Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0356

 

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ц.А***,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.М***,

Хариуцагч: Дотоод Хэргийн Их сургуулийн захирал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дотоод Хэргийн Их сургуулийн Захиргааны удирдлагын газрын Бодлого, төлөвлөлтийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Б*** нарын хоорондын “Сургуулиас хасах тухай” шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.А***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Т***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э*** нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.А*** нь Дотоод Хэргийн Их сургуулийн захиралд холбогдуулан “Дотоод Хэргийн Их сургуулийн захирал П.Б***-ын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/242 дугаартай сургуулиас хасах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ц.А***-г Дотоод Хэргийн Их сургуулийн Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил-Эрх зүй” ангид 2 дугаар дамжаанаас үргэлжлүүлэн суралцуулахыг хариуцагчид даалгуулах"-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Ц.А*** нь 2020 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын II сургуулийг төгсөн, Дотоод Хэргийн Их сургуулийн Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил- Эрх зүй” ангийн 1 дүгээр дамжаанд элсэн суралцсан. Улмаар 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр олон нийтийн цахим сүлжээ болох “Фэйсбүүк” дэх өөрийн “Sorko Tsatsral” гэх нэртэй хаягт Дотоод Хэргийн Их сургуулийн буюу сонсогчийн дүрэмт хувцас өмссөн зургаа байршуулсан үедээ садар самууныг сурталчилсан, ёс бус үг хэллэг бүхий зурагт хуудас, нийтлэлийг удаа дараа байршуулсантай холбогдуулан Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлаас нэхэмжлэгчийг “сахилга, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан” хэмээн үзэж маргаан бүхий Дотоод Хэргийн Их Сургуулийн захирлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Сургуулиас хасах тухай” А/242  тушаалыг гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Дотоод Хэргийн Их сургуулийн захиралд хандан гомдол гаргасныг Дотоод Хэргийн Их сургуулийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 06/967 дугаар албан бичгээр “...Дотоод Хэргийн Их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрмийн 8.2 “Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын шийтгэл ногдуулах шинж бүхий бол Их сургуулийн “Суралцагчийн сахилгын дүрэм”-ийн дагуу хариуцлага ногдуулна” гэж заасны дагуу “...Таны гаргасан сахилга, ёс зүйн зөрчилд сахилгын дүрмийг баримтлан шийтгэл ногдуулсан” хэмээн гомдлыг хангахаас татгалзсан хариуг өгсөн.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс анх 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 8168 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2205 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Улмаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Нэхэмжлэгч Ц.А*** 2020 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөн, элсэлтийн ерөнхий шалгалт өгч, зохих шалгалтын оноог авч Дотоод Хэргийн Их сургуулийн Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил- Эрх зүй” ангийн 1 дүгээр дамжаанд элсэн орж, суралцаж байсан ба 2020-2021 оны хичээлийн жилд Монгол Улсад корона вирус /Ковид 19/ цар тахал гарч, Монгол Улсын Засгийн Газар болон Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж Ерөнхий боловсролын болон Их, дээд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарч танхимын бус цахим хэлбэрээр хичээллэж байсан.

2021 оны хавраас сургуулийн захиргаанаас оюутнуудыг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ээлжит хичээлийн жилийг дуусгаж зуны амралтыг эхлүүлсэн. Ц.А*** 1 дүгээр курсээ амжилттай төгссөн гэж ойлгон нутаг буцсан байсан.

Гэвч Дотоод Хэргийн Их сургуулийн захирал П.Б 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр А/242 дугаар тушаал гаргаж Ц.А***-г сургуулиас хасах шийдвэрийг гаргахдаа илтэд үндэслэлгүйгээр, холбогдох шалгалтын ажиллагааг бүрэн дүүрэн явуулалгүйгээр хэт нэг талыг барьж тушаал гаргасан гэж үзэж байгаа төдийгүй уг тушаалыг гаргахдаа сургуулийн дотоод дүрэм, журам, холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Үүгээр ч зогсохгүй 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг ч давхар зөрчиж, Ц.А***-гийн сурч боловсрох эрхэд хууль бусаар халдсан байна.

Маргаан бүхий тушаалаас үзвэл Ц.А***-г сургуулиас хасах болсон үндэслэл нь “...сахилгын зөрчил, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан...” гэх 2 үндэслэлээр түүнийг сургуулиас хассан байх ба Ц.А*** 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр сургууль дээрээ очиход ахмад Д.Н “...чи одоо нэгэнт сургуулиас хөөгдсөн, тушаалаа гардаж аваад ямар нэгэн гомдол санал гаргахгүй гэдгээ бичиж өг...” хэмээн сүрдүүлж, хүчээр гомдол саналгүй тухай хүсэлт бичүүлсэн бөгөөд ийм агуулга бүхий хүсэлт бичүүлэн авч байгаа үйлдэл нь ёс зүйн зөрчил гаргасан суралцагчид хамаарахаар байна.

Өөрөөр хэлбэл Ц.А*** сахилгын эсхүл ёс зүйн зөрчлийн аль үндэслэлээр нь сургуулиас хасагдаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байдалд хүргэсэн төдийгүй яг ямар зөрчилд ямар шийтгэл оногдуулж байгаа нь ойлгомжгүй.

Дотоод Хэргийн Их сургуулийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлд “ёс зүйн зөрчил гэж энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг” гэж тодорхойлсон бөгөөд журмын 5 дугаар зүйлийн 5.6-д суралцагчийн үйл ажиллагаанд хориглосон ёс зүйн зөрчлүүдийг нэрлэн заасан байх ба Ц.А***-г тухайн ёс зүйн зөрчлүүдээс алийг нь гаргасан талаар тушаалдаа огт заагаагүй байхаас гадна дүрмийн 7 дугаар зүйлд сахилга, ёс зүйн зөрчлийн тухай мэдээллийг хүлээж авах, шалгаж шийдвэрлэх ажиллагааны талаар болон албаны шалгалт явуулах хугацаа, гомдол мэдээлэлд холбогдсон суралцагчийн тайлбар, саналыг авах талаар нарийвчлан зохицуулсан байхад энэ талаарх ажиллагааг ч огт хийлгүйгээр тушаал гаргасан.

Сургуулийн суралцагчийн сахилгын дүрмийн 2 дугаар зүйлд “...сахилгын зөрчил гэж энэ дүрмээр хориглож, шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ...” гэж журамласан байхад Ц.А***-г ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, сахилгын дүрмийн дагуу сургуулиас хасах арга хэмжээ оногдуулсан явдал нь түүний сурч боловсрох эрхийг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол энэ журмын дагуу түүнд шийтгэл ногдуулах байтал ёс зүйн зөрчил гаргасан гэж өөр журмаар шийтгэл ногдуулах нь өрөөсгөл юм.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж заасныг зөрчсөн.

Иймд Дотоод Хэргийн Их сургуулийн захирлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/242 дугаар “Сургуулиас хасах тухай” тушаалыг хүчингүй болгож, Ц.А***-г Дотоод Хэргийн Их сургуулийн Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил-Эрх зүй” ангийн 2 дугаар дамжаанаас үргэлжлүүлэн суралцуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Би 2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд элсэж орсон. Бараг төгсөхийн даваан дээр би найз охинтойгоо маргалдаад “хайр ба гуниг” гэсэн 200000 хүнтэй групп дээр  “охид үхээсэй” гэж пост бичсэн юм. Үүнд би өөрийгөө ёс зүйгүй авир гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Надад албаны шалгалт хийхэд би сургуулийнхаа захирлаас олон удаа уучлалт хүсэж “...надад нэг боломж олгож өгнө үү” гэж гуйсан. “Охид үхээсэй” гэсэн нийтлэлээс болж намайг сургуулиас хөөсөн. Миний утсан дотор байсан зүйлстэй ямар ч холбоогүй. Тухайн хамааралгүй бичлэг, зургийг аваад цагдаад өгч шалгуулна гэсэн. Зураг, бичлэгүүдийг олон нийтийн хуудсанд байршуулсан мэтээр хүмүүст ойлгуулж нотлох баримт гэж авсан. Надад ямар нэгэн сануулга өгөлгүйгээр сургуулиас хөөсөнд би гомдолтой байна. Миний мөрөөдлөөр битгий ингэж тоглооч гэж хэлмээр байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “ Иргэн Ц.А*** нь тус Их сургуулийн Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил-Эрх зүй” хөтөлбөрт 2020-2021 оны хичээлийн жилд элссэн, суралцах хугацааны голч дүн 3,16 байх ба суралцахаар бүрдүүлсэн материалыг судалж үзвэл суралцагчийн хувийн хэрэг дэх ангийн багшийн 9-12 дугаар ангид бичигдсэн тодорхойлолтод тархины хүнд хагалгаанд орж, тархи ачаалал даах чадваргүй тухай тэмдэглэсэн байна. Гэсэн хэдий ч түүний элсэх үеийн нөхцөл байдалд Төрийн тусгай алба хаагчийн нэгдсэн эмнэлгээс ямар нэгэн онош тавиагүй учир Дотоод Хэргийн Их сургууль “Цагдаагийн ажил-Эрх зүй” хөтөлбөртөө элсүүлэн суралцуулсан.

Их сургуулийн захирлын 2021 оны А/242 дугаартай сургуулиас хасах тухай тушаал нь түүний 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр олон нийтийн цахим сүлжээ болох “Фэйсбүүк” дэх өөрийн буюу “Sorko Tsatsral” гэх нэртэй хаягт Их сургуулийн буюу сонсогчийн дүрэмт хувцас өмссөн зургаа байрлуулсан үедээ “Охид үхээсэй пиздаа гэчдымуу ххха бариад идчихэв”, “Хохийшд2 хэн чамайг тасар гэсийн” гэсэн бичиглэлтэй хэлээ гаргаж тохуурхсан эрэгтэйн зургийн доод хэсэгт “хүчиндүүлсэн охин” гэсэн бичвэр дор үс нь арзайн урвайж, уйлсан эмэгтэйн зурагтай нийтлэл, “Тэвэрч таныгаа даахгүй ч гэсэн тээж явдаг шүү сэтгэлдээ” гэсэн бичвэртэй эр бэлэг эрхтний том хөшөө тэвэрсэн эмэгтэй хүний зурагтай нийтлэл, “Танилцылдаа охидуудаа гуйжишдээ хайрлаад явчихнаа” гэсэн бичвэр бүхий ширээн дээр хайрцагтай “Сэнгүр” нэртэй пивотой, амандаа тамхи зуусан зургаа оруулсан нийтлэл зэрэг садар самуун сурталчилсан, хүйсийн тэгш бус байдлыг илэрхийлсэн, бусдыг доромжилсон ёс бус үг хэллэг бүхий зурагт хуудас, постыг удаа дараа байршуулсан. “Хайр ба гуниг” гэх нэртэй цахим группэд түүний “Шаалгуулаагүй охин байдаг юм уу? Байдаг бол найзын хүсэлт явуул даа” гэсэн нийтлэл орсон, Bqla гэх хаягнаас Ц.А***-тай харилцсан бичвэрээ зураг хэлбэрээр /уг зурагт тэрээр танихгүй нэгэнтэй харилцахдаа “яасан намайг баян бол хэдэн төгрөг аваад дуртай танилцах уу” Дансаа, ахдаа дансаа гэсэн бичвэр бүхий Ц.А***-гийн цахим хаягийг оруулсан/ нийтлэхдээ “Чамд гэж хэлэхэд яана даа чи Sorko Tsatsral? гэх нийтлэлийн доорх сэтгэгдлүүдэд “ДХИС-д ийм хүүхдүүд байдаг гэж бодохоор, Цагдаа хүн байж ийм байх гэж дээ” гэх зэрэг бичвэр агуулагдсан нь Их сургуулийн нэр хүндийг эрхэмлэн сахих үүргээ биелүүлээгүй сахилга, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан үйлдэлд хамаарна. Түүний эдгээр байдлыг хамт суралцаж буй сонсогчид дамжааны захирагчдаа мэдээллэх замаар Их сургуулийн удирдлага мэдэж Цагдаагийн сургуулиас түүнд албаны шалгалтыг гүйцэтгэсэн болно.

Уг шалгалтаар түүний дээрх үйлдлүүд тогтоогдож, шалгасан албан тушаалтнаас Их сургуулиас хасах саналыг удирдлагад танилцуулсны дагуу Их сургуулийн захирлын 2021 оны А/242 дугаартай тушаалаар түүнийг сургуулиас хасах шийдвэр албажсан.

Их Сургуулиас хасах шийдвэрийг тэрээр 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн байх ба өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч холбогдох тайлбарыг бусдын дарамт шахалтгүйгээр бичин өгч түүний Улаанбаатар хотод хамт амьдардаг үеэл эгч М.Энхмэндийн хамт Их сургуулийн тэргүүн дэд захирал Б.Болдбаатартай уулзаж, сонсох ажиллагаа хийж байсан.

Сургуулиас хасагдах үедээ тэрээр албаны дүрэмт хувцасны тооцоо хийгээгүй хураалгаагүй учир түүнд хамаарах хувцасны тооцоо 1,610,067 төгрөгийн авлага Их сургуульд үүссэн.

Их сургуулиас хасагдаж, албаны дүрэмт хувцас хураалгаагүй байх үедээ Ц.А*** нь сонсогчийн дүрэмт хувцас өмсөн 4-5 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгагдан Их сургуулийн нэр хүндэд халдсан.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахиулах үндсэн үүрэгтэй алба хаагч бэлтгэх “Цагдаагийн ажил-Эрх зүй” хөтөлбөрт суралцагчийн хувьд болон ёс зүйтэй, мэргэшсэн төрийн албан хаагч бэлтгэх Их сургуулийн бодлого, чиг үүрэгт нийцэхгүй үйлдэл гаргасан учир түүнийг үргэлжлүүлэн суралцуулах боломжгүй” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зөрчил гаргаагүй гэж үзээд байгаа. Дотоод хэргийн их сургууль нь өөрөө Хууль зүйн сайдын тушаалаар баталсан дүрэмтэй. Тухайн дүрэмдээ хуульд нийцүүлсэн суралцагчийн сахилгын дүрэм, суралцагчийн ёс зүйн дүрэм гэсэн тусгай дүрэмтэй. Маргаан бүхий эрх зүйн актын үндэслэлд дүрмийг баримталсан. Дүрмийн 4.1.19-д суралцагчийн суралцах үйл явцтай холбоотой их сургуулийн захирлын эрх байдаг. Их сургуулийн дүрмийн 42.2.4 буюу суралцагчийн эрх үүргийн талаар тусгасан байдаг. 42.2.6-д Их сургуулийн нэр хүндийг ямагт дээдлэн, үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах, хуулиар хориглосон аливаа үйлдлийг тэвчих, сайн иргэн чанартай хэрэгжилтэд өөрийг дайчлах гэсэн үүрэг байдаг. Энэ үүргийг зөрчсөн гэж үзээд тухайн тушаалыг гаргаж, Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн дүрмийн 4.1.5-т буюу албаны шалгалт явуулсан гэсэн үндэслэл юм. Тухайн дүрмийн 4.1.5-ийн дагуу сахилгын дүрмийн 5.2, 5.2.5-ийн дагуу сургуулиас хасах шийдвэр гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримт буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсээс 3 эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол ирүүлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2116000136 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол байна. Энэ нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Ц.А*** нь цоожийг хөшиж дэлгүүрт нэвтэрч 1.993.350 төгрөг бүхий хүнс эд зүйл хулгайлсан. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2116000137 дугаартай тогтоолоор 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөн бусдын орон байранд нэвтэрч 2 гар утас, 2 чихэвч, 2 ухаалаг цаг хулгайлсан байна. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2116000142 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Үүнд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 19-ний өдрийн хооронд гар утас засвараас 9 нэр бүхий гар утсыг 1.020.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан. Энэ нь маргаан бүхий эрх зүйн акттай хамааралгүй хэдий ч цаашид үргэлжлүүлэн суралцуулах боломжгүй гэдгийг харуулж байгаа юм. Их сургуулийн шилжилт хөдөлгөөн гэж байгаа. Яг Ц.А***-г сургуулиас хасагдах үед ISO стандарт нийцүүлээд 121 журмыг нэг дор боловсруулах том ажил авсан. Шилжилт хөдөлгөөний журам болон бусад журмыг үндэслэх боломж байгаагүй ч уг өгүүлбэрийн тухайд суралцагчийн “...сахилгын болон ёс зүйн ноцтой зөрчил нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй боловч бусдад илт сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдолд” гэсэн нөхцөл байдаг. Энэ үндэслэлээр суралцагчийн сургуулиас хасах нэг үндэслэл юм. Ц.А*** нь энэ нөхцөл байдлын хүрээнд суралцах боломжгүй учраас их сургууль албаны шалгалтын хүрээнд тухайн иргэнийг сургуулиас хассан. Ц.А*** нь өөрийгөө ёс зүйгүй үйлдэл гаргасан гэдгийг тайлбартаа дурдаж хүлээн зөвшөөрсөн. Сургуулиас хасах боломж олгохыг хүссэн гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч хоёрын байр суурь зөрүүтэй байгаад байна. Нэхэмжлэгч боломж олгохыг хүссэн, намайг сургуулиас хасах гэж байгааг мэдсэн гэж ярьдаг. Энэ өмгөөлөгч болон Ц.А*** хоёрын хооронд хийгдсэн гэрээний гарын үсгийн зөрүүтэй байдал дээр шинжээчийн дүгнэлтэд орсон хүсэлт байдаг. Үүнд нэхэмжлэгч өөрөө нөхцөл байдлаа мэдээд Их сургуулийн тэргүүн дэд захирал дээр орж уулзсан байдаг. “...Нууц кодоо алдсан” гэдэг асуудал ярьж 2 өөр тайлбар өгөөд байдаг. Сая би өөрөө бичсэн гэж хэлж байна. Сахилгын шийтгэлийн хувьд танилцуулж, тэмдэглэл үйлдүүлсэн.

Иймд иргэн Ц.А***-г Дотоод хэргийн их сургуульд үргэлжлүүлэн суралцуулах боломжгүй. Шилжилт хөдөлгөөний тухай журмын 7.6.1-т олгосон дүрэмт хувцас, биеийн тамирын болон тусгай хэрэгслийн хувцас зэргийг хураан авах, элэгдлийг хугацааны зөрүү тооцон төлүүлэх гэж байгаа. Үүний дагуу улсыг хохиролгүй болгох үүднээс Дотоод хэргийн их сургууль Ц.А*** гэдэг хүнээс 1.610.067 төгрөгийг нэхэмжилж байна. Дүрэмт хувцас болон хэрэглээний эдэлгээний хугацааг хураалгаагүй гэж тооцох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч Ц.А***-гаас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр Дотоод Хэргийн Их сургуулийн захирлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/242 дугаар тушаалыг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

1.Дотоод Хэргийн Их сургуулиас хасах шийдвэрийг гаргахдаа илтэд үндэслэлгүйгээр, холбогдох шалгалтын ажиллагааг бүрэн дүүрэн явуулалгүй,

2. Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсох ажиллагааг хийгээгүй,

3. хэт нэг талыг барьж,  ёс зүйн зөрчилд сахилгын хариуцлага хүлээлгэж буй нь сургуулийн дотоод дүрэм, журам, холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Нэхэмжлэгч Ц.А*** нь Дотоод Хэргийн Их сургуулийн “Цагдаагийн ажил-Эрх зүй” ангид сонсогчоор суралцаж байх үедээ буюу 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр олон нийтийн “Фэйсбүүк” цахим сүлжээ дэх өөрийн “Sorko Tsatsral” гэх нэршил бүхий цахим хуудас болон “Хайр ба гуниг” гэх нэртэй цахим группэд тус тус Дотоод Хэргийн Их сургуулийн сонсогчийн дүрэмт хувцас бүхий өөрийн зурагтайгаар садар самуун, хүйсийн тэгш бус байдлыг илэрхийлсэн, бусдыг доромжилсон үг хэллэг бүхий зурагт хуудас, постыг удаа дараа байршуулсан болох нь Дотоод Хэргийн Их сургуулийн Цагдаагийн сургууль, Гүйцэтгэх ажлын тэнхимээс 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд явуулсан АШ/2021001 дугаартай “Албаны шалгалтын материал”-д авагдсан нэхэмжлэгч Ц.А***-гийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр болон 21-ний өдрүүдийн тайлбар, Фэйсбүүк дэх “Sorko Tsatsral” гэх нэр бүхий хаягаас бичсэн “Охид үхээсэй пиздаа гэчдымуу ххха бариад идчихэв”, “Хохийшд2 хэн чамайг тасар гэсийн” гэсэн агуулга бүхий пост, “Тэвэрч таныгаа даахгүй ч гэсэн тээж явдаг шүү сэтгэлдээ” гэсэн бичвэртэй зурагт нийтлэл, сонсогчийн дүрэмт хувцас бүхий “Сэнгүр” нэртэй пивотой, амандаа тамхи зуусан зурагт пост болон холбогдох бусад баримтаар,

Нэхэмжлэгч Ц.А***-гийн үйлдэлтэй холбогдуулан Дотоод Хэргийн Их сургуулийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргаас 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Албаны шалгалт явуулах төлөвлөгөө”-г баталж, нэхэмжлэгчээс 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр болон 6 дугаар сарын 21-ний өдрүүдэд холбогдох тайлбарыг авч, улмаар 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Албаны шалгалт явуулсан тухай” илтгэлийг үйлдэн нэхэмжлэгчид танилцуулсан болох нь “Албаны шалгалт явуулсан тухай” илтгэх хуудас, Ц.А***-гаас Дотоод Хэргийн Их сургуулийн захирал Б.Болдбаатарт хандан гаргасан 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн тайлбар болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчмыг баримтална, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 42 дугаар зүйлийн 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” хэмээн,

Боловсролын тухай хуулийн  45 дугаар зүйлийн 45.2-т “суралцагч дараах үүрэгтэй”, 45.2.5-д “сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих” хэмээн,

Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д “суралцагч элсүүлэх, төгсгөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Суралцагч Боловсролын тухай хуулийн 45.2-т зааснаас гадна сургуулийн дотоод дүрэм, журамд заасан үүргийг биелүүлнэ “хэмээн,

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.7-д “Цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын алба хаагч, сонсогч , ... цагдаагийн дүрэмт хувцастай байна”, 91 дүгээр зүйлийн 91.7-д “Цагдаагийн байгууллагын захиалгаар суралцсан, цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагад цагдаагийн цолтойгоор ажилласан, цэргийн жинхэнэ алба хаасан, цэрэг, цагдаагийн сургуульд сонсогчоор суралцсан болон хуульд заасан бусад хугацааг цагдаагийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцно” хэмээн тус тус хуульчлан заасан бөгөөд

Дотоод Хэргийн Их сургуулийн захирлын 2021 оны А/224 дүгээр тушаалаар батлагдсан Дотоод Хэргийн Их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрмийн 5.6.15-д “...албаны дүрэмт хувцастай зургийг хувийн зорилгоор олон нийтийн сүлжээнд байршуулах”, 7.1.1-д “байгууллага, аж ахуй нэгж, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн болон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба, бүрэлдэхүүн сургууль, институт, бүтцийн нэгжийн дотоод хяналтаар илэрсэн мэдээ, баримт нь албаны шалгалт явуулах үндэслэл болно”, 8.2-т “Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын шийтгэл ногдуулах шинж бүхий бол Их сургуулийн “Суралцагчийн сахилгын дүрэм”-ийн дагуу хариуцлага ногдуулна” хэмээн,

Дотоод Хэргийн Их сургуулийн захирлын 2021 оны А/224 дүгээр тушаалаар батлагдсан  Дотоод Хэргийн Их сургуулийн суралцагчийн сахилгын дүрмийн 4.2-т “Албаны шалгалтыг Хяналт шалгалт зохион байгуулах журмын дагуу явуулж, сахилгын зөрчил үйлдсэн эсэхийг тогтооно”, 4.3-т “Зөрчил гаргасан нь тогтоогдсон бол зөрчлийн шалтгаан нөхцөлийг заавал судалж, нотлох баримт бичиг, материал бүрдүүлэн бүрэлдэхүүн сургууль, институтийн захирал, бүтцийн нэгжийн дарга, Их сургуулийн захиралд танилцуулна”, 5.2-т “Шалгагч сахилгын зөрчил гаргасан суралцагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан Цэргийн албаны нийтлэг дүрмүүд, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, их сургуулийн дүрэм, үйл ажиллагааны дотоод журамд заасны дагуу дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 5.2.5-д “сургуулиас хасах” хэмээн тус тус заажээ.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, нэхэмжлэгч Ц.А***-гийн Дотоод Хэргийн Их сургуулийн сонсогчийн дүрэмт хувцастай зургаа олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан үедээ зүй бус агуулга бүхий мэдээ, пост бичсэн болохыг шалган тогтоосон Дотоод Хэргийн Их сургуулийн Цагдаагийн сургуулийн Гүйцэтгэх ажлын тэнхимийн албаны шалгалтын ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн.

Нэхэмжлэгчийн үйлдсэн зөрчилтэй холбогдуулан хариуцагч Дотоод Хэргийн Их сургуулийн захирлаас 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/242 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.А***-г сургуулиас хасахаар шийдвэрлэсэн үйл баримт нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан журмын хариуцагчаас сонгох боломжоо хэрэгжүүлэн гаргасан хуульд нийцсэн шийдвэр болсон байна гэж шүүх үзлээ.

 Үүнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа : “...хувцасны тооцоо 1,610,067 төгрөгийн авлага Их сургуульд үүссэн тул Ц.А***-гаас 1.610.067 төгрөгийг нэхэмжилж байна” гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан нь тус шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш тул уг асуудлаар харьяалах Иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 16 дугаар зүйлийн 16.2 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.А***-гаас Дотоод Хэргийн Их сургуулийн захиралд холбогдуулан гаргасан “Сургуулиас хасах тухай” Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/242 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Ц.А***-г Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил-Эрх зүй” ангид 2 дугаар дамжаанд үргэлжлүүлэн суралцуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.М