах хүсэлтийг эс зөвшөөрсөн хариуцагчийн шийдвэрийн энэ үндэслэл Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргана” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.   

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн аваад 15 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан ч 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хугацаа сунгуулах хүсэлтийг Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар буюу хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлж хэлэлцэж шийдвэрлэсэн нь “хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх, хугацаа сунгахыг даалгах” шаардлагыг хангах үндэслэл болохгүй. Учир нь   Нийслэлийн Засаг дарга уг асуудлыг шууд шийдвэрлэхгүй, газрын асуудлыг хариуцсан агентлаг, тэр дундаа газар эзэмшүүлэх, ашиглуулах, хугацаа сунгах, газрын зориулалт, байршил, хэмжээ өөрчлөх асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл хуралдаанаараа хэлэлцэж “эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянах, хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэх”-ээр байх тул шийдвэрлэлтийн хугацаа хэтрүүлснийг захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь хууль бус гэж үзэх, хугацаа сунгахыг даалгах үндэслэл болгох боломжгүй. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ харгалзах хуулиар тогтоосон нөхцөл нь “эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэх” байх тул энэ нөхцөлийг үндэслэл болгосон захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайн асуудлыг шийдвэрлэх хугацаагаар хязгаарлан үгүйсгэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй гэж тайлбарлах ч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлсөн, гэрээгээр хүлээсэн бусад үүргээ зөрчөөгүй нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан  “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах” зарчмыг, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэсэн заалтыг захиргааны байгууллага хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.    

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2020 оны 11, 12 дугаар сард газрын шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхээр хандахдаа газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар хүсэлтээ гаргасан гэж тайлбарлах ч энэ үед ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусаагүй буюу хугацаа сунгуулах хүсэлт гаргах хуулиар тогтоосон хугацаа болоогүй байсан, нөгөөтэйгүүр хугацаа сунгуулахаар энэ үед хүсэлт гаргасан нь захиргааны байгууллагад бүртгэгдээгүй буюу хугацаа сунгуулахаар хүсэлт гаргасан нь тогтоогдохгүй байна. Харин газрын шинэчилсэн бүртгэлд хамрагдахаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, холбогдох баримтаа өгсөн байхыг үгүйсгэхгүй, энэ нь энэ маргааныг шийдвэрлэхэд  хамааралгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын, хариуцагчийн татгалзлын үндэслэл болоогүй юм.

Нийслэлийн газар зохион байгуулалтын алба 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 03-06/6123 тоот мэдэгдэл хүргүүлсэн албан бичгийг шуудангийн байгууллагаар хүргүүлсэн гэх боловч 10 дугаар сарын 04-нд шуудангийн байгууллагын ажилтанд хүлээлгэн өгснөөр тус албаны явуулсан баримт бичгийн бүртгэлд бүртгэгдсэн уг албан бичгийг 10 дугаар сарын 01-нд буюу шууданд өгснөөс өмнөх хугацаагаар, газар эзэмшигчийн хувийн хэрэгт авагдаагүй “Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Т************ хотхон 715-803 тоот” гэсэн хаягаар Л.Ч***** хүргэсэн гэх Монгол шуудан ХК-ийн бүртгэлээр хүргүүлсэн гэж үзэхээргүй байна. Гэсэн хэдий ч газар эзэмшигч нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02-06/7061 тоот албан бичгээр дахин хүргүүлсэн мэдэгдлийг гардаж аваад мэдэгдэлд заасан “гэрчилгээг хүчингүй болгох” үр дагавар үүсэхээс өмнө хугацаа сунгуулах асуудлаар шүүхэд маргах эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэл гаргасан байна. Газар эзэмшигч Л.Ч***** нь захиргааны байгууллагатай хамгийн сүүлд 2016 онд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд заасан “Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, АОС 2 тоот” хаягтаа байгаагүй бөгөөд газар эзэмшигчийн хаяг өөрчлөгдсөн талаар захиргааны байгууллагад мэдэгдээгүйд хариуцагчийг буруутгахгүй.

Ийнхүү Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаагүй” буюу мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох “гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй” нөхцөл бүрдсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн захиргааны байгууллагын шийдвэр үндэслэлтэй байх тул “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ч***** Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА