| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00720/И |
| Дугаар | 153/ШШ2020/00668 |
| Огноо | 2020-09-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 153/ШШ2020/00668
| 2020 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2020/00668 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух ******* туг овогт *******ийн Н нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н нь 1969 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд *******ийн 6 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд 1978 онд Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын 2 дугаар 8 жилийн сургуульд 1 дүгээр ангид элсэн суралцаж 1984 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшиж төгссөн. 1984 оноос Ховд сумын Тариалан нэгдлийн Улаанбургас баруун салаа багийн 3 дугаар багт саальчнаар ажиллаж байгаад Тариалан нэгдэл тарсанаас хойш ээж Даваажавын хамт малчнаар ажиллаж байсан билээ. 1995 онд тус аймгийн Жаргалант сумын иргэн Элжигин овогт Баавгайн Батаатай хамтран амьдарч эхэлсэн бөгөөд ээж Даваажавын хамт 2004 он хүртэл мал маллан амьдарч байгаад 2004 оноос ******* аймгийн ******* суманд гэр бүлийн хамт шилжин ирж, одоог хүртэл мал маллан, 3 хүүхдийн хамт амьдарч байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлатай болсон. Иймд Ц.Нг 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах нотлох баримтанд үндэслэн хангаж шийдвэрлэв. Үүнд:
1. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгын 2020 оны 07 сарын 20-ны өдрийн 1504 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд сумын 3 дугаар бригадын 1987,1988, 1989,1990 оны 70 дугаар дансны хуулбар, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 01 сарын 15-ны өдрийн 03 дугаартай тушаал /хэргийн материалын 4,5,9-11р хуудас/
2. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн материалын 12-р хуудас/
3. Аймаг, сум, дүүргийн архивын тасаг, хэлтсээс малчин даатгуулагчдад олгох архивын лавлагаа / хэргийн материалын 13р хуудас/
4. Төрсний бүртгэлийн лавлагаа / хэргийн материалын 17р хуудас/
5. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа / хэргийн материалын 19р хуудас/
6. Гэрч Э.Кабетай, Ш.Мөнхбат нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Ц.Н нь 1987 оны 5 сараас 1989 оны 12 сарын 31 хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд саальчнаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч нь 1985 оны 06 сарын 25-ны өдрөөс 1987 оны 5 сар хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн боловч энэ хэсэг нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц-н Н-г 1987 оны 05 сараас 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1985 оны 6 сарын 25-ны өдрөөс 1987 оны 5 сарыг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 58 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Ц.Н-гээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод төлөхийг үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ