| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0051/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/47 |
| Огноо | 2024-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч А.Наранхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таргад овогт Аюушжавын Наранхүүд холбогдох эрүүгийн 2421000000037 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг Сүмбэр шим мандал 9-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Таргад овогт Аюушжавын Наранхүү. /РД: ЖИ89071513/
Шүүгдэгч А.Наранхүү нь архи ууж согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багт хохирогч А.Батбаатарыг зодож түүний биед зүүн нүд, хацар шанаа, баруун зүүн шууны зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор салстын язарсан шарх, хүзүү, хэвлийн хэсгийн цус хуралт, зүүн чамархайн зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Наранхүү шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч А.Наранхүү нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багт хохирогч А.Батбаатарыг зодож түүний биед зүүн нүд, хацар шанаа, баруун зүүн шууны зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор салстын язарсан шарх, хүзүү, хэвлийн хэсгийн цус хуралт, зүүн чамархайн зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч А.Наранхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ингээд удалгүй Батбаатар ганцаараа буцаж нэг шил 0,75 граммын архитай ирээд Төгсөө, Ууганбаатар, танихгүй нэг залуу нарын хамт задлаад би 2 хундага уугаад явахаар болоод байж байтал Батбаатар миний араас намайг хүргээд өгөөч гэж хэлэхэд нь би зөвшөөрч машиндаа суулгахад Батбаатар надад хандаж хөдөө гаръя, би чамайг ална, хоёулаа зодолдъё гээд миний шанаа хэсэг рүү нэг удаа цохихоор нь би уурлаад хөдөө гарч бид 2 барьцалдаж аваад нааш цааш болоод би нэг удаа нүүр хэсэгт нь алгадсан. Ингээд машин цасанд суугаад гарч чадахгүй болоод бид 2 хамт цас ухаж байгаад машинаа гаргасан. Батбаатар тэр үед их согтуу байсан болохоор би ахиж зодоогүй юм. Цас ухаж байх үед Батбаатарын өмд нь цас болж хөлдөх гээд байхаар нь машиндаа суулгаад нойтон өмдийг нь тайлаад хүрмээр нь ороогоод найз Тайванбаярын гэрт очсон...” гэх мэдүүлэг, хохирогч А.Батбаатарын “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллагын шинэ жил Мөнхжин гэдэг нэртэй бааранд болсон юм. Шинэ жилийн арга хэмжээ дуусаж 23 цагийн орчимд ажлын газрын хүмүүсийн хамт гарч авсан шагнал, бэлгээ ажил дээрээ очиж үлдээсэн. Тэгээд би гэрийнхээ гадаа хүнээр хүргүүлсэн. Харин хэнээр хүргүүлсэн болон буцаж яаж гарч явсан талаар санахгүй байна. Нэг сэргэхэд хүнтэй барьцалдаад байж байсан ба тухайн хүнийг хэн гэдгийг нь таниагүй. Маргааш өглөө нь Тайван гэх залуугийн гэрт сэрэхэд Улаанаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх залуу надад хандаж чи өчигдөр Нансаа ахтай хамт ирсэн. Нансаа ах “Тайванаа та хоёр гараад машинаас нэг юм оруулчих” гэж хэлсэн бөгөөд машин доторхыг нь хартал чи дээгүүрээ нүцгэн доогуураа нимгэн өмдтэй байж байсан. Тэгээд би Нансаа ахад та яаж байгаа юм бэ, энэ хүн хөлдлөө гэж хэлэхэд зүгээрээ би жаахан шоглосон юм гэж хэлсэн талаар надад хэлсэн. Тэдний гэрээс гараад би гэртээ очиж унтаж байгаад 18 цагийн орчимд сумын эмнэлэгт очиж үзүүлсэн. Тухайн үед яаж намайг цохиж зодсон талаар санахгүй байна. Өглөө сэрэхэд миний нүүрний зүүн талын шанаа битүү хавдсан, зүүн гарын бугуй хэсэг хөхөрч хавдсан, баруун гарын булчин хэсэг хөхрөлттэй, баруун хөлийн шагай гишгэх үед хөндүүрлэж байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Тайванбаярын “...Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэртээ найз Улаанаа, Батгэрэл, Уугий нартай хамт байж байхад ...00 цагийн орчимд Нансаа гэх манай найз гэрт ирээд Уугий бид хоёрыг унтаж байхад сэрээж гадаа машинд хүн байгаа, тэр хүнийг оруулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь хэн байгаа талаар нь асуухад хэлэхгүй байсан. Гадаа гараад машины хаалга онгойлгоход дотор нь нэг залуу дотуур хувцастайгаа голд нь хүйт орчихсон, хүнтэй юм ярьж чадахааргүй даарсан байдалтай байсан. Тэгээд гэрт оруулаад би Нансаад хандан чи хүн хөлдөөж аллаа шүү дээ гэхэд би наадхыг чинь жаахан шоглосон юм гэж хэлээд унтчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Соёл-Эрдэний “...манай эмээ над руу залгаж танай нөхөр чинь хүнд зодуулсан юм шиг байна, Улаанаа гэх залуу надад танай Батааг Нансаа сумын хойно байдаг гүүрэн дээр авч очиж хөлдөөж ална гээд дотуур хувцастай нь гүйлгэж зодсон гэж хэллээ гэж хэлсэн. ...нэг талын хацар нь хавдсан, уруул нь хавдаж дотор тал нь язарсан байдалтай байсан. Маргааш нь зүүн талын нүд нь хөхөрсөн мөн эрүүнийх нь доод тал мөн адил хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Энх-Амарын “...найз Тайванбаяр гэх залуугийн гэрт байхад шөнийн 00 цагийн орчимд манай сумын Нансаа гэх залуу хаалга тогшиход Тайванаа онгойлгосон. Нансаа бид хоёрт хандан машинд хүн байгаа, наашаа оруулчих гэж хэлсэн. Тэгээд Тайванаа, Уугий 2 гараад нэг хүн оруулж ирсэн. Би тухайн оруулж ирсэн хүнийг нь хараад таниагүй бөгөөд ойртоод хартал Батаа /Батбаатар/ байсан. ...хамрын ойр орчимд нь бага зэргийн цус хатсан байсан ба Уугий, Тайванаа хоёрыг оруулж ирэх үед дээгүүрээ майктай, доогуураа дотуур хувцастайгаа байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Чөмөгийн “...Гадаа гарч Нансаагийн машины хаалгыг онгойлгоход машин дотор нэг залуу дээгүүрээ подволктой доогуураа дотуур хувцастайгаа байж байсан ба түүнийг Тайванбаяр бид 2 өргөж гэрт оруулаад Нансаад хандан чи хүнийг арай ингэж болохгүй, яаж байгаа юм бэ гэхэд би наадхыг чинь жаахан шоглосон юм гэхээс өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг, гэрч М.Батгэрэлийн “...тухайн орой Батбаатарын нэг талын нүд нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 60 тоот “...А.Батбаатарын биед зүүн нүд, хацар, шанаа, баруун зүүн шууны зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор салстын язарсан шарх, хүзүү, хэвлийн хэсгийн цус хуралт, зүүн чамархайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмнэлгийн яаралтай тусламжийн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.Наранхүү нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Наранхүүгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Батбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч А.Наранхүүг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Таргад овогт Аюушжавын Наранхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч А.Наранхүү нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Таргад овогт Аюушжавын Наранхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аюушжавын Наранхүүг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Наранхүү нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Наранхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА