Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/120

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Т.Одонтуяа (томилолтоор),

хохирогч *********,

шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн 2303 00708 0545 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Архангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т*****” ХХК-д савлагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***** дүгээр хороо ***** дүгээр гудамж ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******,******,***********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

хохирогч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр хүүхдээ хүргэж өгчихөөд гэрлэн дохиотой явган хүний гарцаар гарахад мөргүүлсэн. Цагдаа, түргэн тусламж дуудаад, эхнэр нь надтай хамт эмнэлэг явсан. Гэмтлийн эмч өвдөгний яс хугарсан гээд эмчилгээ бичиж өгсөн. Тухайн үедээ “өдөр болгон таныг эмнэлэгт хүргэж өгнө, хүүхдийг чинь цэцэрлэгт зөөж өгнө” гэж хэлээд алга болсон. Намайг 3-4 удаа эмнэлэгт хүргэж өгсөн. Манай нөхөр осол гарснаас хойш намайг асраад 2 сар ажлаа хийгээгүй. Ажилдаа 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр орсон байсан. Эхний удаад эмчилгээний зардалд 257,000 төгрөг, ажилгүй байсан 4 сарын цалин нэхэмжилж байгаа. Сард 2,500,000 төгрөгийн цалин авдаг. Цаашид хагалгаанд орох шаардлагатай тул гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэв.

 

Эрүүгийн 2303 00708 0545 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас “...****** УБП машин хүн мөргөсөн гэх...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал), Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 6 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-11 дэх тал), хохирогч ******* мэдүүлгүүд (хавтаст хэргийн 13-15 дахь тал), иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал), иргэний хариуцагч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13047 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал), Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04579 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 33-39 дэх тал), мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), хохирлын баримт хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 65-66 дахь тал), “Онхи Угалз” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 67 дахь тал), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хавтаст хэргийн 68 дахь тал), баримт хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 69 дэх тал), 300,000 төгрөгийн төлбөр төлсөн баримт болон зогсоолын төлбөр төлсөн баримтууд (хавтаст хэргийн 71 дэх тал),

            шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04579 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 33-39 дэх тал), эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 63 дахь тал), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 94 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч, хохирогч нар нь нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********* гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хохирогч нь нэхэмжилсэн хохирлыг гаргуулах, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 08 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Баянхошууны замд “Тоёота приус 20” маркийн ******* УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө”, 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 3.4. “жолооч эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ******** мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хохирогч ********* “...Би 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 08 цаг 40 минутын үед хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд автобусанд суух гээд Баянхошууны замын урд явган хүний замаар гэрлэн дохиотой уулзвараар ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн гарч явсан. Энэ үед баруунаас зүүн тийш чиглэлд яваад баруун гар тийш эргэх үйлдэл хийж байсан хар өнгийн Тоёота приус 20 маркийн автомашинд мөргүүлж гэмтсэн. Тухайн үед гэмтлийн эмнэлэгт түргэний машинаар хүргүүлж нарийн шинжилгээ өгөхөд тохой, зүүн хөлийн өвдөгний яс хугарсан байна гээд гипс тавьж өгсөн. Би ослоос хойш одоог хүртэл ажилдаа яваагүй гэрээр хэвтрийн дэглэм сахиж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13, 15 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13047 дугаартай “...******* биед зүүн шаант /шилбэ/ ясны гадна булууны далд хугарал, зүүн тохой, баруун шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1129 дугаартай “...Тоёота приус 20 маркийн ******* УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 15.1, 3.4, 5.3 гэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэх мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал),

Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04579 дугаартай “...Автотээврийн хэрэгслийн хойд талын улсын дугаартай гэрэл асахгүй, зүүн хойд талын оврын гэрэл асахгүй, салхины шил зүүн хэсгээрээ цуурсан, их гэрлийн тусгал хол ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, иж бүрдэл байхгүй зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Автотээврийн хэрэгслийн хойд талын урсгал гэрэл асахгүй, зүүн хойд талын оврын гэрэл асахгүй, салхины шил зүүн хэсгээрээ цуурсан, их гэрлийн тусгал хол ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй. Автотээврийн хэрэгслийн хойд талын улсын дугаарын гэрэл асахгүй, зүүн хойд талын оврын гэрэл асахгүй, салхины шил зүүн хэсгээрээ цуурсан, их гэрлийн тусгал хол ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь хуучин гэмтэл гэж үзэж байна. Тоормозны систем нь хүчлүүрт шингэн дамжуулгын ABS системтэй тоормозны стенд болон гар жолоодлого хийхэд тоормоз бүрэн ажиллаж байна. Тоормозны систем нь хийн, хий-шингэн, дамжуулгатай ABS бол дээрх тоормозны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормоз гишгэхэд дугуйн тасалдсан мөр үүснэ...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 33-39 дэх тал),

иргэний хариуцагч ******* “...******* нь миний төрсөн ах байгаа юм тухайн өглөө эхнэр хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгнө гээд машин аваад явсан. Хохирлыг тухайн үед жолоо барьж явсан жолооч нь буюу ******барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

“...******* УБП машин хүн мөргөсөн гэх...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 03 дахь тал), Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-11 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Зам тээврийн осол нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүнийг хангахаар хуульчилсан.

 

Шүүгдэгч ******** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “...Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1129 дугаартай мөрдөгчийн магадлагаагаар (хавтаст хэргийн 40 дэх тал) тогтоогджээ.    

          

Дээрх зөрчлийн улмаас зам тээврийн осол гарч, хохирогч Б.Саранцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13047 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

 

Хохирогч талаас шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогчийн эмчилгээний зардалд тухай бүр өгсөн төлбөрөөс гадна ... 257,900 төгрөг, 4 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулж, цаашид гарах эмчилгээний зардал гаргуулах...”, улсын яллагч “...баримтаар нэхэмжилсэн зардал болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх...”, шүүгдэгчийн өмгөөлөгч “...цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлээд нэхэмжилвэл төлөх...” байр суурь тус тус илэрхийлсэн.

 

Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан эмчилгээ, үйлчилгээний зардалд 257,900 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд эдгээр баримтууд нь цаг хугацаа, зориулалтын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарах тул шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Б.Саранцэцэгт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

Хохирогч ******** нь гэмт хэрэг гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулахаар нэхэмжилсэн боловч дан ганц ажлын газрын тодорхойлолтыг үндэслэн түүний дутуу авсан цалин хөлсийг тогтоох боломжгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, дансны хуулга, цалингийн хүснэгт зэрэг бусад нягтлан бодох бүртгэлтэй холбоотой санхүүгийн баримтууд авагдаагүй, бүрэн биш байх тул энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, түүнд нийцүүлэн гаргасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу “гуравдугаар” зэрэглэл тогтоосныг хохирогч ******** зөвшөөрсөн баримтыг (хавтаст хэргийн 68 дахь тал) хэрэгт хавсаргасан байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,150,000 төгрөгийг шүүгдэгч *********** гаргуулж хохирогч ****** олгох нь зүйтэй.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ гэж заасан.

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ***** нь хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлын улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 468,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал гарсан (хавтаст хэргийн 19, 63 дахь тал) талаар баримтыг шүүхэд ирүүлж, шүүгдэгч ******* нэхэмжилсэн байна.

 

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч ******* 468,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

 

Шүүхээс хохирогч талд олгохоор шийдвэрлэсэн хохирлыг төлж барагдуулахаар ажлын 5 хоногийн завсарлага авах эсэхийг тодруулахад шүүгдэгч, түүний өмгөөлөгч “...эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэх...” санал гаргасныг тэмдэглэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Аливаа гэмт хэрэг болон ял шийтгэлийг тухайн гэмт хэргийг үйлдэгдэх цаг хугацаанд үйлчилж буй хуулиар тогтооно гэдэг нийтлэг журам үйлчлэх бөгөөд үүнийг зөрчдөг ганц тохиолдол нь хуулийг буцаан хэрэглэх тухай ойлголт юм.

 

Уг гэмт хэрэг нь 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

 

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл нь “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулахдаа ял шийтгэлийг хүндрүүлж, нэмэгдэл ял хэрэглэхээр заасан буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх өөрчлөлт орсон нь эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зохицуулалтад хамаарахгүй.

 

Иймд гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлах нь Эрүүгийн хуулийн зөв хэрэглээ, жишигт нийцнэ.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...шүүгдэгч ******** Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 4 сарын хугацаагаар гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулах...” санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.

 

Шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 4 (дөрөв) сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид шаардлагатай эмчилгээ үйлчилгээний зардалд 400,000 төгрөг төлж барагдуулсан боловч шүүхээс гаргуулахаар заасан хохирол, хор уршгийн зардлыг бүрэн төлж барагдуулаагүй, хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгдээгүй нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг өргөтгөхгүй байх үндэслэл болно.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                        

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********,**********,********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ******** 4 (дөрөв) сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ****** мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* 257,900 (хоёр зуун тавин долоон мянга есөн зуу) төгрөг гаргуулж хохирогч ******* олгосугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч ********** 468,000 (дөрвөн зуун жаран найман мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

7. Иргэний хуулийн 511 дугаар зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 7,150,000 (долоон сая нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ******* олгосугай.

 

8. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

10. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

         11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.НАРАНЖАРГАЛ