Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,    

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батбаяр, Н.Энхжаргал, Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар Ж.Чогсомжанлав, Б.Нямтогтох, Б.Алтанхуяг нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000195 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :     

1. Монгол Улсын иргэн,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЭ83122974 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Жадамбаагийн Чогсомжанлав,

2.  Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВК85060814 тоот регистрийн дугаартай, Урианхан овогт Буянцэцэгийн Нямтогтох,

3.  Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВТ83031118 тоот регистрийн дугаартай, Ламын гэгээн овогт Борын Алтанхуяг,

Холбогдсон хэргийн талаар :    

Шүүгдэгч Ж.Чогсомжанлав нь 2016 оны 06 сарын 04-ний өдөр тэсэрч дэлбэрэх бодис болох 1 ширхэг бялт тэслүүрийг Баянхонгор аймгийн төвөөс Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багийн нутаг “Цагаан цахир” гэх газар хүртэл Б.Жадамбаагийн эзэмшлийн 41-44 БНХ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар тээвэрлэн авч явсан,

Шүүгдэгч Б.Алтанхуяг нь 2016 оны 06 сарын 04-ний өдрөөс 2016 оны 06 сарын 05-ны өдрийг хүртэл тэсэрч дэлбэрэх бодис болох 1 ширхэг бялт тэслүүрийг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багийн нутаг “Цагаан цахир” гэх газарт байх ажилчдын гэрт хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Б.Нямтогтох нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багийн нутаг “Цагаан цахир” гэх газарт байх ажилчдын гэрт тэсэрч дэлбэрэх бодис болох 1 ширхэг бялт тэслүүрийг хууль бусаар хадгалсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,   

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :    

Иргэний нэхэмжлэгч Ц.Болорчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэсэрч дэлбэрэх бодисыг зориулалтын харуул хамгаалалттай газар хадгалах ёстой мөн мэргэжлийн хүмүүс харьцаж ажиллах ёстой. Мэргэжлийн бус хүмүүс харьцсанаас бусдад болон өөртөө хохирол учруулж болно. Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний аюулгүй байдлын нэгдсэн дүрмийн дагуу ажиллах ёстой. Би 3 ширхэг шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл гэдэг нь тогтоогдсон байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 107/,

Гэрч Б.Мөнгөнжигүүрийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэгээд 2016 онь 06 дугаар сарын 05-ны өдөр өглөө ажил дээрээ очоод байж байхад чимээ  гарахаар юу болсон юм бол гээд гэртээ эргээд ирсэн чинь Нямтогтохын гарын хуруунууд нь тасарчихсан байсан. Тэгээд би утсаар Төмөрбаатарлуу ярьж болсон асуудлын талаар хэлсэн юм. Тэгээд цагаан цахирын уурхайгаас нэг портер маркийн машинд суулгаад аймагруу явуулсан юм. Тэр өдөр би 08:00 цагийн үед нүхрүүгээ явсан. Намайг ажилруугаа явахад Нямтогтох нь босчихсон гэртээ байж байсан, бид нарыг явахад тэрэнд ямар нэгэн тэсрэх бодис байгаагүй. Би Нямтогтохыг хаанаас тэсэрч дэлбэрэх бодис олж авсныг мэдээгүй. Өглөө ажилдаа гарахад бол Нямтогтох зүгээр гэртээ байж байсан. Харин ажилдаа гарсан байхад л чимээ сонсогдохоор нь гэртээ ирсэн чинь гэр дотор нил цус болчихсон байсан. Тэр үед гэрт Нямтогтох, Лхагваа ах хоёр л байсан өөр хүн байгаагүй юм. Тэр нүхэн дээр тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэдэггүй, набор татна гэж сул байгаа чулуунаас нь цагаан өнгийн чулууг нь түүж татаж гаргадаг юм. Тэр үед Мөнх-Эрдэнэ нь ирээгүй харин Чогсомжанлав нь мах авчирч өгөх гэж ирсэн. Чогсомжанлав нь цэнхэр өнгийн портер маркийн машин жолооддог юм ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 109/,

Гэрч С.Төмөрбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 06 дугаар сарын 05-ны өглөө намайг аймгийн төв дээр байхад Мөнгөнжигүүр надруу утсаар яриад Нямтогтох гараа авчихлаа гэхээр нь би эхлээд итгээгүй. Тэгээд дараа нь дахиад утсаар хэлээд аймагруу явууллаа гэхээр нь Чогсомжанлав, Алтангэрэл нарын хамт урдаас нь явж тосч авсан. Тэгээд эмнэлэгт авчирсан. Мөнгөнжигүүр надад Нямтогтох гараа авчихлаа гэж л хэлсэн юунд гараа авсаныг нь тодорхой хэлээгүй. Нямтогтохыг тосч авах үед тэр ёолоод л байсан гар хуруугаа боочихсон байхаар нь шалавхан л аймаг руу эмнэлэгт авчрахыг бодсон. Надад юу болсон талаар хэлээгүй ... тэр өдөр Алтангэрэл цагаан цахирлуу яваагүй юм. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө андуурсан байна. Тэр өдөр Чогсомжанлав бид хоёр Чогсомжанлавын эзэмшлийн портер маркийн машинаар цагаан цахир дээр очиж хоол хүнс тамхи аваачиж өгсөн юм. Бид хоёрыг Цагаан цахирын уурхай дээр очиход Нямтогтох уурхай дээр байж байсан. Бид нар ажлын гэрт уулзсан. Тэр тэсэрсэн гэх зүйлийг бид хоёр өгсөн зүйл байхгүй. Чогсомжанлавч Нямтогтоход ямар нэгэн тэсрэх бодис өгөөгүй ... тэр үед Алтангэрэл хамт яваагүй юм байна. Би тухайн үед явлуу ялаа гэж бодож байгаад явсан юм шиг санагдаад Чогсомжанлав, Алтангэрэл бид гурав хамт явсан гэж хэлсэн чинь би андуурсан юм шиг байна. Одоо бодход Чогсомжанлав бид хоёр хоёулахнаа л Чогсомжанлавын цэнхэр өнгийн портер маркийн машинаар очсон юм ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 115, 2-р хх-ийн 49-50/,

Гэрч С.Төмөрбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Ж.Чогсомжанлавтай 2011 онд танилцсан найзууд, Б.Алтанхуягийг 1990-ээд оноос хойш танина хамт мал малладаг байсан. Б.Нямтогтохыг саяхнаас таньдаг болсон гэв. Тэсэрч дэлбэрэх бодисыг хэн авч ирж өгсөн гэдгийг мэдэхгүй. 6 сарын 4-ний өдөр Чогсомжанлавтай Цагаан цахиртад хоол хүнс авч очсон. 6 сарын 4-ний өдөр Мөнх-Эрдэнэ хамт яваагүй аймагт ажилтай байсан ... гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Г.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн ... би тэдгээр өдрүүдэд тэнд очоогүй. Тэр үед манай эхнэр төрөөд нэг их удаагүй байсан болохоор би тэр үед ерөөсөө цагаан цахир дээр очоогүй. ... Нямтогтоход хэн тэр сумыг өгсөн талаар би үнэндээ мэдэхгүй байна. Цагаан цахирын уурхай дээр тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэж байгаагүй ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 18-19/,

Гэрч Н.Магнайбаярын мөрдөн байцаалтанд өгсөн ...Тэгээд нэг орой Алтанхуяг бие заслаа гээд жорлонруу явж ирээд манай хойд талын айлын залуу нэг ийм юм өглөө гээд гэртээ аваад ирсэн ба тэгээд гэрийн унинд хавчуулчихсан, тэгсэн чинь маргааш өглөө нь буюу 2016 оны 06 дугаар сарын 05-ны өглөө Нямтогтох манай гэрт орж ирээд Алтанхуягаас нөгөөдөхөө гэсэн чинь Алтанхуяг тэр юмыг нь авч өгж байгаа харагдсан. Нямтогтох тэр өгсөн зүйлээ аваад гараад явчихсан. Тэгээд тэр өдрөө тэсэрчихсэн гэж сонсогдсон. Алтанхуяг бие засах гэж гараад эргэж орж ирэхдээ тэр зүйлээ бариад ороод ирсэн, үүнийг барьж бай л гэсэн надад өөр зүйл хэлээгүй. Тэр зүйлийг нь ямар зүйл байсныг би хараагүй, оруулж ирээд унинд хавчуулж байгаа харагдсан. Тэр зүйлийг нь Алтанхуяг өөрөө хэрэглээгүй, унинд хавчуулчихсан байгаад байсан, маргааш нь Нямтогтох өөрөө ирээд авсан юм. Тэр өглөө Нямтогтох өөрөө ганцаараа манай гэрт орж ирээд тэр зүйлээ аваад явсан. Тэр үед манай гэрт манай тогооч Наранзул, Алтанхуяг бид гурав л байсан өөр хүн байгаагүй юм ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 67-69/,

Гэрч Г.Мөнхзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэр өдөр би Баян-Овоо сумын Цагаан цахирын уурхай дээр ажиллаж байсан юм. Тэгээд ажилчдын амардаг гэртээ өглөө унтаж байсан чинь нэг пид хийсэн чимээ гарахаар нь би сэрээд байж байсан чинь Мөнгөнжигүүр манай гэрт орж ирээд утсаар яримаар байна гэхээр нь би өөрийн портер маркийн авто машинаа асаагаад жолоодоод Мөнгөнжигүүр бид хоёр ойролцоо байдаг уулан дээр гарж Мөнгөнжигүүр хүмүүстэй утсаар яриад байсан. Би яг хэнтэй утсаар ярьсаныг нь мэдээгүй. Тэгээд эргэж ажилчдын гэрт ирээд би Нямтогтохын гэрт нь орсон чинь Нямтогтохын нүүр ам нь нил цус болчихсон, гараа боочихсон орон дээр хэвтэж байсан. Тэгээд миний портер маркийн машинд Нямтогтохыг суулгаад аймагруу явсан. Тэгээд аймагруу орох гээд дөхөөд хогийн толгойн хажууд явж байхад урдаас Алтангэрэл, Чогсомжанлав, Төмөрбаатар нар ирээд Нямтогтохыг eeрсдийнхөө машинд суулгаад аваад явсан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг би мэдээгүй ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 34-35/,

Гэрч Д.Наранзулын мөрдөн байцаалтанд өгсөн ... яг тэдний өдөр гэж одоо хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 06 сарын эхээр нэг өглөө би босоол цайгаа чанчихаад сууж байтал гаднаас Алтанхуягт хандаж нөгөө юмаа авъя гээд нэг эрэгтэй хүн хаалгаар шагайсан. Энэ үед Алтанхуяг гэрийн унинд хавчуулаастай байсан нэг зүйлийг авч тэр залууд өгсөн. Миний анзаарч харснаар нэг тийм жижиг төмөр л харагдсан. Алтанхуяг дээрх зүйлийг хаалгаар шагайсан хүнд өгөхдөө ямар нэгэн зүйл хэлээгүй. Энэ үед гэрт Магнай гэж ах байсан бусад нь ажилдаа гарчихсан байсан шиг санагдаж байна. Харин урд орой нь билүү Алтанхуяг оройн хоолоо идчихээд бие засах гээд гарсан.  Удаа ч үгүй эргэж орж ирэхдээ хойд айлын нэг залуу үүнийг барьж бай, бие засчихаад ирье гэж явчихаад ирэхгүй удаад байхаар нь аваад ирлээ гэж жижиг төмөр зүйлийг харуулснаа тэр зүйлээ гэрийн унинд хавчуулсан, өөр зүйл яриагүй, ямар учиртай зүйл гэдгийг нь би асуугаагүй ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 70-72/,

Гэрч Н.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... тэгээд 2016 оны 06 дугаар сарын 05-ны өглөө би цай чанаад байж байсан чинь Нямтогтох өглөө босоод бие засчихаад орж ирээд нэг юм сэрээгээр оролдоод сууж байгаа харагдсан. Би тамхи авах гээд хана руу явж тамхиа аваад эргээд суутал пад гэсэн чимээ гарахаар нь би гал руу янз бүрийн юм орчихсон юм байхдаа гэж бодсон чинь Нямтогтохын гарнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд Нямтогтохыг портер машинаар аймаг руу явуулсан. Тэр үед гэр дотор Нямтогтох бид 2 л байсан, өөр хүн байгаагүй ... 2016 оны 06 сарын 04-нд Чогсомжанлав, Төмөрбаатар хоёр ирээд хоол унд тамхи авчирч өгөөд явсан. Ирэхдээ цэнхэр өнгийн портер машинаар ирсэн санагдаж байна. ... Нямтогтоход сум өгсөн эсэхийг мэдэхгүй байна ... тэр өдөр Чогсомжанлав, Төмөрбаатар хоёр л ирсэн юм ... гэсэн мэдүүлэг  /2-р хх-ийн 55-59/,

Гэрч Ж.Ариунболдын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би тэр үед Витафит ХХК-ны Баянхонгор аймаг дахь салбарт ачигчаар ажилладаг байсан бөгөөд Мөнх-Эрдэнэ нь жолоочоор ажилладаг байсан юм. Тэр үед ажлын өдөр байсан бөгөөд бид хоёр хамт ажиллаж байсан юм. Мөнх-Эрдэнэ албаны машинаа жолоодоод би болохоор ачигчийг нь хийгээд цуг бараа түгээлтэнд явдаг байсан юм. Орой ажил 17:00 цаг хүртэл ажиллаад данс тооцоогоо тулгаад бараг 18:00 цаг гээд тардаг юм. Бид хоёр тэр өдөр ажил тартал цуг байсан. Бид хоёр тэр өдөр өглөө уулзалдаад өдөржингөө цуг ажилаа хийсэн. Орой ажил тарснаас хойш бол би түүнийг хаагуур явсаныг нь мэдэхгүй байна. Би ажил тараад гэрлүүгээ явсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 63-64/,

Гэрч Д.Сэдбазарын мөрдөн байцаалтанд өгсөн ... тэр өдөр Мөнх-Эрдэнэ бид хоёр орой 18:00 цагийн үед гол дээр уулзаад жаахан нийлж пиво ууж хамт байсан юм. Тэгээд шөнийн 02:00 цагийн үед салсан. ... бид хоёр тэр үед Мөнх-Эрдэнийн машинтай гол дээр хэдэн пиво ууж хамт байсан юм ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 65-66/,

Яллагдагч Д.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би тэр өдрүүдэд Цагаан цахирын уурхай дээр очоогүй аймагт байсан. Тэр өдөр нь ажлын өдөр байсан ба би ажил дээрээ байсан юм. Энэ нь ор үндэсгүй гүтгэж байна. Би тухайн үед тэнд очоогүй. ... манай ажил өглөө 09:00 цагт эхлээд орой 17:00 цагт дуусдаг юм. Намайг тухайн өдрүүдэд ажил дээрээ байсныг манай ажлын газрыхан мэднэ. ... Би 2016 оны 06 сарын 3, 4-ний өдрүүдэд Баянхонгор суманд байсан. Цагаан цахирын уурхайруу яваагүй юм ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 190-191, 2-р хх-ийн 73/,

Шүүгдэгч Б.Нямтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын уурхай дээр байдаг Алтайгийн ухаж байгаа чулууны нүхэн дээр эхлээд наборыг нь татаж байсан. Тэгээд наборыг татаж дуусч байхад Чогсомжанлав, Мөнх-Эрдэнэ хоёр 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр над дээр ирээд энэ нөгөө тэсэлдэг хонгио чинь шүү набороо татаж дуусаад материалыг нь ирэхээр тэслэх юм шүү гэж хэлээд надад нэг ширхэг тэсрэх бодисны хонгио өгсөн. Тэгээд тэрийг нь тэр өдрийнхөө үдээс хойш нь хажуу талын нүхэн дээр ажилладаг Алтанхуяг над дээр ирээд наад хонгиогоо надад зээлчих би дараа нь материал ирэнгүүт нь буцаагаад өгье гэж хэлээд надаас зээлээд авсан. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 05-ны өглөө намайг ажилчдын гэрт байж байхад Алтанхуяг манай гэрт орж ирээд май нөгөө авсан хонгио чинь шүү гэж хэлээд өгөхөөр нь би гэртээ тэр хонгиог нь оролдож байгаад ар талыг нь чимхчихсэн бааралчихсан хонгио байхаар нь ар талынх нь бааралсан хэсгийг нь ухаж байгаад чүдэнзний мод хийсэн чинь хугараад байхаар нь мод цуулж байгаад нарийхан мод хийсэн чинь дэлбэрчихсэн. Тэгээд миний зүүн гарын 5 хуруу тасарсан. Тэгээд хажуу талынхаа айлын портер машинаар аймагт ирсэн. Чогсомжанлав, Мөнх-Эрдэнэ хоёр над дээр ирээд нөгөө тэсэрдэг хонгио чинь шүү, бусад материалууд нь ирэхээр нь тэслэх юм шүү гэж хэлээд өгсөн юм. Тэр хонгиог надад Цагаан цахирын уурхай дээр гэрт байхад Чогсомжанлав өөрийнхөө портер маркийн машинтайгаа ирээд надад өгсөн юм. Тэр хонгиог надад өгөхөд Чогсомжанлав, Мөнх-Эрдэнэ бид гурав л байсан өөр хүн байгаагүй. Алтанхуяг над дээр өөрөө ирээд надад наад хонгиогоо түр зээлчих танайх набороо татаж дуусаагүй байгаа юм чинь гэж хэлээд зээлээд авсан. Миний Алтанхуягт зээлсэн хонгио нь болохоор шинэ цагаан өнгийн хонгио байсан. Харин Алтанхуягын надад буцааж авчирч өгсөн хонгио нь ар талыг нь чимхчихсэн, ар талд нь тортог суучихсан хонгио байсан тэгэхээр нь би миний өгсөн хонгионоос өөр хонгио байна гэж бодсон. ... Алтанхуяг надаас авахдаа 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн орой намайг гэрт байхад орж ирээд танайд сум ирсэн үү гэхээр нь би нэг ширхэг ирсэн гэсэн чинь тэрийгээ өгчих маргааш өгье гэхээр нь би өгөөд явуулсан юм. Тэгээд маргааш өглөө нь намайг гэртээ байхад Алтанхуяг өөрөө авчирж өгсөн тэр үед би гэртээ ганцаараа байсан юм ... эдгээр тайлбар мэдүүлгүүдийн сүүлд өгсөн тайлбар, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь үнэн юм. Эмнэлэгт ирхэд Алтангэрэл, Чогсомжанлав бид 3 тэгж хэлэхээр тохирсон байсан юм. Тэд нар надад сум өгөхөд харсан хүн байхгүй. Чогсомжанлав, Мөнх-Эрдэнэ нар надад тэр хонгиог өгөхөд бид гурав л байсан. Мөн Алтанхуягт би хонгио өгөх, надад буцааж өгөхөд өөр хүн байгаагүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 207-208, 211-213, 2-р хх-ийн 76-78/,

Шүүгдэгч Б.Алтанхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би тэнд байдаг ажилчдын жорлонгийн хажууд Нямтогтохтой тааралдсан чинь тэр надад май үүнийг авч бай гээд нэг бөөрөнхий цагаан юм өгөхөөр нь би аваад гэртээ оруулж тавьчихаад маргааш өглөө нь Нямтогтох манай гэрт ирээд нөгөөдөхөө авъя гэхээр нь би тэр зүйлийг нь өгөөд явуулсан юм. Тэгээд тэрнээс хойш ямар зүйл болсныг би мэдээгүй, бүүр сүүлд нь хуруугаа тасдуулсан гэнээ л гэж сонссон. Нямтогтох надад үүнийг авч бай гээд л өгсөн өөр зүйл хэлээгүй, тэр зүйлийг надад өгөх үед Нямтогтох бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. Тэр надад өгсөн зүйл нь гонзгой цагаан өнгөтэй зүйл байсан, би өөр зүйл мэдэхгүй байна, миний харсан юм л тэр. Би Нямтогтохын өгсөн зүйлийг нь 2016 оны 06 дугаар сарын 04-ны өдөр аваад маргааш өглөө нь буюу 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Нямтогтох манай гэрт ирээд аваад явсан юм. Би тэр зүйлийг нь аваад хэн нэгэнд үзүүлээгүй, хэлээгүй байсан. Харин маргааш өглөө нь Нямтогтох манай гэрт ирээд аваад явахад нь бол надтай хамт Наранзул, Магнай хоёр хамт байж байсан … гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 200-201/,

Шүүгдэгч Ж.Чогсомжанлавын мөрдөн байцаалтанд өгсөн ... Тус аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахирын уурхай дээр Алтангэрэлийн эзэмшдэг чулууны нүхийг Төмөрбаатар, Мөнх-Эрдэнэ бид гурав хамтран ажиллуулж байгаа юм. Тэгээд тэндээ Лхагваа, Нямтогтох, Мөнгөнжигүүр нарыг цалинжуулж ажиллуулж байсан. Харин Нямтогтох Алтангэрэлтэй ашгаасаа хувь өгөхөөр тохирсон байсан гэсэн. Тэгээд 2016 оны 06 сарын 05-ны өдөр надруу утсаар Төмөрбаатар яриад Нямтогтох гараа авчихлаа гэхээр нь Алтангэрэл, Төмөрбаатар бид гурав Цагаан цахирлуу явж байсан чинь цаанаас Нямтогтохыг Мөнхзориг портер маркийн машинаар аваад ирсэн. Тэгээд бид нар эмнэлэгт авчирч үзүүлсэн. ... Тэр нүхэнд ерөөсөө тэсэрч дэлбэрэх бодис хэрэглээгүй. Би Нямтогтоход ерөөсөө тэсэрч дэлбэрэх бодис аваачиж өгөөгүй. Би тэр зүйлийг тэсрэх үед нь хамт байгаагүй. Би хааяа очиж хоол ундны зүйл авчирч өгдөг юм. Би олон удаа цагаан цахирлуу явж байсан. Тэгээд би андуурсан байна. Бид нар хэзээ хэзээ очиж байсан тухайгаа ярилцсан чинь 2016 оны 06 сарын 04-ний өдөр Цагаан цахирлуу Алтангэрэл яваагүй Төмөрбаатар бид хоёр л явсан байна лээ. ... тэр үед Мөнх-Эрдэнэ цуг яваагүй юм. ... яагаад ингээд байгааг нь би мэдэхгүй байна. Би Нямтогтохыг сайн танихгүй. Манай нүхэн дээр ажиллах гэж ирхэд нь би танилцсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 193-194,

Шинжээч М.Чинбатын мөрдөн байцаалтанд өгсөн ... Шинжилгээ хийлгэх тогтоолд дурдсанаар хэрэг болсон нөхцөл байдал, Нямтогтоход учирсан гэмтлийн байдал, мөн тогтоолд дурдсанаар Нямтогтохын сум хонгио гэж нэрлэж байгаа зэргээс үзвэл энэ нь тэсэлгээний хэрэгсэл буюу бялт тэслүүр байх бүрэн боломжтой. Учир нь практикт мэргэжлийн бус /тэсэлгээчин биш/ хүмүүс галын аргаар тэсэлгээ хийхэд зориулсан бялт тэслүүрийг /капсюль-детонатор/ сум, хонгио гэх мэтээр нэрлэдэг. Энэ нь өдөөлтийн буюу хөндөн тэслэгч ангиллын 1-2 rpaмм орчим тэсрэх бодисоор цэнэглэгдсэн дулааны болон өчүүхэн төдий механик /цохилт, даралт, үрэлт/ үйлчлэлийг мэдэрч тэсрэх өндөр чадвартай тэсрэмтгий мөнгөн ус, хар тугалганы азид, тетрил зэрэг онцгой хүчтэй тэсрэх бодисуудаар цэнэглэгдсэн байдаг. Тиймээс бялт тэслүүр зэрэг тэсэлгээний хэрэгслийг ашиглах, зөөвөрлөх хадгалж хамгаалах талаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан аюулгүй ажиллагааны заавар 2013 онд батлагдсан. Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний эргэлтэнд хяналт тавих тухай хуулинд зааснаар энэ нь тэсэрч дэлбэрэх бодис мөн байна. ОБЕГ-ын даргын 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/137 тоот тушаалын хавсралтын 3.2.9-д тэсэлгээний хэрэгсэл /капсюль-детонатор/-ийн үүрэнд хадаас болон иртэй зүйл хийх, 3.2.10-д тэсэлгээний хэрэгсэл /капсюль-детонатор/-ийг салхины өөдөөс харуулахыг хориглосон байдаг. Тиймээс гадны нөлөөг мэдэрч тэсрэх өндөр чадвартай тэсрэх бодис мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн обьект дотор байсан 50.9 мм урттай нарийхан төмөр зүйл нь тэсэлгээний хэрэгслийн ямар нэгэн бүрдэл хэсэг, эд анги биш. Тэсрэх бодис нь биеийн аль эрхтэнтэй ойр байна, түүнтэй ойр тэсэрсэн байна гэсэн үг. Шинжилгээнд ирүүлсэн хувцас болон эд эрхтэнд би Е3500 загварын тэсрэх бодис илрүүлэгч ашиглан тэсрэх бодис илрүүлэхээр ажиллахад тэсрэх бодисны үлдэгдэл илрээгүй. Үүнийг дараах байдлаар тайлбарлаж болно. Үүнд: 1. Тэсэрсэн тэсрэх бодисны хэмжээ нь 1-1,2 грамм тетрил /тэсрэх бодис/ агуулагддаг /маш бага/, 2. Эд эрхтнүүдийг /гарын гэмтсэн хэсгүүдэд/ эмнэлгийн тусламж үзүүлэх үед ариутгалын бодис хэрэглэсэн, цус тогтоох зэргээр боолт материал хэрэглэсэн, шинжилгээнд ирүүлэхдээ эмнэлгийн шингэн уусмалд хийж ирүүлсэн зэргээс шалтгаалж бага хэмжээний тэсрэх бодисын үлдэгдэл илрэхгүй байж болно. Нөгөө талаас тэсрэлт гэдэг нь химийн бодис асар өндөр дулаан ялгаруулж улмаар хийн төлөвт огцом шилжихийг хэлдэг бөгөөд дээр дурдсан бялт тэслүүрийн бага хэмжээний тэсрэх бодис нь хүчтэй дэлбэрч хийн төлөвт шилжсэнээр түүний үлдэц илрэхгүй байх үндэслэлтэй ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ий 38-42/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 3891 тоот шинжээчийн ... Иргэн Б.Нямтогтохын Цагдаагийн байгууллагад гаргасан тайлбарт өгүүлсэн тэсэрсэн гэх “...сум хонгио” гэж нэрлэж байгаа зүйл, тэсрэлтийн шалтгаан нөхцөл, тэсрэлтийн хүч, хөнөөлийн цар хүрээ, гэмтэл учруулсан механизмын онцлогоос үзвэл тэсэрсэн зүйл нь бялт тэслүүр /капсюль-детонатор/ байна. Бялт тэслүүрийг нь дулааны /оч, дөл, халаалт г.м/ болон механиик /цохилт, үрэлт, даралт, хатгалт г. м/ үйлчлэлийг мэдэрч тэсрэх өндөр чадвартай хөндөн тэслэгч хүчтэй тэсрэх бодисуудаар цэнэглэдэг тул ямар нэгэн өөр зүйлд холбогдолгүйгээр тэсрэх бүрэн боломжтой. ... нөхцөл байдлаас үзвэл хохирогч нь суугаа байдалд зүүн гарын эрхий болон долоовор хуруугаар 1 ширхэг бялт тэслүүрийг /капсюль-детонатор/ барьж байх үед механик үйлчлэлээс мэдэрч тэсэрсэн байна гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 142-144/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 4-14/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 15-21/,

Хураан авах тогтоол /1-р хх-ийн 47-52/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 55/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 56-64, 2-р хх-ийн 99-100/,

Б.Нямтогтохын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /1-р хх-ийн 68-97/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 307 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 127/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 5180 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 155-156/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 сарын 17-ны өдрийн 5179 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 169-170/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон бусад хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 214-226/,  

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 227-250/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн Б.Нямтогтохын нийгмийн халамжийн үйлчилгээний дэвтэр, мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;  

Шүүгдэгч Б.Нямтогтох нь тэсэрч дэлбэрэх бодис болох 1 ширхэг бялт тэслүүрийг 2016 оны 06 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багийн нутаг “Цагаан цахир” гэх газарт Ж.Чогсомжанлав, Д.Мөнх-Эрдэнэ нар нь авчирч өгсөн талаар мэдүүлдэг боловч түүний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан тайлбар зэрэг нь хоорондоо зөрүүтэй, зарим хэсэг нь бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн, эргэлзээтэй, тухайлбал ... Би өнөө өглөө 09 цагийн үед Цагаан цахирын уурхай дээр орон дотроо байж байсан чинь надтай хамт ажилладаг Жигүүр гэдэг залуу бие засах гэж яваад энэ юу бэ гээд тэсрэх бодисны 1 ширхэг сум аваад ирэхээр нь алив би үзье гээд үзсэн чинь тэсрэх бодисны сум байхаар нь үзэж байгаад дотор нь байсан хаймрыг авах гээд хоол иддэг сэрээний үзүүрийг хийгээд эргүүлсэн чинь дэлбэрчихсэн ... /1-р хх-ийн 22 талд авагдсан тайлбар/ гэх эсхүл ... Би өнөө өглөө Хуягаагаас тэсрэх бодисны 1 ширхэг сумыг аваад дотор нь байсан хаймрыг авах гээд сэрээний үзүүр хийсэн чинь дэлбэрчихсэн юм ... /1-р хх-ийн 24 талд авагдсан тайлбар/ гэх эсхүл ... тэр өдрийнхөө өглөө би 00-ийн тийш очиж бие засаж яваад газар бөөрөнхий хар юм хэвтэж байхаар нь аваад Лхагваа ахад үзүүлсэн ба Лхагваа ах юу болохыг нь мэдэхгүй байсан. Тэгээд би гэртээ ирээд сэрээний үзүүрийг нүхрүү нь хийсэн чинь дэлбэрчихсэн ... /1-р хх-ийн 26 талд авагдсан тайлбар/ гэх эсхүл ... Тэр хонгиог надад Цагаан цахирын уурхай дээр гэрт байхад Чогсомжанлав өөрийнхөө портер маркийн машинтайгаа ирээд надад өгсөн юм. Тэр хонгиог надад өгөхөд Чогсомжанлав, Мөнх-Эрдэнэ бид гурав л байсан өөр хүн байгаагүй … /мөрдөн байцаалтан өгсөн 1-р хх-ийн 207-208/ зэргээр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй тайлбар, мэдүүлэг хэрэгт авагдсан төдийгүй 2016 оны 06 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багийн нутаг “Цагаан цахир” гэх газарт шүүгдэгч Ж.Чогсомжанлав нь Д.Мөнх-Эрдэнэтэй бус харин С.Төмөрбаатартай хамт очсон болох нь гэрч Б.Мөнгөнжигүүрийн ... Тэр үед Мөнх-Эрдэнэ нь ирээгүй харин Чогсомжанлав нь мах авчирч өгөх гэж ирсэн. Чогсомжанлав нь цэнхэр өнгийн портер маркийн машин жолооддог юм ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 109/, гэрч С.Төмөрбаатарын ... Одоо бодход Чогсомжанлав бид хоёр хоёулахнаа л Чогсомжанлавын цэнхэр өнгийн портер маркийн машинаар очсон юм ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 49-50/, гэрч Н.Лхагвасүрэнгийн ... 2016 оны 06 сарын 04-нд Чогсомжанлав, Төмөрбаатар хоёр ирээд хоол унд тамхи авчирч өгөөд явсан. Ирэхдээ цэнхэр өнгийн портер машинаар ирсэн санагдаж байна. ... Нямтогтоход сум өгсөн эсэхийг мэдэхгүй байна ... тэр өдөр Чогсомжанлав, Төмөрбаатар хоёр л ирсэн юм ... гэсэн мэдүүлэг  /2-р хх-ийн 55-59/, гэрч Ж.Ариунболдын ... Мөнх-Эрдэнэ албаны машинаа жолоодоод би болохоор ачигчийг нь хийгээд цуг бараа түгээлтэнд явдаг байсан юм. Орой ажил 17:00 цаг хүртэл ажиллаад данс тооцоогоо тулгаад бараг 18:00 цаг гээд тардаг юм. Бид хоёр тэр өдөр ажил тартал цуг байсан. Бид хоёр тэр өдөр өглөө уулзалдаад өдөржингөө цуг ажилаа хийсэн. Орой ажил тарснаас хойш бол би түүнийг хаагуур явсаныг нь мэдэхгүй байна. Би ажил тараад гэрлүүгээ явсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 63-64/, гэрч Д.Сэдбазарын  ... тэр өдөр Мөнх-Эрдэнэ бид хоёр орой 18:00 цагийн үед гол дээр уулзаад жаахан нийлж пиво ууж хамт байсан юм. Тэгээд шөнийн 02:00 цагийн үед салсан. ... бид хоёр тэр үед Мөнх-Эрдэнийн машинтай гол дээр хэдэн пиво ууж хамт байсан юм ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 65-66/ болон хэрэгт авагдсан борлуулалтын хуудас /1-р хх-ийн 227-250/ зэргээр шүүгдэгч Б.Нямтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримтууд хэрэгт цугларжээ.

Дээрхи мэдүүлгүүд болон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд 2016 оны 06 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багийн нутаг “Цагаан цахир” гэх газарт Ж.Чогсомжанлав нь тэсэрч дэлбэрэх бодис болох 1 ширхэг бялт тэслүүрийг 41-44 БНХ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар тээвэрлэн авч явж шүүгдэгч Б.Нямтогтоход авчирч өгсөн гэж үзэх хангалттай үндэслэл, шинж, нотолгоо бүрдээгүй байх төдийгүй шүүгдэгч Ж.Чогсомжанлавт ашигтай шийдвэрлэгдэх “үндэслэл бүхий эргэлзээтэй байдлууд”-ыг нотлох хүрэлцээтэй баримтууд хэрэгт цугларсан байх тул шүүгдэгч Ж.Чогсомжанлавт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.    

Харин шүүгдэгч Б.Нямтогтох нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багийн нутаг “Цагаан цахир” гэх газарт байх ажилчдын гэрт тэсэрч дэлбэрэх бодис болох 1 ширхэг бялт тэслүүрийг хууль бусаар хадгалсан, шүүгдэгч Б.Алтанхуяг нь Б.Нямтогтохын хадгалж байсан тэсэрч дэлбэрэх бодис болох 1 ширхэг бялт тэслүүрийг түүнээс авч 2016 оны 06 сарын 04-ний өдрөөс 2016 оны 06 сарын 05-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багийн нутаг “Цагаан цахир” гэх газарт байх ажилчдын гэрт хууль бусаар хадгалсан болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Ц.Болорчимэгийн ... Тэсэрч дэлбэрэх бодисыг зориулалтын харуул хамгаалалттай газар хадгалах ёстой мөн мэргэжлийн хүмүүс харьцаж ажиллах ёстой … Мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл гэдэг нь тогтоогдсон байна ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 107/, гэрч Б.Мөнгөнжигүүрийн ... Тэгээд 2016 онь 06 дугаар сарын 05-ны өдөр өглөө ажил дээрээ очоод байж байхад чимээ гарахаар юу болсон юм бол гээд гэртээ эргээд ирсэн чинь Нямтогтохын гарын хуруунууд нь тасарчихсан байсан … /1-р хх-ийн 109/, гэрч Н.Лхагвасүрэнгийн ... тэгээд 2016 оны 06 дугаар сарын 05-ны өглөө би цай чанаад байж байсан чинь Нямтогтох өглөө босоод бие засчихаад орж ирээд нэг юм сэрээгээр оролдоод сууж байгаа харагдсан. Би тамхи авах гээд хана руу явж тамхиа аваад эргээд суутал пад гэсэн чимээ гарахаар нь би гал руу янз бүрийн юм орчихсон юм байхдаа гэж бодсон чинь Нямтогтохын гарнаас нь цус гарчихсан байсан ... гэсэн мэдүүлэг  /2-р хх-ийн 55-59/, гэрч Г.Мөнхзоригийн ... Тэгээд ажилчдын амардаг гэртээ өглөө унтаж байсан чинь нэг пид хийсэн чимээ гарахаар нь би сэрээд байж байсан чинь Мөнгөнжигүүр манай гэрт орж ирээд утсаар яримаар байна гэхээр нь би өөрийн портер маркийн авто машинаа асаагаад жолоодоод Мөнгөнжигүүр бид хоёр ойролцоо байдаг уулан дээр гарж Мөнгөнжигүүр хүмүүстэй утсаар яриад байсан. Би яг хэнтэй утсаар ярьсаныг нь мэдээгүй. Тэгээд эргэж ажилчдын гэрт ирээд би Нямтогтохын гэрт нь орсон чинь Нямтогтохын нүүр ам нь нил цус болчихсон, гараа боочихсон орон дээр хэвтэж байсан … /2-р хх-ийн 34-35/, гэрч Н.Магнайбаярын ... Тэгээд нэг орой Алтанхуяг бие заслаа гээд жорлонруу явж ирээд манай хойд талын айлын залуу нэг ийм юм өглөө гээд гэртээ аваад ирсэн ба тэгээд гэрийн унинд хавчуулчихсан, тэгсэн чинь маргааш өглөө нь буюу 2016 оны 06 дугаар сарын 05-ны өглөө Нямтогтох манай гэрт орж ирээд Алтанхуягаас нөгөөдөхөө гэсэн чинь Алтанхуяг тэр юмыг нь авч өгж байгаа харагдсан. Нямтогтох тэр өгсөн зүйлээ аваад гараад явчихсан. Тэгээд тэр өдрөө тэсэрчихсэн гэж сонсогдсон ... /2-р хх-ийн 67-69/, гэрч Д.Наранзулын ... Ямар ч байсан 06 сарын эхээр нэг өглөө би босоол цайгаа чанчихаад сууж байтал гаднаас Алтанхуягт хандаж нөгөө юмаа авъя гээд нэг эрэгтэй хүн хаалгаар шагайсан. Энэ үед Алтанхуяг гэрийн унинд хавчуулаастай байсан нэг зүйлийг авч тэр залууд өгсөн ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 70-72/, шинжээч М.Чинбатын ... Нямтогтохын сум хонгио гэж нэрлэж байгаа зэргээс үзвэл энэ нь тэсэлгээний хэрэгсэл буюу бялт тэслүүр байх бүрэн боломжтой. Учир нь практикт мэргэжлийн бус /тэсэлгээчин биш/ хүмүүс галын аргаар тэсэлгээ хийхэд зориулсан бялт тэслүүрийг /капсюль-детонатор/ сум, хонгио гэх мэтээр нэрлэдэг. Энэ нь өдөөлтийн буюу хөндөн тэслэгч ангиллын 1-2 rpaмм орчим тэсрэх бодисоор цэнэглэгдсэн дулааны болон өчүүхэн төдий механик /цохилт, даралт, үрэлт/ үйлчлэлийг мэдэрч тэсрэх өндөр чадвартай тэсрэмтгий мөнгөн ус, хар тугалганы азид, тетрил зэрэг онцгой хүчтэй тэсрэх бодисуудаар цэнэглэгдсэн байдаг … гэсэн мэдүүлэг /2-р хх-ий 38-42/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 3891 тоот шинжээчийн ... Иргэн Б.Нямтогтохын Цагдаагийн байгууллагад гаргасан тайлбарт өгүүлсэн тэсэрсэн гэх “...сум хонгио” гэж нэрлэж байгаа зүйл, тэсрэлтийн шалтгаан нөхцөл, тэсрэлтийн хүч, хөнөөлийн цар хүрээ, гэмтэл учруулсан механизмын онцлогоос үзвэл тэсэрсэн зүйл нь бялт тэслүүр /капсюль-детонатор/ байна. Бялт тэслүүрийг нь дулааны /оч, дөл, халаалт г.м/ болон механиик /цохилт, үрэлт, даралт, хатгалт г. м/ үйлчлэлийг мэдэрч тэсрэх өндөр чадвартай хөндөн тэслэгч хүчтэй тэсрэх бодисуудаар цэнэглэдэг тул ямар нэгэн өөр зүйлд холбогдолгүйгээр тэсрэх бүрэн боломжтой. ... нөхцөл байдлаас үзвэл хохирогч нь суугаа байдалд зүүн гарын эрхий болон долоовор хуруугаар 1 ширхэг бялт тэслүүрийг /капсюль-детонатор/ барьж байх үед механик үйлчлэлээс мэдэрч тэсэрсэн байна гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 142-144/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 4-14/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 15-21/, хураан авах тогтоол /1-р хх-ийн 47-52/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 55/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжигдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Нямтогтох нь тэсэрч дэлбэрэх бодис болох 1 ширхэг бялт тэслүүрийг хууль бусаар хадгалж, тэсэрч дэлбэрэх бодистой буруу харьцсаны улмаас механик үйлчлэлээс мэдэрч уг бялт тэслүүр нь тэсэрч улмаар өөрийн бие махбодид хүнд гэмтэл учруулан хохирсон үйлдэлийг хөдөлмөр хамгаалах, эрүүл ахуйн журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлгүй ба дээр дурдсан бялт тэслүүр нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “тэсэрч дэлбэрэх бодис” мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 3891 тоот шинжээчийн дүгнэлт болон дүгнэлтийг гаргасан шинжээч М.Чинбатын мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нямтогтохын өмгөөлөгч Н.Энхжаргалын “шүүгдэгч Б.Нямтогтох нь Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч байх боломжтой” шүүгдэгч Б.Алтанхуягийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн “шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан бялт тэслүүр нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “тэсэлгээний хэрэгсэл” байх боломжтой” талаар шүүхэд санал гаргаж хэргийг мөрдөн байцаалтанд буцаах тухай хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй болно.   

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн ба шүүгдэгч Ж.Чогсомжанлавт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд түүнийг гэм буруутайг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.                  

Иймд шүүгдэгч Б.Нямтогтох, Б.Алтанхуяг нарыг тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хадгалах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.   

Иргэний нэхэмжлэгч Ц.Болорчимэг нь гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Нямтогтох, Б.Алтанхуяг нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Нямтогтох, Б.Алтанхуяг нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Нямтогтох, Б.Алтанхуяг нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Чогсомжанлавын эзэмшлийн 32 инчийн LCD зурагт, шүүгдэгч Б.Алтанхуягийн эзэмшлийн 10 тооны ямаа, шүүгдэгч Б.Нямтогтохын эзэмшлийн модон ширээ, иргэний нэхэмжлэгч Б.Жадамбаагийн эзэмшлийн 41-44 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг эзэмшигч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөдөлмөр аюулгүй ажиллагааны дэвтэр гэсэн гарчигтай дэвтэрийг С.Төмөрбаатарт буцаан олгож, 41-44 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч Б.Жадамбаад буцаан олгож,  хэрэг учралын газарт үзлэг хийж хураан авсан эд зүйлүүдийг устгаж,  шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13, 246, 248, 283, 284, 286, 290, 291, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон :

ТОГТООХ нь :

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Жадамбаагийн Чогсомжанлавт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Шүүгдэгч Урианхай овогт Буянцэцэгийн Нямтогтох, Ламын гэгээн овогт Борын Алтанхуяг нарыг тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар шүүгдэгч Б.Нямтогтох, Б.Алтанхуяг нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Нямтогтох, Б.Алтанхуяг нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Нямтогтох, Б.Алтанхуяг нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Нямтогтох, Б.Алтанхуяг нарын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Чогсомжанлавын эзэмшлийн 32 инчийн LCD зурагт, шүүгдэгч Б.Алтанхуягийн эзэмшлийн 10 тооны ямаа, шүүгдэгч Б.Нямтогтохын эзэмшлийн модон ширээ, иргэний нэхэмжлэгч Б.Жадамбаагийн эзэмшлийн 41-44 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг эзэмшигч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөдөлмөр аюулгүй ажиллагааны дэвтэр гэсэн гарчигтай дэвтэрийг С.Төмөрбаатарт буцаан олгож, 41-44 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч Б.Жадамбаад буцаан олгож, хэрэг учралын газарт үзлэг хийж хураан авсан эд зүйлүүдийг устгасугай.

9. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.               

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Чогсомжанлав, Б.Нямтогтох, Б.Алтанхуяг нарт авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА