Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 245

 

Н.Ба-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, Э.Ганбат, хохирогч хууль ёсны төлөөлөгч Р.Цо-, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар магадлалтай, 201613000130 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Ба-, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй Н.Ба- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Н.Ба-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 38 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.Ба-ээс 19.745.134 төгрөгийг гаргуулж, хохирогч Р.Цо-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.860.640 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...шүүгдэгч Н.Ба-ээс 5.245.134 төгрөг гаргуулж, хохирогч Р.Цо-д олгож, 11.860.640 төгрөг гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, цаашид хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Цо- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ба-, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Ба- гаргасан гомдолдоо “Тухайн өдөр Ц.Ня-той “пиво уухгүй” гэдгээс болж маргалдсан. Тэгтэл М.Ор- “боль” гээд больсон.  Бид 3 пиво ууж дуусгаад дахин дэлгүүр орж нэг шил “Болор” архи авч ууцгаасан бөгөөд би ууж дуусгаагүй унтсан. Унтаж байгаад сэрэхэд М.Ор- миний хажууд унтаж байсан, түүнийг дуудахад босохгүй байхаар нь гэр рүүгээ харьсан. Гэртээ хариад унтаж байхад цагдаа ирээд аваад явсан. Ийм л үйл явдал болсон. Шүүх гэрч М.Ор-, Ж.На-, Б.Хо- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр намайг талийгаачийн цээжинд өшиглөсний улмаас түүнд зүрх доргилт гэмтлийг учруулж, амь насыг хохироосон гэж дүгнэсэн. Гэтэл гэрч М.Ор-, Ж.На-, Б.Хо- нарын мэдүүлгүүд хоорондоо цаг хугацааны хувьд зөрүүтэй байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Э.Ганбат шинжээч эмч Ундармаагаас “хүн явганаас унахад зүрх доргилт авах боломжтой юу” гэж асуухад шинжээч эмч Ундармаа “боломжгүй зүйл биш, боломжтой” гэж хэлсэн. Амь хохирогч Ц.Ня-ын цээжинд гутлын мөр бололтой зүйл байсан тухай гэрч М.Ор- мэдүүлсэн бөгөөд үнэхээр гутлын мөр юм бол хэний гутлын мөр байсныг тогтоогоогүй, тогтоох боломжтой байсан бөгөөд М.Ор- нь шүүх хуралдаанд гутлын мөр биш хир буртаг болсон байсан гэж хэлж залруулсан байдаг. Гэрч М.Ор-ы дансанд 60.000 төгрөг байсан нь дууссан байсан гэх бөгөөд дансны гүйлгээг шалгах боломжтой байсан. Шүүх хэт нэг талыг баримтлан хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Ба-ийн өмгөөлөгч В.Содномцэрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэхдээ хэт нэг талыг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасныг зөрчсөн. Хэргийн материалд Н.Ба- нь Ц.Ня-ыг өшиглөсөн гэх нотлох баримт байхгүй байхад шүүх өшиглөсөн гэж дүгнэсэн. Шүүх гэрч Р.Цо-, М.Ор-, Л.Да-, Ж.На-, Б.Хо- нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон гэж дүгнэсэн нь эргэлзээтэй ба дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд нь тухай үед болсон үйл явдлаас өмнөх болон дараах үеийн нөхцөл байдлыг нотолж байгаа болохоос Н.Ба- нь Ц.Ня-ыг өшиглөсөн болон зодсон талаар нотолж чадаагүй байна. Талийгаач нас барах шалтгааныг зүрх доргилт гэсэн гэмтлээс үүссэн гэх боловч анхан шатны шүүх хуралдаанд архины хордлого харагдаж байна, архины үед зүрхэнд гардаг өөрчлөлтүүд, нойр булчирхайн үед гардаг өөрчлөлтүүд, ходоодны өөрчлөлтүүд байгаа гэсэнд дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн. Мөн зодолдсон болон өшиглөсөн гэсэн нөхцөл байдал нотлогдоогүй буюу шалтгаант холбоо үүсээгүй байхад хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна гэсэн шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Н.Ба-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Ба-ийн өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа “Шүүх хууль зүйн ойлголт болон шинжээчийн дүгнэлтийг ялгаж, салгалгүй ял шийтгэл оногдуулсан. Цаг хугацааны хувьд зүрх доргилт гэдэг гэмтлийг авсан даруйдаа шууд үхэлд хүргэх аюултай гэдгийг шинжээч эмч шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан. Мөн шинжээч нарын мэдүүлгүүд нь өөр хоорондоо маш их зөрүүтэй болох нь хавтас хэрэгт авагдсан дүгнэлтүүдээр тодорхой харагддаг. Шинжээч нар хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хэт хөтлөгдөж өшиглөсний улмаас нас барсан байна гэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Мөн хохирогчийн хувцсыг тухайн үед хураан авч үзлэг шинжилгээ хийгээгүй. Хэрвээ үнэхээр цээж рүү нь өшиглөсөн гэж үзэж байгаа бол хувцсыг нь шинжилгээнд өгөх ёстой байсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Н.Ба-ийн үйлдэлд гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар хэлсэн саналдаа “Болсон үйл баримтын талаар гэрч нарын өгсөн тодорхой мэдүүлгүүд байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь ганцхан өшиглөснөөс болсон зүйл биш гэж тодорхой мэдүүлсэн. Мөн шүүгдэгчийн хувцаснаас хохирогчийн цус илэрснээс харахад зодоон болсон гэдэг нь шууд нотлогдож байна. Шинжээчийн дүгнэлт нь архины хордлогын улмаас хохирогч нас  барсан гэж огт гараагүй бөгөөд харин зүрх хүчтэй цохигдсоны улмаас үүссэн гэж тодорхой мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Н.Ба- үнэхээр гэм буруугүй бол яагаад шинжээч эмчид их хэмжээний мөнгө авилгад өгсөн бэ гэдэг нь ойлгомжгүй. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай бүрэн хийгдсэн гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрийг огт төлдөггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй учраас түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Ба- нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. Үүнээс гадна гол нотлох баримт болох тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр гарсан зүрхэн тус газар нь цохих буюу өшиглөх үед үүссэн гэх шинжээчийн дүгнэлт мөн тухайн үйл явдлыг харсан шууд гэрчилж байгаа М.Ор-ы мэдүүлэг, шүүгдэгч Н.Ба-ийн “заамдалцаж авсан үүнээс цааш үйлдлийг санахгүй байна” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай бүрэн шалгаж тогтоосон байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Ба-, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Н.Ба- нь согтуугаар 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, “Баян-Улаан” гэх уулын урд дэнж дээр Ц.Ня-той “архи уусангүй” гэсэн шалтгаанаар маргалдан зодолдож түүнийг алсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Н.Ба-ийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн шүүх Н.Ба-эд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.       

Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Н.Ба-ийн үйлдсэн гэмт хэрэг хөдөлбөргүй нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ба-, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ба-, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН