Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Ө.Манзушир,

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Ц.Э-д холбогдох 2416000000022 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, 1*** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** сумд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ******* сум, ********* багт оршин суух, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 736 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ************* регистрийн дугаартай, А овогт Ц-н Э.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Ц.Э нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн ******** сумын ******* багийн ********** тоотод хохирогч Ч.Э-н баруун гуянд нь хутгалж, хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Өглөө босоод эхнэр Э-с гар утсаа авъя гэхэд надад өгөхгүй байсан юм. Тэгэхээр нь хутга аваад айлгах гээд тоглоод гуя хэсэг рүү нь чиглүүлсэн... Э орилоод чи намайг хутгалчихлаа шүү дээ гээд гэрээс гараад гүйсэн. Тэгээд эмнэлэг дээр очиж боолт хийлгэсэн... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 50 дугаар хуудас/

2. Хохирогч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 01 сарын 17-ны өдрийн 15 цагийн үед байх би хашаандаа хадам ээж болох Д-н гэрт дүү төрөл садангийн хүүхдүүд болох У, Б ахын охины нэрийг сайн санахгүй байна энэ 2 хүний хамт байж байсан. Гэтэл гаднаас Ц.Э орж ирээд надаас гар утас өгөөдөх гэж нэхсэн. Тэгэхээр нь би дуугараагүй юм. Тэгтэл гуя жирс гээд явчихаар нь харсан чинь миний баруун гуя хэсэгт хутгалсан байсан... Би гараад шууд эмнэлэг дээр ирж үзүүлээд Б эмчээр 1 оёо тавиулсан. Тухайн үедээ бага зэрэг цус гарсан. Одоогоор өвдсөн хавдсан зүйлгүй. 1-2 см орчим хутга орсон байна гэж Б эмч хэлсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/

3. Гэрч Г.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Гаднаас Э орж ирээд Э эгчээс “гар утас өгөөдөх” гэж нэхсэн юм. Тэгсэн Э эгч “утас чинь надад байхгүй” гэсэн ... Э эгчийн хажуугаас буцаад үүд рүү Э ах явж байсан юм. Тэгээд нэг харсан чинь гал тогооны шкаф дээрээс хутга авч байсан юм. Тэгээд Э эгчид би “хутга” гэж хэлтэл Э эгч тоохгүй утсаа оролдоод орон дээр хэвтэж байсан. Тэгээд очоод хажууд нь зогсож байсан юм. Гэтэл Э эгч “...чи яаж байгаа юм бэ... Хүн хутгалчихлаа шүү дээ, аллаа шүү дээ...” гэж орилоод гараад явчихсан юм...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/

4. Гэрч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн үед ******** сумын иргэн Ч.Э нь баруун гуя хэсэгтээ хутгалуулсан шархтай манай эмнэлэгт үзүүлэхээр ирсэн. Тус шархыг үзэхэд шинээр үүсгэгдсэн, 2 см орчмын гүнтэй шарх байсан тул нэг оёо тавиад боогоод явуулсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

5. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цадаагийн хошууч цолтой Т.Алтайбаатарын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 42 дугаартай “...Эмнэлгийн бичиг баримтаар Ч.Э-н биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/

6. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас/

7. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, хэргийн материалтай танилцаад “...Гомдол санал байхгүй...” гэх агуулга бүхий хүсэлт /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/-ийг гаргасан байна. Мөн шүүгдэгч Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 103,500 (нэг зуун гурван мянга таван зуу) төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны 2024 оны 02 дугаар сарын 08 өдрийн шилжүүлгийн мэдээллийн баримт/хавтаст хэргийн 14 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор модон иштэй 1 ширхэг хутгыг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  А овогт Ц-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Э-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор модон иштэй 1 ширхэг хутгыг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА