Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2020/02442

 

            2020                  09           14                         183/ШШ2020/02442

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Их тойрог, 0 дугаар хороолол, 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух Б овогт Н. А /РД:УС00000000/ ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан- Уул дүүрэг, 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Андууд хотхон, 00-0 тоотод оршин суух З. А /РД:ФБ00000000/-д холбогдох,

          Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагч З.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, гэрч Д.А, Т.А нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А би З.А огт танихгүй. Д.А гэх хүнийг таньдаг байсан. Д.А нь би 3. А мөнгө зээлэх гэсэн юм, чи туслаач гэж надаас гуйсан. Ингээд Д.А нь З.А намайг уулзуулан 2012.05.04-ний өдөр Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулан миний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 5 хороо Их тойруу 49 байр 22 тоот, 75 м.кв хоёр өрөө орон сууцыг Д.А барьцаалуулсан. Зээлийн гэрээгээр З.А 37.200 ам долларыг бэлэн болон бэлэн бусаар би аваагүй. З.А нь иргэн Д.А мөнгийг өгсөн. З.А нь Д.А хамт 2004 оны 12 сарын эхээр ирж уулзан Н.А чи Орон сууц худалдах худалдан авах гэрээгээр орон сууцаа түр шилжүүлэх гэрээ байгуулах хэрэгтэй байна. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг чинь яаралтай буцаагаад шилжүүлж өгнө гэж итгэл үнэмшил төрүүлэн гуйсан. Ингээд би 2014.12.15-ны өдөр өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 5 хороо, Их тойруу 49 байрны 22 тоот 2 өрөө орон сууцыг 3.А Орон сууц худалдах худалдан авах гэрээ гэх баримт үйлдсэн. Орон сууц худалдах худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулаагүй. Н.А миний зүгээс З.А орон сууцны төлбөрт 50,000,000 төгрөгийг бэлэн ба бэлэн бусаар хүлээж аваагүй юм. З.А орон сууцаа буцаан авах талаар удаа дараа шаардсан боловч худал хэлж уулзахгүй сүүлдээ зугтаах болсноор би З.А хууртагдан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөрөө хохирох болсон. Иймд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.

          Хариуцагч З.А шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Н.А нь намайг огт танихгүй гэж шүүхэд худал мэдүүлж байна. Н.А нь надаас 2012.05.04-ний өдөр 37,200 ам.долларыг зээлж авсан. Зээлийн гэрээний барьцаанд тэрээр өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Их тойруу, 49 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах 75 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалж, 2012.05.04-ний өдөр Барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Зээлийн гэрээг 2012.05.04-ний өдрөөс 2013.01.04-ний өдийг хүртэл буюу 8 сарын хугацаатай 4 хувийн хүүтэйгээр байгуулж байсан боловч тэрээр зээлийн гэрээний хугацаанд зээлийг, хүүгийн хамт эргүүлэн төлөөгүй.Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тэрээр удахгүй зээлийн үндсэн төлбөр, хүү зэргийг төлж барагдуулна гэдэг байсан боловч 2 жил орчим хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдаг. Тэгээд бид 2014.12.15-ны өдөр харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцож, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан, мөн үүрэг дуусгавар болох гэрээ байгуулж, барьцаа хөрөнгө болох 22 тоот 2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан билээ. Тус үл хөдлөх хөрөнгийг З.А би нэр дээр шилжүүлж авснаас хойш Н.А нь түр хугацаанд байрнаас гаргахгүй байхыг хүссэн бөгөөд тухайн үед өвлийн улирал байсан учраас би түүний саналыг хүлээн зөвшөөрсөн. Би уг зээлийн мөнгийг нөхрийнхөө ажилладаг банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн тул мөнгийг надаас нөхөр маань нэхэж бидний дунд үл ойлголцол бий болж эхэлсэн энэ тухайгаа ч би нэхэмжлэгчид тухай үед маш их хэлж байсан. Нэхэмжлэгчийн ажил, гэрт нь маш их очиж мөнгөө авахаар очиж уулздаг байсан, дараа нь надаас зугтааж эхэлсэн билээ. Би анх 37,200 ам доллар зээлэхдээ барьцаа хөрөнгө байхгүй бол мөнгө зээлэхгүй гэхэд Н.А зөвшөөрч өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаанд тавьсан. Дараа нь зээлийн төлбөрийн оронд худалдах худалдан авах гэрээ байгуулж өөрөө гэрээнд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч анхнаасаа барьцаанд тавихгүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулахгүй гэж татгалзаж байсан бол би мөнгө зээлэхгүй, худалдах худалдан авах гэрээ байгуулахгүйгээр барьцааны гэрээний дагуу орон сууцыг шаардах боломжтой байсан. Энэ олон жилийн дараа гэнэт гарч ирээд намайг залилсан мэт тайлбарлаж болохгүй. Гэтэл би мөнгө зээлж тухайн үед тусалсан. Д.А, Н.А нар нийгмийн даатгалд хамт ажилладаг гэж Д.А танилцуулж, Н.А байраа барьцаанд тавихыг зөвшөөрч хамтдаа ирж гэрээ хэлцэлд гарын үсэг зурж, мөнгийг Д.А өгөхийг Н.А зөвшөөрч мөнгийг өгсөн. Худалдах, худалдан авах гэрээ нь нотариатын газар ороод л бэлэн байсан гэрээ дээр л гэрээ байгуулсан. Иймд миний бие зээлийн гэрээний дагуу 37,200 ам доллар зээлсэн. Зээл, хүүгийн хамт буцаан төлөөгүй учраас орон сууцаа оронд нь өгөхийг зөвшөөрсний дагуу бидний тохиролцоонууд явагдаж байсан тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

         Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч З.А холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч З.А 2012.05.04-ний өдөр 37,200 ам,долларыг нэг сарын 4 хувийн хүүтэй, 2012.05.04-ний өдрөөс 2013.01.04-ний өдрийг хүртэл хугацаатай зээлүүлэхээр Н.А зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний барьцаанд Чингэлтэй дүүрэг 5 хороо Их тойруу 49 байр 22 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай орон сууцыг барьцаалан 2012.05.04-ний өдөр барьцааны гэрээ, мөн 2014.12.15-ны өдөр Орон сууц худалдах,худалдан авах гэрээг З.А, Н.А нар байгуулсан болох нь тус тус тогтоогдож байна. /хх 5, 57,58 хуудас/

            Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд гэрээ, хэлцэл байгуулахад илэрхийлэх хүсэл зоригийн талаар зохицуулсан ба хуулийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасныг үндэслэн тайлбарлавал тухайн үед нэхэмжлэгч тал зээлийн гэрээ байгуулж, барьцаанд өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн нь хариуцагчийн гэрээ байгуулах санал, эрмэлзэл, хууль зүйн үр дагавар үүсгэх түүний өөрийн хүсэл зориг хэмээн ойлгож, хүлээж авсны үндсэн дээр талууд уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл буюу зээлийн гэрээг байгуулсан байна.

           Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах гэрээ, хэлцэл байгуулснаар тэдгээрийн хооронд тодорхой төрлийн үүрэг үүсэх ба ийнхүү талуудын хооронд 37,200 ам.долларыг зээлүүлэхээр тохиролцсоноор нэг талаас зээлдүүлэгч З.Ариунаа гэрээний зүйл болох 37,200 ам.долларыг зээлдэгч Н.А өгөх, нөгөө талаас гэрээнд заасан хүү, үндсэн зээл, хугацаа хоцорсон алданги төлөх үүрэг Н.А үүссэн байна

         Гэрч Д.А уг зээлийн гэрээний зүйлийг би авсан гэж мэдүүлэг өгч байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь үгүйсгээгүй, хариуцагч нэхэмжлэгчийн зааснаар гэрээний зүйлийг Д.А өгсөн гэж тайлбарлаж байна.

          Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр ...тооцно мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заажээ. Хэрэв зээлдэгч Н.А зээлийн гэрээний зүйлийг аваагүй бол зээлийн гэрээний үүргийг солихоор зээлдэгч З.А худалдах, худалдан авах гэрээг хожим байгуулахгүй байх байсан тул хариуцагч үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрснөөр гэрээний зүйлийг Д.А өгснийг хожим бүрэн эрх бүхий Н.А дэмжин худалдах- худалдан авах гэрээ байгуулснаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр болжээ.

           Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Н.А нь зээлийн гэрээгээр тохирсон үүрэг болох үндсэн зээл, хүүгийн төлбөрийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч тэрээр 2013.01.04-ний өдөр төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй. Цаашилбал төлбөр төлөх үүргээ 2014.12.15-ны өдрийг хүртэл зөрчсөн байна.

           Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-д үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болохоор заажээ.

          Нэхэмжлэгч Н.А нь үндсэн зээл, хүү, алданги төлөх мөнгөн төлбөрийн үүргийн оронд Чингэлтэй дүүрэг 5 хороо Их тойруу 49 байр 22 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай орон сууцыг З.А шилжүүлэхийг, хариуцагч З.А зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүргийн оронд уг орон сууцыг авахыг зөвшөөрч талууд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч, үүргийг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байна. /хх 5, 59/

         Мөн нэхэмжлэгч зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцсон этгээд хуульд заасан буюу заагаагүй тодорхой төрлийн гэрээ болон нэрлэгдээгүй аливаа гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд ийнхүү уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх юм.

          Гэтэл нэхэмжлэгч 2014.12.15-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэл гаргаагүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

       Учир нь, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар үүнийг хэрэгжүүлэх ба гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлагыг дээр дурдсан 3 жилийн хугацаанд гаргахад хөөн хэлэлцэх хугацааг хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог.

       Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шаардах эрхийг хэзээ үүссэнийг хуульд заасан журмын дагуу тоолоход 3 жилийн хугацаа өнгөрсөн байна.

        Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгө өгөөгүй, гэрээний зүйлийн үнийг түүнээс буцаан нэхэмжлэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон гэрээний 3-ь төлбөрийг 2014 оны 12 сарын 15-н өдөр төлөх ёстой байсан өдрөөс тооцоход хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

          Иргэний хуулийн 82 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагаврын талаар зохицуулсан ба хуулийн 82.1-д зааснаар гэрээтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч тал үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байдаг.

           Шүүхээс энэхүү хэргийг хуралдаанаар хэлэлцэх явцад хэрэгт авагдсан болоод хэлэлцүүлсэн баримт, мөн талуудын гаргасан тайлбараар Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэгч талын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон болон тасалдсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

            Иймд, нэгэнт нэхэмжлэгч тал зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардах эрх хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 76 дугаар зүйлийн 76.2, -д зааснаар 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн Н.А нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ              Ц.ОЮУНБИЛЭГ