Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/177

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

өсвөр насны хохирогч, шүүгдэгч Г.Э....гэ, түүний хууль ёсны төлөөлөгч С.Г..........т, тэдний өмгөөлөгч А.Гантуяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0230),

өсвөр насны хохирогч, шүүгдэгч Ч.Ч...........н, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ч...........ц, тэдгээрийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2290) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч Хотгойд овогт Г..........тын Э....гэ, Боржигон овогт Ч...........цын Ч...........н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 0000 01887 дугаартай 1 хавтаст хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

- Хотгойд овогт Г..........тын Э....гэ, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2007 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 16 настай, суурь боловсролтой, .......................................

- Боржигон овогт Ч...........цын Ч...........н, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Өлзийт суманд 2005 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт .................................................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Өсвөр насны шүүгдэгч Г.Э....гэ нь 2023 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ...................................... гадна насанд хүрээгүй хохирогч Ч.Ч...........нтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь “Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд шарх, хамрын нуруу, хацрын төвгөр, дээд уруулд дотор салст, эрүүнд цус хуралт, хацрын төвгөр, дээд уруулд дотор салст, эрүүнд цус хуралт, хацрын төвгөр, баруун шуу, зүүн тохой, баруун өвдөг, шилбэний зүүн өвдөгт зулгарал бүхий хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тус ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Өсвөр насны шүүгдэгч Ч.Ч...........н нь 2023 оны 10 дугаар сарын 03-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ...................................... гадна насанд хүрээгүй хохирогч Г.Э....гэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь “баруун хэнгэргэн хальсны цоорхой, дух, баруун өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Өсвөр насны шүүгдэгч Г.Э....гэ, Ч.Ч...........н нар нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 03 цагийн орчим Г.Э....гэ нь үерхдэг байсан найз охин О..А..........рыг Ч.Ч...........нтэй цахимаар харилцлаа, үерхдэг гэх шалтгаанаар, Ч.Ч...........н нь найз охин О..А..........рыг үерхдэг байсан найз Г.Э....гэтэйгээ уулзлаа гэх шалтгаанаар хоорондоо цахимаар маргалдсан байна.

Улмаар Г.Э....гэ нь Ч.Ч...........нтэй уулзахаар О..А..........рын хамт Сонгинохайрхан дүүргийн ...................................... орчим байрлах худаг дээр очиж Ч.Ч...........нтэй уулзаж хоорондоо дахин маргалдаж улмаар бие биеийнхээ эрүүл мэндэд нь халдаж өсвөр насны шүүгдэгч Г.Э....гэ нь хохирогч Ч.Ч...........ний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд шарх, хамрын нуруу, хацрын төвгөр, дээд уруулд дотор салст, эрүүнд цус хуралт, хацрын төвгөр, дээд уруулд дотор салст, эрүүнд цус хуралт, хацрын төвгөр, баруун шуу, зүүн тохой, баруун өвдөг, шилбэний зүүн өвдөгт зулгарал бүхий хохирол, өсвөр насны шүүгдэгч Ч.Ч...........н нь хохирогч Г.Э....гэн биед баруун хэнгэргэн хальсны цоорхой, дух, баруун өвдгөнд зулгаралт бүхий хохирол тус тус учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

1. Насанд хүрээгүй гэрч О..А..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 04-нд шөнө ...02 цагийн үед надтай өмнө үерхэж байсан Г.Э....гэ “гэрийн чинь гадаа ирчихлээ. Гараад ир” гээд чат бичээд би гараад уулзчихаад эргээд гэртээ орох гэсэн чинь оруулахгүй байсан. Тэр үед миний үерхэж байсан Ч.Ч...........н миний чатыг өөрийнхөө утсаар давхар хараад байдаг учир Г.Э....гээг надтай уулзах гэж ирснийг мэдчихээд “намайг гэртээ ор” гээд бичсэн. Тэгэхээр нь би Г.Э....гээд хэлсэн чинь “Ч...........нтэй очиж уулзана.” гээд Ч...........н ч “хүрээд ир” гээд тэгээд Г.Э....гэ бид хоёр ...Ч...........ний гэрийн ойролцоох худаг дээр очсон чинь Ч...........н гараад ирчихсэн хүлээж байсан. Би Г.Э....гээг “явъя” гэсэн чинь “цаанаа байж бай” гээд Г.Э....гэ Ч.Ч...........ний нүүр рүү нь 1 удаа алгадаад барьцалдаад худгийн цементэн шатан дээр тэр хоёр цуг унасан. Тэр үед Ч.Ч...........н нүүрээрээ доошоо хараад Г.Э....гэ дээрээс нь унаад Г.Э....гэ Ч...........ний толгой руу гараараа 2-3 удаа цохихоор нь би очоод болиулсан. Тэгтэл Ч.Ч...........н босож ирээд Г.Э....гээг түлхэж унагаад дээр нь суугаад гараараа толгой хэсэгт нь 2-3 удаа цохиод тэгээд би салгасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

2. Насанд хүрээгүй хохирогч Ч.Ч...........ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 04-ний 04 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 265-36а тоотод гэртээ байх үед зүс таних Г.Э....гэ гэх хүүхэд над руу “гараад ир ярих юм байна” гэж чат бичсэн юм. Би гэрээсээ гараад хашааны гадаа ойролцоо байрлах усны худгийн хажууд Г.Э....гэтэй уулзсан юм. Г.Э....гэ ...машинаас бууж ирээд надтай маргалдаж эхэлсэн. Маргалдсан шалтгаан нь одоо надтай харилцаж байгаа .А..........а гэх охиноос болж маргалдсан. Би .А..........а гэх охинтой танилцаад удаагүй 14 хоног болж байна. Урьд өмнө .А..........а, Г.Э....гэтэй үерхдэг байсан юм. Г.Э....гэ намайг гараараа нүүр, хамар нүд рүү 4-7 удаа цохисон...миний биед нүүр хамар хавдсан, баруун гарын бугуй хэсэг өвчтэй байна. зүүн талын хавдсан хөндүүртэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

 

3. Насанд хүрээгүй хохирогч Г.Э....гээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....А..........р бид хоёрыг уулзаж байхад Ч...........н .А..........р руу мессеж бичээд надтай уулзаж байгааг мэдчихсэн байсан. Тэр хоёр мессежээр харилцдаг юм шиг байна лээ. Тэгээд Ч...........н .А..........р руу “Г.Э....гээг дуудчих би гэрийнхээ доод талын худаг дээр хүлээж байя” гээд байхаар нь би .А..........ртай цуг ...Ч...........н дээр очсон чинь өөдөөс хувцсаа тайлаад татаж байсан тамхиа шидчихээд над руу дөхөж ирээд “хэл амаараа учраа олох уу, зодолдоод учраа олох уу” гэхээр нь би “яасан ч яах вэ” гэж хэлсэн. Тэгтэл “чи зайл ахын дүү” гээд намайг хэл амаар доромжлоод над руу тулаад байхаар нь айсандаа нүүр рүү нь гараараа түлхээд холдуултал миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохисон. Би зөрүүлээд цохих гэсэн чинь Ч...........нээ надтай барьцалдаад унахдаа намайг татаад бид хоёр худгийн цементэн шатан дээр би толгойгоороо, Ч...........н нүүрээрээ унасан. Унасан чигээрээ би Ч...........ний дээрээс нь толгой хэсэгт гараараа 2-3 удаа цохисон чинь Ч...........нээ босож ирээд намайг хойш нь түлхэж унагаагаад миний дээр гараад би гараараа нүүрээ хамгаалаад дарсан чинь миний 2 чих, шанаа руу гараараа 4-6 удаа цохиод миний цамцны захаар хоолой бооход .А..........р бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

4. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12661 дугаартай дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Хамрын зүүн доод хэсэгт 2.0см ангайсан шархтай, шархаар эд харагдана, хамрын нуруун хавдсан, хамрын нуруунаас хацрын төвгөр хүртэл 13.0х8.0см улаан ягаан өнгийн цус хуралттай, хацрын төвгөрт 2.0х2.0см талбайд зулгаралттай, амны зүүн булан хавдсан, дээд уруулд дотор салстад 0.5х0.5см цагаан өнгөр тогтсон, эрүүнд 2.0х1.0см улаан ягаан өнгийн цус хуралттай, баруун шууны гадна дээд хэсэгт 2.0х1.0см арьсны өнгөц давхарга хууларсан, зүүн тохойд 0.5х0.2см улаан ягаан өнгийн зулгаралттай, баруун өвдөгний урд хэсэгт 1.0х1.0см, дотор хэсэгт 7.0х3.0см арьсны өнгөц давхарга хууларсан, шилбэний урд дээд хэсэгт 3.5х1.5см, зүүн өвдөгний урд хэсэгт 6.0х2.0см 1.0х0.5см, 1.0х0.5см арьсны өнгөц давхарга хууларсан зулгаралтуудтай. Мөнгөн гүүр эмнэлгийн 2023.10.06-ны Толгойн КТГ-д: тархины эдэд цус хуралт болон голомтот өөрчлөлтгүй, ...хамар ясанд баруун хажуу хананд зөрөөгүй, зүүн хажуу хана бага зэрэг зөрөөтэй хугаралтай, хамрын таславч баруун тийш ялимгүй бага зэрэг мурийлттай, хамар дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн, Хамар болон зүүн нүдний эргэн тойрон зөөлөн эдэд бага зэрэг хаван хавдартай эмч Баатарцогт гэжээ...ДҮГНЭЛТ

1. Ч.Ч...........ний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд шарх, хамрын нуруу, хацрын төвгөр, дээд уруулд дотор салст, эрүүнд цус хуралт, хацрын төвгөр, баруун шуу, зүүн тохой, баруун өвдөг, шилбэний зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

 

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12898 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Баруун хэнгэргэн хальс цоорхой, духны баруун дээд хэсэгт 0.3х0.2см, баруун өвдгөнд 0.3х0.2см, 0.2х0.1см хүрэн өнгийн захаасаа хууларсан зулгаралттай...ДҮГНЭЛТ

1. Г.Э....гээгийн биед баруун хэнгэргэн хальсны цоорхой, дух, баруун өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

 

6. Өсвөр насны шүүгдэгч Г.Э....гээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ч...........н дээр очсон чинь өөдөөс хувцсаа тайлаад татаж байсан тамхиа шидчихээд над руу дөхөж ирээд хэл амаараа учраа олох уу, зодолдоод учраа олох уу гэхээр нь би яасан ч яахав гэж хэлтэл намайг чи зайл ахын дүү гээд намайг хэл амаар доромжлоод над руу тулаад байхаар нь айсандаа нүүр рүү нь гараараа түлхээд холдуултал миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохисон, би зөрүүлээд цохих гэсэн чинь Ч...........нээ надтай барьцалдаад унахдаа намайг татаад бид хоёр худгийн цементэн шатан дээр би толгойгоороо, Ч...........н нүүрээрээ унасан. Унасан чигээрээ би Ч...........ний дээрээс нь толгой хэсэгт гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл өсвөр насны шүүгдэгч нар нь хувийн таарамжгүй сэдэлтээр, бие биеийнхээ дээр гарах зорилгоор, үерхдэг найз охин О..А..........ртай харьцлаа гэх шалтгаан нөхцөлөөр, гэм буруугийн   шууд санаатай үйлдлээр өсвөр насны шүүдэгч Г.Э....гэ, Ч.Ч...........н нар нь бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болохыг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Өсвөр насны шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс өсвөр насны шүүгдэгч Г.Э....гэ, Ч.Ч...........н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас: Өсвөр насны шүүгдэгч Ч.Ч...........н, Г.Э....гэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Г.Э....гэд 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Ч.Ч...........нд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Өсвөр насны шүүгдэгч Г.Э....гэн өмгөөлөгчөөс “...Өнөөдрийн шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч Г.Э....гэ, Ч...........н нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан энэ гэмт хэрэгт холбогдон зогсож байна. Г.Э....гэ нь хохирогчийн хувьд баруун чихний хэнгэрэг цоорсон цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байх боловч цаашид гарах эмчилгээний зардлыг Г.Э....гэ нь өөрөө хариуцна гэдэг талаараа илэрхийлсэн байгаа. Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Э....гэ нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан манай үйлчлүүлэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

Өсвөр насны шүүгдэгч Ч.Ч...........ний өмгөөлөгчөөс “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар манай үйлчлүүлэгч Ч...........н нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай нь тогтоогдож байна. ...Иймд улсын яллагчаас оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Г.Э....гэ, Ч.Ч...........н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба тэдэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Э....гэ, Ч.Ч...........н нарыг Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн нарын хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өсвөр насны, гэмт хэрэг гарахад хэн алины зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтээс өсвөр насны шүүгдэгч Г.Э....гэд оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, өсвөр насны шүүгдэгч Ч.Ч...........ний хувьд оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч тус бүрийг 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон... нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах..., үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад...чиглэсэн байна.” гэж тус тус хуульчилжээ.

Тиймээс өсвөр насны шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь үл ялих зүйлээс болж гарсан, хэн аль нь гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй гэх нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн ...байдлыг харгалзан ...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:” гэснийг үндэслэн мөн зүйлийн 1.1 дэх заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, ...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх;” гэсний дагуу өсвөр насны шүүгдэгч Г.Э....гэ, Ч.Ч...........н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч тус бүрт оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

2.3.Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2308 0000 01887 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч  нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Хотгойд овогт Г..........тын Э....гэ, Боржигон овогт Ч...........цын Ч...........н нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Э....гэ, Ч.Ч...........н нарт мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 (нэг зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Э....гэ, Ч.Ч...........н нарт мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус тус чөлөөлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг өсвөр насны шүүгдэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ