Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2026/0631

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 564 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М, өмгөөлөгч Ш.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн

Хэргийн индекс: 128/2024/0567/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “И” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 564 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дэх заалтыг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дүгээр тушаалыг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “...Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Зайсангийн аманд бурхан багшийн хөшөө байрлах газарт анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/44 тушаалаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд 1.87 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгож, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар 0.44 га газрыг ашиглах эрхийг давхардуулан олгосон нь бүхэлдээ давхцалтай байна. Иймээс нэхэмжлэгчийн газар ашиглах боломжгүй шүүхийн маргаантай явсаар ирсэн. Нэхэмжлэгч бурхан багшийн хөшөөний дэргэд аялал жуулчлалын хөгжлийн төв 16 давхар оффис зориулалтаар барилга барихаар төлөвлөсөн нь аялал жуулчлалын хөгжлийн төв нь БНСУ-ын буцалтгүй тусламжаар яармагт 4 давхар барилга баригдсан нь тухайн газар уг төсөл хэрэгжих боломжгүй. Нөгөө талаар дээрх газар нь төрийн өмчид бүртгэлтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны газар юм.

            Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалын 1 дэх заалтаар яамны 0.14 га газрыг цуцалж, 2 дахь заалтаар “И” ХХК-д 0.44 га олгосон нь Газрын харилцаа, геодези зураг зүйн ерөнхий газрын болон яамны баримтаар яамны газар гэдэг нь тогтоогдсон ба анхнаасаа давхцалтай газар давхцуулан олгосон байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байна.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасныд дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 564 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “И” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.2. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны А/144 дүгээр тушаалаар “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/87 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд “И” ХХК-д 0.44 га газрыг олгохдоо “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй” байх гэснийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тус компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

2.3. Анхан шатны шүүх “...2017 оны А/87 дугаар тушаалаар олгосон газар ашиглах эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэхүү төсөлд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар 1 319 751 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэх үндэслэлтэй, ... хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас хуулийн дээрх заалтын хүрээнд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хүрээнд тухайн газар дээр Аялал жуулчлалын хөгжлийн төвийг барихтай холбогдуулан гаргасан 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг харгалзан үзэж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зорилгодоо нийцүүлэн дахин шинэ акт гаргах шаардлагатай бөгөөд үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэж дүгнэн маргаан бүхий тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ.

2.4. Учир нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалын 2 дахь заалтаар “Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Богдхан Уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд “И” ХХК-д 0.44 га газар ашиглах зөвшөөрөл олгосон байх бөгөөд ийнхүү газар ашиглах эрх олгосноос хойш Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаал, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/286 дугаар тушаалуудаар удаа дараа газар ашиглах эрхийг дуусгавар болгож байсан байна.

2.5. Нэхэмжлэгч компаниас дээрх тушаалуудыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар тухай бүр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 344 дүгээр шийдвэр, мөн шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 289 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 440 дүгээр магадлалуудаар “нэхэмжлэгч компани газар дээр Аялал жуулчлалын төвийг барихаар эрх бүхий захиргааны байгууллагаас холбогдох зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу авч үйл ажиллагаа явуулж байсан, энэхүү төсөлд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар 1 319 751 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн, ... захиргааны байгууллагаас газар ашиглах эрх олгосон шийдвэрийг үндэслэн ... тухайн газрын байгаль орчны  ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хийж, мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан атлаа “хууль зөрчиж олгосон” гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь нэхэмжлэгч компанийн газар ашиглахтай холбоотой үйл ажиллагаа тасалдахад хүргэж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн төдийгүй захиргааны үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэл хамгаалах зарчим алдагдахад...” хүргэсэн талаарх дүгнэлтүүдийг хийж газар ашиглах эрхийг дуусгавар болгосон сайдын тушаалуудыг удаа дараа хүчингүй болгож, газар ашиглах эрхийг сэргээж байсан үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.

2.6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” нь захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим байхаар заасан. Хуульд уг зарчмын агуулгыг тайлбарлахдаа “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно ...” гэжээ.

2.7. Хэдийгээр нэхэмжлэгч компанид ашиглах эрх олгосон дээрх 0.44 га газрын хувьд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд Богдхан Уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд аялал жуулчлал, сургалт сурталчилгааны зорилгоор /Бурхан багшийн хөшөөний эдэлбэр газар/ цаг хугацааны хувьд өмнө ашиглах эрх олгосон 18254 м.кв талбайтай бүхэлдээ давхцалтай болох нь Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2/1721, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2/2975 дугаар албан бичгүүд болон газрын кадастрын мэдээллийн сангийн зураг, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдож байгаа хэдий ч нэхэмжлэгч компанийн тухайд эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр газар ашиглах эрхийг олж авч, газар дээрээ үйл ажиллагаа явуулахаар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа талаар удаа дараа дүгнэсэн буюу “хууль ёсны итгэл” бий болсон байхад хариуцагчаас захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчид учирсан хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэхгүйгээр маргаан бүхий захирамжийг гаргахдаа зөвхөн өөрийн алдаатай үйл ажиллагааг зааж “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь дээрх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.8. Тодруулбал, хариуцагч газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо зөвхөн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаал гаргаад орхих бус, гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг хамтад нь шийдвэрлэх нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд зааснаар захиргааны сонгох боломжид хамаарахаар байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 564 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Ц.САЙХАНТУЯА

 

 

                        ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН