| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2020/03145/И |
| Дугаар | 183/ШШ2020/02433 |
| Огноо | 2020-09-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2020/02433
2020 09 11 183/ШШ2020/02433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч O.Чулуунчимэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .......... байранд байрлах ИНЕГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .......... тоотод оршин суух Ц овогт З.Н /000000/-д холбогдох
Гэрээ цуцалсны хохиролд 13 721 705 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Б.О нар, хариуцагч З.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ИНЕГ-ын 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 477 дугаартай тушаалаар З.Н нь ИНЕГ-ын зардлаар гадаадад суралцах гэрээ байгуулж, ОХУ-ын Сгийн нислэгийн аюулгүй байдлын хангалт мэргэжлээр суралцаж байхдаа бусдын эд зүйл хулгайлсан зөрчил гаргасан тул гэрээгээ цуцалсан. ИНЕГ-аас гаргасан сургалтын төлбөр болох 13 721 705 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгуулах шаардлагатай. Урьд нь шүүхэд хандаж байсан удаагүй бөгөөд одоо байгууллагын өр авлагыг цэгцлэх ажил явагдаж байгаа ба 2017 оноос хойш шүүхийн байгууллагуудад хандаад явж байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч байгууллагын зардлаар нислэгийн аюулгүй байдлын хангалт мэргэжлээр суралцаж байсан нь үнэн бөгөөд эд зүйл хулгайлсан гэдэг нь нотлогдоогүй байхад гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан юм. Тухайн үед миний бие бамбай булчирхайн хурц хордлогод орж, энэ асуудлаар гомдол гаргаж чадаагүй. Өнөөдрийн байдлаар насанд хүрээгүй охины хамт амьдардаг. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй, группт байдаг. Ингээд 16 жил өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ИНЕГар нь хариуцагч З.Нгаас сургалтын гэрээ цуцлагдсаны хохиролд 13 721 705 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг гаргадаг бөгөөд хариуцагч гэрээ цуцлагдсан тушаал гарснаас хойш 16 жил өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг татгалздаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримт, хариуцагчийн хариу тайлбараас үзвэл хариуцагч З.Н нь 2001 оноос О Улсын Сг хотын Иргэний Нисэхийн академид нэхэмжлэгч байгууллагын тэтгэлгээр суралцаж эхэлсэн байх ба уг гэрээг 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 477 дугаартай ИНЕГрын даргын тушаалаар цуцалж, суралцах хугацаанд олгогдсон 13 721 705 төгрөгийг З.Нгаас 6 сарын дотор буцаан нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэхүү ИНЕГрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах гэрээг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөөгүй ба гэрээг байгуулсан талаар болон хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч тал маргаагүй болно.
Гагцхүү нэхэмжлэгч тал хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гэрээ цуцлагдсан тул хохирол 13 721 705 төгрөгийг шаарддаг ба хэрэгт авагдсан авлагын дэлгэрэнгүй бүртгэл, кассын орлогын ордер, тэтгэлгийн төсөв, оюутны үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудаар 2002-2005 оны сургалтын зардал, стипенд, онгоцны билет, вагоны зардал, виз, таксанд нийт 13 721 705 төгрөг нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчийн сургууль руу шилжүүлсэн нь тогтоогдсон байна.
Улмаар 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 477 дугаартай ИНЕГрын даргын тушаалаар З.Нг бусдын эд зүйл хулгайлсан гэх үндэслэлээр цуцалсан тушаал гарсан ба үүнийг З.Н ямар нэг байдлаар эсэргүүцсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн хуулийн 227.3-д “ Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасны дагуу суралцах хугацаанд гарсан зардал 13 721 705 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй байна.
Энэхүү зардлыг 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 6 сарын хугацаанд хариуцагчаас шаардан авах эрх нэхэмжлэгчид нээгдсэн боловч тус шаардах эрхийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж анх удаа хэрэгжүүлсэн байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг бөгөөд 2004 оноос хойш даруй 16 жил өнгөрч байна.
Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэснийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Түүнчлэн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон тасалдсан гэх баримт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг тус тус баримтлан З.Нгаас гэрээ цуцалсны хохиролд 13 721 705 төгрөг гаргуулахыг хүссэн ИНЕГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ИНЕГ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ