| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2019/01379/И |
| Дугаар | 183/ШШ2020/02932 |
| Огноо | 2020-10-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2020/02932
2020 10 29 183/ШШ2020/02932
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ............. тоот хаягт байрлах “М” ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........... тоот хаягт байрлах “С” ХХК /РД:00000000/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 207 468 716 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зардал 7.678.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагчийн өмгөөлөгч К.М, нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь манай байгууллагатай ......... цогцолборт байрлах “Н”-ын интерьер засал чимэглэлийн ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 2, 3, 4 дүгээр саруудад 3 үе шаттайгаар байгуулж, заслын ажлыг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн билээ. Дээрх гэрээнүүдийн үнийн дүн ажлын дараах гүйцэтгэлээр нийт 703,115,119 /долоон зуун гурван сая нэг зуун арван таван мянга нэг зуун арван есөн/ төгрөг болсон бөгөөд үүнээс манай байгууллагын зүгээс хугацаа хоцорч хүлээлгэж өгсний алданги болох 5,020, 085 /таван сая хорин мянга наян таван/ төгрөгийг хасаж тооцон 698,095,034 /зургаан зуун ерэн найман сая ерэн таван мянга гучин дөрвөн/ төгрөгөөс өнөөдрийн байдлаар 511,108,729 /таван зуун арван нэгэн сая нэг зуун найман мянга долоон зуун хорин есөн/ төгрөгийг төлсөн байна. “С” ХХК нь гэрээний 3.3-д “нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор гэрээний төлбөрийг шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчин гэрээний үүргийг биелүүлэхгүй, уулзах болон утсаар нэхэх үед үл ойшоосон байдал гаргаж байсан тул бидний зүгээс бичгээр 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19/07 тоот, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 19/11 тоот албан бичгүүдээр хандаж, төлбөрийн график гаргаж шаардахад 2019.01.09-ний өдөр 10,000,000 /арван сая/, 2019.02.20-ны өдөр 500,000 төгрөг, 2019.02.25-ны өдөр 500,000 /таван зуун мянга/, 2019.03.11-ний өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг тус тус шилжүүлж асуудлыг намжаах төдийхнөөр аргацааж ирсэн. Үлдэгдэл төлбөрийн талаар удаа дараа албан бичгээр харилцсан ба хариуцагч байгууллагын зүгээс тухай бүрд төлбөр төлөх график гаргаж өгдөг боловч манай байгууллагад мөнгөн төлбөр төлөгдөхгүй цаасан дээрх тоо болон үлдэж байна. Дээрх төлбөрийн зөрчлөөс улбаалан манай байгууллага гэрээний 4.2.10-т заасны дагуу туслан гүйцэтгэгчийн төлбөр болон татварын байгууллагуудад тайлангийн зөрчил үүсэж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсээд байна. Гэрээний биелэлтийн үлдэгдэл төлбөр 166,427,520 /нэг зуун жаран зургаан сая дөрвөн зуун хорин долоон мянга таван зуун хорин/ төгрөг, гэрээний 5.4-т болон Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу өнөөдрийг хүртэлх төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги 20,482,411 /хорин сая дөрвөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун арван нэгэн/ төгрөг, гэрээний барьцаа буюу гэрээний үнийн дүнгийн 5 хувь болох 20,558,785 /хорин сая таван зуун тавин найман мянга долоон зуун наян таван/ төгрөг, нийт 207,468,716 төгрөгийг “С” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани “М” ХХК-тай заслын 3 гэрээ байгуулан хамтран ажилласан бөгөөд “М” ХХК 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажил дууссан гэж бидэнд мэдэгдсэн. Бид 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дугаар 2, дугаар 3 тоот гэрээг, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дугаар 4 тоот гэрээг тус тус байгуулсан. Гэрээ тус бүрд барьцааны тухай зохицуулалт орсон бөгөөд ажил хүлээн авснаас хойш нэг жилийн хугацаанд гүйцэтгэгч талын хийсэн ажил чанарын шаардлага хангаж, аливаа эвдрэл гэмтэл гараагүй тохиолдолд төлөхөөр тохиролцсон юм. Гэвч нэхэмжлэгч гэрээнд заагдсан ажлыг бүрэн, чанартай гүйцэтгээгүй учраас манай компани олон удаагийн засвар шинэтгэлийн ажил хийсэн ба тооцоолоогүй зардал гарсаар байна. Мөн бид гэрээний үүргийг бүрэн биелүүлэхийг нэхэмжлэгчээс олон удаа шаардаж байсан, манай компани төлбөр төлөх боломжгүй байгаа тул хүндэтгэн үзэж төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт тавихад нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн учраас гэрээнд заагдсан алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу барьцаа төлбөр 20,558,785 төгрөгийг, гэрээний үүргийг биелүүлээгүй хугацааны алданги 20,482,411 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар болон ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан талаар маргахгүй. Хамгийн гол гэрээ нь 546 000 000 төгрөгийн үнэ бүхий гэрээ бөгөөд энэ гэрээний 2.1-т ажил гүйцэтгэх хугацааг 60-70 хоног гэсэн байхад 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажил хүлээлгэн өгсөн байдаг. Өндөр түрээс төлдөг газрын хувьд хугацаа их хохиролтой ба 7,8 сард ашиг олох боломжоо алдсан. Дараагийн шалтгаан гэвэл засал чимэглэл ердөө шаардлага хангаагүй шинжээчийн дүгнэлт захирамжийн асуултад бүрэн хариулж чадаагүй. Зураг төсөлтэй байсан атлаа өөрчлөлт орсон, эвдрэлтэй, яг одоо ашиглах бол хүний хөдөлмөр 5-10 хувь зарцуулах хэрэгтэй гэсэн байна. Ажлыг дутуу хагас хийснээс болж олон үйлчлүүлэгч гомдол гаргаж тэр бүрд манай байгууллага хохирол барагдуулдаг. Иргэний хуулийн 349.2-т заасныг баримтлан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Алдангийн тухайд гэвэл ажил нь чанаргүй учраас төлөх үүрэггүй, барьцааны тухайд доголдол илэрсэн тул гэрээний 5.5-д зааснаар төлөх үүрэггүй. Ер нь ажлаа гүйцэд чанартай хийгээгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэл япон хэл дээр биш шууд монгол хэлээр гаргасан байгааг шүүх анхаарах хэрэгтэй гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид “М” ХХК-тай “Н”-ын интерьер засал чимэглэлийн ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2018/2, 2018/3 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 2018/4 тоот гэрээг тус тус байгуулан ажилласан. Ажил гүйцэтгэх 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2018/2, 2018/3 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 2018/4 тоот гэрээнүүдийн ажил 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хийгдэж дууссан байна. Манай компани “М” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 3.3.5-д “Ажил хүлээлцсэн тухай актинд талууд эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг зурснаас хойш нэг жилийн хугацаанд 3 хувийн барьцааг захиалагч гүйцэтгэлийн баталгаанд тооцон хадгалах бөгөөд барьцааны хугацаа дууссан тохиолдолд гүйцэтгэлийн үүргийн гүйцэтгэл болон аливаа ажлын доголдол үүсээгүй тохиолдолд гүйцэтгэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн барьцаа төлбөр 3 хувийг НӨАТ-тэй тус тус төлнө” гэж, мөн гэрээний 4.1.4-т “Захиалагч нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах үед илрэх боломжгүй доголдлын талаар уг ажлыг хүлээн авснаас хойш 12 сарын дотор энгийн хэрэглээний явцад ямар нэг согог, доголдол илэрвэл энэ талаар гомдлын шаардлагыг гүйцэтгэгчид гаргах эрхтэй” гэж тус тус заажээ. “М” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг бид ажил хүлээлцэх актаар 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан. Энэ хугацаанд гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд маш олон доголдол илэрсэн бөгөөд энэ бүгд нь энгийн хэрэглээний явцад илэрсэн болохоор бид гүйцэтгэгч талд буюу “М” ХХК-д 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэлд танай хийж гүйцэтгэсэн ажил чанаргүй, энгийн хэрэглээний явцад эвдэрсэн, зураг төслөөс өөрөөр хийгдсэн зэрэг доголдол илэрсэн тул гэрээний 3.3.5-д заасан барьцаа төлбөрийг төлөх боломжгүй тухай дурдсан. Ажил гүйцэтгэх гэрээний явцад хийж гүйцэтгэсэн ажилд шалыг өөрөөр цутгасан, өнгөлгөө дутуу хийгдсэн, будаг муу хийгдсэн учраас шалыг дахин будсан бөгөөд хэрэглээний шаардлага хангаагүйгээс шал битүүлж модоор шал хийж наасан, мөн төмөр хаалгануудыг бид өөрсдийн зардлаар олон удаа засаж байгаа ч бүгдийг солих шаардлагатай байна, лоунжийн Дижэй бүүт зургаас өөрөөр хийгдсэн, ашиглах боломжгүй байна. Лоунжийн бартекийн ирмэг салаад эхэлсэн ба салсан ирмэгт хүн гараа зүссэн тохиолдол гарсан. Вип өрөөний гэрэлтэй хана буруу хийгдсэн, ханын залгууруудыг ашиглах боломжгүй, их танхимын бартек стандартаас өндөр хийгдсэн. Дээшээ өгсөх шатны гишгүүр хэт нарийн хийгдсэн учраас хүн унаж гэмтсэн зэрэг доголдол илрээд байна. Бид клубийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд эдгээр доголдлоос яаралтай засах шаардлагатай бөгөөд өөрсдийн зардлаар засаж байсан. Гэрээний 4.1.4-т “Захиалагч нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах үед илрэх боломжгүй доголдлын талаар уг ажлыг хүлээн авснаас хойш 12 сарын дотор энгийн хэрэглээний явцад ямар нэг согог, доголдол илэрвэл энэ талаар гомдлын шаардлагыг гүйцэтгэгчид гаргах эрхтэй” гэж заасны дагуу бид өөрсдийн гаргасан зардлыг “М” ХХК-иас нэхэмжилж байна. Тодруулбал 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл “Ё” шөнийн клубийн шалны засварт нийт 4.038.792 төгрөг зарцуулсан бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан баримттай зардал болох 3.926.400 төгрөгийг, үйлчилгээний тек засварт зарцуулсан 3.751.600 төгрөгийг, нийт 7.678.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт хүлээн авчихсан асуудал дээр ийм шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Манайх хугацааны хоцрогдол дээрээ хариуцлагаа хүлээгээд 5 020 085 төгрөгийг авах авлагаасаа хассан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэлд 167 427 520 төгрөг, алдангид 20482 411 төгрөг, барьцаанд үлдээсэн 20 558 785 төгрөг, нийт 207 468 716 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “М” ХХК нь захиалагч С” ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2018/02, 2018/03, 2018/04 тоот гэрээнүүдийг байгуулсан байх бөгөөд 2018/02 тоот гэрээнд зааснаар гүйцэтгэгч З цогцолборт байрлах шөнийн клубийн 1 давхрын шал цутгалтын ажлыг 40-50 хоногийн дотор 58 450 000 төгрөгөөр хийж дуусгахаар, 2018/03 тоот гэрээний дагуу 1 ба 2 давхрын гипсэн хана тааз угсрах ажлыг 40-50 хоногт багтаан 67 276 000 төгрөгөөр хийж дуусгахаар, 2018/041 тоот гэрээний дагуу интерьер засал чимэглэлийн ажлыг 60-70 хоногт 546 000 000 төгрөгөөр хийж дуусгахаар тус тус тохиролцжээ.
Зохигчид барилгын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулснаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан энэхүү гэрээ хүчин төгөлдөр болжээ. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гүйцэтгэж дуусаад захиалагч талд хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 58-108 дугаар талд авагдсан ажлын гүйцэтгэлийг хүлээлцэх актуудаар, зохигчдын тайлбараар тус тогтоогдож байна.
Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, ажил хүлээлцсэн үйл явдал дээр маргадаггүй болно.
Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барилгын ажлын явцад 671 726 000 төгрөгийн төсөвт өртөг нэмэгдэж, 703 115 119 төгрөг болсноос хариуцагч нь 511 108 729 төгрөг төлөгдөөгүй гэж тайлбарласан тул шүүх төлөгдөөгүй үлдсэн хэсэгт хууль зүйн дүгнэлт хийх нь мэтгэлцэх зарчимд нийцнэ.
Хэргийн баримтаар хариуцагч нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18/08 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч байгууллагын 2019 оны 02 дугаар 19-ний өдрийн албан тоотод хариу өгсөн байх ба тус албан бичигт “...Энэхүү гэрээт ажлын гүйцэтгэлээр дүн 703 115 119 төгрөг болсон бөгөөд үүнээс өнөөдрийн байдлаар 166 427 520 төгрөгийн үлдэгдэлтэй байна, ...үлдэгдлийг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан төлж барагдуулахаар хуваарь гарган өгч байна” гэжээ /хх 116 хуудас/.
Шүүх уг баримтыг үндэслэн талуудын хооронд байгуулсан 2018/03, 2018/04, 2018/04 тоот гэрээний хөлс 671 726 000 төгрөг байх боловч ажлын бодит өртөг 703 115 119 төгрөг болсон, уг ажлын гэрээний үүрэгт 166 427 520 төгрөг төлөгдөөгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу ашиглагч байгууллагад хүлээлгэн өгсөн болох нь нотлогдсон тул мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй тул ажлын хөлсний үлдэгдэлд нэхэмжилж буй 166 427 520 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ.
Алдангийн тухайд нэхэмжлэгч тал гэрээний үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тул нийт гүйцэтгэл 703 115 119 төгрөгөөс 5 020 085 төгрөгийг хасаж нэхэмжилсэн талаараа нэхэмжлэл дээрээ тусгасан байна.
Улмаар 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл алдангид хариуцагчаас 20 482 411 төгрөг нэхэмжилснээс шүүх 19 638 268 төгрөгийг хангаж, үлдэх 844 143 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь талуудын байгуулсан гэрээнүүдийн 5 дугаар зүйлийн 5.5-д алдангийн хэмжээг 0,05 хувиар тохирсон байх ба үлдэгдэл 166 427 520*0,05 хувь нь өдрийн 83 213 төгрөг тул нийт /2018.09.13-2019.05.08/ 236 хоногийн 19 638 268 төгрөг болж байна.
Харин барьцаа буюу талуудын байгуулсан гэрээнүүдийн 3.3.5-д “Ажил хүлээлцсэн тухай актад талууд эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурснаас хойш нэг жилийн хугацаанд 3 хувьтай тэнцэх мөнгөний барьцааг захиалагч нь гүйцэтгэлийн баталгаанд тооцон хадгалах бөгөөд барьцааны хугацаа дууссан тохиолдолд гүйцэтгэлийн үүргийн гүйцэтгэл болон аливаа ажлын доголдол үүсээгүй тохиолдолд гүйцэтгэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн барьцаа төлбөрийг тус тус төлнө” гэж тохирчээ.
Өөрөөр хэлбэл 2018/02 дугаартай гэрээний 3.3-т 1 753 500 төгрөг, 2018/03 дугаартай гэрээний 3.3-т 2 018 280 төгрөгийг, 2018/04 дугаартай гэрээний 3.3-т 16 380 000 төгрөгийг тус тус баталгаа болгон гүйцэтгэгч тал захиалагч талд хадгалуулаад, ажил хүлээлцсэн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаанд доголдол илрээгүй бол буцаан өгөхөөр гэрээгээрээ тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгын өөрсдөө тодорхойлох эрхтэй гэдэг зарчимд нийцэж байна.
Эдгээр гурван гэрээний баталгаанд байршуулсан барьцаа нь 20 151 780 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч 20 558 785 төгрөг нэхэмжилдэг. Шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба ажил хүлээлцсэн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш талуудын хүлээлцсэн ажилд эвдрэл гэмтэл илэрсэн болох нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ хавсарган өгсөн баримтууд болоод 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 9/20 дугаартай шинжээчийн “...гар хийцийн төмөр хүрээтэй шилэн хаалгануудын нугасны төхөөрөмж бэхэлгээ нь чанарын шаардлага хангахгүй, гэрэлтэй явган ханануудын бэхэлгээ чанарын шаардлага хангахгүй..” гэх дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Уг барьцааг талууд тохирч байгаа зорилго нь ажил хүлээлцсэнээс хойш 1 жилийн дотор эвдрэл гэмтэл үүсвэл хугацаа алдалгүйгээр тухайн баталгаанд үлдээсэн мөнгөн хөрөнгөөр засаж, хэвийн байдалд оруулан ашиглах явдал ба хариуцагч нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл “Ё” шөнийн клубийн шалны засварт 3.926.400 төгрөгийг, үйлчилгээний тек засварт 3.751.600 төгрөгийг, нийт 7.678.000 төгрөгийг зарцуулсан болох нь хэргийн 209-233 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймээс шүүх ажлын хөлсний үлдэгдлийг хариуцагч төлөхгүй байх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн шаардлагаар хариуцагчаас алдангийн хамт 186 065 788 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч “С” ХХК нь “М” ХХК-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл “Ё” шөнийн клубийн шалны засварт 3.926.400 төгрөгийг, үйлчилгээний тек засварт 3.751.600 төгрөгийг, нийт 7.678.000 төгрөгийг нэхэмжилдэг. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь талууд гурван гэрээгээр нийт 20 151 780 төгрөгийг “баталгаа” болгон гүйцэтгэгч тал захиалагч талд хадгалуулаад, ажил хүлээлцсэн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаанд доголдол илрээгүй бол буцаан өгөхөөр гэрээгээрээ тохирсон байдаг.
Захиалагч тал ажлыг хүлээн авсны дараа баталгаат хугацаанд доголдлыг засварлуулсан зардалд 7 678 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Тодруулбал захиалагч тал баталгаа болгож авсан 20 151 780 төгрөгөөр 7 678 000 төгрөгийн засварыг хийх бүрэн боломжтой буюу эрсдэл гүйцэтгэгчийн барьцаанд үлдээсэн мөнгөөр хаагдсан байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “С” ХХК-иас 186 065 788 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 402 928 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дугаар зүйлд заасныг баримтлан “М” ХХК-иас 7 678 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 195 294 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа төлсөн 138 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 088 278 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ