| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0027/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/27 |
| Огноо | 2024-01-24 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Иргэдийн төлөөлөгч *******
Улсын яллагч М.Мэндбаяр
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000420 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг гэх газарт өөрийн төрсөн ах *******тай үл ялих зүйлээр маргалдан, улмаар түүний дал мөрөн тус газарт хутгаар нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн цээжний ар дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэв.
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг гэх газарт эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өөрийн аав, ээжтэйгээ хөрш болж буугаад хамт малаа нийлүүлж малладаг. Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө аав ******* гэрт очиж хонь ялгасан. 15 цагийн үед манай төрсөн дүү адуундаа яваад ирсэн. Тэгээд бид хэд аавын гэрт хоол идэхээр орж, хоол идэнгээ идэшнийхээ талаар ярилцаж байсан ба тэр үед аав үнээ идшиндээ гаргана гэхэд манай дүү үнээ гаргахгүй, оронд нь эр үхэр гаргана гээд энэ хоёрын санал зөрөлдөөд, муудалдсан. Тэр үед аав руу томроод байхаар нь би хажуу талаас нь орж боль гэхэд миний өөдөөс хэрэлдэж, бид хоёр маргалдсан. Би тухайн үед ширээний баруун талд, дүү, аав 2 зүүн талд нь суучихсан байсан ба дүү босоод ширээн дээр байсан хүрэн иштэй хутга гартаа бариад чамайг ална гээд над руу дайрахад нь би хойшоо ухраад сууж байсан сандлаараа өөрийгөө хамгаалах гээд гартаа барьсан. Дүү ийг над руу дайрч ойртоод ирэхээр нь би гартаа барьсан байсан сандлаа доош нь тавиад өөдөөс нь гараараа хамгаалахад миний мөрөн дээгүүр хутгатай гараа давуулаад мөрөн дээр хутгалсан. Тэр үед би хутгатай гарыг нь цааш түлхэхэд хутга цаашаа үсрээд унаж, би гарыг нь мушгиад унагаасан. Тэгээд аав ирээд бид хоёрыг болиулсан. Тухайн үед миний нуруугаар доошоо цус урсаж эхэлсэн ба гэрийн гадаа юм хийж байсан төрсөн ах дуудаж машинаар нь сумын төв рүү явсан. Эмнэлэгт ирээд хутгалуулсан газартаа 3 оёдол тавиулж, эм тарианы бичиг аваад явсан. ...Надад цаашид гарах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 14/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр ажилласан. Өдөр 16 цагийн орчимд гадуур ажилтай явж байхад манай сувилагч над руу залгаад эмнэлэг дээр хутгалуулсан хүн ирчихлээ гэж хэлэхэд нь эмнэлэг рүү очиход эмнэлгийн тарианы өрөөнд сумын 1 дүгээр багийн иргэн ******* нь мөрөндөө хутгалуулсан байдалтай сандал дээр сууж байсан ба манай сувилагч шархыг нь цэвэрлэж байсан. Би тэр үед сумын цагдаад мэдэгдэж, *******ын шархыг цэвэрлэчхээд, 3 оёдол хийсэн. Тэгээд биеийн байдал, амин үзүүлэлтүүдийг нь үзэж өвчин намдаагч эм, үрэвсэл дарах антибиотик бичиж өгсөн. Мөн аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж үзүүлээрэй гээд анхны үзлэгийн тодорхойлолт бичиж өгч явуулсан. *******ын мөрөн тус хэсэг газарт байх хутганы шарх нь 2 см орчим гүнтэй, хутганы чиглэл нь зүүнээс баруун тийшээ чиглэлтэй хөндлөн 4 см орчим гүнтэй, ил харагдах шарх нь 2 см орчим байсан. Уг хүний биеийн байдал дунд зэрэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
Гэрч Л.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүү адуундаа явж, би хониндоо явсан. Би хонио гэртээ тууж ирээд хүү , нарын хамт хонио ялгасан. Тэр үед бага хүү адуундаа явж ирээд хоол хийж бид нар гэрт орж хоол идэцгээсэн. Бид хэд хоолоо идэж байх үедээ идшээ ярилцаж, би үнээ идшиндээ хэрэглэе гэхэд хүү үгүй ээ, эр үхэр идшиндээ хэрэглэе гээд бид 2 хоорондоо маргалдахад том хүү аавын хэлснээр үнээгээ идшиндээ хэрэглэе гэж ******* хэлж тэр 2 маргалдаж эхэлсэн. Тэр үед хүү хоолоо идчихээд гадаа юм хийхээр гарсан байсан. Тухайн үед ширээний баруун талд, зүүн талд сууж байсан. Тэр 2 хоорондоо маргалдаж байгаад хүү босож ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг гартаа бариад ах руугаа дайрахад Зоригбаатар сууж байсан сандлаараа өөрийгөө хамгаалах гээд гартаа барьж, ийг ойртоход нь гартаа барьсан байсан сандлаа доош нь тавиад өөдөөс нь гараараа хамгаалахад мөрөн дээгүүр нь хутгатай гараа давуулаад хутгалчих шиг болсон. Би тэр үед нь босож тэр хоёрыг салгасан. Тэгээд байж байтал энэ намайг хутгаар хатгачих шиг боллоо, мөрний орчимд нойтон мэдрэгдээд байна гээд гэрээс гараад гадаа байсан дуудаж тэр 3 сумын төв рүү явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хөдөө гэртээ байж байгаад аав ******* гэрт очсон. Манай хоёр гэр хөрш зэргэлдээ байдаг юм. Тэр үед аав хонио тууж ирээд хашаанд хашиж, аав, дүү , бид 3 хонь ялгасан. Удалгүй дүү адуундаа явж ирээд гэрт хоол хийж, бид нар хоол идэнгээ аав идэшнийхээ талаар ярьсан. Миний хувьд хоолоо идчихээд гадаа үхэр тугалын хашаан дээр ажил хийхээр гарсан. ...гэрээс дуудахад нь очиход намайг хутгаар хатгачихлаа гэж хэлэхэд нь би хаашаа чинь вэ гэж асуухад ар мөр, дал хэсэг рүү гэж хэлсэн. Тэгээд би машинаа асаагаад , нарыг машиндаа суулгаад сумын төв рүү явж, ыг эмнэлэг рүү оруулж өгөөд буцаад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр адуундаа яваад адуугаа хураагаад 15 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт ирэхэд төрсөн ах , , аав 3 гадаа хонь ялгаад байж байсан. Би гэртээ орж хоол хийгээд байж байхад ах , , аав нар орж ирээд хоолоо идэж дуусаад ах гараад явчихсан. Энэ үед аав идшиндээ үнээ хэрэглэнэ гээд байхаар нь би үгүй ээ та 2 настай болсон юм чинь хөгшин үхрээр яах юм бэ, би нэг гунан эр үхэр ажиллая гэж хэлсэн. Тэгэхэд аав үгүй ээ, үнээ идшиндээ хэрэглэнэ гээд байсан. Тэгэхээр нь би аавд үгүй гунан эр үхрээ идшилье гээд жаахан чанга дуугаар хэлсэн. Энэ үед ах боль маргалдаад яах гээд байгаа юм бэ, тэр үнээгээрээ идэш хийнэ биз дээ яах гээд аавтай зөрөөд байгаа юм гэж хэлсэн. ...Би ч өөдөөс нь адилхан уурлаад Зоригбаатар ах руу танайх тусдаа айл, манайх тусдаа айл чиний мэдэх юм байхгүй гэж хэлээд ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг аваад ахтай барьцалдаж аваад хутгалчихсан. Тэгээд ах намайг барьж аваад дарж унагаагаад чи муу намайг хутгалчихлаа гээд миний дээрээс дарсан. ах намайг унагаах үед гарт байсан хутга зүүн орон доогоор л унасан байх, байхгүй болчихсон байсан. Энэ үед аав ирж загнаад боль гэж хэлсэн. Тэгээд би гадаа гараад байж байхад ах араас гарч ирээд намайг хутгалчихлаа гээд ахыг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53/
Дорнод аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02 тоот дүгнэлтэд:
1. *******ын биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн ар дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 41-42/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/
- Эмнэлгийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 43/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/
- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-61/
- Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа тухай лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62-64/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65, 67-68/ болон шүүгдэгчийн хохирол төлсөн 1 хуудас баримт, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол 1 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг гэх газарт өөрийн төрсөн ах *******тай үл ялих зүйлээр маргалдан, улмаар түүний дал мөрөн тус газарт хутгаар нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн цээжний ар дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би ч өөдөөс нь адилхан уурлаад Зоригбаатар ах руу танайх тусдаа айл, манайх тусдаа айл чиний мэдэх юм байхгүй гэж хэлээд ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг аваад ахтай барьцалдаж аваад хутгалчихсан. Тэгээд ах намайг барьж аваад дарж унагаагаад чи муу намайг хутгалчихлаа гээд миний дээрээс дарсан...” гэх мэдүүлэг, хохирогч ******* “...Би тухайн үед ширээний баруун талд, дүү, аав 2 зүүн талд нь суучихсан байсан ба дүү босоод ширээн дээр байсан хүрэн иштэй хутга гартаа бариад чамайг ална гээд над руу дайрахад нь би хойшоо ухраад сууж байсан сандлаараа өөрийгөө хамгаалах гээд гартаа барьсан. Дүү ийг над руу дайрч ойртоод ирэхээр нь би гартаа барьсан байсан сандлаа доош нь тавиад өөдөөс нь гараараа хамгаалахад миний мөрөн дээгүүр хутгатай гараа давуулаад мөрөн дээр хутгалсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.******* “...Тэр 2 хоорондоо маргалдаж байгаад хүү босож ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг гартаа бариад ах руу дайрахад Зоригбаатар сууж байсан сандлаараа өөрийгөө хамгаалах гээд гартаа барьж, ийг ойртоход нь гартаа барьсан байсан сандлаа доош нь тавиад өөдөөс нь гараараа хамгаалахад мөрөн дээгүүр нь хутгатай гараа давуулаад хутгалчих шиг болсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.ын “...гэрээс дуудахад нь очиход намайг хутгаар хатгачихлаа гэж хэлэхэд нь би хаашаа чинь вэ гэж асуухад ар мөр, дал хэсэг рүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч “...эмнэлгийн тарианы өрөөнд сумын 1 дүгээр багийн иргэн ******* нь мөрөндөө хутгалуулсан байдалтай сандал дээр сууж байсан ба манай сувилагч шархыг нь цэвэрлэж байсан. ...*******ын мөрөн тус хэсэг газарт байх хутганы шарх нь 2 см орчим гүнтэй, хутганы чиглэл нь зүүнээс баруун тийшээ чиглэлтэй хөндлөн 4 см орчим гүнтэй, ил харагдах шарх нь 2 см орчим байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хутга хэрэглэн хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь Дорнод аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02 тоот “...*******ын биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн ар дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээр дурдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч *******ын гаргасан “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт шүүхээс гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлсэн атлаа үүнээс 9 хоногийн дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид 6,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн бор өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч ******* ийг 5 /тав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид 6,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн бор өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА
ШҮҮГЧИД Л.БАТЖАРГАЛ
П.ПАГМА