Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2020/02674

 

        2020         10          05                                 183/ШШ2020/02674

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, жуулчны, Монгол Нюьс ХХК-ийн байранд байрлах Э.Э.А ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Буянт Ухаа-0 хороолол, 0000 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух, Б овогт М.Б /ЕП00000000/-д холбогдох,

        Тээврийн хэрэгслийн өмлөгчийн нэр шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Б нь Э.Э. А ХХК-тай 2015 оны 04 сарын 08-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан. Ингэхдээ үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг гэрчилгээг Э. Э. А ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Тус гэрээний дагуу зээлдэгч болох М.Б нь зээлийн төлбөрийг хугацаанд нь эргэн төлсөн боловч Тoyota Mark 2 маркийн 00-00 УНБ улсын дугаартай автомашин нь өнөөдрийг хүртэл манай компанийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй байна. Өмчлөх эрх манай компанийн нэр дээр шилжүүлсэн боловч М.Б нь тус автомашиныг эзэмшилдээ байлгадаг. Үүний улмаас тус автомашины татвар болон торгуулийн нэхэмжлэл манай компанийн дээр ирж байна. М.Б холбогдож тус автомашины өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг удаа дараа утсаар ярьж, компанийн зүгээс албан бичиг явуулж мэдэгдсэн боловч шилжүүлэн авахгүй байх тул тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг М.Б нэр дээр шилжүүлж өгнө үү.... гэв.

        Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

        Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ.

        Үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлдэгч М.Б зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул фидуцийн гэрээний зүйлийн өмчлөлийг М.Б өөрийн өмчлөлд шилжүүлэн авах гэрээний үүргээ биелүүлэхээр гэрээгээр харилцан тохиролцсон. Өнөөдрийг хүртэл 00-00 УНБ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн суудлын автомашиныг М.Б өөрийн өмчлөлд шилжүүлэн авах үүргээ биелүүлээгүйгээс тээврийн хэрэгслийн татвар болон замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас үүссэн торгуулийг төлөх нөхцөл байдал үүсэж байгаа тул хариуцагчийг гэрээнд заасан үүрэг буюу тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлэхийг даалгахаар нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

          Нэхэмжлэгч Э. Э. А ХХК 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч М.Б зээлийн болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 00-00 УНБ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн суудлын автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн буюу Э. Э.А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр фидуцийн гэрээ байгуулж, 1,200,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдэж авсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн болон фидуцийн гэрээгээр тус тус нотлогдож байна.

        Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан ... авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заажээ.

         Талуудын хооронд байгуулсан Фидуцийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д Зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд хөрөнгийг буцаан өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-д Зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнээр хөрөнгийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгэгчид шилжүүлэх-ээр тус тус харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

        Иймд дээрх гэрээний зээлдэгч М.Б зээлийн гэрээний дагуу мөнгө төлөх үүргээ биелүүлсэн байх тул Э. Э. А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах үүргээ биелүүлэхийг хариуцагч М.Б даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

        Хариуцагч М.Б шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт заасынг тус тус баримтлан 00-00 УНБ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн, сувдан цагаан өнгөтэй, GX0000000000  арлын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөлийг өөрийн нэр дээр буюу М.Б /РД:ЕП00000000/-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч М.Б /РД:ЕП00000000/- т даалгасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                    Ц.ОЮУНБИЛЭГ