Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1785

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/02022 дугаар шийдвэртэй,

Э.Ггийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Хт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 16 500 000 төгрөг, алдангид 3 234 000 төгрөг, нийт 19 734 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Отгонбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Г би П.Хт 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 30 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүй зээлүүлсэн. П.Х нь зээлээ эргэн төлөхгүй хохироож байсан тул бид харилцан тохиролцож 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үлдэгдэл төлбөр 27,000,000 төгрөгт зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Зээлдэгчийн хувьд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 7 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөг, нийт 13 500 000 төгрөгийг буцаан төлсөн. Одоо үлдэгдэл 16 500 000 төгрөг байх бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.6-д зээлийг хугацаандаа төлөөгүй хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцож төлүүлнэ гэж заасны дагуу 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл буюу нийт 98 хоногийн алдангид 3 234 000 төгрөг нийт 19 734 000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад зээлдүүлсэн гэх 16 500 000 төгрөг нь 2012 оноос 2016 оны хооронд Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Н.Батаа 2012 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин сонгууль болж болзошгүй гээд дүүргийн намд хандив маягаар бэлнээр өгсөн мөнгө болно. Дээрх хандивийн мөнгийг өгөх тухайн үед миний бие Баганхангай дүүргийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан бөгөөд Н.Батаа нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Багахангай дүүргээс өрсөлдөж байсан. Тухайн дүүрэгт болсон сонгууль маргаантай болсон учир Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Н.Батаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бөгөөд Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үеэс эхлээд Н.Батаа надаас хандив гэж өгсөн мөнгөө нэхэх болсон. Нэхэмжлэгч нь Н.Батаагийн хувийн компаний нягтлан бодогч юм.

Миний бие Э.Ггаас мөнгө зээлсэн тохиолдол нэг ч байхгүйн гадна Э.Г гэдэг хүнийг зүс мэдэхээс цаашгүй. Гэтэл тэрээр 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр намайг хүчээр дарамталж хэл үгээр дайрч байгаад тэрхүү зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж, нотариатаар гэрчлүүлсэн. Ийнхүү дарамталж гэрээ байгуулсан болохыг Хан-Уул дүүргийн нотариатч Б.Батсүрэн гэрчилнэ. Миний хувьд Н.Батаад ямар нэгэн төлбөр төлөхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн Э.Г нь Н.Батаагийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан П.Хаас 18 480 000 гаргуулж нэхэмжлэгч Э.Гд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 254 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 256 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 250 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Гд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4 дэх хэсэгт заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэж, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох мэтгэлцэх зарчмыг хангаагүй. 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү “хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй байна, түүний тайлбарыг сонсох хүсэлтэй байна” гэсэн хүсэлт гаргасан байдаг. Шүүх хүсэлтийг 10699 дугаартай шүүгчийн захирамжаар хангахгүй орхихдоо хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Уг зохицуулалт нь нэхэмжлэгчээс хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан эсвэл хүсэлт гаргаагүй тохиолдолд хэрэглэгдэх учиртай болохоос хариуцагчийг байлцуулан тайлбарыг нь сонсож хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нөхцөлд хэрэглэгдэх заалт биш юм. Нэхэмжлэгч талаас хариуцагчийг оролцуулах хүсэлт гаргасан нөхцөлд шүүхээс талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж шүүх хуралдааныг хойшлуулах ёстой гэж үзэж байна.

Хариуцагчид эрх, үүргийг хангалттай сайн тайлбарлаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох тохиолдолд хүсэлт гаргах эсвэл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд авчирч өгөх талаар тайлбарлан ойлгуулаагүй. Хариуцагч шүүх хуралдаанд очоогүй шалтгаан нь өмгөөлөгч Р.Батцогт хэргийн материалтай танилцах шаардлагатай, шүүх хуралдааныг хойшлуулна гэж хэлснээс болсон байна. Хариуцагчийн зүгээс Р.Батцогт өмгөөлөгчийг сонгон авсан нь нэхэмжлэлд ...“8817-9188 Батцогт өмгөөлөгч” гэсэн бичвэр, хэргийн 22 дугаар талд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тов мэдэгдсэн баримтад өмгөөлөгчийн “за” гэж хэлсэн тухай тэмдэглэл, хэргийн 32 дугаар талд хариуцагчийн гаргасан хүсэлт дэх “өмгөөлөгч н.Батцогт нь хөдөө орон нутагт ажиллахаар явсан байна” гэх бичвэр зэргээс харагдаж байх тул хариуцагчийг санаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан гэж үзэхээргүй байгаа.

Шүүхээс бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй. Зөвхөн нэхэмжлэгч талын тайлбар, нотлох баримтаар хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь П.Хт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19 734 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь уг мөнгийг Э.Ггаас хүлээн аваагүй Н.Батаа гэдэг хүнээс хүлээн авсан, Э.Гд төлөх үндэслэлгүй гэж маргасан байхад шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй шийдвэрлэсэн. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний дагуу бодитоор мөнгийг өгсөн, авсан зүйл байгаа эсэхийг тогтоох шаардлагатай байсан ба гэрээний 3.2-т мөнгийг бодитойгоор хүлээлгэн өгснөөр гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан байна.

Нэхэмжлэгч Э.Ггийн хувьд зээлийн гэрээний дагуу хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлээд түүнийгээ шаардаж байгаа эсэх, эсвэл Н.Батаа гэдэг хүний хариуцагчид өгсөн мөнгийг өмнөөс нь шаардаж байгаа эсэхийг буюу гэрээний гол нөхцөл, талуудын хүсэл зоригийг гүйцэд тодорхойлолгүй хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч П.Хт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 500 000 төгрөг, алданги 3 234 000 төгрөг, нийт 19 734 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргаан бүхий хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.

 

Хэргийн баримтаас үзвэл 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцэхээр товлосон шүүх хуралдаанд хариуцагч тал хүрэлцэн ирээгүй ба хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар хүсэлт, баримт ирүүлээгүй гэх үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “хариуцагчийг оролцуулан шүүх хуралдаан хийлгэх тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэжээ. /хх 38,41,42/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4 дэх хэсэгт заасан агуулгаас үзвэл нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тохиодолд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр зохицуулжээ. Өөрөөр хэлбэл эсрэг талын оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргаагүй буюу хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулж тайлбарыг нь сонсох хүсэлтийг нэхэмжлэгч гаргаж байгаа тохиолдолд шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүйн гадна шүүхийн өмнө тэгш байх талуудын эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Түүнчлэн хариуцагч тал шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох талаар хүсэлт гаргаж байсныг шүүх хүлээн авсан боловч тухайн өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй байгаа нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлд хамаарах бөгөөд энэ тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа хэтрээгүй байгааг анхаарах байжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, хуулийг хэрхэн хэрэглэсэн талаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/02022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА