| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0031/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/31 |
| Огноо | 2024-02-19 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,
Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Мд холбогдох эрүүгийн 2419000000032 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт: Х.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.М нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуулийн автал машины зогсоол дээрээс ... ДГА улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Г.Гийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Х.М нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуулийн авто машины зогсоол дээрээс ... ДГА улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Г.Гийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн үед өөрийн ажилладаг сургуулийн 1 дүгээр дадлагын байрны үүдэнд өөрийн приус 11 маркийн цэнхэр өнгийн ... ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг дотор нь зоолттой унтраасан байдалтай үлдээгээд сургууль руу орсон. Тэгээд 16 цаг 14 минутад гарч ирсэн чинь миний машин байхгүй байсан. ...сургуулийн хяналтын камер шүүж үзсэн чинь 15 цаг 21 минутад хойд талаас явган танихгүй хүн ирээд жолоочийн эсрэг талын хаалгаар дотор нь орж суугаад хэсэг байж байгаад миний машиныг унаад шууд явган хүний зам, боржуур даваад төв зам руу ертөнцийн зүгээр зүүн зүг рүү яваад өгсөн...Би өөрийн ... ДГА улсын дугаартай Тоёота приус 11 маркийн автомашинаа бүрэн бүтэн хүлээн авсан ба автомашинд ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй нэхэмжлэх зүйл, гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг мэдүүлэг /хх 10-11, 43-45-рт/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 12-рт/,
- Эд зүйлийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх 13-рт/,
- Хөрөнгө, даатгалын хохирлын Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн үнэлгээ /хх 16-19-рт/,
- ... ДГА улсын дугаартай Тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 20-рт/,
-Гэрч Б.-Үын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдөр Цагдаагийн газраас 17 цагийн үед ... ДГА улсын дугаартай хөх цэнхэр өнгийн Тоёота приус 11 маркийн автомашин Сайншанд сумын 3 дугаар баг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн урд талын автомашины зогсоол дээрээс хулгайд алдагдсан талаар эрэн сурвалжлагдаж байгаа талаар мэдээлэл ирсний дагуу хариуцсан сумынхаа нутаг дэвсгэр буюу сумын төвөөр эрэн сурвалжилж хайсан. Тэгээд шөнийн 20 цагийн үед 5 дугаар баг Аман-Ус 310 тоот хашааны гадаа эрэн сурвалжлагдаж байсан ... ДГА улсын дугаартай хөх цэнхэр өнгийн Тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь хашаа руу орж Монгол гэр рүү ороход Х.М байсан. Гадаа байгаа автомашины талаар Х.Маас асуухад Сайншанд сумаас унаж ирсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 41-рт/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 24-рт/
-Шүүгдэгч Х.Мы шүүхийн хэлэлцүүлэгт “...Үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой уулзаад машиныг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Хохирогч хохирол төлбөр нэхээгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Х.Мы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Х.М нь хохирогч Г.Гт тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, хохирогчоос нэхэмжлэх зүйл, хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан /хх 48-рт/ байх тул шүүгдэгч Х.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Х.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Х.Мд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүгдэгч Х.Мы үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, хохирогчид хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Мд оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Зорчих эрхийг хязгаарлах Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй.
Хэрэв шүүгдэгч Х.М нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй болохыг дурдав.
Шүүгдэгч Х.М нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагт товлогдсон шүүх хуралдаанд архи согтууруулах ундаан зүйл хэрэглэсэн ирж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд түүний цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, биечлэн эдлэх ялын хугацааг 1 сар, 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мы цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, биечлэн эдлэх ялын хугацааг 1 сар, 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Х.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Мд оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР