| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэхбатын.Наранжаргал |
| Хэргийн индекс | 188/2024/0073/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/132 |
| Огноо | 2024-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
гэрч З.Отгонтуяа, С.Солонго,
шүүгдэгч *****, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж,
шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *********,********** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2308 00000 1910 тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ***** оны ****** дугаар сарын *******-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа засварчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***** дүгээр хороо, ****** дугаар гудамж 3 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ****,*********,********
2. Монгол Улсын иргэн, ****** оны *** дугаар сарын ****-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***** дүгээр хороо ******* дугаар гудамж ***** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *********,*********,*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******,******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн маргаан манай гэр хашаандаа граж барьж эхэлсэнтэй холбоотой гарсан. ...****** эхнэр Улаанбаатар хотын онцгой байдлын газарт гомдол гаргасан байсан. Намайг гэрийнхээ үүдэндээ автомашинтайгаа зогсож байхад ******* хүрээд ирсэн. Тэгэхэд нь “...чи яагаад гомдол гаргаад байгаа юм бэ, ямар сүртэй юм бэ...” гэж хэлээд барилцаад зодолдсон...” гэв.
Шүүгдэгч ***** шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн өдрийн орой гэр бүлээрээ гадуур явж байгаад гэртээ ирээд хашааныхаа хаалгыг онгойлгох гэтэл *******шууд хүрч ирээд “...чи яасан их өргөдөл гаргадаг юм бэ?...” гээд намайг зодсон. Би зодуулаад жалга руу унасан. Манай эхнэр салгах гээд ирэхэд нь бас цохисон. Намайг зогсоо зайгүй зодоод заамдаад байсан тул биеэ хамгаалахаас өөр аргагүй болоод адилхан заамдсан. Би тухайн үед манараад хэцүү байсан тул гараа өргөөд өөрийн биеийг хамгаалах гэж оролдсон. ****** биед гэмтэл учруулсан гэж мэдэхгүй байна. Миний эхнэр, хүүхдийн хажууд гэрийн үүдэнд намайг зодсонд гомдолтой байна...” гэв.
Эрүүгийн 2308 00000 1910 дугаартай хэргээс:
Улсын яллагчаас хохирогч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), насанд хүрээгүй гэрч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал), шүүгдэгч ******* гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-10 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13206, 13094 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд (хавтаст хэргийн 40-42, 46-47 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), “...зодоон болоод байна гэх...”гэх шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал), мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 155, 171 дэх тал),
шүүгдэгч ****** өмгөөлөгчөөс ******** гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13094 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
шүүгдэгч ****** өмгөөлөгчөөс хохирогч ***** мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дахь тал), ******* иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 17 дахь тал), хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), шүүгдэгч ****** гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-10 дахь тал), гэрч ***** мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал), бариачид 70,000 төгрөгөөр бариулсан баримт (хавтаст хэргийн 166 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч нар “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******,******** нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч **** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгч ******** нь гэм буруугүй талаар маргаж, түүний өмгөөлөгч цагаатгах, улсын яллагч шүүгдэгч нарын гэм бурууг нотлох, яллах байр суурьтай тус тус оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ********* нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, Толгойт **** дугаар гудамж 3 тоотын хашааны гадна ****** “...барилга бариулахгүй, онцгой байдалд өргөдөл гаргаж өглөө...” гэх шалтгаанаар маргалдаж, нүүр хэсэгт нь гараараа цохиж зодоход **********,********* нүүр хэсэгт мөн гараараа цохиж, харилцан зодолдсоны улмаас ******** эрүүл мэндэд баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, буйлны цус хуралт, уруулд язрал, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, ******* эрүүл мэндэд тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт, зүүн тавхай, нуруунд цус хуралт, зүүн нүдний гадна булан, хөмсөгт зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учирсан үйл баримт тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт нь хохирогч ******** “...2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн үед эхнэр, хүүхдүүдийн хамт кино үзэж, хоолонд орчихоод орой 21 цагийн үед гэртээ ирэхэд манай хамар хашааны зүс таних ******* гэх залуу хашааныхаа хаалганы ойролцоо зогсож байсан, би хашааны хаалгаа онгойлгох гээд машинаасаа буусан чинь намайг ********** гэх залуу дуудаад байхаар нь би яваад очих үед хэл амаар доромжлоод миний нүүр хэсэгт 7-8 удаа гараар цохиод миний нүүр хэсэгт 3-4 удаа мөргөөд миний өмсөж явсан куртикны захнаас бариад миний хоолойг боох үед би жаахан манарчихсан байсан чинь намайг ахиж цохих гээд байсан, тэгсэн манай эхнэр ********* гарч ирээд намайг өмөөрөөд салгах үед миний баруун талын шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн14-15 дахь тал),
гэрч ****** “...би машинаас буугаад очиход ******* гэх залуу манай нөхрийн нүүр рүү гараараа нэг удаа цохиж гарыг нь мушгиж газарт унагаасан, тэгээд манай нөхөр босож чадалгүй хэсэг сууж байгаад боссон ба босоод ирэнгүүт ******** дахин барьж аваад зодоод эхэлсэн. Тухайн үед би салгах гээд очиход ******* миний баруун талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон ба манай нөхрийг зодоод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дах тал),
гэрч ********* “...2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 21 цаг 15 минут орчимд Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо Толгойт ***** тоотод байх ах *********** гэр рүү алхаад явж байх үед ах ********* болон *****, хоёр талаас машинаасаа буугаад барьцалдаж аваад цохилдоод эхэлсэн, тэгээд би салгах гээд ******* эхнэр ******* бид хоёр голоор нь орж хүч хүрээгүй болохоор цагдаад дуудлага өгсөн. Ах ******* болон ******* хоёр барьцалдаж байгаад бие биеэ гараараа хэд хэдэн удаа цохиж салсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
насанд хүрээгүй гэрч ******** “...тухайн үед хажуу айлын зүс таних ах манай хашааны үүдэнд ирж манай аавыг заамдаж бариад авсан, тухайн үед би машины урд талын сандал дээр сууж байсан ба манай ээж хойд талын сандал дээр сууж байхаар нь хойшоо эргэж ээж рүү хараад ээжид хандан “аавыг хүн зодоод байна” гэж хэлээд эргэж харахад аав машины хажуу талд байх жалганд газар унасан байсан. ...Би машины баруун талд зогсож байхад зүс таних ах аавыг цохиод байх шиг байсан, гэхдээ яг яаж цохисныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13094 дугаартай “...******* биед баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, буйлны цус хуралт, уруулд язрал, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Баруун дээд 1-р шүдний сулрал, буйлны цус хуралт, уруулд язрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтас хэргийн 46-47 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13206 дугаартай “...******* биед тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт, зүүн тавхай, нуруунд цус хуралт, зүүн нүдний гадна булан, хөмсөгт зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
“...зодоон болоод байна...” гэх дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал) хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-10 дахь тал), шүүгдэгч ***** яллагдагчаар өгсөн “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал), шүүгдэгч ******** “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. ********* надтай ноцолдож байгаад өөрөө машины хажууд өнхөрч унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.
******** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ****** нүүр хэсэгт нь гараараа цохих идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоотой болох нь хохирогч **********, гэрч ****** нарын “...цохисон...” гэх агуулга бүхий мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын “...гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эд мөрийн баримт си-ди-ний бичлэг тоглуулахад “...,*******,******** 2 удаа цохиж байгаа...” байдал, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал) баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал, өмгөөлөгчийн “******* биед өмнө үүссэн гэмтэл байх боломжтой” гэсэн тайлбар нь “...******** эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр няцаагдах ба гэмтлийг фото зургаар баталгаажуулаагүй нь шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэггүй бөгөөд түүний мэдүүлэг нь бусад хэрэгт цугларсан нотлох баримтаар давхар нотлогдоогүй тул дангаараа түүнийг цагаатгах үндэслэл болох боломжгүй бөгөөд шүүгдэгч нар нь бусдын бие махбодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ***,******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Хохирогч ****** нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж ирүүлээгүй, харин шүүх хуралдаанд шүдний эмчилгээ хийлгэсэн, дотрын эход үзүүлсэн, шинжилгээ өгсөн болон шатахууны нийт 3,375,000 төгрөгийн баримт гаргаж ирүүлсэн (хавтаст хэргийн 221-229 дэх тал) байна.
Хохирогч ******** шүүхэд гаргаж ирүүлсэн дээрх баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай хамааралгүй буюу гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас 3 сарын дараа сулрал гэмтэл үүссэн шүднээс өөр 11 дүгээр шүдэнд эмчилгээ хийлгэсэн, мөн нүүр, шүд хэсэгт гэмтэл учирсан байхад дотор эрхтэний эхо, шинжилгээний баримтуудыг ******** үйлдлийн улмаас үүссэн хохирол, хор уршиг гэж дүгнэх боломжгүй.
Тодруулбал, дээрх баримтууд нь гэмт хэргийн улмаас үүссэн хохирол хор уршигтай зориулалт болон цаг хугацааны хувьд давхцаагүй тул хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хохирогч нар нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос хэн аль нь татгалзсан (хавтаст хэргийн 178-179 дэх тал), харин хохирогч ***** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд 873,437 төгрөг нэхэмжилснээс шатахууны зардал 23,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 849,837 төгрөгийг шүүгдэгч ****** гаргуулж хохирогч **** олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч ******* бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлбөр төлбөргүй гэж үзэв.
Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “...шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч **** 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах...”, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...торгох ял оногдуулах...” санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.
Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74, 96 дахь тал) баримтаар тогтоогдсон тул тэдний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч *******,********** нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй.
Харин тэдний гэм бурууд хандсан хандлага, хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзан ялын хэмжээг ялгамжтай тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох, ******* 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялыг тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-ди-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдээ хамгаалах, өмгөөлөх хүний байгалийн өгөгдлийг Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-т “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй гэж хуульчилсан бөгөөд харин энэ эрхээс татгалзаж гэрчээр мэдүүлэг өгсөн тохиолдолд худал мэдүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болдгийг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****,******,**********,**********,********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******** 1,300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ****** оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******* оногдуулсан 1,300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****,******* нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч *****,******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***,*********
нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЖАРГАЛ