Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 407

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1-р багт байрлах Д ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд суманд оршин суух П овогт Т.Н-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,570,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д”ХХК-с 2019 оны 12 сарын 04-ний өдөр Т.Н нь 660,000 /Зургаан зуун жаран мянган/ төгрөгийг 25 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. 2019 оны 12 сарын 04-ний өдрөөс 2020 оны 01 сарын 28-ны өдөр хүртэл хүү болох 159,800 төгрөг тушаасан. Энэ хугацаанаас хойш үндсэн зээл болон зээлийн хүүг одоог хүртэл төлөөгүй. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, өөрийнх нь хүссэн хугацааг өгч удаа дараа албан болон утсаар мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд зээлийг төлж барагдуулаагүй. Иймд 2020 оны 01 сарын 28-ны өдрөөс 2020 оны 10 сарын 29-ны өдөр хүртэлх зээлийн хүү болох 580,800 төгрөг, гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болсноос хойшхи төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги болох 330,000 төгрөг, үндсэн мөнгө 660,000 төгрөг, нийт 1,570,800 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Д ХХК-ний нэхэмжлэлтэй Т.Н-т холбогдох иргэний хэрэгт зохигчдын төлөөлөл бид ярилцаж тохиролцоод дараах байдлаар эвлэрсэн болно. Хариуцагч Т.Н нь зээлийн гэрээний үүрэгт 803,100 төгрөгийг 2021 оны 03-р сарын 01-ний өдрийн дотор төлөх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 767,700 төгрөгөөс татагалзаж эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:       

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нь хариуцагч Т.Н-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,570,800 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нь нэхэмжлэлийн шаардлагаас 767,700 төгрөгнөөс татгалзаж, 803,100 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч Т.Н нь  зээлийн гэрээний үүрэгт 803,100 төгрөгийг 2021 оны 03-р сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нь нэхэмжлэлийн шаардлагаас 767,700 төгрөгнөөс татгалзаж, 803,100 төгрөгийг нэхэмжилж,  хариуцагч Т.Н нь зээлийн гэрээний үүрэгт 803,100 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Т.Н-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,570,800 гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нь нэхэмжлэлийн шаардлагаас 767,700 төгрөгнөөс татгалзаж, 803,100 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч Т.Н нь зээлийн гэрээний үүрэгт 803,100 төгрөгийг 2021 оны 03-р сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,083 төгрөгний 50 хувь болох 20,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 40,083 төгрөгний 50 хувь болох 20,041 төгрөгийг, хариуцагч Т.Н-с 40,083 төгрөгний 50 хувь болох 20,041  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Х.О-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                    Д.Ц