Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/003

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,        

Улсын яллагч В.Дэлгэрмаа, 

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,  

Иргэдийн төлөөлөгч Ч.Даариймаа,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар О.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000239 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 07 сарын 21-ний өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхэн хавцгай 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн гадна хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн нүдний сохрол гэмтэл үүсгэж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2016 оны 7 дугаар cap 21-ний орой Шинэжинст сумын төвд соёлын төвийн үүдэнд бүжгэнд орох гээд явж байгаад *******тай таарсан. Би *******ыг чи яагаад Дулам-Ёндонг дээрэлхээд байсан юм гэсэн чинь өмнөөс чи тэгээд яах юм гээд алхаад ирэхээр нь би ухраад алхаж байгаад өмнөөс тулаад ирэхээр нь *******ын цээж рүү нь түлхсэн чинь бид хоёрын дундуур найз нь гэх залуу орж ирээд боль гэсэн чинь ******* баруун гараараа миний зүүн талын цохиод авахаар нь холдоод цаашаа болоод байж байсан чинь тэр дундуур орж ирээд байсан найз нь та хоёр ийшээ гараад учраа ололц гэхээр нь цаашаа гараад байшингийн араар ороод *******тай юм яриад байж байсан ахиад ******* миний эрүү рүү мөргөсөн. Тэгэхээр нь би *******ын хоёр мөрөн дээрээс нь барьж байгаад эргүүлээд хавираад унагаасан. Тэгээд салцгаагаад явсан чинь миний нүднээс цус гарсан байсан ба давхар зовхины дээр бага зэрэг язарсан байхаар нь түүнээсээ цус гарч байна гээд яваад хариад маргааш нь гэртээ байсан чинь энэ цохиулсан нүд юм харахаа байгаад тороод өвдөөд болохгүй байхаар нь ээж аавдаа хэлсэн чинь дагуулж явж сумынхаа эмнэлэгт үзүүлсэн чинь гэмтсэн байна, хараагүй болж байгаа юм байна, торлог нь хуурсан байна, хурдан явж хотод очиж хагалгаанд орохгүй бол болохгүй гээд хотод очиж хагалгаанд орсон. Би энэ хэрэг болохын урд өдөр Дулам-Ёндон гэх найзтайгаа уулзсан чинь энэ *******ыг найзуудтайгаа ирээд дээрэлхээд байсан гэхээр нь маргааш нь би энэ соёлын төвийн үүдэнд таараад яагаад дээрэлхээд байгаа юм бэ гэсэн чинь чи юу гэнээ чи тэгээд яах гэсэн юм гээд миний нүдрүү цохисон юм. *******ыг бол би өмнө нь харж байсан. Гэхдээ танил найзууд бол биш байсан юм. Миний зүүн нүд гэмтэж харахгүй байгаа. Гэхдээ одоо ахиад хотод очиж нүдэнд хийсэн тосыг нь солиулахаар гайгүй болж магадгүй гэсэн. Сая хагалгаанд ороход нүдний цөцгий байдаг газар нь тусгай тос хийчихсэн бололтой юм яриад байгаа юм. Тэгээд ахиад хэд хоноод хагалгаанд орохоор тосоо аваад цэвэрлээд гайгүй болох байх гээд байгаа юм. Одоо бол биеийн байдал гайгүй болсон. Надаас гарсан зардал мөнгийг гаргаад өгчихвөл гомдол санал юу байхав. Миний нүд рүү *******аас өөр хүн цохиогүй. Би *******тай зодоо хийснийхээ шөнө нь суман дээр хоноод маргааш нь орой хөдөө гэртээ харьсан чинь миний нүд тороод бүрсийгээд яваад байсан. Гэртээ харьсаныхаа 2 хоногийн дараа буюу 2016 оны 07 сарын 25-ны өдөр толгойгоо угаасан чинь нүд улам тороод бүрсийгээд байснаа орой нь байх харахгүй болчихсон. Тэгээд маргааш нь 2016 оны 07 сарын 26-ны өдөр сумын эмнэлэгт үзүүлэх гээд очсон чинь эмч нь энд үзэх боломжгүй үзэхгүй аймаг явж нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн учир аймагт ирж Цэрэндаваа эмчид үзүүлсэн чинь нүдний торлогын хууралтай байна, хот яв гээд тэр өдрөө оройны автобусаар хотруу явж Инфинити нүдний эмнэлэгт торлогын хагалгаанд орсон. Миний нүдэнд бол хавдсан зүйл байгаагүй. Дээд зовхинд халцарчихсан хараа нь бүрэлзээд байсан юм. Миний хувьд 4 сая шахуу төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Нүдний торлог тогтоох тос шахсан байгаа. Эмчилгээний мөнгө төгрөг өгөхгүй байна. Одоо 11 сард нүдний торлогондоо шахуулсан тосоо авахуулна гэсэн. Өмнө гарсан зардал болон одоо явах эмчилгээний зардлын мөнгийг нэхэмжилж байна. Наадмын хамгийн сүүлийн өдрийн шөнө болсон. Тэгэхээр 2016 оны 07 сарын 21-ний шөнө 23 цагаас 00 цагийн хооронд болсон. Энэ үед шөнө харанхуй болсон байсан. Энэ эмнэлэгт очоод хэвтэж эмчилгээ хийлгээгүй. Харин очиж 2016 оны 07 сарын 29-ний өдөр хагалгаанд ороод өдөртөө гарсан. Гараад гадуур эмчилгээ хийлгэж байсан. Энэ талаар миний амбулаториор эмчлүүлэгсдийн картанд бичигдсэн байгаа ба энэ картан дээрээ эмчилгээгээ бичүүлж, гадуур нүдний дусаалга дусааж дэглэм барьж байсан. ******* анх соёлын төвийн үүдэнд таарахаар нь би "чи яагаад Дулам-Ендонг дээрэлхээд байгаа юм” гэсэн чинь ******* нь чи яах юм гээд соёлын төвийн хажуугаар тойрч гарахаар нь дагаад гарсан чинь миний нүдрүү цохисон. ******* нь гартаа юм бариагүй байсан. Хэрэг болох үед харанхуй байсан. Би гэхдээ сүүлд нь зовхи зүсэгдсэн юм шиг ташуу шарх үүссэн байхаар нь бөгжтэй байсан юм болов уу гэж бодож байсан. Энэ талаараа би Дулам-Ёндонд хэлж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-22/,

Гэрч ******* мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 07 сарын 21-ний өдөр аавынхаа мотоциклийг сургуулийн дотуур байрны гаднаас аваад явж байхдаа *******тай таарсан чинь дээш нь хүргээд өг гээд сумын хажуугийн уулан дээр гаргаад өг гэхээр нь миний мотоцикль тэгж явж чадахгүй, хуучин мотоцикль гэсэн чинь надруу намайг гаргаад өг гээд байгаа юм биш үү гэхээр нь үгүй чадахгүй гэсэн чинь надруу хандаад чамайг харнаа гэж хэлчихээд явчихаар нь би гэртээ хариад байж байгаад орой 17 цагийн орчим Хадбаатар манайд ирэхээр нь би өдөр ******* намайг ингээд байсан гээд болсон зүйлийнхээ талаар ярьсан чинь, тэр хүн өдөөд намайг мөрлөөд сонин банди байгаа юмаа гэхээр нь чи хүний суманд явж байж тэрэнтэй битгий маргалдаарай, хэрэг төвөгт орчиховоо гэж анхааруулж хэлсэн. Тэгээд бид хоёр наадмын талбай дээр очоод бөх үзэж байгаад бөх дуусаад Хадбаатар мотоциклиороо Баянцагаан сум руу гэрээдээ явсан чинь орой аажуу 21-22 цагийн орчим байх утсаар яриад найзынх мотоцикль манай сумаас 20 гаруй километрын зайтай эвдэрчихлээ гэхээр нь би найз Мөнхзолбоогийн хамт өөрийн мотоциклиор яваад Хадбаатарын мотоциклыг чирээд 23 цагийн орчим суман дээрээ ирсэн. Ирээд би гэртээ амарчихсан. Хадбаатар, Мөнхзолбоо хоёр соёлын төврүү бүжгэнд орно гээд явсан. Тэгээд шөнө 01-02 цагийн орчим ирсэн байх ирэхдээ зүүн талын нүдний хөмсөгний доор шалбараад, доод зовхи нь бага зэрэг хөхрөөд хавдчихсан байсан. Би маргааш нь өглөө босоод мотоциклыг нь янзалж өгөөд явуулсан. Түүнээс хойш уулзаагүй. Хадбаатараас чи юунаас болоод хэнтэй зодоо хийсэн гэхэд нөгөө яриад байсан *******тай маргалдсан. Миний нүдрүү гараараа цохих шиг болсон чинь ингэчихлээ, бөгжтэй байсан байхаа гээд байсан. Хадбаатараас чи юунаас болоод хэнтэй зодоо хийсэн гэхэд нөгөө яриад байсан *******тай маргалдсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/,

Гэрч ******* мөрдөн байцаалтанд өгсөн ... Шинэжинст сумын наадмын урд орой нь сумын наадмаар барилдана гээд явсан юм. Тэгээд наадам нь дууссаны маргааш гэртээ ирсэн юм. Тухайн үед надад бол өвдөж барьж байна гэж бол хэлээгүй нүднийхээ зовхин дээрээ шалбархайтай ирсэн юм. Тэгэхлээр нь би өөрөөс нь асуусан юм. Чи хүн амьтантай зодолдсон юм уу гэсэн чинь тухайн үед үгүй гээд байсан юм. Хараа нь харахгүй болоод 2-3 хоногийн дараагаар манай хүү Хадбаатар аав аа миний нүд юм харахаа болилоо гэж хэлсэн юм. Тэгээд 3 хоногийн дараа ээж нь дагуулаад эмнэлэг явсан юм. Тэгээд эмнэлэг орж Алимаа эмчид үзүүлсэн чинь яаралтай Баянхонгор аймаг pyy яв гэж байна гэж хэлсэн байсан юм. Тэгээд би өөрийнхөө машинтай явсан юм. Манай хүү угаасаа уудаггүй тэр өдөр уугаагүй эрүүл ирсэн. Ямар 1 бэртэл авч байгаагүй. Надад болохоор Шинэжинст сумд найзындаа очсон гэсэн. Тэгээд тэр найзыг нь нүдийг нь цохисон залуу өмнө нь дээрэлхэж байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр Шинэжинстийн найз нь *******ыг манай хүүд хэлж байсан юм шиг байгаа юм. Тэгээд ******* манай хүү Хадбаатар нар нь орой бүжгэн дээр таараад манай хүү *******ыг чи манай найзыг өмнө нь дээрэлхэж байсан байна лээ яаж байгаа юм гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгэхэд нь ******* манай хүүг 1 цохичихсон юм шиг байгаа юм. Тиймэрхүү л юм болсон гэж манай хүү надад хэлсэн. Би хүүдээ нүдний торлогийн мэс засал, хэд хэдэн шинжилгээ өгсөн. Одоо Улаанбаатар хотод байж байгаа. Хараа бол янзын бүдэг орой үдэш юм харахгүй байна гэж байна лээ. Надад эмчилгээний зардлыг бүрэн бүтэн гаргаад өгчих юм бол тэр залуу хүүхдийг өөр янз бүр болгох гээд санаа оноо алга байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн ... Энэ хүн ирж үзүүлсэн өрөөсөн зүүн нүд нь хараагүй болсон. Нүдний үзлэгээр нүдний торлог хуурсан байсан учир яаралтай хот явж торлогын мэс засал хийлгэхийг зөвлөсөн. Үзүүлж байхдаа хэд хоногийн өмнө нүдэндээ цохиулсан гэж байсан. Гэмтлийн гаралтай нүдний торлогын ховхрол байсан. Нүдний хүнд гэмтэл нүдний дотор давхарга хуурсан гэсэн үг юм. Цохиулснаас нүдний давхарга хөндийрч улмаар ховхорч байгаад 2-3 хоногийн дараа хараагүй болж болно. Бүрэн боломжтой ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/,  

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэгээд ******* бид хоёр соёлын төвөөс гарсан чинь Хадбаатар, Мөнхзолбоо гэсэн хүмүүс байсан, тэгээд Хадбаатар *******ыг нэг хавирч унагаад, тэгээд нэг цохисон тэгээд *******д чи гай болно шүү гэж хэлсэн. Тэгсэн ******* Хадбаатарыг мөргөх шиг болсон. Тэгээд бид нар салаад явцгаасан. *******, Хадбаатар хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ бүүр бие авч явах чадваргүй болтлоо уугаагүй байсан. ******* нь Хадбаатарын нүүрэн тус газар нь нэг удаа мөргөх шиг болсон, өөр цохисон зүйл байхгүй. Өөр хүмүүстэй маргалдаж зодоон хийгээгүй, Хадбаатарын нүд нь өмнө нь гайгүй л байдаг байсан, надтай найзалж байхдаа нүд өвдөж байна гэж хэлж байгаагүй. Одоо ямар байдалтай байгааг нь мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43/,

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн … Энэ хэрэг болдог өдөр буюу 2016 оны 07 сарын 21-ний шөнө сумын ойн арга хэмжээ болоод соёлын төвд бүжиг болж байсан. Соёлын төв болон манай цагдаагийн кабон хоёр хоорондоо ойрхон байдаг болохоор ажлын байрнаасаа орж гаран хяналт тавьж байсан. Тэгтэл орой 02 цагийн орчим байх соёлын төвийн хажууханд байх уурын зуухны ард хүмүүс маргалдаад байхаар нь очсон чинь энэ *******, Хадбаатар, Буянаа гэх хүмүүс зогсчихсон *******, Хадбаатар хоёр нь хоорондоо маргалдаад Буянаа нь хориод байгаа бололтой зогсож байхаар нь очоод тарж амарцгаа гэсэн шаардлага тавьж тарааж явуулчихаад ажлын байрандаа орж байж байгаад буцаад гараад ирсэн чинь соёлын төвийн хажууд харанхуйд хүмүүс пижигнэлдээд байхаар нь ахиад хэсгийн төлөөлөгч Хүрэлбаатарын хамт яваад очсон чинь *******, Хадбаатар хоёр ахиад барилцаад авсан байхаар нь хоёуланг нь дагуулж өрөөндөө ирээд хэсгийн төлөөлөгчтэй орхиод өөрөө ахиад цаана гадаа нь хүмүүс маргалдаад байсан учир түүн рүү явсан. Тэгээд би цаанаа соёлын төвийн орчимд маргалдаж байгаа хүмүүс дээр ирэх үед олон хүн байхаар нь хэсгийн төлөөлөгчийг хүрээд ирээч гэж утсаар хэлсэн чинь хэсгийн төлөөлөгч миний араас ирсэн ба ирэхдээ *******, Хадбаатар хоёрыг өрөөндөө орхисон байсан чинь гараад зугтаасан байна гэж байсан. Намайг сүүлд барилцаад авсан байхад нь цагдаагийн кабон дээр авчраад өрөөний гэрэлд харахад Хадбаатарын духны орчим нь цус болчихсон юм шиг харагдаж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/,

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байсан санаад байна. Ээжтэйгээ цуг ирж үзүүлсэн юм. Тэгэхэд ээж нь хажуугаас нь миний өрөөсөн нүд юм бүрсийж харагдаад байсан чинь өчигдрөөс хойш юм харахаа больчихлоо гээд байх юм гэж ээж нь надад хэлж байсан юм. Намайг үзхэд гэмтсэн нүдний зовхины нь дээд талд хумсаар хатгачихсан юм уу гэмээр улайчихсан байсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Шүүгдэгч О.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би санамсар болгоомжгүй байдлаас болж Хадбаатарын нүдийг гэмтээсэн байна гэдгээ ухаарч ойлгож байна. Үүндээ гэмшиж байна. Энэ Хадбаатар нь манай сумын нэг бандийг өмөөрч надаас хэрүүл өдөж ирээд ийм зүйл болсон юм. Би энэ хэрэг болдог өдөр буюу 2016 оны 07 сарын 21-ний орой сумын соёлын төв дээр бүжгэнд ороод байж байсан чинь энэ Хадбаатар намайг дуудаад соёлын төвийн гадна талд гаргаж ирээд чи яагаад Дулам-Ёндонг дээрэлхээд байгаа юм гэхээр нь би Дулам-Ёндонг дээрэлхээд байсан зүйл байхгүй гэсэн чинь чи ийм болчихсон юм уу гээд доод уруул руу цохиод авахаар нь зөрүүлээд зүүн нүд рүү гараараа цохисон чинь чи том болчихсон байна гээд Хадбаатар намайг хоёулаа ийшээ гарч учраа ольё гээд уурын зуухны байшингийн тэрээд дагуулаад явахаар нь би явж байх хооронд би Дулам-Ёндонг зодож цохисон зүйл байхгүй гэсэн чинь зуухны байшингийн хажууд очоод намайг хавирч унагаад дээрээс дэвсээд өшиглөсөн чинь манай найз Буянаа араас ирээд наад хүнээ босго гээд босгоод байж байсан чинь ахиад Хадбаатар намайг хавирч унагаад байсан. Энэ үед сумын цагдаа Мөнхболд таарч ирээд биднийг юу болоод байгаа юм гээд салгаад бүгдээрээ яв харьцгаа гээд явуулсан. Тэгсэн чинь араас Хадбаатар ирээд ахиад зодолдоно гээд байсан чинь сумын хэсгийн төлөөлөгч Хүрэлбаатар ажлын байрнаасаа гарч ирээд бид нарыг өрөөндөө оруулаад яагаад байгаа юм гээд байж байсан чинь гадаа ахиад хүмүүс зодолдлоо гээд гараад явсан. Тэгтэл Хадбаатар хоёулаа гараад явъя маргааш цагдаа бие биенээ таних уу гэвэл танихгүй гэж хэлнэ шүү гээд хоёулаа гараад зугтаагаад гэр гэртээ очиж амарсан. Гэтэл түүнээс 8-9 хоногийн дараа аав нь над руу утсаар яриад Хадбаатарын нүдрүү чи цохиод гэмтээсэн байна . Би хүүхдээ аваад хот явах гэж байна. Мөнгө төгрөг авчирч өг гэсэн. Би тухайн үед Өмнөговь аймгаас ирсэн гэх таван хүнтэй 2 шил ерөөл архи хувааж уусан байсан нь үнэн. Би гараараа зүүн нүдрүү нь цохисон. Миний гарт ямар нэгэн зүйл байгаагүй. Гараараа зүүн нүдний доод хэсэгт цохисон чинь ийм гэмтэл учирсан гээд байгаа. ... Би өөрийн хийсэн хэрэгтэй гэмшиж ухаарч ойлгож байна. Үүндээ маш их гэмшиж байна. Би Хадбаатарын зүүн талын нүдний орчим нь нэг удаа цохисон. Сүүлд нь цагдаагийн өрөөнд ороод харж байхад зүүн нүдний доод хэсэгт нь халцарсан байгаа харагдаж байсан. Өөр ямар нэгэн бэртэл гэмтэл гэхээр зүйл харагдаагүй. Би гараараа зүүн нүдрүү нь цохисон. Миний гарт ямар нэгэн зүйл байгаагүй. Бид хоёрыг зодолдож байх үед хажууд Мөнхзолбоо, Буянаа бид хэд л байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60, 63-65/,

Шинжээч эмч мөрдөн байцаалтанд өгсөн ... Би энэ дүгнэлтийг юуг үндэслэн гаргах болсон вэ гэвэл тухайн хохирогч ******* нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа гээд ирээгүй болохоор тухайн хүний үзүүлж эмчилгээ хийлгэсэн гэх Улаанбаатар хотын Инфинити нүдний эмнэлгийн үзлэг шинжилгээ хийлгэсэн эмчийн үзлэг оношинд тулгуурлан гаргасан. Энэ баримтууд нь хэрэгт байгаа байх гэж бодож байна. Энэ хүний тухайд зүүн нүдний торлог ховхорч хараагүй болсон гэсэн байсан ба энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Торлог ховхорсон бол нүд хараагүй болно. Тэгэхээр хараагүй болох гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна. Нүдний торлогийн ховхорлын байдлаас шалтгаалан нүд хэд хоногийн дараа хараагүй болох боломжтой ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 421 тоот шинжээчийн ... *******ын биед зүүн нүдний сохрол гэмтэл үүссэн байна. Үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хадбаатарын биед үүссэн дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтыг 65 хувь алдагдуулсан байна ... гэсэн дүгнэлт хх-ийн 51/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14/,

Шүүгдэгч О.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66, 71/,

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч О.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 67, 70, 73-77, 100-105/,

Хохирогч *******ын эмчилгээ хийсэн тухай баримт, хохирлын талаархи баримтууд /хх-ийн 78-92/ зэрэг болно. 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч О.******* нь 2016 оны 07 сарын 21-ний өдрийн шөнө 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхэн хавцгай 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн гадна иргэн ******* маргалдаж *******ын зүүн нүдний орчим гараараа цохиж зүүн нүдний сохрол гэмтэл үүсгэж түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан хохирогч ******* /хх-ийн 16-22/, гэрч С.Дулам-Ёндон /хх-ийн 30/, С.Зориг /хх-ийн 35-36/, М.Цэрэндаваа /хх-ийн 37/, У.Буянтогтох /хх-ийн 41-43/, А.Мөнхболд /хх-ийн 23-25/, Б.Алимаа /хх-ийн 33-34/, шинжээч эмч М.Навчаа /хх-ийн 44-45/, шүүгдэгч О.******* /хх-ийн 59-60, 63-65/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 421 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14/ болон хохирогч *******ын гэмтлийн хүнд зэргийг тодорхойлох шалгуур шинж, тэдгээрийг нотлох хохирогчийн эмчлүүлсэнтэй холбогдох баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.*******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг шалгахад НӨАТ-ын сугалааны баримт болон Хаан банкны картаар гүйлгээ хийсэн баримт зэрэг нь давхардсан байх тул хохирлын дүнгээс хасч үлдсэн баримтууд нь хуульд нийцсэн ба хохирлын нийт дүн нь 3.684.000 төгрөг болж байх тул шүүгдэгч О.*******аас 3.684.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгож шийдвэрлэсэн ба хохирогчийн бие бүрэн эдгэрээгүй байх тул цаашид гарах эмчилгээний болон бусад зардалыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгч О.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах, анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн болон түүний ар гэрийн ахуй амьдрал зэрэг хувийн байдлыг нь харгалзан ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлэв.  

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор О.*******ын хамтран эзэмшлийн 4 ханатай монгол гэр битүүмжилсэн боловч уг битүүмжилсэн эд хөрөнгө нь дундын өмчлөлийнх байх тул эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, нүдний гэмтлийг харуулсан фото зураг зэргийг хохирогчид буцаан олгож, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  ******* ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч О.*******т 5 /таван/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан 5 /таван/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч О.*******аас 3.684.000 төгрөг гаргуулж хохирогч *******т олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, нүдний гэмтлийг харуулсан фото зураг зэргийг хохирогч *******т буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн О.*******ын хамтран эзэмшлийн 4 ханатай монгол гэрийг шүүгдэгчид буцаан олгож 2016 оны 09 сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч О.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаар баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч О.*******аас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.   

8. Шүүгдэгч О.*******т авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 01 сарын 03-ны өдрөөс эхлэн тооцсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                                     ШҮҮГЧИД Н.БААСАНБАТ

                                                      Ч.БАЙГАЛМАА