| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2024/0007/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/07 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/07
2024 01 09 2024/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Энхзул,
Улсын яллагч Т.С************,
Шүүгдэгч Н.О************* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*********** овогт Н***********ын О*********т холбогдох **************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Н.О********** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ************* 1-р багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "************" ХХК-ний ажилчдын байранд ажилтан Б.О**********тай маргалдаж толгойн тус газарт нь цохисны улмаас газарт унаж улмаар Б.О**********ын эрүүл мэндэд нь зүүн бугалгын цус хуралт, зүүн гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Н.О**********нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ********** 1-р багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "**********" ХХК-ний ажилчдын байранд ажилтан Б.О********тай маргалдаж толгойн тус газарт нь цохисны улмаас газарт унаж улмаар Б.О**********ын эрүүл мэндэд нь зүүн бугалгын цус хуралт, зүүн гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч Б.О********ын: “...Намайг 2023 оны 10 дугаар сарын 21-ний орой Цогтцэций сумын 1-р багийн нутагт байрладаг "*********" ХХК-ийн амралтын байрандаа амарч байхад хажуу өрөөнд хүмүүс чимээ шуугиан гаргаад унтуулахгүй байхаар нь би хамт амарч байсан Одбаярыг дагуулаад ороход өрөөнд л О*********захирал, Хөдлөхийн инженер Ганхуяг болон танихгүй 3 хүмүүс архи уусан байдалтай байцгааж байхаар би тэр хүмүүст "Чимээгээ болихгүй бол бид нар унтаж чадахгүй байна" гэж хэлэхэд О************, Ганхуяг нар өөдөөс маргалдаад хэрүүл хийх гээд байхаар. Одбаяр бид хоёр өрөөнөөс гараад. өөрийнхөө амрах өрөөнд ороход араас О*********** захирал өрөөнд орж ирээд намайг зуурч авахаар хоорондоо зууралдаж байхад ажилтан админ, харуул нар орж ирээд бид хоёрыг салгасан. Би тэгээд Одбаяртай хамт өрөөнөөс гараад ажлын байрандаа ирчхээд байж байхад О********** захирал орж ирээд Одбаярыг шаазан аягаар толгой руу цохисон тэгэхээр би очоод зууралдаж түрхэлцээд гадаа гарцгаасан тэгээд намайг гадаа зогсож байхад О********** захирал миний толгой чих рүү нэг удаа цохиж авсан би тэр үед газарт унасан Миний биед О************ цохиж гэмтэл учруулсан...Бид нарыг шөнө унтуулахгүй шөнийн 04 цагт чимээ гаргаад байсан Одбаяр бид хоёр өрөөнд нь орж "чимээгээ багасгахгүй бол бид нар амарч чадахгүй байна" гэж хэлснээс болж хэрүүл маргаан зодоон болсон...О*********** архи уусан согтуу байсан. Одбаяр бид хоёр архи уугаагүй эрүүл байсан. Өрөөнд уусан хоосон пивоны лаазнууд байсан.,,2023 оны 10 дугаар сарын 21-ээс 22-ны шөнийн 03-04 цагийн үе Цогтцэций сумын 1-р багийн нутагт байрладаг "***********" ХХК-ний кемп дээр болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-р хуудас/,
Гэрч Д.Одбаярын: “...Би 2023 оны 10 дугаар сарын 21-ний орой ************н 1-р багийн нутагт байрладаг "***********" ХХК-ний амралтын байрандаа амарч байхад утас дугарахаар би утсаа автал О**********"хажуу өрөөний хүмүүс унтахгүй шуугилдаад унтуулахгүй байна та хүрээд ирээч гэж хэлсэн. Би тэгээд О***********ыг дагуулаад хажуу өрөө рүү ороход тэнд О********** захирал, Хөдлөхийн инженер Ганхуяг болон танихгүй 3 хүмүүс архи уусан байдалтай байцгааж байхаар бид хоёр тэр хүмүүст "Чимээгээ болихгүй бол хүмүүс унтаж чадахгүй байна" гэж хэлэхэд О***********, Ганхуяг хоёр босож ирээд бид хоёртой маргалдаад хэрүүл хийх гээд байхаар О*********** бид хоёр өрөөнөөс гараад О********ын амрах өрөөнд ороод байж байхад араас О************ захирал өрөөнд орж ирээд О**********ыг зуурч аваад хэрүүл маргаан хийгээд байхаар бид хоёр өрөөнөөс гараад ажлын байрандаа ирчхээд байж байхад О*********** захирал орж ирээд миний толгой руу шаазан аягаар толгой руу цохисон тэгээд тэр өрөөнд бид гурав хоорондоо зууралдаж байгаад гадаа гарцгаасан би тэр үед Ганхуягийг одоо ингэж болохгүй амарцгаа гэж хэлээд зогсож байхад О********** О***********ыг хөөж байгаад толгой руу нь нэг удаа цохиж авахад О********** газарт уначихсан тэр үед харуулын ажилтан, Эрхэмбаяр, Батгэрэл, Сувдаа нар хараад байж байсан Тэгээд О************ миний толгой руу цохилоо гэж хэлж байсан...Захирал О*********** архи ууж хоорондоо чанга яриад тэгээд өрөөний хүмүүсийг унтуулж амраахгүй байснаас болж хэрүүл маргаан зодоон болсон...О********* архи уусан согтуу байсан. О************ бид хоёр архи / уугаагүй эрүүл байсан. Хэрүүл маргаан 2023 оны 10 дугаар сарын 21-ээс 22-ний шөнийн 03-04 цагийн үед *************** 1-р багийн нутагт байрладаг "**************" ХХК-ний кемп дээр болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-р хуудас/,
Гэрч Д.Даваажаргалын “...Би тухайн үед байгаагүй сүүлд нь ажилтан Одбаяраас сонсож байхад О*********ын биед О************ гэмтэл учруулсан хоорондоо маргалдсан гэсэн..." гэсэн мэдүүлэг /хх-н 24-р хуудас/,
Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаартай “1. Б.О**********ын биед баруун сарвууны жижиг зулгаралт, зүүн бугалгын цус хуралт, зүүн гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой 3. Зүүн бугалгын цус хуралт, зүүн гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 55-56-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Н.О*********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.О********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч Н.О************ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Б.О************ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.О***********ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч Н.О************ нь хүлээн зөвшөөрсөн байна.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Н.О************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.О*************т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б********** овгийн Н**********ын О*************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О**********ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч Б.О********* нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй талаараа бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч Н.О**************ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.О************ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА