Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0235

 

2021 оны 3 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0235

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Гомдол гаргагч: А ХХК

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А

Гомдлын шаардлага: ...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №0068585 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Г.Т, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь гадаад улсаас цахим орчинд ашиглах вирусийн программ оруулж ирж цахимаар борлуулалт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан ёсны лицензтэй компани юм. Иргэн Н.З нь А ХХК-ийн захирлын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар тус компанийн нягтлан бодогчоор анх ажилд орсон байдаг юм. Дэлхийн хэмжээнд гарч буй аюулт цар тахлаас сэргийлэх зорилгоор А ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Гэрээс ажиллах тухай тушаалаар нягтлан бодогч Н.З-д 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гэрээсээ өөрийн үүрэгт ажлаа хийхийг зөвшөөрсөн байдаг болно.

Гэтэл Н.З нь 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ажлаа огт хийгээгүй бөгөөд албан ёсны чөлөө авахгүйгээр, ажил олгогч ажлаас халсан тушаал, шийдвэр албан ёсоор огт гаргаагүй байхад өөрийн дур зоргоороо ажлын байрыг орхиж явсан бөгөөд компанийн ажил огт хийгээгүй, өнөөдрийг хүртэл ажилдаа ирэхгүй, ажил таслаад яваад байгаа юм. Н.З өөрөө ажлын байран дээрээ ирэхгүй, ажлаа хийхгүй орхиж явсан хэрнээ үндэслэлгүйгээр цалин нэхэж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гомдол гаргасан байдаг бөгөөд өргөдөл гомдлыг шалгаад манай компанийг Н.З-д 4 дүгээр сарын цалинг олгох үндэслэлтэй, хугацаанд нь олгоогүй байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч М.Ууганбаатарын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 0157001 тоот Шийтгэлийн хуудас гарч манайхыг 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгосон байдаг болно. Уг шийдвэрийн дагуу А ХХК-иас Н.З-д 4 дүгээр сарын цалин болох 895.273 төгрөгийг шилжүүлсэн. /4 сард ажлаа бүрэн хийгээгүй, ажил таслан явсан хэдий ч манайхаас бүтэн цалин олгосон/. Энэ нь А ХХК-иас Н.З-ийн данс руу 2020 оны 4 дүгээр сарын үлдэгдэл цалин шилжүүлсэн төлбөрийн баримтаар нотлогдож байгаа юм.

Гэтэл үүний дараа иргэн Н.З нь дахин Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай компанид холбогдуулан ... ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, ... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн корона вирусээс сэргийлэх зорилгоор гэрээр ажиллах захирлын тушаалын дагуу бид гадуур ажиллаж байгаа тул ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 4 дүгээр сарын үлдэгдэл цалин 968,000 төгрөг, 5 сарын цалин 2,000,000 төгрөг, 6 сарын эхний 15 хоногийн цалин 1,000,000 төгрөг нийт 3.968.000 төгрөгийн цалинг гаргуулж өгнө үү ..." гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг юм. Бид уг иргэний хэрэгт хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тус иргэний хэрэг дээр манай компани Н.З-д шилжүүлсэн 4 дүгээр сарын үлдэгдэл цалин болох 895,273 төгрөгийг Н.З-аас буцаан гаргуулж авахаар Н.З-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Бодит байдал дээр бол иргэн Н.З гэдэг хүнийг компани ажлаас халаагүй байхад Н.З өөрийн дур зоргоороо ажил тасалж, ажил хийгээгүй байхад түүнд манай компани 4 дүгээр сарын үлдэгдэл цалинг олгох үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд Цалин хөлс олгох зарчим, хэлбэрийг заасан бөгөөд 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно", 49.8-д Ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно гэж заасан. Анхнаасаа манай компани Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтын дагуу Н.З-д 4 дүгээр сарын үлдэгдэл цалинг олгох үндэслэлгүй байхад НМХГ-ийн байцаагч М.Ууганбаатар нь манай компанийг хууль бусаар 500,000 төгрөгөөр торгож уг хэргийг шийдвэрлэсэн байдаг. Гэтэл уг хэргийг Нийслэлийн прокурорын газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дахин сэргээн шалгаж, ажиллагаа явуулж хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А нь манай компанид 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль бус үйлдэл юм. Маргаан бүхий уг шийтгэлийн хуудсыг манай компани хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Уг асуудал нь ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн маргаан бөгөөд Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа иргэний хэрэг юм.

Гэтэл хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж дахин 5 сая төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна. Уг шийдвэрийг зөвшөөрөхгүй гэж бид дээд шатны этгээдэд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №0068585 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас нэхэмжлэгч компанийн захирлыг хууль зөрчсөн гэж үзэж 5,000,000 төгрөгийн торгох шийтгэлийн оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтад заасан ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан гэх зөрчил үйлдсэн гэж үзсэн ба нэхэмжлэгч компанийн зүгээс уг зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Зөрчлийн тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилтны цалинг олгоогүй бол зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэхээр заасан. Нэхэмжлэгч компанийн цалин олгоогүй үйлдэл нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтад заасны дагуу шийтгэл ногдуулж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Н.З нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ажилдаа ирэх ёстой байсан ч ажилдаа ирээгүй. Ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ажилтны цалинг олгох асуудал байхгүй.

А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Гэрээс ажиллах тухай тушаалаар нягтлан бодогч Н.З-д 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гэрээсээ өөрийн үүрэгт ажлаа хийхийг зөвшөөрсөн. 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бүх ажилчид оффис дээрээ ирж ажиллах ёстой байсан. Гэтэл Н.З 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа ирээгүй ба 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр захирал руугэрээсээ ажиллана гэж зурвас бичсэн байдаг. 2020 оны 5 дугаар сарын эхээр ажил явдал гарчихлаа, би ажлаа өгнө гэж захирал руу зурвас бичсэн. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж ажлаа хүлээлгэж өгнө гэж байгаа үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны үүргийг зөрчиж байна. Үүний дараа 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө Н.З нь 2020 оны 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газар гомдол гаргасан. 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газар Н.З-д хариу өгсөн. Уг хариу албан тоотод Таны гаргасан гомдол Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан тул шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэх утга бүхий хариу байсан. Үүний дагуу Н.З Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Н.З шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 2020 оны 4 дүгээр сарын үлдэгдэл цалинг авах, ажилгүй байсан хугацааны цалинг авах, ажил эгүүлэн тогтоолгох гэж дурдсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хэрэг үүсгэсэн. Н.З-ийн нэхэмжлэлийн хувийг хариуцагч байгууллагад гардуулж, хариу тайлбараа гарган өгч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байхад хариуцагч улсын байцаагч Ю.А нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр буюу иргэний хэрэг үүссэнээс хойш 76 хоногийн дараа 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Нэхэмжлэгч компаниас Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ю.А-д 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрүүдэд дээрх дурдсан асуудлын талаар буюу Н.З 4 дүгээр сарын цалингаа гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, бид нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбараа шүүхэд гаргаж өгсөн байгаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад та нэхэмжлэгч Н.З-ийн талд орж иргэний хэргийн харьяалал бүхий нэхэмжлэлийг захиргааны буюу зөрчлийн хэрэг шалгах журмаар иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж байна, зөрчлийн хэргийг хүчингүй болгож өгөөч, иргэний шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлүүлнэ гэж албан тоотыг удаа дараа хүргүүлж байсан боловч нэхэмжлэгч компанийг 5,000,000 төгрөгөөр торгосон. Үүнийг нэхэмжлэгч талаас хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргах эрхтэй, 3 дахь хэсэг Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг хангах үндэслэл тодорхой бол даруй, шалгах шаардлагатай бол түүнийг хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана 3.1.хүсэлтийг бүрэн хангах, 3.2.хүсэлтийг хэсэгчлэн хангах, 3.3.хүсэлтийг хангахаас татгалзах гэж хуульчилж өгсөн. Нэхэмжлэгч компанийн зүгээс 3 удаа хүсэлт гаргаж байсан боловч хариуцагч Ю.А хүсэлтэд нэг ч удаа хариу өгч байгаагүй. Дээрх үйлдлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрийн хяналт шалгалтын зарчмыг хуульчилж өгсөн байдаг. Өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж байгаа ямар ч иргэн, хуулийн этгээдэд адил тэгш хандах ёстой.

Гэтэл хариуцагч Ю.А нь адил тэгш хандаж чадаагүй. Иргэний шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх ажиллагааны явцад Н.З-ийн талд орж нэхэмжлэл ийн нэг шаардлагыг хангасан гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтад хяналт шалгалтыг давхардуулахгүй гэж заасны эсрэгээр хариуцагч Ю.А нь зөрчлийн хэргээр давхардуулж шалгасан. Зөвхөн нэг харилцаа үүссэн буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаа л үүссэн. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа бүхий иргэний хэргийг зөрчлийн хэрэг болгож зөрчлийн харилцааг үүсгэж нэг асуудлыг 2 эрх зүйн харилцаагаар шалгаж байгаа нь хариуцагч Ю.А нь эрх тэгш хандаагүй гэж үзэж байна.

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Н.З-д 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр таны гаргасан өргөдөл хөдөлмөрийн харилцаа байна гэж албан тоотоор хариу өгсөн. Энэ хариу хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн уг албан тоотдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9 дэх заалтад заасныг дурдаж шүүхээр хянан шийдвэрлүүлэх маргаан гэдгийг тодорхойлж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9 дэх заалтад хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэл гэж заасан. Иймд хариуцагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, зөрчлийн хэрэг үүсгэхгүй байх үндэслэлийг зааж өгсөн байдаг. Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зөрчлийн шинжгүй бол зөрчлийн хэрэг нээхгүй гэж хуульчилсан. Нэхэмжлэгч компанийн зүгээс зөрчлийн шинжгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргаж байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ гэж заасан. Гэтэл хариуцагч Н.З-г яагаад ажилдаа ирээгүй болохыг судалж тогтоосон ажиллагааг хийгээгүй. Энэ ажиллагааг шалгахыг ч хүсээгүй ба нэг талыг барьсан. Үүний дагуу хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Ажил олгогч байгууллага 2020 оны 4 дүгээр сарын цалинг олгоогүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй А" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хуланд холбогдох Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 36-1-2 тоот хаягт оршин суугч Н.З-ийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулсан, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй гэх гомдол мэдээллийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн захирамж, Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад ирүүлсэн тоот, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийн дагуу Б.Хуланд холбогдох зөрчлийн материалыг хэлэлцээд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож бүртгэлийн дугаартай материалд ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Хууль цаазын зөвлөх н.Цэрэнсодномын ирүүлсэн албан бичгийн дагуу Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч н.Ууганбаатар нь ээлжийн амралттай болсон тул Ю.А надад эрх шилжүүлж 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.16 дугаар зүйлийн9.2 дахь заалтаар ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэж шалгасан.

Иргэн Н.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэж дурдсан асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9 дэх заалтад хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэл гэж заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэх маргаан тул үүнийг миний бие авч хэлэлцээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь заалт харьяалал, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасан шийтгэл оногдуулах үндэслэл, 3.2 дугаар зүйл Шийтгэл хүлээх хүн, хуулийн этгээд 10.16 дугаар зүйл Хөдөлмөрийн тухай хууль зөрчих Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, тус компанийн дотоод журмын 7.2.3 дахь заалт ажилтнуудын цалин, нэмэгдэл хөлсийг тогтоосон хугацаанд олгох заалтуудын хүрээнд хяналт шалгалтыг явуулж Нийслэлийн Прокурорын газарт хянуулснаар уг ажиллагаа дуусгавар болсон. Мөн нэхэмжлэгч компани нь Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг мөрдөж ажиллаагүй байна. А" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хулан нь гишүүн өмгөөлөгчийн хамт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйл, 3.1 дүгээр зүйлийг тус тус үндэслэл болгон мэдүүлэг тайлбар өгөхдөө шийтгэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлд заасны дагуу торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн бол шийтгэлийн хуудсыг биелүүлэх хэмжээ, хугацааг заана, заалтын дагуу зөвшөөрч гарын үсэг зурсны дагуу шийтгэлийг оногдуулсан. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч А ХХК-иас тус шүүхэд хандан ...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0068585 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Шүүх гомдлын шаардлагын хүрээнд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс мөн хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Иргэн Н.З-аас 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандан ...А ХХК нь хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулсан, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй учир шалгаж өгнө үү гэсэн гомдол гаргасныг тус газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатар хүлээн авч, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулан 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэн, 0157001 дугаар шийтгэлийн хуудсаар А ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хуланд ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэг, 500 нэгжээр торгох шийтгэлийг оногдуулсан.

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Дэлгэрмаагаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан ...Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дэх заалтад ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй, эсхүл саатуулсан гэж хуульчилсан. Гэтэл тухайн зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн байхад хүнээр торгож шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй хэмээн улсын ахлах байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 0157001 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 128/ШШ2020/0479 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан, Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1/6486 дугаар албан бичгээр Б.Хуланд холбогдох зөрчлийн материалыг ... ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлснийг тус газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 2002000392 дугаар зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэн, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулан, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Н.З-с, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр холбогдогч А ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хулангаас тус тус мэдүүлэг авчээ.

Улмаар, холбогдогч А ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасан зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна хэмээн үзэж улсын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ний өдрийн 0068585 дугаар шийтгэлийн хуудсаар А ХХК-нд таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.

2. Гомдол гаргагч А ХХК дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан гомдлын хууль зүйн үндэслэлээ ...Н.Знь 4 дүгээр сарын 15-наас хойш ажлаа огт хийгээгүй бөгөөд албан ёсоор чөлөө авахгүйгээр, ажил олгогч ажлаас халсан тушаал шийдвэр ... гаргаагүй байхад өөрийн дур зоргоороо ажлын байраа орхиж явсан. ... түүнд манай компани 4 дүгээр сарын үлдэгдэл цалинг олгох үндэслэлгүй, ... уг асуудал нь ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн маргаан бөгөөд Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. Мөн өмнө нь улсын ахлах байцаагч Ууганбаяр 500 мянган төгрөгөөр торгосныг бид биелүүлж торгуулийг төлсөн байхад хариуцагч Ю.А байцаагч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж дахин 5 сая төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна хэмээн тайлбарлан маргаж байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасанчлан байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгох бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй хэмээн, 60 дугаар зүйлийн 60.1-т Ажилтны цалин

 хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно хэмээн, 141 дүгээр зүйлийн 141.2-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ тус тус заасан бөгөөд

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ хэмээн, 1.3 дугаар зүйлийн 2-т Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна хэмээн, 10.16 дугаар зүйлийн 9.2-т ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан хэмээн тус тус заажээ.

4. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, хохирогч Н.З нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр А ХХК-ийн гүйцэтгэх захирлын АХ/2019/03-1 дугаар тушаалаар тус компанид нягтлан бодогчийн албан тушаалд туршилтын 1 сарын хугацаатай томилогдон, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн АХ/2019/04-01 тушаалаар туршилтын хугацаа дуусгавар болсонтой холбогдон нягтлан бодогчийн албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдон, үндсэн цалин нь 2.000.000 төгрөг байхаар тогтоосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Н.З-ийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны АХ/2019/03-1 болон АХ/2019/04-01 тушаалын хуулбараар,

А ХХК нь хохирогч Н.З-ийн 2020 оны 4 дүгээр сарын цалинг Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанд бүрэн олгоогүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан А ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн АХ2020/06-05 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан нягтлан бодогч Н.З-ийн 2020 оны 4 дүгээр сарын цалингийн задаргаа, Н.З-ийн банкны дансны хуулга болон холбогдох бусад баримтаар,

хохирогч Н.З нь 2020 оны 4 дүгээр сарын 1-15-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээсээ ажилласан бөгөөд 16-30-ны өдрийг хүртэл хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан А ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын Намсрай Золзаяагийн цагийн бүртгэлийн хуудас, А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн АХ/2020/04-01 дугаар Сахилгын арга хэмжээ авах тухай тушаал болон 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн АХ2020/04-07 дугаар Сахилгын арга хэмжээ авах тухай тушаал, тэдгээр дээрх Н.З-ийн танилцав IV/13-ны өдөр, танилцав 2020.4.30 гэх тэмдэглэл болон хохирогч Н.З-ийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлэг, холбогдогч А ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хулангийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ...компанийг хохиролд орчуулсан ч гэсэн Золзаяад 4 сарын сүүлийн цалингаас 1 хоногийг хасч олгоно. Компани одоогоор орлого муу, удирдлага гадаадад байдаг учир торгууль болон цалин хөлсийг хуулийн хугацаанд цувуулж өгөх хүсэлтийг хүлээн авна уу гэх мэдүүлэг, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ... зөрчлийг хүлээн зөвшөөрч байна.... цаашид Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах болно гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан, байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан Н.З-ийн 2020 оны 4 дүгээр сарын цалинг хуульд заасан журмын дагуу тооцон олгоогүй А ХХК-ийн үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл болох нь дээрх дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул эл нөхцөл байдлыг шалган тогтоож, зөрчил гаргагчид Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-д заасан шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна гэж шүүх үзэв.

5. Хэдийгээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад ... уг асуудал нь ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн маргаан бөгөөд иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа, өмнө нь улсын ахлах байцаагч Ууганбаяр 500 мянган төгрөгөөр торгосныг бид биелүүлж торгуулийг төлсөн байхад хариуцагч Аюуш байцаагч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж дахин ... торгох шийтгэлийн хуудас оногдуулсан нь хуульд нийцэхгүй хэмээн тайлбарлан маргаж байх боловч

маргаан бүхий акт болох улсын байцаагчийн 2020 оны 0068585 дугаартай шийтгэлийн хуудас нь ажил олгогч ажилтан хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай асуудлыг /Н.Зажил тасалсан эсэх, түүний цалингаас хэдэн төгрөгийг суутгах ёстой эсэх зэрэг/ бус харин ажил олгогчоос Хөдөлмөрийн хууль тогтоомжоор хүлээсэн ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд өгөх үүргээ биелүүлээгүй гэх Зөрчлийн хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заагдсан зөрчил үйлдсэн болохын хувьд түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэсэн,

мөн уг маргаан бүхий асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатарын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 0157001 дугаар шийтгэлийн хуудсыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 128/ШШ2020/0479 дүгээр захирамжаар хүчингүй болгосонтой холбоотойгоор хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулж, хуульд заасан хариуцлага хүлээлгэснийг нэг зөрчилд хоёр удаа хариуцлага хүлээлгэж буй хэрэг хэмээн үзэхгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна хэмээн хуульчлан заасан байх тул гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасныг үндэслэн ...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0068585 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий А ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА