Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/115

 

 

                                                                                                                 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Д.Түмэнжаргал,

шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** холбогдох эрүүгийн 2308 00000 2262 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын 08-ны өдөр Төв аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хороо, Зээл ****** дугаар гудамж ***** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******,**********,***********

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

   Эрүүгийн 2308 00000 2262 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас насанд хүрээгүй хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), гэрч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14788 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

               Шүүгдэгч “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

               Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

               Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

               Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

               Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ********* нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ***** дүгээр хороо, Зээл ****** дугаар гудамж ****** тоот гэртээ өөрийн хүүхэд болох 5 нас 11 cap 16 хоногтой ******** толгой руу галын дэгээ төмөр шидэж, эрүүл мэндэд нь зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь насанд хүрээгүй хохирогч ********* “...өнөөдөр ээж, ******* ах, эгчтэйгээ хамт гэртээ байсан. Ээж, ******* ах хоёр архи уугаад ******* ах согтоод уурлаад байсан ба галын дэгээ төмөр аваад намайг ширээний доод талын ваннаас гарч ирээд орны хажуугаар зурагт руу явж байхад шидчихсэн чинь миний толгой руу оночихсон. Тэгээд эгч намайг эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

гэрч ******** “...өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** дүгээр хороо ****** дугаар гудамж 8а тоот гэртээ байж байсан юм. Тэгээд байж байтал 16 цагийн үед нэг хашаанд байдаг ****** эгчийн охин ****** манайд орж ирээд та манай гэр рүү хурдан ороод ирээч гээд буцаад гараад явсан, тэгэхээр нь би араас нь удалгүй гарсан чинь үүдний хэсэгт шалан дээр цус болчихсон байхаар нь юун цус вэ, юу болсон юм гэж асуусан чинь “...**** галын дэгээ төмөр аваад дүү ******* толгой руу шидээд ******толгойг гэмтээчихлээ...” гэж хэлсэн, тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд ******толгойноос цус гараад байхаар нь цусыг нь тогтоож байгаад ****** бид хоёр ******* дагуулаад эмнэлэг рүү очсон. Гэмтлийн эмнэлэг дээр очиж 3 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

гэрч ******* “...2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15 цаг 40 минутын үед би гэрээсээ гараад 00-д сууж байгаад гэртээ орохоор явж байхад манай дүү *****ирээд эгч ээ ****** ах ******** толгой руу галын дэгээ шидчихлээ гэж надад хэлэхээр нь би гэртээ ороод харахад манай дүү ****** толгойноос цус гараад уйлсан. ...****** юу болсон талаар асуухад ******* муудалцаж байгаад санаандгүй оночихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******** толгойг хартал дагз хэсэгтээ том ангайсан байсан тул айхдаа хажуу айл болох эгч *******хэлэхэд орж ирээд ********** толгойг цэвэрлэж байхад *******р нь “зүгээрээ үсрээд л гурван оёдол тавиулна шүү дээ” гээд хэрэлдээд байсан, “та нар намайг мөнгөгүй болохоор ингэж байгаа юм уу” гэх мэтээр хэрүүл хийгээд байсан. Тэгээд дүү ***,********, ****** бид нар гэрээсээ гараад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

насанд хүрээгүй гэрч ****** “...манай дүү ****** бид хоёр тоглож байтал хойд аав ******** та 2 одоо боль, хичээлээ хий гээд ******* бид хоёр руу галын дэгээ төмөр шидсэн чинь ******** орны урд газар сууж байгаад галын дэгээ төмөрт оногдоод толгойны дагз хэсгээс нь цус гарч байхаар нь гараад эгч ******* дуудаж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14788 дугаартай “...******* биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлийн алинд нь ч үүсэх боломжтой...хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

шүүгдэгч ******** яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-08 дахь тал), “...аав нь хүүхдээ зодсон...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), “...манай эрэгтэй 6 настай дүүг хойд аав толгой руу нь юм шидээд хагалаад гэмтээсэн...” гэх шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 03 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Насанд хүрээгүй хохирогч ********* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******** толгой руу нь галын дэгээ төмөр шидсэн идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзэв.

 

Хууль тогтоогчоос “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно гэж Эрүүгийн хуульд аутентик тайлбар хийсэн.

 

****** нь гэмт хэрэг гарсан буюу 2023 оны 11 дүгээр сарын 20ы өдрийн байдлаар 5 нас 11 сар 16 хоногтой бага насны хүүхэд болох нь хэрэгт авагдсан түүний төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 52-53 дэх тал) баримтаар нотлогджээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

 

            Шүүгдэгч болон хохирогч нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг баримтаар (хавтаст хэргийн 52 дахь тал) тогтоогдож байна.

 

   Иймд шүүгдэгч ******* үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэж, шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээний зардлын баримт шүүхэд ирүүлээгүй, “гомдол, саналгүй, сэтгэцэд учирсан хохирлыг зэрэг тогтоолгохоос татгалзсан” мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал) өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шүүгдэгч ******* 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” санал, дүгнэлтийг гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

            Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5, 7 дугаар зүйлд “хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх, хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүр орчинд хамгаалагдах эрхтэй” гэж хуульчилсан.

 

            Нөгөө талаас эцэг, эх нь хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс хамгаалах, хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэгтэй.

 

            Гэтэл бага насны хүүхдээ аюулгүй орчинд, аливаа бие махбодийн болон оюун санааны хүчирхийллээс ангид өсгөх, хайрлах, халамжлах, хамгаалах үүрэгтэй хүн өөрөө хүүхдийнхээ бие махбодид халдаж, гэмтэл учруулж байгаа үйлдэл нь түүний зан төлвийн бодит илрэл юм.

 

            Шүүгдэгч ******** анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

            Иймд шүүгдэгч ********* хоёр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа болон хувийн байдлыг (хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч баримтгүй) тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******,********,*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.НАРАНЖАРГАЛ