Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2026/0630

 

Г.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийг дэмжих сангийн төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ын 6.4.3-т заасны дагуу эмчилгээний зардлын 20 хувиар тооцож, төлбөрийн дэмжлэгийн үлдэгдлийг олгохгүй байгаа Эрүүлд мэндийн сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус журамд заасан хэмжээгээр буюу 20 хувиар тооцож, үлдэгдэл төлбөр болох 91 828 510.4 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 611 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Т.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн

Хэргийн индекс: 128/2026/0337/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.М-ээс Эрүүл мэндийн сайдад холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийг дэмжих сангийн төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ын 6.4.3-т заасны дагуу эмчилгээний зардлын 20 хувиар тооцож, төлбөрийн дэмжлэгийн үлдэгдлийг олгохгүй байгаа Эрүүлд мэндийн сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус журамд заасан хэмжээгээр буюу 20 хувиар тооцож, үлдэгдэл төлбөр болох 91 828 510.4 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 611 дүгээр шийдвэрээр: Нэхэмжлэлийн шаардлагаас 2024 оны эмчилгээний зардалд холбогдох хэсгийг хангаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2022, 2023 оны эмчилгээний зардалд холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“...3.1. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журмын 6.4.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Г.М-ийн эмчилгээний зардалд олгох санхүүгийн дэмжлэгийг зардлын 20 хувиар тооцож төлбөрийн дэмжлэг олгохгүй байгаа Эрүүл мэндийн сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус журамд заасан хэмжээгээр буюу 20 хувиар тооцож, үлдэгдэл төлбөр болох 91 828 510.4 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгах” гэж тодорхойлсон.

Гэвч анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу санхүүгийн дэмжлэг олгох хүсэлтийг бүрэн дүүрэн шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй байгааг тогтоож, 170 870.4 төгрөгийн мөнгөн дүнг нэхэмжлэгчид олгохыг даалгаж шийдвэрлэсэн боловч үлдэх 91 657 640 төгрөгийг олгохыг даалгаж шийдвэрлэх нь үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийсэн.

Даалгах нэхэмжлэл нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш бөгөөд даалгах нэхэмжлэлийн шаардлагын өмнө заавал тухайн хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байсан эсэхийг тогтоох ёстой. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүнгийн тодорхой хэсгийг даалгаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг шүүх тогтоосон учраас хууль хэрэглээний хувьд тодорхой мөнгөн дүнг даалгаж шийдвэрлэсэн гэж ойлгож байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт мөнгөн дүнг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлээгүй нь шүүхийн зүгээс дээрх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт мөнгөн дүнг 2 тусдаа захиргааны акт буюу үйлдэл, эс үйлдэхүйгээс үүссэн үр дагавар гэж үзсэн бололтой. Гэвч яг ямар үйлдлийг 2 тусдаа захиргааны акт гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журмын хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр санхүүгийн дэмжлэг авах нэг л хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд гаргасан. Тэр хүсэлтийг бүрэн дүүрэн шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүйг тогтоолгож хүсэлтэд дурдсан эмчилгээний нийт зардлын 20 хувиар санхүүгийн дэмжлэг олгохыг л шаардаж байгаа буюу дээрх хүсэлтийг шийдвэрлээгүй нэг л эс үйлдэхүй буюу нэг л захиргааны акттай маргаж байгаа.

Нэхэмжлэгчийн хувьд 2022 болон 2023 оны зардалд оногдох санхүүгийн дэмжлэгийг хуучин журамд заасны дагуу нөхөж олгоно уу мөн 2024 болон 2025 оны зардалд оногдох санхүүгийн дэмжлэгийг шинэ журамд заасны дагуу олгож өгнө үү гэсэн 2 тусдаа хүсэлт гаргаагүй боловч шүүхийнх зүгээс өөрийн санаачилгаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2 хувааж дүгнэсэн. Нэхэмжлэгч хариуцагчийн нэг л эс үйлдэхүйтэй маргасан бөгөөд шүүх хариуцагчийн үйлдлийг эс үйлдэхүй мөн, биш гэж нэг үйл баримтыг 2 өөрөөр дүгнэсэн нь анхан шатны шүүхийн хувьд ноцтой хууль хэрэглээний алдаа юм.

3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14 болон 15 дахь хэсэгт “Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоолд уг актыг буцаан хэрэглэх, эсхүл өмнө дуусгавар болсон харилцаанд хамааруулах талаар тусгайлан заагаагүй тул эрх зүйн акт дагаж мөрдөгдөхөөс өмнөх цаг хугацаанд (2022, 2023 онд) үүссэн харилцаанд шинэ журмыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь 2024 онд батлагдсан Эрүүл мэндийг дэмжих сангийн төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журмын 6.4.3-т заасныг үндэслэн 2022, 2023 оны эмчилгээний зардалд 20 хувийн буцаан олголт тооцуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дээрх онуудын зардал нь тухайн үед мөрдөгдөж байсан (2018 оны) журамд хамаарах тул хариуцагч уг зардлыг одоо үйлчилж буй журмын дагуу олгохоос татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 60.4-т заасанд нийцсэн байна” гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт нь дараах байдлаар алдаатай болно.

-Нэхэмжлэгч болон хариуцагч нар Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журмын хүрээнд хамгийн анх 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр санхүүгийн дэмжлэг авах хүсэлтийн хүрээнд эрх зүйн харилцаанд орсон буюу шүүхийн дүгнэсэн шиг талууд 2022, 2023, 2024 онд дээрх журмын хүрээнд эрх зүйн харилцаанд орж байгаагүй. Түүнчлэн хүчин төгөлдөр журам дээр ч тэр өмнө нь үйлчилж байсан журам дээр ч тэр өвчтэй байх үедээ, эмчилгээ нь дуусаагүй байхдаа зардал гаргасан оноо дуусахаас өмнө санхүүгийн дэмжлэг авах хүсэлтийг гаргасан гэсэн агуулга байхгүй харин эмчилгээ хийлгэсэн сүүлийн өдрөөс хойш 3 сарын дотор хүсэлт гаргана л гэдэг ойлголт байгаа. Дээрх журамд заасан тус ойлголтын дагуу 2022, 2023, 2024 онуудад санхүүгийн дэмжлэг авах хүсэлтийг гаргах боломжгүй буюу эмчилгээ дуусаагүй байсан тул 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эмчилгээ дуусаж санхүүгийн дэмжлэг авах эрх тус өдөр л үүссэн тул 3 сарын дотроо буюу 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт өгч журмын дагуу талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023, 2024 онуудад Эрүүл мэндийн яамны холбогдох утсаар санхүүгийн дэмжлэг авахад бүрдүүлэх материалын талаар тодорхой мэдээлэл авч байсан бөгөөд хариуцагчийн зүгээс “...бүх эмчилгээ дууссан хойно төлбөрийн баримтуудаа эх хувиар нь авчраад хандах нь зүйтэй” гэх хариу өгч байсан бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн шүүх хуралдаан дээр тайлбарласныг дурдах нь зүйтэй.

-Түүнчлэн нэхэмжлэгч нь 2022, 2023, 2024, 2025 онд гаргасан зардалд оногдох тус тусдаа цаг хугацааны хувьд өөр 4 ширхэг санхүүгийн дэмжлэг авах хүсэлт гаргаагүй мөн тус онуудын санхүүгийн дэмжлэгийг нөхөж олгож өгнө үү гэсэн нийлүүлсэн хүсэлт ч гаргаагүй бөгөөд зөвхөн Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журмын 6.3 дахь хэсэгт “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн үйлчлүүлэгч эмчилгээний сүүлийн өдрөөс хойш 3 сарын дотор санхүүгийн дэмжлэг хүссэн хүсэлтээ, нотлох баримтын хамт эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана” гэж заасны дагуу эмчилгээ хийлгээд дууссан тул эмчилгээний зардлаа гаргуулах л хүсэлт гаргасан.

-Дүгнээд хэлбэл, 2022 болон 2023 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам болон 2024 болон 2025 онд үйлчилж буй Эрүүл мэндийг дэмжих сангийн төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журмын аль алиных нь холбогдох зүйл хэсэг, заалтын дагуу нэхэмжлэгчид санхүүгийн дэмжлэг авах эрх 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн үүссэн тул санхүүгийн дэмжлэг авах эрх үүссэн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.

3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18 дахь хэсэгт “Дээрх журамд зааснаар санхүүгийн дэмжлэг авах эрх үүсэх үндсэн урьдчилсан нөхцөл нь "комиссын дүгнэлт урьдчилж гарсан байх шаардлага тул тус дүгнэлтгүйгээр өөрийн зардлаар эмчилгээ хийлгэсэн 2022, 2023 оны зардлыг нөхөн олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль ёсны байна” мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 33 дахь хэсэгт “Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2024 оны эмчилгээний зардалд холбогдох хэсгийг хангаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2022, 2023 оны эмчилгээний зардалд холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж тус тус дүгнэсэн байна. Шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн үнэлж дүгнэлгүйгээр зөрүүтэй дүгнэлт гаргасан нь дараах нөхцөл байдлуудаас тодорхой харагдана.

-Шүүх нэхэмжлэгч Г.М-ийн гаргасан дээрх хүсэлтийг Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журамд заасан урьдчилсан нөхцөлүүдийн нэг болох Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй гэх агуулга бүхий эмнэлгийн комиссын дүгнэлтийн огноо нь гадаад улсад эмчлүүлэхээс өмнө байх ёстой гэх дээрх журмын шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн. Гэсэн хэдий ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбарт “Нэхэмжлэгчид олгосон 2024 оны туяа эмчилгээний зардлын 20 хувь болох 6 153 110.4 төгрөгийг хүртээмжтэй, чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэн бүрт хүргэж, амьдралын чанарыг нь сайжруулах Эрүүл мэндийн яамны эрхэм зорилгын хүрээнд олгохоор шийдвэрлэсэн” гэх хариуцагчийн хариу тайлбарыг шүүх харгалзан үзэлгүйгээр Хавдар судлалын үндэсний төвийн комиссын Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин туссан нь үнэн гэх дүгнэлт нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гарсан байх тул 2022 оноос энэхүү дүгнэлт гаргасан өдөр хүртэлх бүх эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг олгохгүй гэхдээ 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр (Эмчилгээ хийлгэсэн сүүлийн өдөр бөгөөд шүүхийн шийдвэрт 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэж алдаатай дүгнэсэн) хүртэлх эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг олгоно учир нь энэ үед шинэ журам үйлчилж эхэлсэн гэж дүгнэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өмнө нь дурдсанчлан шүүх аливаа эрх зүйн нэг үйл баримтыг дүгнэхдээ 2 өөр байдлаар дүгнэх нь логик ойлгомжгүй бөгөөд хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлт болсон.

3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 22 дахь хэсэгт “Нэхэмжлэгч 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хавдар судлалын үндэсний төвийн мэдрэлийн мэс засалд үзүүлсэн болох нь амбулаториор эмчлүүлэгчийн картын тэмдэглэлээр тогтоогдож байх тул зөвлөлөөс нэхэмжлэгчийн 2024, 2025 оны эмчилгээний зардлыг тооцож, 20 хувийг буцаан олгохоор шийдвэрлэсэн байна” гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл 2022 болон 2023 онд Хавдар судлалын үндэсний төвийн мэдрэлийн мэс засалд үзүүлээгүй учраас тухайн онуудын эмчилгээний зардлыг олгоогүй хариуцагчийн эс үйлдэхүйг зөв гэж дүгнэсэн байна.

Гэвч 3 дугаар хавтаст хэргийн 30 дугаар хуудас дахь нэхэмжлэгчийн гадаад паспортын хуулбараас үзвэл нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсаас гарч 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад ирсэн буюу энэ хугацаанд Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчнөө БНСУ-д эмчлүүлж байсан нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл тул энэ хугацааны санхүүгийн дэмжлэгийг олгохгүй байгаа үйлдэл нь хууль ёсны гэж шүүх дүгнэсэн нь алдаатай байна. Түүнчлэн Монгол Улсын иргэн хавдар гэх өвчин туссан л бол Монгол Улсад байгаа эсэхээс үл харгалзан Хавдар судлалын үндэсний төвд байнга үзүүлэх ёстой гэсэн хууль, дүрэм журмын заалт байхгүй байхад яагаад энэхүү үүргийг нэхэмжлэгчид хамаатуулж тус үүргээ биелүүлээгүй гэж санхүүгийн дэмжлэг авах эрхийг нь хязгаарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

3.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 25 дахь хэсэгт “Нэхэмжлэгч Г.М-ийн хувьд ч эмнэлгийн хяналтад орсон болон комиссын дүгнэлтийг харгалзан 2024, 2025 оны эмчилгээний зардлын 20 хувийг буцаан олгож шийдвэрлэсэн байх тул хариуцагчийг тэгш бус хандсан гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн байна.

Гэвч шүүхийн шийдвэрт дурдсан Ш.Г 2025.04.23-2025.04.30-ны хооронд Хятад Улсад эмчилгээ хийлгэж дуусаад Монгол Улсад ирснийхээ дараа комиссын дүгнэлт гаргуулж эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг хүссэн бөгөөд тухайн хүссэн 22 сая төгрөгийг бүхэлд нь олгохоор тус тэмдэглэлээр шийдвэрлэсэн.

Э.И-ын 2024.12.30-2025.05.08-ны хооронд Хятад Улсад эмчилгээ хийлгэхээсээ өмнө биш эмчилгээ хийлгэж байх үедээ комиссын дүгнэлт гаргуулсан ч гэсэн мөн л тус эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг хүссэн 90 сая төгрөгийг бүхэлд нь олгохоор тэмдэглэлээр шийдвэрлэсэн байхад шүүх бусад хүмүүсийн үйл баримттай дээрх хүмүүсийн үйл баримтыг хольж алдаатай дүгнэсэн.

Мөн Ш.Г, Э.И, Г.М нарын хувьд журамд заасан эмнэлгийн комиссын дүгнэлтийг гадаад улсад эмчилгээнд явахаасаа өмнө цаг хугацаанд гаргуулах ёстой гэсэн шаардлагыг аль аль нь яг ижил хангаагүй мөртлөө дээрх 2 иргэнд журмын зохицуулалт үйлчлэхгүй зөвхөн Г.М-д журмын зохицуулалт үйлчилнэ гэж шийдвэрлэсэн захиргааны байгууллагыг шударга шийдвэрлэсэн гэж шүүхийн зүгээс дүгнэснийг ойлгохгүй байна.

3.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 27 болон 28 дахь хэсэгт “Шүүхээс хариуцагч байгууллагын өргөдөл шийдвэрлэлтийн явцад үзлэг хийхэд, Эрүүл мэндийн яамны орон тооны бус зөвлөл нэхэмжлэгчийн хүсэлтийг 3 удаагийн хурлаар хэлэлцэж, 2024, 2025 оны эмчилгээний зардлын 20 хувийг буцаан олгохоор шийдвэрлэн, улмаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 2/79 дүгээр албан бичгээр хариу өгсөн байна.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар захиргааны байгууллагаас иргэний өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан хариу өгсөн үйлдэл нь “татгалзсан захиргааны акт” юм. Иймд энэ нь нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй орхисон хууль бус эс үйлдэхүй биш болно” гэж дүгнэсэн. Шүүх энэхүү маргааныг 5 сарын хугацаанд хянаж үзэхдээ талуудын маргасан захиргааны актыг буруу тодорхойлж дүгнэсэн.

-Гомдлын 1 дүгээр хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгч 400 гаруй хуудас бүхий 206 158 680 вон (2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Монгол банкны хангаар бодвол 494 790 832 төгрөг)-ийн эх хувь төлбөрийн баримтын хамт 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Гадаадад эмчлүүлсэн зардалд санхүүгийн дэмжлэг авах хүсэлтийг хариуцагчид гаргасан. Тус хүсэлтийг хариуцагч 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/410 тоот сайдын тушаалаар шийдвэрлэж нэхэмжлэгч Г.М-д санхүүгийн дэмжлэг байдлаар нийт эмчилгээний зардлын 1.4 хувийг олгохоор шийдвэрлэсэн. Журамд зааснаар нэхэмжлэгчид нийт эмчилгээний зардлын 20 хувиар тооцож санхүүгийн дэмжлэг олгох ёстой байтал 1.4 хувиар тооцож олгосон шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс үйлдэхүй гэж үзсэн.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан байдаг. Шийдвэрлэхгүй орхигдуулсан гэдэгт тухайн асуудлыг нэг мөр, бүрэн бүтэн шийдвэрлээгүй байхыг мөн ойлгодог. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага шийдвэрээ гаргахдаа нэг бол хүсэлтийг хангаж хүсэлтэд дурдсан хэмжээнд төлбөр олгох эсхүл хүсэлтийг хангахгүй орхиж дахин хүсэлт гаргах эрхийг нээлттэй үлдээх ёстой. Гэвч нэхэмжлэгч Г.М-д дахин хүсэлт гаргах ч эрх үлдээгүй мөн хүсэлтэд дурдсан төлбөрийг ч бүрэн авах эрх олгогдоогүй тул захиргааны байгууллагын тухайн үйлдлийг эс үйлдэхүй гэж үзэж байна.

-Нэхэмжлэгч Г.М нь эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг авах хүсэлтийг нь бүрэн шийдвэрлээгүй байдлыг 2025 оны 12 дугаар сард олж мэдсэн бөгөөд яагаад өөрийнх нь хүсэлтийг бүрэн шийдвэрлээгүй талаар тодруулга хүссэн хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд гаргасан бөгөөд тус тодруулгын хүрээнд шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 2/79 дүгээр албан бичиг гарсан. Тус албан бичгийн агуулгыг товчоор дүгнэвэл “Г.М-д нэгэнт санхүүгийн дэмжлэг олгосон тул дахин хүсэлт гаргасан ч санхүүгийн дэмжлэг олгохгүй” гэж мэдэгдсэн мэдэгдэл байсан. Гэвч шүүх энэхүү албан бичгийг маргаан бүхий гол захиргааны акт гэж андуурч тус албан бичиг нь захиргааны татгалзал байна гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа юм.

3.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн эрх ашгийг нэн тэргүүнд харгалзан аливаа маргааныг шийдвэрлэх ёстой. Гэвч дээрх шүүхийн шийдвэрийг харвал нэхэмжлэгчийн эрх ашгийг харгалзсан гэхээсээ илүүтэй нэхэмжлэгчийг буруутгасан, захиргааны байгууллагын зөвтгөсөн агуулгатай байна.

-Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл нь нэхэмжлэгчийг Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр өвдсөн байх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан журам хүчингүй болж өнөөдөр нэгэнт үйлчлэлгүй болсон тул хуучин журам үйлчилж байх цаг хугацаанд нэхэмжлэгчийн эмчилгээнд зарцуулсан зардалд дэмжлэг олгохгүй гэсэн дүгнэлт юм. Гэвч энэхүү журам шинэчлэгдэх эсэх нь нэхэмжлэгчээс хамааралгүй харин ч хариуцагчаас хамааралтай үйл ажиллагаа бөгөөд нэхэмжлэгчийн өвчтэй байх хугацаанд журам шинэчлэгдсэн нэхэмжлэгчийн хувьд зүгээр л нэг азгүй тохиолдол гэж харгис дүгнэж байгаад гомдолтой байна.

-Нэхэмжлэгч Г.М нь Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин туссан гэдэг нь нотлогдсон бөгөөд талууд маргаагүй, тус өвчнөө БНСУ-д эмчлүүлсэн гэдэг нь мөн нотлогдсон бөгөөд талууд маргаагүй, тус эмчилгээнд нийт 206 158 680 воны зардал гарсан гэдэг нь нотлогдсон бөгөөд талууд маргаагүй, нэхэмжлэгч журамд заасан бүх баримтуудыг бүрдүүлж хүсэлт гаргасан гэдэг нь нотлогдсон мөн талууд маргаагүй, тус баримтууд дунд байсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэдэд эмнэлгийн дүгнэлт гаргах маягт”-ын огноо журамд заасан шаардлагыг хангаагүй гэдэг нь нотлогдсон бөгөөд талууд маргаагүй, нэхэмжлэгч тус журмын заалтыг хангахгүй нөхцөл байдлыг хариуцагч мэдэж байсан бөгөөд Эрүүл мэндийн яамны эрхэм зорилгын хүрээнд Г.М-д санхүүгийн дэмжлэг олгох ёстой гэж нэгэнт шийдвэрлэсэн бөгөөд энэ нь нотлогдсон мөн талууд маргаагүй. Талууд зөвхөн эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг олгохдоо журамд заасан хэмжээнд олгосон эсэх буюу санхүүгийн дэмжлэгийн хэмжээ дээр буюу тооцоолол дээр л маргаж байсан. Ийм ойлгомжтой нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхааралгүйгээр зөвхөн хариуцагчийг зөвтгөж шийдвэрлэсэн.

-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж заасны дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19.3.5 дахь заалтад “зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн өвчтөний эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.М нь энэхүү тусламж, дэмжлэгийг авах эрхтэй. Тус эрхээ эдлэхэд шаардлагатай бүхий л урьдчилсан нөхцөлүүдийг хангасан боловч зөвхөн “Эмнэлгийн дүгнэлтийн огноо эмчилгээнд явахаас өмнө байх ёстой” гэх журамд заасан хэлбэрийн шаардлагаас шалтгаалж Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байх нөхцөл үүсээд байна. Дээрх хэлбэрийн шаардлагыг тусгасан Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журмын үндсэн зорилго нь юу болох, ямар эрхийг хангах үүднээс тус журам батлагдсан болох тус журмын хэлбэрийн шаардлагаас болж Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй болж байгаа нь хэр зөв эсэх дээр шүүх огт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй болгож байна.

-Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмын хүрээнд Эрүүл мэндийг дэмжих сангийн эрхэм зорилго, Эрүүл мэндийн яамны эрхэм зорилгын хүрээнд Г.М-ийн бичиг баримт нь хэдий журамд заасан хэлбэрийн шаардлага хангахгүй байгаа ч гэсэн Г.М нь Монгол Улсад эмчлэгдэхгүй өвчин туссан нь үнэн, эмчлүүлээд амьд иргэж ирсэн нь үнэн, гаргасан зардлаа бодитоор нотолсон тул тодорхой хэмжээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гээд нэхэмжлэгчийн эрх ашгийг харгалзаад нэхэмжлэгчид ашигтай байдлаар нэгэнт шийдсэн байхад анхан шатны шүүх ингэж шийдсэн нь буруу буюу журам зөрчиж иргэнд санхүүгийн дэмжлэг олгож болохгүй гэж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан.

Иймд дээрх 7 үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 611 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн “Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Эрүүл мэндийн сайдын 2022, 2023 оны эмчилгээний зардлыг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2022, 2023 онуудын эмчилгээний зардлын үлдэгдэл 91 657 640 төгрөгийг олгохыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

2.1. Нэхэмжлэгч Г.М-ээс “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийг дэмжих сангийн төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ын 6.4.3-т заасны дагуу эмчилгээний зардлын 20 хувиар тооцож, төлбөрийн дэмжлэгийн үлдэгдлийг олгохгүй байгаа Эрүүлд мэндийн сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус журамд заасан хэмжээгээр буюу 20 хувиар тооцож, үлдэгдэл төлбөр болох 91 828 510.4 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан байна.

2.2. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь 2024 онд батлагдсан “Эрүүл мэндийг дэмжих сангийн төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ын 6.4.3-т заасныг үндэслэн 2022, 2023 оны эмчилгээний зардалд 20 хувийн буцаан олголт тооцуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй, дээрх онуудын зардал нь тухайн үед мөрдөгдөж байсан (2018 оны) журамд хамаарах тул хариуцагч уг зардлыг одоо үйлчилж буй журмын дагуу олгохоос татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т заасанд нийцсэн, … нэхэмжлэгч Г.М-ийн хувьд гадаад улсад эмчлүүлэх Хавдар судлалын үндэсний төвийн комиссын дүгнэлт 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гарсан байх тул түүний 2022, 2023 онд хийлгэсэн мэс засал болон хими эмчилгээ нь эрх бүхий эмнэлгийн дүгнэлт гарахаас өмнө хийгдсэн, … санхүүгийн дэмжлэг авах эрх үүсэх үндсэн урьдчилсан нөхцөл нь “комиссын дүгнэлт урьдчилж гарсан байх шаардлага тул тус дүгнэлтгүйгээр өөрийн зардлаар эмчилгээ хийлгэсэн 2022, 2023 оны зардлыг нөхөн олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль ёсны байна, … эмнэлгийн хяналтад орсон болон комиссын дүгнэлтийг харгалзан 2024, 2025 оны эмчилгээний зардлын 20 хувийг буцаан олгож шийдвэрлэсэн байх тул хариуцагчийг тэгш бус хандсан гэж үзэх үндэслэлгүй, … хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эмнэлгийн тооцооны баримтуудыг үндэслэн 2024 оны эмчилгээний зардлын зөрүү болох 170 870.40 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагуудыг хэрэгсэхгүй шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

2.3. Учир нь нэхэмжлэгч Г.М-ийн хувьд Эрүүл мэндийн сайдын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/273 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт”-ын А1 “Тархины нугасны гүний, төвөгтэй байрлалтай, нэвчсэн, мэс заслаар авах боломжгүй болон бусад ажилбар эмчилгээ шаардагдах хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал, эмчилгээ” өвчнөөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Йонсей их сургуулийн эмнэлэгт оношлогдож, улмаар хэвтэн эмчлүүлж, мэс засал, химийн болон туяа эмчилгээ хийлгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2.4. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ын 6.3-д “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн үйлчлүүлэгч эмчилгээний сүүлийн өдрөөс хойш 3 сарын дотор санхүүгийн дэмжлэг хүссэн хүсэлтээ, нотлох баримтын хамт эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана” гээд 6.3.2-т “Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр гадаад улсад эмчлүүлэх шаардлагатайг эмчлүүлэхээс өмнө тодорхойлсон мэргэшлийн эмнэлгийн гадаад эмчилгээний комиссын дүгнэлт эх хувиар” хавсаргана гэж зохицуулжээ.

2.5. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаар хурлын тэмдэглэлд “... Г.М нь ...онош тодруулах зорилгоор Солонгос яваад тархины хавдар гэж оношлогдсон. ХСҮТ, УГТЭ, И******** эмнэлгүүдээр үзүүлээд онош тодроогүй. СЭМҮТ-өөр хүртэл онош тодроогүй явж байгаад оношилгоонд явсан чинь тархины гүний байрлалтай хавдар гэж оношлогдоод үргэлжлүүлээд эмчилгээнд орсон” болох талаар тусгагджээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг дээрх журмын 6.3.2-т заасан мэргэшлийн эмнэлгийн эмчилгээний комиссын дүгнэлтийг эмчлүүлэхээс өмнө аваагүй гэж буруутгах боломжгүй.

Тодруулбал, гадаад улсад хүнд өвчний улмаас зайлшгүй шаардлагаар зорчиж, тухайн улсад нэгэнт Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин нь оношлогдсон тохиолдолд түүнийг буцаж Монгол улсад ирж, комиссын дүгнэлт гаргуулаад буцаж очиж, эмчилгээгээ хийлгэх байсан гэж буруутгах нь Эрүүл мэндийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангах зорилго болон Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ын 3.1.5-д заасан “зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн үйлчлүүлэгчийн эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх” зорилгод тус тус нийцэхгүй юм.

2.6. Дээрхээс үзвэл, хариуцагчийн “Эрүүл мэндийг дэмжих сангийн төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам” 2024 онд батлагдсан, уг журмын 6.4.3-т заасныг үндэслэн 2022, 2023 оны эмчилгээний төлбөрийн 20 хувийг нөхөн олгох боломжгүй, мөн журмын 6.3.2-т заасан комиссын дүгнэлтийг эмчлүүлэхээс өмнө аваагүй гэх үндэслэлүүдийг дурдаж дээрх хугацааны эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэхээс татгалзсан татгалзал хууль бус байна.

2.7. Нэгэнт нэхэмжлэгч сүүлийн эмчилгээг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хийлгэж, улмаар санхүүгийн дэмжлэг авах хүсэлтээ 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ийнхүү гаргасан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Эрүүл мэндийн дэмжин сангийн төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журмын 6.3-т заасан эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг авах шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэмж дурдахад, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа тодорхой дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийг дутуу хэвлэж, хэрэгт хавсарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх боловч давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон талуудад гардуулсан шүүхийн шийдвэр болон Монгол улсын шүүхийн шийдвэрийн цахим санд нийтлэгдсэн[1] шийдвэр зэргийг харьцуулан үзэхэд зөрүүгүй байх тул энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Уг алдааг дахин гаргахгүй байхыг анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 611 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүл мэндийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 7 дугаар зүйлийн 7.1.5, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М-ээс Эрүүл мэндийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийг дэмжих сангийн төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ын 6.4.3-т заасны дагуу эмчилгээний зардлын 20 хувиар тооцож, төлбөрийн дэмжлэгийн үлдэгдлийг олгохгүй байгаа Эрүүлд мэндийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус журамд заасан хэмжээгээр буюу 20 хувиар тооцож, үлдэгдэл төлбөр болох 91 828 510.4 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг Эрүүл мэндийн сайдад даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ

 

 

 

                      ШҮҮГЧ                                                             Г.МӨНХТУЛГА

 

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

 

[1] https://shuukh.mn/single_case/21181?daterange=2026-06-01%20-%202026-06-21&id=1&court_cat=3&bb=1