Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0087/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Шүүгдэгч***** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ***** холбогдох эрүүгийн 201709000062 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 5-р сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан суманд төрсөн, эмэгтэй, 28 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг,*****хаягийн бүртгэлтэй, одоо*****байр түрээслэн түр амьдарч байгаа гэх ******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч***** нь 2017 оны 1-р сарын 05-ны өдөр***** архидан согтуурч хамтран амьдрагч***** маргалдан хутгаар хатгаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч*****ийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 1-р сарын 04-ний өдөр манай нөхөр ***** төрсөн өдөр болоод орой 23 цагийн орчим манай нөхрийн дүү охин ***** нөхөр хүүхдийн хамт ирээд манай нөхөрт 0,75 литрийн Болор архи өгөөд явсан. Тэр архийг манай нөхөр өөрийнхөө найз *****хамтаар уусан. Түүнээс хойш нөхөр бид хоёр шөнийн 3 цагийн орчим гарч найз ****** эхнэр ***** хамтаар гэртээ авчирсан. Би ***** 2,5 литрийн пиво хувааж уусан. ... манай нөхөр *****намайг “чи ямар арчаагүй юм бэ? хүүхдээ хөхүүлээч” гээд толгой руу цохиж сэрээсэн. Би “яагаад цохиод байгаа юм” гээд нойроо харамлаад нөхөртэйгээ маргалдаад босоод ирсэн чинь намайг цохиод байсан. Би ширээн дээр байсан хутгыг яаж авсанаа сайн санахгүй байна. Гэнэт хутга барьчихсан тэр хутгаараа нөхрөө хутгалсан байсан. Хутгаа тавиад харсан чинь манай нөхрийн биенээс цус гарч байсан. Тэгэхээр нь би нөхрөө хутгалчихлаа гэж бодоод цагдаа, эмнэлэг дуудсан. Бор модон иштэй гэртээ хэрэглэдэг хутгаар хутгалсан, нөхөртөө цохиулснаас болж учирсан гэмтэл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-р хуудас/,

Хохирогч Б.***** хэрэг бүртгэлтэд өгсөн: “...манай хүүхэд уйлаад байхаар нь тэврээд унтуулах гэтэл уйлаад байсан тул эхнэрээ дуудтал нойроо харамлаад над руу уурлаад намайг “арчаагүй хүүхдээ харж чадахгүй байна” гээд уурлаад байсан. Тухайн үед би их хэмжээний архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нэг мэдэхэд зүүн бөөрний тус газар зүсэгдсэн цус гарч байсан. Манай эхнэр хэзээ намайг хутгаар хатгасныг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд манай эхнэр цагдаа болон түргэнд дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23-р хуудас/,

Гэрч Д.*****хэрэг бүртгэлтэд өгсөн “...*****орон дээр унтаж байсан эхнэр*****ийг “хүүхэд уйлаад байна, хөхүүлээч” гэж хэлсэн.*****босож ирээд ***** нойроо харамлаад маргалдаж эхэлсэн. Би босч ирээд тэр хоёрыг салгасан. Тэгээд*****өөрөө цагдаа, эмнэлэг дуудсан.*****надад нөхөр ***** хутгалчихлаа, цагдаа дуудъя гэж хэлсэн. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,

Шинжээч эмч***** 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “Ямар нэгэн хагалгаа хийгдээгүй байсан. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна гэсэн заалтаар хөнгөн гэмтэл гарсан” гэх мэдүүлэг, 

Б.***** өвчний түүх /хавтаст хэргийн 65-74 дүгээр хуудас/,

Согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 19-20-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1-р сарын 20-ны өдрийн 841 дугаартай дүгнэлт, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1-р сарын 7-ны өдрийн 436 дугаартай дүгнэлт, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1-р сарын 9-ний өдрийн 86 дугаартай “...Б.***** биед хэвлийн хажуу хэсэг, цээжний зүүн ар хэсгийн 2 шарх тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц үзүүртэй багажийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1-р сарын 9-ний өдрийн 28 дугаартай дүгнэлт, 
  
Хэргийн газарт болон хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5-11-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, /хавтаст хэргийн 59-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч  О.Майцэцэцэг нь 2017 оны 1-р сарын 5-ны өдөр Дархан сумын 4-р баг, 14-р байрны 44 тоотод архидан согтуурч хамтран амьдрагч***** маргалдан хутгаар хатгаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Б.***** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.*****мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт, шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч*****ийн үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байна.

Хохирогч Б.*****нь 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... Миний биед хөнгөн гэмтэл учирсан. Одоо гэмтэл зүгээр, бид эвлэрсэн хамт амьдарч байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байх ба *****нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
 
Иймд шүүгдэгч*****ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул*****ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

***** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон алаг өнгийн хөнжил 1 ширхэг, цагаан өнгийн цус мэт зүйлээр бохирдсон даавуу 1 ширхэг, саарал өнгийн ноосон өмд 1 ширхэг, цагаан өнгийн нимгэн цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц*****д буцаан олгож, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *****бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан ***** холбогдох эрүүгийн 201709000062 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар*****ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Хэрэгт иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ногоон алаг өнгийн хөнжил 1 ширхэг, цагаан өнгийн цус мэт зүйлээр бохирдсон даавуу 1 ширхэг, саарал өнгийн ноосон өмд 1 ширхэг, цагаан өнгийн нимгэн цамц 1 ширхэг зэргийг хохирогч Б.Дашдэмбэрэлд буцаан олгож, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг устгасугай. 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***** авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД