Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2026/0625

 

Б.Х-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч, А.Э

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 664 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч, А.Э

Хариуцагч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2026/0178/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч Б.Х-аас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Д.О-т холбогдуулан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0103757 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 664 дүгээр шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12-д заасныг тус тус баримтлан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Д.О-ийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0103757 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

            “...3.1. Хариуцагч “Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Д.О нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын тогтоох хэсэгт нэхэмжлэгчийг “...Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх үйлдэл /эс үйлдэхүй/-д зөрчлийн хэрэг нээж, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5-т “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан байдаг.

            Гэтэл нэхэмжлэгч нь улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Монгол Улсад “И” ХХК-ийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болох Е брэндийн бүтээгдэхүүн /судас тэлэгч/ болон S-6 /уураг/ гэсэн бүтээгдэхүүний зарыг байршуулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь улсын бүртгэлд бүртгэгдсэн 2 эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зарыг оруулж худалдсан байхад бүртгэлгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдсан гэж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм.

            Мөн хариуцагчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Үзлэг хийсэн тухай” тэмдэглэлд “...Монгол Улсад бүртгэлтэй эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний цахим лавлах /www.druginfo.mn/-ын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хэсгээс худалдааны нэр болон үйлдвэрлэгчийг тулган шалгахад Е брэндийн бүтээгдэхүүн болон S-6 гэсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг Монголд “И” ХХК бүртгүүлсэн…” гэж тэмдэглэлдээ тусгасан, мөн тухайн 2 бүтээгдэхүүн нь бүртгэгдсэн талаар эрх бүхий байгууллагын албан бичиг хэрэгт авагдсан байдаг. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дахь талын 3.5-т “Тодруулбал, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээд худалдан борлуулах эрхтэй, харин бүртгэгдээгүй болон бүртгүүлэх шаардлагагүй буюу хувийн хэрэгцээндээ зориулан гадаад улсаас оруулж ирсэн бүтээгдэхүүнийг худалдахыг хориглохоор хуульчилжээ” гэжээ.

            Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч нь улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Монгол Улсад “И” ХХК-ийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болох Е брэндийн /судас тэлэгч/ болон S-6 /уураг/ гэсэн бүтээгдэхүүний зарыг байршуулсан байтал хариуцагч шийтгэлийн хуудсыг оногдуулахдаа бүртгэлгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдсан гэж шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байх тул тус шийтгэлийн хуудас үндэслэлгүй байхад шүүх үүнийг хүчингүй болгоогүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            3.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ”, мөн зүйлийн 7-д “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно” гэж тус тус заасны дагуу хариуцагч “Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Д.О-ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Үзлэг хийсэн тэмдэглэл”, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Үзлэг хийсэн тэмдэглэл”-д нэхэмжлэгч Б.Х оролцоогүй, гарын үсэг зураагүй, мөн Б.Х байгаа тохиолдолд хөндлөнгийн гэрч оролцуулж хийх байтал оролцуулалгүй хийсэн. Энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэл болох юм.

            Түүнчлэн хэрэгт авагдсан хариуцагч “Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Д.О-ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Үзлэг хийсэн тэмдэглэл”, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Үзлэг хийсэн тэмдэглэл”-д нэхэмжлэгч Б.Х оролцоогүй, гарын үсэг зураагүй, мөн Б.Х байхгүй байгаа тохиолдолд хөндлөнгийн гэрч оролцуулж хийх байтал хөндлөнгийн гэрч оролцуулалгүй хийсэн. Гэтэл анхан шатны шүүх дээрх үзлэгүүдийг Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ”, мөн зүйлийн 7-д “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно” гэж тус тус заасантай нийцсэн эсэхийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй байх бөгөөд энэхүү үйлдэл нь шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэхэд нөлөөлсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Мөн шүүхийн мэтгэлцээний явцад үзлэгт Б.Х оролцоогүй талаар талууд маргаагүй байхад шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлүүдэд Б.Х зурсан баталгаажуулсан гэх дүгнэлт үндэслэлгүй.

            Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна”, тус зүйлийн 2-т “Мэдүүлгийг тухайн хүнийг эрх бүхий байгууллагад ирүүлэн, эсхүл тухайн хүний байгаа газарт авч болно” гэж тус тус заасан ч хариуцагчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” тэмдэглэлд нэхэмжлэгч Б.Х мэдүүлгийг өөрийн биеэр очиж өгөөгүй, түүнээс мэдүүлэг аваагүй бөгөөд нэхэмжлэгчийг өөрийг нь байхгүй байхад мэдүүлэг авсан тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулаагүй үйлдэл нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэл болно.

            Мөн тус зүйлийн 3-т “Холбогдогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах талаар мэдэгдэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчид үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлын талаар тайлбарласан тухай баримт үйлдээгүй байх бөгөөд хэрэгт тус баримт хавсаргагдаагүй байгаагаас үзэхэд нэхэмжлэгч Б.Х өөрийн биеэр очиж мэдүүлэг өгөөгүй, мэдүүлэг өгөхөөс татгалзсан, гарын үсэг зуруулаагүй, мэдүүлэг өгөх эрх, үүргийг танилцуулаагүй гэдэг нь нотлогдож байна. Тодруулбал, хариуцагчийн дээрх үйлдлүүд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэл болох юм. Өөрөөр хэлбэл утсаар ярьсан гэх үнэн зөв эсэх нь эргэлзээтэй зүйлийг мэдүүлэг гэх текстэд бичсэн атлаа түүнийг нотлох баримтаар үнэлүүлсэн нь үндэслэлгүй, үүнийг шүүх зөвтгөж дахин боломж олгож болохгүй.

            3.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 10 дахь талын 3.13-т “...зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд оролцогч нь хангаж, шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн дүүрэн гүйцэтгэх зорилгоор хариуцагчаас гомдол гаргагчид хэрэг нээсэн тухай мэдэгдэж, шаардлагатай ажиллагаануудыг хийсэн байхад гомдол гаргагч нь оролцоогүй, зайлсхийсэн атлаа зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны журмыг зөрчсөн гэснийг хүлээн авах, уг үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй” гэжээ.

            Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Х-аас 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өөрийг нь байлцуулж өөрөөс нь мэдүүлэг аваагүй бөгөөд тус мэдүүлгийн тэмдэглэлээс үзэхэд “танилцсан холбогдогч” гэсэн хэсэгт нэхэмжлэгч гарын үсэг зураагүй ба дараа нь акт гарах үед зуруулсан. Мөн хариуцагчийн бүртгэлтэй хаягаар огт мэдэгдэх хуудас ирүүлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар дуудаагүй атлаа ийнхүү баримтад тулгуурлахгүйгээр дүгнэж болохгүй.

            Гэтэл анхан шатны шүүх гомдол гаргагч нь оролцоогүй, зайлсхийсэн гэсэн ямар ч баримт хэрэгт авагдаагүй байтал зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны журмыг зөрчсөн гэснийг хүлээн авах, уг үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй гэж гомдлын шаардлагыг хүлээн аваагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасанд нийцээгүй.

            Тодруулбал, нэхэмжлэгч Б.Х мэдүүлгийг өөрийн биеэр очиж өгөөгүй, түүнээс мэдүүлэг аваагүй, түүнийг дахин дуудаагүй, мэдэгдэх хуудас бүртгэлтэй хаягаар ирүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгч зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, зайлсхийсэн гэсэн баримт байхгүй мөн нэхэмжлэгчийг өөрийг нь байхгүй байхад санаагаараа зохион бичиж мэдүүлэг авсан тэмдэглэл үйлдэж, тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй үйлдэл мөн мэдүүлэг өгөх эрх, үүрэг танилцуулаагүй зэрэг үйлдэл нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй гэдгийг нотолж байна.

            Хавтаст хэргийн 48 дахь талд авагдсан холбогдогчоос 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлэг авсан тухай тэмдэглэл гэх тэмдэглэл нь Б.Х нь тус мэдүүлгийг өгөөгүй, энэ нь мэдүүлэг өгөхөөс татгалзаад гараад явсан гэж дурдсан атлаа доор нь “өөрөө хэрэглэдэг, Солонгосоос каргогоор авчирч зардаг” гэх мэт мэдүүлэг өгсөн мэтээр зохиож бичиж дараа нь шийтгэлийн хуудас гаргуулахдаа үүн дээр заавал танилцсан гэж зур хэмээн шаардаж зуруулсан дур зоргын шинжтэй үйлдлийг шүүх зөвтгөх боломж олгож байгаа нь зүйд нийцэхгүй.

            Мөн хэрэгт авагдсан хариуцагчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй гэдэг нь илэрхий байтал анхан шатны шүүх тус баримтыг үнэн, зөв эсэх, хуульд заасан үндэслэл, журамд нийцсэн эсэхийг үнэлэлгүй шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

            Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41.12-т “Энэ хуулийн 41.6-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээд борлуулж болно” гэж заасан. Улмаар хуулийн 41.3-т “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулсан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бүртгүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, иргэн аливаа нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгүүлэх боломжгүй, иргэн хүний хувьд бүртгүүлэх үүргийг хүлээгээгүй юм. Яг үүнтэй ижил маргаан Захиргааны давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 420 дугаартай магадлалаар шийдвэрлэгдсэн бөгөөд тус магадлалын 6 дугаар хуудасны 11 дүгээр хэсэгт “Бүртгэгдсэн бүтээгдэхүүнийг иргэн хүний хувьд бүртгүүлэх үүргийг хүлээгээгүй байна” гэж дүгнэсэн байдгаас хууль хэрэглээ, шүүхийн практикийг харж болно гэж үзэж байна.

            Үүнээс гадна Эрүүл мэндийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/206 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх журам” батлагдсан бөгөөд Б.Х-ын түүнээс өмнө худалдсан 8 гүйлгээ нь журмын үйлчлэлд хамаарахгүй гэж үзэхээр байна.

            Мөн иргэдийн төлөөлөгч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

            Иймд шийтгэлийн хуудас оногдуулах үндэслэл тогтоогдохгүй, зөрчил үйлдсэн талаар хангалттай нотлох баримт байхгүй, нотлогдоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлээгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 664 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.1. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Д.О 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0103757 дугаар шийтгэлийн хуудсаар Б.Х-ыг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй худалдсан гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, хууль бусаар олсон орлого 3 037 000 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.

2.2. Гомдол гаргагч Б.Х-аас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргасан бөгөөд гомдлын шаардлагын үндэслэлээ “...Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулсан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд бүртгүүлнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдээс өөр иргэн үүнийг бүртгүүлэх хууль зүйн хувьд боломжгүй, мөн хуулийн 41.12-д энэ хуулийн дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээд борлуулж болно гэж заасан байдаг, ... Монгол Улсад худалдаалагдаж болно гэдэг байдлаар бүртгэлд бүртгэгдсэн бол үүнийг иргэн худалдан борлуулж болно гэх агуулгатай, ... энэ хүрээндээ тухайн хоёр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан, ... хариуцагч зөрчил шалган ажиллагаа явуулахдаа Б.Х-т ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдэлгүйгээр хэд хэдэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг явуулсан, ... үзлэгт Б.Х өөрөө оролцоогүй, хөндлөнгийн гэрчийг байлцуулаагүй, ... Б.Х-т ямар нэгэн эрх, үүрэг танилцаагүй, ...нэгэнт бүртгүүлсэн бүтээгдэхүүнийг дахиж бүртгүүлэх агуулгатай зохицуулалт хууль тогтоомжид байхгүй... ” гэж тайлбарлан маргасан байна.

2.3. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хүсэлт, баримт бичиг, түүнд хийсэн шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн уг бүтээгдэхүүнийг бүртгэнэ”, 41.3-д “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулсан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бүртгүүлнэ”, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5-д “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.

2.4. Хавтаст хэрэгт авагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/917 дугаар албан бичгээс үзэхэд Америкийн Нэгдсэн Улсын E үйлдвэрлэгчийн “Е” нэртэй бүтээгдэхүүн, Америкийн Нэгдсэн Улсын G үйлдвэрлэгчийн “S-6” бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд “И” ХХК бүртгүүлж, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээ авсан болох нь тогтоогдож байх бөгөөд “И” ХХК-иас анх Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт “...хувь хүн, фитнесс клубууд, тэдгээрийн багш, хичээллэгч нар хууль бусаар ямар ч татвар хураамж төлөлгүй улсын хил нэвтрүүлэх, худалдан борлуулах үйл ажиллагааг фэйсбүүк, инстаграм зэрэг сошиал хэрэгслээр болон фитнесс клубууд дээр явуулж байна. Иймд байгууллага, иргэдийн энэхүү хууль бус үйл ажиллагааг хуулийн дагуу шалгаж, таслан зогсоож өгнө үү” гэх өргөдөл гаргасан байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11а-1/9212 дугаар албан бичгээр нэр бүхий иргэдийн үйлдэл нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41.8 дахь хэсгийг зөрчиж байгаа талаарх мэдээллийг Эм, эмнэлийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хүргүүлсний дотор гомдол гаргагч Б.Х багтжээ.

2.5. Гомдол гаргагч Б.Х-ын тухайд 10 нэр төрлийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээр “Уураг худалдаа болон Уураг витамин, фитнэсс хэрэгсэл худалдаа” гэх цахим хаягаар худалдсан гэх зөрчилд холбогдсон бөгөөд дээрх 10 нэр төрлийн бүтээгдэхүүнээс Е брэндийн /судас тэлэгч/ болон S-6 /уураг/ гэсэн бүтээгдэхүүнийд нь Монгол Улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэлтэй гэж маргадаг бол бусад 8 бүтээгдэхүүнийг бүртгэлгүй гэдэгтэй маргаагүй.

2.6. Хэдийгээр Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10-д “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг үйлдвэрлэсэн, импортолсон, ханган нийлүүлсэн, худалдсан хүн, хуулийн этгээд хариуцна”, 41.12-т “Энэ хуулийн 41.6-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээд борлуулж болно” гэж зохицуулсан нь Монгол Улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдсэн бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээдийн хэн аль нь борлуулж болно гэж ойлгогдохоор байгаа ч энэ нь нөхцөлгүй борлуулах эрх биш юм. Өөрөөр хэлбэл борлуулагч нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал болон худалдахтай холбоотой бусад хууль, шаардлагыг зөрчихгүй байх үүрэгтэй юм.

2.7. Гэтэл Б.Х-ын тухайд тухайн худалдан борлуулсан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулсан аливаа хуулийн этгээдээс худалдан авч борлуулсан гэх нөхцөл байдал нь баримтаар тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд түүнийг хувийн хэрэглээний зориулалтаар авсан бүтээгдэхүүнээ худалдан борлуулсан буюу Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8-д “Энэ хуулийн 41.7-д заасан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэхээр байна.

2.8. Гэтэл анхан шатны шүүх “...3,037,000 төгрөгийн гүйлгээ тус бүр нь ямар бүтээгдэхүүн, хэчнээнийг худалдсан болох, гомдол гаргагчийн маргаж буй бүртгэлтэй 2 бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан эсэх, эсхүл хариуцагчийн бүртгэлгүй гэх 10 бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан эсэх, худалдан борлуулсан бүтээгдэхүүн нь хуулиар хориглосон дүрэм, стандартыг зөрчсөн эсэх зэрэг зөрчил гарсан байдлыг тогтоох, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдох бүхий нөхцөл, баримтуудыг тодруулах шаардлагатай, ... зөрчлийн нөхцөл байдлыг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн...” гэх дүгнэлтийг хийж маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

2.9. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаар гомдол гаргагч Б.Х нь Уураг худалдаа /Uurag hudaldaa/, Уураг, витамин, фитнэсс хэрэгсэл худалдаа зэрэг фэйсбүүк пэйж хуудсуудаар эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдан борлуулахаар зар тавьсан, улмаар худалдан борлуулсан болох нь дансны хуулгаар тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ийнхүү шийтгэл ногдуулсан нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн 1.1.Энэ хуулийн зорилт нь эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, хадгалах, түгээх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эдгээрт хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасанд нийцсэн байна.

2.10. Нөгөөтээгүүр, хариуцагчийн хувьд Б.Х-аас мэдүүлэг авах, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцуулахаар удаа дараа дуудах хуудас явуулсан, харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудсан буюу Б.Х-ын 99****** дугаарт удаа дараа холбогдсон дуудсан, түүнчлэн улсын бүртгэлийн байгууллагаас түүний оршин суугаа газрын мэдээллийг тодруулж, хаягаар нь дуудах хуудас хүргүүлсэн боловч тухайн хаяг нь олдоогүй болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 664 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7.4, 41.8-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Б.Х-аас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Д.О-т холбогдуулан гаргасан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0103757 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасаж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчилж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч, А.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

              ШҮҮГЧ                                                       Ц.САЙХАНТУЯА

 

 

              ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН